Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Баасан: Дарга болох гэж жагсч тэмцээгүй


Монголын Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасантай ярилцлаа.

-Г.Баасан тэргүүтэй Мон­­голын Ахмадын чөлөөт хол­бооныхон сүүлийн үед чимээгүй болчихлоо. Жаг­саал цуглаан ч хийхээ байлаа. Магадгүй зарим жагсагч шиг ямар нэг албан тушаалд хүрчихээд нам жим болчихов уу гэж бодоход хүрлээ л дээ?
-2000-2009 оны хооронд энэ олон асуудлыг төр засгаар шийдүүлэхэд жагсаал цуглаан хийх ч багадаж байсан. Бичгээр асуудлаа тавихаар нохой хуцсанаас долоон дор үздэг байсан үе. Жагсч цуглан өчнөөн их зовоож байж асуудлыг маань шийдэж өгсөн шүү дээ. Ингэж тэмцсэнээ зөвхөн хэдэн ахмад дайчдаа орон сууцтай болгоод, тэтгэвэр нэмүүлсэн, олон хүүхэдтэй эхчүүдийн одон, тэтгэлгийг шийдүүлээд, газар шороог маань ингэж сүйдэлж байна шүү гээд олны анхаарлын төвд оруулаад зогсоочих сонирхол надад алга. Ахма­дын байгууллагынхаа ажлыг л үргэлжлүүлж байгаа. Хэ­сэг чимээгүй болсон минь сурсантай холбоотой.

-Ингэхэд сургуулиа төгсчихсөн үү?
-МУИС-ийн хуульзүйн ба­калавраа төгсчихсөн. Одоо үргэлжлүүлээд магистрт су­ралцаж байгаа. Бид жагсч, тэмцсэний хүчинд л олон асуудал нийтийн хүртээл болсон. Хэрэв жагсаал цуглаан хийгээгүй байсан бол үүнээс ч аймшигтай бай­далдтай байх байлаа. Жагс­саны үр дүнд хүмүүс олон зүйл ойлгож авсан шүү дээ. Энэ жагсаалыг албан тушаалд очих, дарга болох, УИХ-ын гишүүн болох, тансаг машин унаж давхих, үнэтэй хувцас өмсөх гэж хийгээгүй. Монгол Улсаа хаана ч, хэзээ ч арилшгүй мөртэй явах, тусгаар тогтнолтой байл­гах, ахмадуудынхаа сайн сайхны төлөө л бие сэт­гэ­лээ зориулсан. Цаашид ч зо­риулна. Амьсгал хураатлаа ч ахмадуудынхаа төлөө ажил­лана.

-Жагсаал цуглаан хийж гудамжинд тэмцэж явсан олон хүн өнөөдөр ямар нэг байдлаар албан тушаалд хүрчихсэн байна л даа?
-Надад очсон албан тушаал байхгүй ээ. Ерөнхий сайдын дэргэд орон тооны бус зөвлөх хийж байгаа. Ингэж ажиллахад цалин хөлс огт байхгүй. Төрийн ордонд өрөө тасалгаа ч байхгүй. Би хашааны хаалга ханзалдаг, харуулын цэрэгтэй зодолддог. Тэгж байж л төр засгийнхны чихэнд үгээ хүргэдэг байсан бол өнөөдөр улаан үнэмлэх үзүүлж ёслуулаад Төрийн ордонд орж Ерөнхий сайд­тай уулзах боломж бүрдсэн. Засгийн газрын шууд гэрээтэйгээр Монголын ах­мадуудын ажлыг орон даяар удирдаж явуулах гэж байна. Монголын ахмадууд дэлхийн жишигт хүрсэн чадварлаг байхын төлөө бүх оюун санаагаа зориулна. Тэгэхийн тулд ч хуулийн сургуульд сурч байгаа. Нэг үгээр бол Баасан хувийн аз жаргалаасаа аль хэдийнэ татгалзчихсан шүү дээ. Хувийн ашиг сонирхлоороо би мэдлэгээ зузаатгаагүй. Монголын ах­мадуудын итгэл үнэмшлийг олохын төлөө ажилласан хүн надаас өөр байх ч үгүй. Гудамжны Баасан байхдаа олон зүйл хийж чадсан юм чинь Засгийн газартай гэрээ хийж ажиллахаар энэ байтугайг хэрэгжүүлэх эрч хүч, тэмүүлэл, зориг зүрх надад байна. Үүнийгээ ч харуулна. Түүнээс биш сайхан машин унаад, үнэтэй гар утас хэрэглэх гэж би хүн болоогүй. Тийм өчүүхэн хүн биш. Аугаа биш ч гэсэн алсдаа л Баасан ийм байжээ гэж батлах гээд байгаа юм. Уулын өндөр нь холоос харагддаг, хүний аугаа нь алсдаа харагддаг гэдэг үг бий.    

-Ерөнхий сайдтай гэрээ хийж, ажиллахаар болсон гэдгээ тодруулаач. Ямар учиртай гэрээ хийсэн юм бэ?
-Бид 2013 оны хоёрдугаар сарын 14-нд Ерөнхий сайдтай уулзсан. Гуравдугаар сарын 4-ний өдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдтай уулзаж, тус бүрт нь гэрээ байгуулсан. Монгол Улсын хэмжээнд ах­мадын байгууллагуудыг нэгт­гэж, ахмадуудад чиглэсэн бодло­гыг Засгийн газрын нэрийн өм­нөөс удирдан чиглүүлэх үүрэг бид хүлээлээ. Зах зээлд шилжсэнээс хойш үндсэндээ Монголын ахмадууд харьяал­ах газаргүй эзгүйр­сэн. Тэр ч битгий хэл зарим улс төрийн нам атгаг санаандаа ахмадуудыг маань ашигладаг. Тэгэхээр бид гэрээ хийснээр Монголын ахмад настнуудын асуудлыг нэгтгэн зохион байгуулж, ямар ажил хийдэг, хэдэг төгрөг зарцуулдаг, ямар үр дүнд хүрдэг юм. Ахмадуудын чиглэлээр үнэхээр ажил­луулж байна уу эсвэл өөр зүйлд тэднийг ашиглаад ашиг хонжоо хайгаад, тө­сөл хэрэгжүүлж, бизнесээ өргөжүүлж, сон­гуульд илүү санал авах байдлаар хандаад байна уу, үгүй юү гэдэгт анхааралтай хандаж байгаа. Тиймээс бид орон даяар өмнө нь ажиллаж байсан Монголын ахмадын холбоо гэдэг байгууллагын үйл ажиллагааг бүгдийг нь явж шалгана.

-Шалгаж үзээд дараа нь байгууллагаа нэгтгэх юм уу?
-Тухайн аймагтаа Ахма­дын холбоо нь сайн ажиллаж байвал удирд­ла­гыг нь солихгүйгээр там­гаа өгнө. Хэрэв саар муу ажиллаж байгаа бол ахма­дын байгууллагыг нь шинэ­чилж, зохион байгуулна. Ерөн­хийлөгч, УИХ-аас эхлээд яам тамгын газар, аймаг, сум, хороо, ахмадуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэлтэй бүхэнтэй хамтын гэрээгээр ажиллана. Үндсэн хуулиар Монгол нэгдмэл улс. Гэтэл явуулж байгаа үйл ажиллагаануудыг нь харахад нэгдмэл байж чаддаггүй. Ахмадын байгууллагыг дэм­жиж ажилладаг аж ахуйн нэгжийн татварын орчинг хөнгөлөх эрх зүйн орчныг бий болгох ёстой  гэж бид үзэж байгаа. Ер нь ахмадуудыг намуудын улс төржсөн үйл ажиллагаанаас ангид байлгах нь зөв. Гэхдээ энэ нь хүний үзэл бодлыг барьж бооно гэсэн үг биш л дээ. Тэртээ тэргүй үзэл бодлоо хүн сонгуулиар илэрхийлдэг. Түүнээс биш ахмадуудын дунд үйл ажиллагаа явуулж байхад манай, танай нам гэдэг байдлаар хандаж болохгүй. Ахмадууд аливааг дундчилж хардаг, бүх зүйлд туршлагажсан учраас ямар нэг намаас ангид байлгая гээд байгаа юм. Улс даяар бүх ахмадын холбооны ажлыг шалгаад нэгтгэнэ. Тэгээд ямар нэг үйл ажиллагаа явууллаа гэхэд хэдэн төгрөг юунд зарцуулсан гэх мэтчлэн бүгдийг нь ил тод мэдээлдэг болно. Ахмадуудын мэдээллийн сан үүсгэх гэж байгаа хэрэг л дээ. 

-Мэдээллийн сан гэдэг­тээ ямар баримтууд бүртгэх юм бэ. Тэртээ тэргүй ха­риуцсан яам, агентлагт нь байгаа биз дээ?
-Ахмад дайчдын орон сууцны асуудал шийдэх гэж байхад тоо нь өндөр гарсан. Яг байр сууцаа өгөх болоход бүр өссөн. Орон сууцаа олгож дуусахад дахиад шинээр ахмад дайчид гараад ирсэн л дээ. Дайнд оролцсон ахмад дайчид гэхэд өндөр настай хүмүүс бий. Гэтэл яагаад ингэж тоо нь хэлбэлзээд байдаг юм. Сэлэнгэ аймгийн ахмадын байгууллагад 5061 хүн байдаг гэх мөртлөө аймгийн төвийн мэдээгээр 8000 гаруй гэдэг. Ашигтай үед нь ахмадуудаа зөв тоолоод ашиггүй болохоор багасгаж хэлээд байдаг юм уу гэх мэтчлэн асуудал үүсдэг. “Эрдэнэт” үйлдвэр 30 гаруй жилийн түүхтэй боловч ахмадууд нь өнөөдөр хаана ч харьяалалгүй байна. 1000 гаруй өндөр настан ингээд харьяалах байгууллагагүй байна. Шарын гол суманд Ардын нам засаглал барьж байхдаа 2000 оноос өмнө тэтгэвэрт гарсан ахмадуудад тэтгэвэр тогтоож, тэр жилээс хойш гарсанд нь өгөхгүй байсан жишээ ч бий. Ахмадуудтай холбоотой асуудал маш их.

-Тэтгэвэр нэмэх талаар байнга ярьдаг. Одоо дахиад яригдаж эхлээд байна л даа?
-Есөн жилийн өмнө манай холбооноос ахмадуудын тэт­гэв­рийн асуудлыг гаргаж тавьсан. Тэгэхэд 20-30 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүмүүс байсан. Тэгвэл одоо тэтгэвэрийн дээд хэмжээ сая төгрөг байгаа. Гэтэл доод хэмжээ нь 140 мянган төгрөг. Хооронд  нь харьцуулахад юу харагдаж байна вэ. Ижил гараан дээрээс хөдөлсөн ижил нийгмийн засаглал руу орсон байхад нэг хэсэг нь нэг сая, нөгөөд нь 140 мянган төгрөгийн тэтгэвэр олгоод байна аа. Ажилчин, малчин, дарга гэж ялгаад тайлбарлаж магадгүй юм. Үндсэн хуульд ч хүн бүр тэгш эрхтэй гэж заасан мөртлөө 140, нэг сая төгрөгийн тэтгэвэрт тэгш эрх байна гэж хэн ч хэлэхгүй. Тэгэхээр доод тэтгэврээ нэмж байж зөрүү арилна шүү дээ. Дээд тэтгэврийг хөндөхгүй. Үүнийг бид ахмадуудтайгаа ярина. Нийт ахмад настнуудын 87 хувь нь бага тэтгэвэр авч байна. Шагнал урамшуулал ч гэсэн зөв системээр явахгүй байгаа шүү дээ.  

-Маш олон төрлийн шагнал байна л даа. Та яг алийг нь хэлээд байна вэ?
-Төрийн, албан байгуул­лагын тэр бүү хэл төрийн бус байгууллагууд өчнөөн олон шагнал өгдөг болсон. Хүүхдүүдээс нь мөнгө авч байж ахмадуудыг шагнадаг болж. Надаас мөнгө авчихаад шагнах хэрэг юу байна аа. Гэтэл тэр хүн шагнуулах ёстой юу гэвэл тийм. Шагналын асуудалд Ерөнхийлөгчтэй ярилцаж, байр сууриа нэгтгэнэ. Ямар нэг байдлаар заль мэх хэрэглэж, буруу замаар шагнал олгодог байдлыг болих хэрэгтэй. Шагналыг утга учиртай, нэр төртэй, бахархалтай, шударгаар ол­го­дог болгохын төлөө бид бас ажиллана. Гадаадын ахмадууд яаж аж төрдөг юм гээд судалгаа явуулна. Бид ахмадууддаа үзүүлэх үйлчилгээ, орчин нөхцөлийг дэлхийн жишигт хүргэх ёстой. Ахмад мэргэжилтнүүдийн зөв­лөх хороо, багуудыг бүр­дүүлнэ. Үүнийгээ түшиглээд ах­мад мэргэжилтнүүдийн үн­дэсний сүлжээг Засгийн газрын дэргэд төвлөрүүлнэ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон ахмадуудад хандсан ажлыг бид цэгцэлж янзлахад өндөр шаардлага тавьж, хамтарч ажиллана. Ахмадын байгууллагыг дэмж­дэг байгууллага, хамт олныг бид он цагийн түүхийн дэвтэр нээж бичиж байх юм.

-Нэгтгэх тухай түрүүн ярилаа. Ер нь намуудын дэр­гэдэх ахмадын бай­гуул­лагыг яах вэ. Намын дэргэ­дэх төрийн бус бай­гуул­лага танайхтай нэгдэнэ гэж үү?
-Одоо ингэж ахмадуудыг үе мөч, үс толгой, өнгө зүс, өмсдөг зүүдгээр нь хуваахгүй. Тэд тэр намынхаа бодлогыг хэрэгжүүлж болно. Гэхдээ Монголын ахмадын байгууллагын ажил, арга хэмжээг үг дуугүй дагах л ёстой. Тэр нам Монголоос тусдаа биш шүү дээ. Ардын намын, Ардчилсан намын Монгол гэж байхгүй шүү дээ. Чингисийн Монгол гэж ганц л бий.

-Намуудын дэргэдэх ах­мадууд та нарын нэгтгэх тухай яриаг хэр хүлээж авч байна вэ?
-Нэгтгэнэ гэж бүгдийг нь хамж авчраад нэг өрөөнд хашаад суучихыг хэлээгүй. Ахмадуудын төлөө тэр нам нь юу явуулахад дэмжих юм. АН-ын ахмадууд нь МАН-ын ахмадуудаа үзэн ядахгүй. МАН-ынхан нь жижиг намын ахмадууд гэж нүд үзүүрлэхгүй ээ л гэсэн үг. Ахмад бол ахмадын байгууллагын бодлогоор ажиллана. Манай залуучууд өнөөдөр яаж байна вэ. Тэр тийм намынх гээд бие биеэ үзэн ядаж байна. Бид ийм зүйлийг арилгана. Зөв ажил бол дэмжиж, буруу бол шүүмжлэх л ёстой.

-Жагсаал цуглаан, өлс­гөлөн гээд хэдэн хөгш­чүүлийг зарим нам урдаа барьдаг. Ийм байдал гаргуулахгүйн төлөө ажил­лана биз дээ?
-Харин тийм ээ. Үүнд маш их сэтгэл өвдөж явдаг юм. 1990 онд ардчиллын төлөө жагсч явсан хүний хувьд болохгүй байгаа зүйлийн эсрэг яаж жагсдаг, иргэний хөдөлгөөний шугамаар гудамжинд тэмцэж төр засагт яаж нөлөөлдөг вэ гэдэгт нэлээн туршлагажсан. Олон ч удаа жагсаал цуглаан хийж явлаа. Тэр дундаас хамгийн итгэл үнэмшлээрээ жагсч байсан нь ахмадууд. Манай энэ дарга нарын тархи хатчихаад байна. Баасан жагсаад олны танил болчихсон юм чинь манай нам бас мундаг болчихно гэж андуураад байна. Үгүй л дээ. Намайг жагсч байхад ахмадуудынхаа эсрэг дуугарч байсан нөхдүүд өнөөдөр учиргүй хайртай болчихсон дүр эсгээд сууж байна. Тэгэхээр ахмадуудаа зальтай хүмүүсийн арганд орохоос сэргийлэх гээд байгаа юм. Нутаг орон, Монгол Улсынхаа төлөө зөв шийдвэр гаргуулахын төлөө л бид жагсах ёстой. Түүнээс биш нэг хүнийг шоронгоос гаргаач гэж жагсч байгаа бол ахмадуудыг дэндүү муухай доромжилж буй хэрэг. Ийм асуудлыг цаашид байхгүй болгоно. Жагсахгүй биш жагсана. Гэхдээ хэсэг бүлэг хүний явцуу эрх ашгийн төлөө ахмадуудыг ашиглуулахгүй. Тийм хүмүүстэй хариуцлага тооцох л ёстой.

-Хариуцлага тооцно гэ­хээр...?
-Бусармаг зүйлд ахма­дуудыг оролцуулж байна шүү гэж юуны өмнө хүмүүст ойлгуулах хэрэгтэй. Ахма­дуудыг ингэж буруугаар ашиглаж байгаа байгууллагад үүнийгээ болиоч гэсэн шаардлага та­вина. Манай Ахмадын чө­лөөт холбоонд хэнийг яаж ашиг­лаж байгааг сөргүүлж тавих баримт их бий. Яагаад гэвэл, бид олон жил жагсч, тэмцэж байхад хаанаас хэнээс эсэргүүцэл эсвэл дэмжлэг ирж байсныг мэддэг. Бид ахмадуудаа нэгтгэж ажиллахад ямар ч улс төрийн намын нөлөө байхгүйг хэлэх ёстой. Нөлөөлүүлэх ч үгүй.

-Нэлээн олон зүйл цэгц­лэх хэрэгтэй байгаа гэлээ. Ажлаа алинаас нь эхлэх гэж байна вэ?
-Ахмадууд маань тэтгэврээ тогтоолгоход маш олон шат дамжлага саад болдог. Саадгүй хурдан тогтоож өгөх нөхцөлийг бүрдүүлэх болно. Архив лавлагаа шаардаж, яг тогтоохдоо жилийг нь хасдаг жишээтэй. Удахгүй бид тавдугаар сарын 10-наас нэг сарын хугацаанд МАЧХ-ны байранд ганц бие, хэвтрийн өвчтэй, зуугаас дээш насны, бүрэн бус тэтгэврийнхэн, гэр оронгүй ахмадуудынхаа бүртгэлийг явуулна. Утсаар, төлөөллөөр, эсвэл биеэр ирж бүртгүүлж болно. Хамгийн ядарч зутарч байгаа хэсгээс ажлаа эхлүүлнэ. Үүний тулд бид “Монголын ахмадуудыг сонсч байна” гэсэн 7000-1181 утас ажиллуулж байна. Энэ утсаар ахмадууд маш их хандаж байгаа. Мөн www.ahmad.mn гэсэн сайт ажиллуулах гэж байгаа. Тиймээс л ахмадуудын төлөө гэсэн бүх байгууллагыг бидэнтэй хамтарч ажиллаач ээ гэж танай сониноор дамжуулж урьж, уриалж байна.  

0 Сэтгэгдэл
HENTIID ARDCHILSAN HUBISGALD OLIGTOI OROLTSOOGUI SHUU DEE.BOLOBSROL MUUTAI AHMADUUDIIG ASHIGLAJ BAIR BULAAJ ABAAD DARAA NI ODOO TA NAR HARAARAI BARILGIIN KOMPANID NUGUU GAZARAA UGCHIHSUN BAIGAA GESEN ABILGAD SHALGUULAH HEREGTEI
зураг нь дээхэн үеийх юм байна жагсаад өөдөө гарсан шүү дэ танихын аргагүй сайхан хүүхэн болсон худал гэхгүй л байх
Монголын ахмадын холбооны санхүүжилтыг булаан авчихаад одоо ажил хийх юм биз дээ Монголын ахмадын байгууллага 80 гаран жил ахмадццдын эрх ашгийг хамгаалж ирсэн олон нийтийн байгууллага,Баасан таны байгуулсан байгууллага бол гишүүнчилтэй явж ирсэн, ахмадуудын мөлждөг,ахмадццдын мөнгөөр та хөлжиж ирснээ ардчилал гэж эндүүрч байна. Ардчиллын нэрээр өөрийн эрх ашгаа хамгаалахыг ахмадууд зөвшөөрнө гэж үү.Цаашид өв уламжлалаа хамгаалан 80 жилийн түүхээ чамд алдахгүйгээ гэдгээ харуулна,Иймд ерөнхий сайд өвөө эмээтэй байлгүй үе үеийн ахмадууд чамайг өөрсдийн байгуулсан ахмадын байгууллагыг устгаж байгааг таашаахгүй гэдгийг сануулья.Ардчиллаар далайлган бүхнийг бүү хараар буд. Ахмадын байгууллага,ахмадууд улс төржөөгүйгээр өдий хүртэл явж ирснийг түүх батална.Ерөнхий сайд Баасан авгай та хоёр бусдын дуу хоолойг хорьж чадахгүй.
Хамгийн их уншсан