Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгчийн сонгууль ба намууд бужигнах долоо хоног


Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгчийг тодруулах сонгуульд нэр дэвших өдөр маргааш албан ёсоор эхэлнэ. Энэ сарын 12 буюу ирэх долоо хоногийн төгсгөлөөр намууд нэр дэвшүүлж дуусах ёстой. Парламентад суудалтай таван намаас нэг нь л хэн хэн нэр дэвших хүсэлтэй байгаагаа ил цагаан мэдээлж, мэдэгдэж буй. Албан бусаар бусад намаас өрсөлдөх магадлалтай хүмүүсийн нэр ч дуулдаж эхэлсэн. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар нэр дэвших боломжтой таван нам бий боловч зарим нь дэмжигчийн байр сууринаас оролцох бололтой. Эцсийн шийдвэрээ гаргахын тулд намууд Бага хурал, Үндэсний зөвлөлдөх хорооны хурал, Их хуралдай, Бүгд хурлаа хийж, баталгаажуулах учиртай.  Харин хурлууд хэзээ вэ.


Монгол Ардын нам

Одоогоор хам­гийн олон хүн нэр дэвших хүсэлтээ илэр­хийлээд байгаа намаар МАН нэр­лэгдэнэ. Өдөр бүр нэг нэр дэвших хү­сэл­тэй хүн гарч ирж, мэдэгдэл хийж буй гэхэд хилсдэхгүй болов уу. МАН пар­ла­ментад цөөнх болж, удирдлагаа сольс­ноос хойш дот­роо багагүй зөрчилтэй байгаа ч урьд өмнөхөө бодвол харьцангуй ардчилалтай болсоор. Хэзээ байтлаа Ардын намынхан ийм олон өөр өнгийн үзэл бодолтой байлаа. Байсан ч түүнийгээ ингэж ярьж, хэлдэггүй. Түүхэндээ хамгийн олон нэр дэвшигчээ дотроо өрсөлдүүлж, шүүж тунгаасан улс төрийн намаар яваандаа МАН тодорч магадгүй нь. Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан гэсэн хувилбар нэлээн хүчтэй яригдаж эхэлсэн. Нам дотроо явуулсан санал асуулгын сунгаанд Б.Бат-Эрдэнэ өнгөлсөн сураг дуулдах болов. Гэхдээ эцсийн шийдвэрээ тэд намынхаа Бага хурлаас гаргах ёстой. Бага хурлын өмнө Удирдах зөвлөл хуралдаж, хэнийг дэмжихээ тогтоно. Гол шийдвэр өнөө маргаашгүй хуралдах Удирдах зөвлөлөөс гарна гэсэн үг. Яагаад гэвэл, энэ бямба гарагт МАН Бага хурлаа товлосон. Удирдах зөвлөл санал асуулгад хэн илүү санал авсан болоод өрсөлдөх боломжтойг харгалзан үзээд Бага хуралд нэр оруулах юм. Мэдээж, Удирдах зөвлөлийн дэмжлэг авч чадсан бол Бага хурлаас эрхээ өвөртөллөө л гэж  тооцож болно. Тиймээс нууцаар санал өгч хэнийг дэмжихээ илэрхийлэн түүнийгээ нэгтгэж, бусад гишүүндээ танилцуулах Удирдах зөвлөл Бага хурлаасаа илүү эрх мэдэлтэй. Удирдах зөвлөлийн дэмжлэг авахын тулд өрсөлдөөн нэлээн ширүүсэх магадлалтай байгааг ч үгүйсгэсэнгүй.
Гэхдээ хурлын үеэр заалнаас нэр дэвшүүлэх боломжтой ч тэгтлээ санал авч чадна гэдэг бас эргэлзээтэй. Хэзээнээс л Удирдах зөвлөлийнхөө юу гэснийг нь үг дуугүй дагаж ирсэн МАН-ын шийдвэрийг бусад намууд харж, хүлээсээр. Монголын Ногоон нам өнгөрсөн долоо хоногт Ардын намыг Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж оролцохоо илэрхийлсэн. Тэдний араас өөр бусад нам дэмжигч гэдгээ хэлэх сураг ч гарлаа. Юутай ч, улс төрийн намуудаас МАН-ын Бага хурлын үр дүнг тольдсоны дараа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүмүүс, дэмжигч намуудын дуу хоолой гарч эхлэх нь ээ.    


Ардчилсан нам

Ерөнхийдөө нэр дэвших хүн нь тодорхой гэж хэлж болно. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг нэр дэвшүүлэх магадлал хамгийн өндөр. АН дотроо ч гэсэн нэр дэвших хэн нэг хүний сураг ажиг ч гарахгүй байгаа. Ер нь, зуун хувийн саналаар нэр дэвшихээр тодрох байх гэсэн таамаг яваа. Гэхдээ намын дүрмээр Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж, Их хурлын тов гаргах ёстой. Ерөнхий сайд Булган, Орхон аймагт ажиллахаар томлолтоор яваа. Энэ бямба гарагт Ерөнхийлөгч нийслэлийн иргэдтэй уулзана. Тэгэхээр АН-ынхан энэ сарын 7-ны мягмар гарагт ҮЗХ-гоо хуралдуулна гэв. Харин Их хурлынхаа товыг зарлах тухай өнөөдөр  сэтгүүлчдэд мэдээлнэ. 2009 оны сонгуулийн өмнө АН-аас нэр дэвшигчид дунд Л.Гүндалай гэнэт орж ирсэн шиг үйл явдал энэ жил болохгүй л болов уу.  


Монгол Ардын хувьсгалт нам

Хамгийн дуу­лиан шуугиантай нам МАХН-ын нэр дэвших боломжтой цор ганц хүн нь хоригдож байгаа учир эцэслэсэн зүйл хараахан байхгүй аж. Гэхдээ хэд хэдэн хувилбар яригдаж буй. Намын дэд даргын хувьд Д.Тэрбиш­дагва нэр дэвших боломжтой гэсэн. Ч.Улааныг ч мөн нэг хэсэг дэвшүүлэх тухай яриа гарсан. Тэгэхдээ Н.Энхбаярын өмнө гишгэж нэр дэвших хүн МАХН-д үгүй. Эргэлзээтэй байдалд орсон учир Ерөнхийлөгчийн сонгуульд дангаараа оролцох уу, өөр намыг дэмжих үү гэдгээ тэд хараахан шийдэж чадахгүй байгаа. Тэд сүүлийн үед МАН-ынхантайгаа их ойр ажиллаж буй нь илэрхий харагдсаар.
Магадгүй МАН-ыг дэмжиж оролцох байх ч гэлцэнэ. Намынх нь дарга шоронд байхад түүнээсээ өөр хүн нэр дэвшүүлэх зүрх зориг МАХН-д үгүй учир дэмжигчээр оролцох нь илүү зөв шийдэл болох нь. Дөрөвдүгээр сарын сүүлчээр Их хуралдайгаа хуралдуулах сураг гараад байсан ч хойшлуулсан. Тэд хурлынхаа товыг тогтоогоогүй байгаа нь МАН-ын Бага хурлыг тандаж буй хэрэг гэв. Хэрэв МАН-аас нэр дэвших хүн МАХН-ынханд таалагдвал заавал засаг хамтарч барьж буй АН-ынхныг дэмжье гэхгүй аж. Ер нь, аль эртнээс л тэд АН-тай Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч оролцохгүй гэдгээ цухалзуулсаар ирсэн. Тэгэхээр тэдний ирэх сонгуулийн зураг төөргийг Ардын намынхан нь зурж өгч таарах нь.


Монгол Үндэсний Ардчилсан нам   

Хэдийгээр УИХ-ын сонгуульд МАХН-тай эвсч “Шударга ёс” эвсэл байгуулж оролцсон ч тэд энэ удаад арай өөр байдлаар ажиллана гэв. Орон нутгийн сонгуульд тэд МАХН-тай байгуулсан эвслээрээ оролцоогүй. Ерөнхийлөгчийн сонгуульд ямар байдлаар оролцох нь тодорхой болоогүй аж. Ерөнхийдөө МАН, МАХН-ын байр суурийг ажиглаж хүлээх маягтай байгаа юм. Засгийн газраа хамтран байгуулсан гэдгээрээ АН-ыг дэмжих боломж, магадлал өндөр гэнэ. Жил бүрийн хавар болдог Бүгд хурлын чимээ нэлээн эрт гарсан ч одоогоор яг хэдэнд хуралдах шийдтэй хариу алга. МҮАН-ынхан намын дарга М.Энхсайханаа нэр дэвшүүлнэ гэсэн мессэж нэг хэсэг ниссэн ч албан ёсоор тайлбар өгөөгүй. Тэгэхдээ энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг тэд нэр дэвшүүлэхгүйгээр өнжиж, АН-ыг дэмжиж оролцох тактик сонгох тухай ч яригдаж. Парламентад МҮАН-аас суудал авсан нэг гишүүн нь МАХН-д орсноос хойш эвслийнхэн хоорондоо тийм ч сайнгүй харилцаатай болсон тухай мэдээлэл нэг биш удаа гарсан. “Шударга ёс” эвслийн нэрээр засагт хамтарч байгаагийн хувьд арай ч яаран хөдөлж, түрүүлж алхам хийж чадахгүй байдалд орсон болохоор ямартай ч, Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-тай ганзага нийлэхгүй бололтой. Үндэсний дээлээрээ гангарч Бүгд хурлаа сүртэй хийдэг МҮАН-ынхан дотооддоо хараахан шийдэлд хүрээгүй аж. Тиймдээ ч хурлынхаа зарыг ирэх долоо хоногт түгээх байх гэлээ.


Иргэний зориг ногоон нам

Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуульд Ногоон намтай нэгдээгүй байхдаа Иргэний зориг нам АН-ыг дэмжиж оролцсон. Энэ удаад ч мөн адил дэмжигчийн байр сууринаас хандаж магадгүй гэж төлөвлөсөн бололтой. Дотооддоо багахан зөрчилтэй байгаа тэдний хувьд тусдаа нэр дэвшүүлэхээс илүүтэй аль нэг намыг дэмжиж сонгуульд оролцох илүү боломжтой хувилбар. Гэхдээ ажлын хэсэг байгуулж, сонгуульд хэрхэн оролцохоо судлуулж эхэлжээ. ИЗНН-ын Улс төрийн зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаад ажлын хэсэг байгуулахаар шийдэж. Эцсийн шийдвэр гаргах Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын товоо одоогийн байдлаар гаргаагүй ч ирэх долоо хоногт гишүүдээ цуглуулах мэдээлэл байна. ИЗНН бусад намаас илүүтэй АН-ыг түшиж тулсаар ирсэн болохоор өмнөх байр сууринаасаа төдий л өөрчлөгдөхгүй гэлцэнэ. Ямар ч байсан Ерөнхийлөгчийн сонгуульд тэд тийм ч идэвхтэй байр сууринаас хандахгүй нь бололтой.

0 Сэтгэгдэл
Эн удаа Б.Бат-Эрдэнэ аварга нэр дэвшихээр болсон байна лээ. элбэгээч эвий гээд л өнгөрөх байлгүй дээ хө. Аваргадаа амжилт хүсье
элбэгдорж тасарай гарах байхоо
Элбэгдоржийг арай сонгохгүй байлгүй дээ. Хүмүүс түүний хуурамч дүрд дахин хууртахгүй байлгүй.Альч намаас гарсан хамаагүй Эх орон ард түмнээ гэдэг муу юманд орооцолдоогүй цэвэр хүнийг дэвшүүлбэл ялалт байүуулах магадлалтай. Элбэгээг дахин сонгож тэнэгтэхгүй байлгүй дээ
Элбэгдоржийг арай сонгохгүй байлгүй дээ. Хүмүүс түүний хуурамч дүрд дахин хууртахгүй байлгүй.Альч намаас гарсан хамаагүй Эх орон ард түмнээ гэдэг муу юманд орооцолдоогүй цэвэр хүнийг дэвшүүлбэл ялалт байүуулах магадлалтай. Элбэгээг дахин сонгож тэнэгтэхгүй байлгүй дээ
Элбэгдорж л битгий гараасай хятад хүн хэрэггүй жинхэнэ халх хүн аврана
Манай МАН-ын бага хурал хагас сайнд болох юм бна мэдлэгтэй эрдэмтэй ярих чадвартай хүн сонгомоор бна Бат-Эрдэнэ аварга бол бөхөөрөө манлай байх арай ч урөнхийлөгч болоход мэдлэг чадвар хэл ус нь дутна шүүүүүүүүүүүүүүүүүү Оюунхорол бол ёстой эх орныг минь сүйрүүлнэ Лүндээжанцан бол аль аль туршлага нь болно ийм олон жил тард ажиллахдаа хий гаргаагүй гишүүн дээ
Emegtei hun eronhiilogch boloh tsag ni Mongold ireegui gedgiig helmeer bna bi hubidaa Lundeejantsan bagshiig demjij bna
МАН-ынхан хүнээ сайн бодож төрд ажилласан жил дадлага туршлагаа бодолцож гаргасан нь дээр дээ ноён нуруу авилгалд өртөөгүй төрийн өндөрлөгт сууж бсан энэ тэрээ бодож Д.Лүндннжанцан гуайг гаргавал зүгээр юм биш үү
Хамгийн их уншсан