Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.БАТБААТАР: 2.7 САЯ ИРГЭНИЙ ӨМЧИЛСӨН ГАЗРЫН СУУРЬ ҮНИЙГ ТӨРӨӨС ТОГТООЖ БАТАЛГАА ГАРГАЖ ӨГЬЕ

Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга, ҮЗХ-ны хорооны гишүүн, “Мөнх тэнгэр” фракцын тэргүүн Б.Батбаатартай ярилцлаа.

-Иргэдийн өмчилсөн газрын суурь үнийг тогтоож өгөх талаар таны санаачилгыг дэлгэрүүлж асуух гэсэн юм. Ямар учиртайг нь тодорхой тайлбарлавал?
-Газар үнэтэй юу гэвэл үнэтэй. Хаана байршиж байгаа болоод ямар хүмүүс өмчилж буйгаас шалтгаалаад газрын үнэ өөр өөр байгаа юм. Монголчууд халамж аваад амьдрахыг хүсээд байдаггүй. Иргэд маань өөрсдөө бизнес эрхэлж, амьдрал ахуйгаа өөд нь татахыг хүсч байна. Үүний тулд иргэдийн өмчийг төр баталгаажуулж өгөх хэрэгтэй. Бүх өмч, эд хөрөнгө, эдийн засгийн эргэлтийн суурь нь газар байдаг. 2002, 2008 онд Газрын тухай хуулиуд гарснаас хойш нийт хүн амын ердөө 9.6 хувь нь л газар өмчилж авч. Яагаад газраа өмчилж авахгүй байна вэ гэвэл өмч гэдэг утгаа агуулж чадахгүй байгаа хэрэг. Үнэ цэнэгүй зүйл бол өмч биш гэдэг нь эндээс харагдаж байна. Ойрын хоёр жилдээ кадастрын зургийг нь хийлгээд 2.7 сая хүндээ 0.07 га газрыг өмчлүүлээд, газрынх нь суурь доод үнийг төрөөс тогтоож өгье. Түүнийг нь баталгаажуулж өгье. Гэхдээ нэг хүнд ганц л удаа газар үнэгүй өмчлүүлнэ. Ийм хууль эрх зүйн зохицуулалт хийхээр иргэн төрөөр баталгаажсан өмчтэй болно. Тэгэхээр зээл авах боломжууд нь бүрдэнэ. Өнөөдөр иргэд хэчнээн сайхан санаа байгаад банк санхүүгийн байгууллагаас зээл авахаар очоод ганцхан зүйл дээр уначихдаг. Барьцаа хөрөнгө байхгүй болохоор зээл авч чаддаггүй тохиолдол олон. Тэр бүү хэл, “100 мянган айл хөтөлбөр”-т хүртэл барьцаа хөрөнгийн асуудал гарч ирсэн. Байргүй иргэн барьцаа хөрөнгөө хаанаас гаргаж авах юм бэ. Нэг ам.метр газрыг тэдэн төгрөг гээд зөвхөн нийслэл биш аймаг, сумын төв хотын зах хаана байхаас үл хамаараад үнийг нь тогтоогоод өгөх хэрэгтэй.
-Одоо бол хотын төв, гэр хороолол, хотын захынх гээд газрын үнэлгээ өөр өөр байгаа шүү дээ. Бүгдэд нь нэг ижил суурь үнэ  тогтоож болно гэж үү?
-Өнөөдөр иргэдэд нөхөн олговор гэж хэдэн төгрөг өгөөд газрыг нь хурааж авна гэдэг бол газрыг өмч болгоогүйн нэг шинж. Байршил, цаг агаар, дэд бүтэц гээд олон зүйлээс газрын үнэлгээ шалтгаална. Тэр үнэлгээнээс шалтгаалаад түүнээс дээш хэдээр үнэлэх нь тухайн хүний хэрэг. Нэг хэсэг газрыг худалдаж аваад байшин барилга барьж худалддаг. Тэгээд л дараа нь дахиад өөр газар авч өөр зүйл хийдэг. Тэгсэн мөртлөө хэсэг газар нь үнэгүй байгаад л байна. Ийм нөхцөл байдал үүсээд байгаа нь буруу. Яагаад тэр долдугаар хороолол орчмын газар ам метр нь 100 мянган төгрөг байдаг юм. Тэр байтугай 100 мянга битгий хэл хэдэн сая төгрөгөөр үнэлэгдэх ёстой газар шүү дээ. Тэгсэн хэрнээ яагаад Хайлааст, Чингэлтэй, Дарь-Эх, Яармагт ам.метр газрыг 100 мянган төгрөгөөр үнэлэхгүй байгаа юм. Ийм байдлаар шийдэж болохгүй л дээ. “100 мянган айлын орон сууц хөтөлбөр” их сайхан, зөв харагдаж байгаа биз. Гэхдээ энэ маань наанаа хөтөлбөрөөр халхавч хийгээд өөр бодлого болчихсон байх вий гэдэг хардлага төрүүлээд байгаа юм.
-Ямар бодлого болчих вий гэж. Тодруулбал?
-1000 айлын газрыг худалдаж аваад 100 айлынх нь газар дээр татвар төлөгчдийн мөнгөөр орон сууцаа барьчихаад үлдсэнийг нь үзэгний үзүүрээр зарах вий дээ.
-Газрын наймаа байдалд орчих байх гэсэн үг үү?
-Газрын наймаа хийх боломжгүй болоод байгаа. Улаанбаатар хотод зарах газар үлдээгүй, дууссан. Тэгэхээр яаж зарах газартай болох вэ гэвэл иргэдээ удаан хугацааны зээлтэй болгоод, газрыг нь чөлөөлж аваад, хэдхэн айлын газар дээр өндөр байшин бариад зардаг болчих вий. Иймэрхүү байдлаар үнэгүйдүүлж авах зорилго явж байгаа юм уу гэж харж байна.
-Нөгөө талаар иргэд газраа хэт өндөр үнэлдэг. Үнэ тогтоож өгсний хэрээр үнэ нь улам л өсөөд байх юм биш үү?
-Хүн өмчийнхөө үнийг өөрөө тогтоох нь эрхийн асуудал. Газрын доод үнэлгээг л төрөөс тогтоож, баталгаажуулж өгөх юм. Түүнээс дээш үнэ хэд байхыг иргэд өөрсдөө шийдэх зүйл. Иргэд газраа өндрөөр үнэлээд бусдад худалдсан байна уу, доод үнээр нь зарсан уу гэдэг нь хамаагүй.
Өөрсдөө үнэ тогтооно гэхээр газрын наймаа улам л нэмэгдэх вий дээ. Төрийн албан тушаалд байхдаа эрх мэдлээ ашиглаад байршил сайтай газруудыг авчихсан байлаа гэхэд түүнийгээ эргүүлээд бүр ч өндөр үнээр зарж хөлжих арга болохгүй юү?
-Тэр бол өмчийн газар биш. Иргэнд өмчлүүлснээс бусад газрыг албан байгууллага ч байдаг юм уу, хэн нэгэнд давхардуулаад ч юм уу өмчлүүлэхгүй. Газрыг түрээслүүлж байгаа бол жил бүр өндөр хэмжээний түрээс төлөх ёстой. Тэгэхээр газрын түрээс төлж байгаа юм чинь зарах эрхгүй болно гэсэн үг. Албан тушаалтан, эрх мэдэлтэн, засаг захиргааныхны газрын наймаанд цэг тавьж байгаа нэг зүйл бол энэ яриад байгаа суурь үнэ тогтоох асуудал.
-Иргэд газар өмчлөх асуудалд идэвх муутай байна гэсэн. Нийслэлийг тойроод бол газар олдохгүй болжээ гэж байна. Тэгсэн мөртлөө өмчилж авсан иргэд нь маш бага жин дараад байдаг?
-Энэ зөвхөн гэр хорооллын иргэд, байшинд амьдардаг хүмүүсийн асуудал биш. 2.7 сая хүнд хамаатай асуудал. Бүх иргэн газраа өмчилж авъя. Орон сууцанд амьдардаг байсан ч аль нэг аймгийн төвд газар өмчилж авч болно шүү дээ. Өнөөдөр ил тодоор зарлаад газрыг зарж байна. Тэндээс харахад тэр өндөр үнэ хүргээд зараад байгаа газрууд өмчийнх биш байгаа юм. Зүгээр л Улаанбаатар хотын Засаг даргын гарын үсэгтэй захирамж бүхий цаасыг зарж байгаа гэсэн үг. Яагаад эрх мэдэлтний гарын үсэгтэй цаас газар дээрээ очиж биежээд тэр нь өндөр үнэ хүрээд байгаа юм бэ. Яагаад иргэн газраа өмчлөх гэхээр олдохгүй, төрийн олон дамжлага дамждаг хүн суртал нь иргэдийг залхаадаг юм. Банкинд очоод газраа барьцаалаад зээл авъя гэхээр хоёр сая төгрөгийн зээл ядаж өгөх юм уу. Иргэдийн газар баталгаажаагүй, үнэ тодорхойгүй болохоор ямар ч санхүүгийн байгууллага зээл өгдөггүй. Төрийн шат дамжлага бүхэн иргэдэд илүү ачаа, дараа болоод байгаа учраас л монголчуудын дөнгөж 9.6 хувь нь л газраа өмчилж авсан байгаа юм. Тэгэхээр нийслэлийн Засаг даргын гарын үсгээр баталгаажсан захирамжтай цаас үнэд ороод байдаг. Иргэний амьдарч байгаа газар үнэгүй болоод байна.
-Таны тооцоолж үзсэнээр газрын суурь үнэ хэдэн төгрөг байвал зохистой юм бол?
-Миний тооцож байгаагаар нэг ам метр газрын доод үнийг 100 мянган төгрөг болгоё гэсэн. Дээшээ хэд хүртэл үнэлэх нь иргэн хүний эрхийн асуудал. Банк бол доод үнийн баталгаагаар зээл олгоно. Төр тэр баталгааг нь хийж өгөх учиртай. Засгийн газар бонд арилжаалаад байна гэдэг шиг л баталгаа гаргаж өгөх юм. Иргэн зээлээ төлж чадахгүй бол банк барьцаалсан газрыг нь төрд өгөөд мөнгөө эргүүлээд авчихна гэсэн үг. Тийм харилцааг л бий болгоё гээд байгаа хэрэг. Ойрын хоёр жилд иргэд кадастрын зураглалаа хийлгээд, газраа өмчлөөд авчихвал дараагийн 10 жилд нь банк, санхүүгийн байгууллагаас зээл авдаг боломж нь бүрдчихнэ.
-Үүнийг хууль болгоход ямар нэг хууль, тогоомжтой зөрчилдөх зүйл гарах болов уу?
-Засгийн газар барьцаа хөрөнгөгүй иргэнд баталгаа гаргаж өгөх тухай хуулийг хүчингүй болгох хэрэгтэй. Баталгаа гаргаж өгсний дагуу банк барьцаа хөрөнгөгүй иргэнд зээл олгоно гэж байгаа юм. Энэ нь хөрөнгөгүй иргэн, Засгийн газар, банк гурвын хооронд эцэс төгсгөлгүй ойлгомжгүй өрийн сүлжээ бий болгох аюултай. Өнгөрсөн намрын чуулганаар буюу өвөл батлагдсан хууль л даа. Ямар ч барьцаагүй иргэн зээлээ төлөөгүй байхад төр татвар төлөгчдийн мөнгөөр төлбөрийг нь барагдуулах ёстой болж байгаа юм. Яг ямар иргэн, ямар хүнд Засгийн газар баталгаа гаргаж өгөх юм. Бас л нөгөө албан тушаалтан, даргын найз нөхөд ойр дотныхон тэр баталгааг авч зээл авах нөхцөл үүсч байгаа л гэсэн үг. Ийм зүйлийг болих хэрэгтэй. Түүний оронд газраар нь баталгаа гаргаад өгчих хэрэгтэй шүү дээ. Бусад хуультай зөрчилдөөд байх зүйлгүй. Иргэн нэгээс илүү удаа газар өмчлөхгүй гэдгийг хуульд тусгаж өгөх хэрэгтэй.
-Иргэдэд газар өмчлөх хугацааг 2013 он хүртэл сунгасан. Ер нь, энэ хугацаандаа иргэд газраа өмчилж амжих уу?
-1992 онд Монгол Улсын иргэн газар өмчлөх эрхтэй гэж заасан. 2002 онд Газрын тухай хууль гарч өрх бүрт 0.07 га газар өмчлөх эрхтэй гэж оруулсан. 2008 онд бол хуульд өөрчлөлт оруулж 0.07 га газрыг өрхөд биш иргэн бүрт гэж зааж өгсөн. Тэгэхээр одоо хугацаа зааж өгөхгүйгээр л хуульчлах хэрэгтэй.
-Яагаад гэвэл иргэн Бат нэг л удаа газар үнэгүй өмчилж авах эрхтэй шүү дээ. Нөгөөтэйгүүр 2013 оноос хойш төрсөн хүүхэд яахаараа газар өмчилж авах эрхгүй байдаг юм. Адилхан Монгол Улсын л иргэн. Ингэж газар өмчлүүлээд байвал цаашид өмчлөх газаргүй болчих юм биш үү гэж яриад байгаа. Тэгвэл 2.7 сая хүндээ 0.07 га газрыг өмчлүүллээ гэхэд Монгол Улсын газар нутгийн 0.012 буюу мянга хуваасны нэгтэй л тэнцэх юм. Монгол Улсын хүн ам одоогийнхоос арав дахин илүү болоод 27 сая болчихвол нийт газар нутгийн 100 хуваасны нэг л өмчлөгдөнө. Газрын тухай энэ бодлогыг Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгуулахаар асуудлаа тавьж байгаа. ҮЗХ-ны удахгүй болох хуралдаанд танилцуулж, мөрийн хөтөлбөртөө тусгуулж, цаашлаад төрийн бодлого болгох зорилготой юм. Энэ хурлаар саналаа хэлэлцүүлнэ. Одоохондоо намын удирдлагуудад, тодорхой хүрээний хүмүүст үүнийг 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт оруулаач гэсэн саналаа байнга хэлж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан