Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Бат-Эрдэнэ: Намын удирдлагуудаас НАМЗХ-ны ерөнхийлөгчийг өөрчлөх хандлага гаргаагүй

Монгол Ардын намын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-НАМЗХ-ны VI Бага ху­рал хэдхэн хоногийн дараа болно. Ямар асуудлууд хэлэлцэх гэж байна вэ?
-НАМЗХ-ны VI Бага хурлыг Удирдах зөвлөлөөс энэ сарын 28-нд хуралдуулахаар зарласан. Бид жил бүр Бага хурлаа хийдэг дүрмийн заалттай. Тэр дагуу болох хурал. Энэ удаад 2012 оны хоёрдугаар сарын 12-нд болсон V Бага хурлаас хойшхи ажлын болон санхүүгийн тайлан, хяналтын хорооны тайлангаа тавина. Мөн улс төрийн илтгэлийг Номтойбаяр дэд ерөнхийлөгч тавина. Бид залуучуудын талаар баримт­лах төрийн бодлого гэж то­моохон суурь судалгаа хий­гээд дууссан. Бодлогын болон фокус бүлгийн гээд бусад нарийвчилсан шинжилгээ ч хийгээд дууслаа. Залуучуудын талаар баримтлах төрийн бодлогыг олон нийт, залуучуудад хандсан уриалга, дүн шинжилгээ, гарц гаргалгаагаа Засгийн газарт өргөн барина. Удирдах зөвлөлд тодорхой хэмжээний өөрчлөлт орж байгаа. Гэхдээ ерөнхийлөгч болон ерөнхий нарийн бичгийн даргад ямар нэг өөрчлөлт хийхгүй.

-Бүтцийн өөрчлөлт гэ­хээр?
-МАН-ын XXVII Их хурлын үеэр бүтэц бүсчилсэн хэлбэр рүү шилжихээр болсон. Манай залуучуудын байгууллага үүнийг санаачилж, намын Их хурлаараа хэлэлцүүлэн амжилттай хийж чадсан. Энэ бүтцийг Бага хурлын үеэр Удирдах зөвлөлдөө оруулах юм. Баруун, зүүн, төвийн, хангай, говийн бүс, нийслэл гээд бүгдэд нь нарийн бичгийн дарга нарыг томилохоор бэлтгэж байна. Гурван дэд ерөнхийлөгчийн асуудал ч бас бий. Булгантуяа намын нарийн бичгийн дарга, Мөнхбат намын ерөнхий нарийн бичгийн дарга болсон. Тиймээс тэдний оронд дэд ерөнхийлөгчид өрсөлдөх магадлалтай хүмүүсийг нэр дэвшүүлнэ.

-Дэд ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтой хүмүүс тодорсон байх. Хэн хэн өрсөлдөх бол?
-Одоо анкет авч байгаа. Бага хурлаараа шийдэх учраас тэр үедээ нэрсийг нь задална.

-Холбооны ерөнхийлөг­чийг өөрчлөхгүй гэж ярилаа. Гэтэл сольж, сэлгэх тухай мэдээлэл нэлээн эртнээс гарлаа шүү дээ?
-Удирдах зөвлөлөөс Оюун-Эрдэнэ ерөнхийлөгчийг гадаадад боловсрол эзэмшиж ирэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаад АНУ руу Харвардын их сургууль руу явуулсан. Тэнд суралцахын хажуугаар НАМЗХ-ны ажлаа хийж байна. Ер нь, бүтцийн болоод дотоод ажлуудыг ерөнхий нарийн бичгийн дарга хийдэг. Тэр дагуу ажиллаж байна гэсэн үг. Тиймээс ерөнхийлөгчийн асуудал энэ хурлаар хөндөхгүй. Удирдах зөвлөлийн хурлаас 2014 оны есдүгээр сард VII Бага хурлаа албан ёсоор зарлалаа. Энэ VII Бага хурлаас НАМЗХ-ны ээлжит Их хурлыг албан ёсоор зарлана. Дүрмийн өөрчлөлт, ерөнхийлөгч, Удирдах зөвлөл гээд бүх асуудал ээлжит Их хурлаар яригдана.

-НАМЗХ-ны Их хурлыг энэ ондоо багтааж хийнэ гэсэн үг үү?
-Есдүгээр сарын 14-нд VII Бага хурлыг албан ёсоор зарласан. Тэр үед хуралдаад 2014 онд багтаж Их хурлаа хийх үү, 2015 онд болгох уу гэж шийдэх байх. Дөрвөн жилд нэг удаа, Бага хурлаас Их  хурлыг зарлах дүрэмтэй. 2010 оны есдүгээр сард Их хурал болж, одоогийн бүтэц бүрэлдэхүүн батлагдсан юм. Тэгэхээр энэ бол хугацаандаа болж байгаа хурал. Их хурлаа хэзээ хуралдуулах нь Бага хурлын бүрэн эрхийн асуудал.

-Бага хуралд бүрэн эрх байгаа учраас одоо­гийн болох хурлаар хэн нэгэн санал гаргаад ерөн­хийлөгчийг солих, бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудал оруулбал шийдэх боломжтой байх нь ээ?
-Бага хурал шийдэх боломжтой. Гэхдээ НАМЗХ гэдэг бодлогоороо, нэг үеэрээ нэг чигт, нэг хөтөлбөртэй ажил­ладаг байгууллага. Тэгэхээр энэ удаагийн Бага хурлаас тийм санал, санаачилга гарахгүй гэж ойлгож байгаа. Тэр ч агуулгаараа VI, VII Бага хурлыг цуг зарласан.

-УИХ-ын гишүүн Н.Ном­тойбаярыг НАМЗХ-ны да­раа­гийн ерөнхийлөгч гэж ярьж, бичиж байгаа. Ма­гадгүй, намын дарга энэ хүнийг ерөнхийлөгч болгоно гэвэл яах вэ?
-Номтойбаяр гишүүн манай холбооны дэд ерөн­хий­лөгч. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн албыг дав­хар хашдаг. Оюун-Эрдэ­нэ ерөнхийлөгч АНУ руу явахаасаа өмнө Удирдах зөвлөлийг хуралдуулаад дотоод ажлыг ерөнхий нарийн бичгийн дарга хариуцаж, улс төрийн чиг баримжаатай үйл ажиллагааг Номтойбаяр дэд ерөнхийлөгч гүйцэтгэхээр албан ёсны шийдвэр гаргасан. Намын даргаас ч юм уу бусад дарга нараас НАМЗХ-ны ерөнхийлөгчийг өөрчлөх үг үсэг, хандлага гаргаагүй. Энэ байгууллагыг нэгдэлтэй, цул гэдгийг намын дарга нар мэддэг учраас хэзээ ч холбооныхоо ерөнхийлөгчийг өөрчил гэсэн санал оруулж ирдэггүй л дээ. Бид дотроосоо санал, санаачилга гаргахгүй бол гаднаас тийм зүйл байхгүй.

-МАН-ын XXVII Их хурлын дараанаас НАМЭХ-ны ерөнхийлөгч, Ахмадын холбооны дарга нарыг сольсон. Тэгэхээр дараагийн өөрчлөлтийг НАМЗХ гэж хараад байна. Намын дарга нь дэргэдэх төрийн бус байгууллагуудынхаа удирд­лагуудыг сольж, багаа бүрдүүлж эхэллээ гэж харагдаад байгаа юм?
-НАМЭХ, Ахмадын холбооны хуралдах цаг нь болсон байсан. Дөрвөн жилд нэг удаа чуулганаа хийх ёстой л доо. 2010, 2011 онд хурлаа хийсэн байгууллагууд. Оюутны холбоо сая Бага хурлаа хийж, чуулганаа хуралдуулах тов гараад явж байгаа. Оюутны холбоонд насны зааг байдаггүй. Харин насны заагийг оюутны байгууллагад оруулах шаардлагатай гэж намын удирдлагууд үзсэн юм билээ. Манай холбоо бол Бага хурлаа хийнэ гэдгээ намын удирдлагуудад албан ёсоор мэдэгдсэн. Удирдах зөвлөлдөө бид нэг зүйл оруулж байгаа. Дараагийн үеэ бэлтгэх зарчим манай байгууллагад байнга явдаг. Одоогийн Удирдах зөвлөлд Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн 30 орчим хувь нь байдаг. Бүтцийн 70 хувь нь НАМЗХ гэсэн үг. Энэ 30 орчим хувиа дараагийн үе рүү шилжих залуучуудаас Удирдах зөвлөл болон Бага хурлын бүтэц рүү оруулж ирж байгаа. Есдү­гээр сард болох Бага хурлаар 50 хувьд аваачих юм. Ингээд Их хурлаар 80-90 хувьтай хүлээлгэж өгөхийг шат дараалсан алхмаар хийж байгаа.

-Гишүүдийн насны хяз­гаа­­­рыг 35 гэж заадаг бил үү?
-Хоёр Их хурлын хооронд 35 гэдэг нас заадаг. Тухайлбал, 2010 онд Их хурал болоход тухайн Их хурлаас өмнө 35 хүрээгүй байгаа тохиолдолд албан ёсоор баталгаажиж явдаг. 35 хүрсэн тохиолдолд хасагддаг. 2010 онд 34-тэй байхад Их хурлаар батламжлагдаад явсан бол 38-тай хүн манай НАМЗХ-д байгаа гэсэн үг. Энэ нь бүрэн эрхийн хугацаа үргэлжилж байгаа хэлбэр.

-МАСЗХ-ны Удирдах зөвлөлийн 30 хувийг насны хязгаар болсон гэж өөрчлөх нь үү, эсвэл өөр шалтгаан бий юү?
-НАМЗХ 17 жилийн турш оршин тогтнож байна. 17 жил оршсон учраас үе, холбоо, бодлого, залгамж, хар хайрцаг гэдгээ өнөөдрийг хүртэл авч хадгалж ирсэн. Үе, үеийн залгамж холбоосыг тухайн үеийн Удирдах зөвлөл, Бага хурал шигтгэж өгдөг. Тэрэнд л манай байгууллагын үнэ цэнэтэй оршин тогтнодогийн нөлөөлөл байдаг. 21 аймаг, есөн дүүрэг, гадаадын зургаан оронд салбар холбоотой. МАСЗХ-ны үеэс явж байсан 4-5 хүн байдаг л даа. Ер нь, Энхбаяр, Содбаатар, Эрдэнэбат, Н.Энх­болд гээд УИХ-ын 27 гишүүний 17 нь манай залуучуудын байгууллагаас гаралтай.

-НАМЗХ-ны санхүүжилт намаасаа байна уу. Хандив, татвар голлодог уу?
-Гишүүдийн татвараар явдаг. Үйл ажиллагааг өөрийн­хөө санхүүгээр зохион байгуулдаг. Хандивын дээд, доод хязгаар гэж байхгүй. Удирдах зөвлөлийн гишүүд, дэд ерөнхийлөгч болон Бага хурлын гишүүд, тэргүүлэгчдэд тогтоосон дүн байдаг. Тухайн тогтоосон дүнгээр үйл ажиллагааны санхүүжилт хийдэг. Томоохон хэмжээний төслүүдийг хандив босгох хэлбэрээр зохион байгуулдаг.

-Ер нь, НАМЗХ гэж байгуулснаас хойш сүүлийн үед жагсаал цуглаан зохион байгуулдаг, намын удирдлагуудын гарын үзүүрийн ажлыг хийж байна гэж харагдах боллоо?
-Нийгэмд тулгамдсан 76 асуудал гэдгийг МАН санаачлаад НАМЗХ хийгээгүй шүү дээ. Тэгэхээр гар, хөл бишээ гэсэн үг. НАМЗХ 76 асуудлыг санаачилж, үндэс­ний хэмжээний судалгааг социологичдын баг гаргаж ажиллуулсан. УИХ-ын 76 ги­шүүнд тэр асуудлаа бид өөрсдөө л гардуулж өгсөн шүү дээ. Үндсэн хуулийн зөрчлийн асуудлыг хөндөж, бид 40 метр урт Үндсэн хууль хэв­лэсэн. Ерөнхий сайдыг огцруулах асуудал гээд МАН-аас урьдчилан гаргасан жаг­саалд НАМЗХ нэгдээд яв­сан зүйл байхгүй. Намаас нэг ч удирдлага, бүтцийн хувьд оролцоогүй хэлбэрээр тухайн жагсаал явсан. 2011 онд нам дотор намынхаа удирд­лагуудын эсрэг жагсаад явж л байсан.
2012 оны УИХ-ын сонгуу­лиар, 2013 оны Ерөнхий­лөгчийн сонгуулиар бүх төвшиндөө бодлогын хувьд болохгүй, бүтэхгүй байгаа, буруу шийдвэрүүд, тодорхой хувь хүмүүстэй холбоотой асуудлаар НАМЗХ нам дотор өөрсдийн байр сууриа илэрхийлж байсан. Намдаа шаардлага хүргүүлээд явж л байсан. МАН-ын хувьд нэг азтай зүйл бий. Залуучуудын холбоо нь илүү төв байр сууринд, илүү цензуртэй, шүүмжлэгч байр сууринд ажиллаж чад­даг. Хийхээ ч хийдэг, шүүмж­лэхээ ч шүүм­жилдэг, дэм өгөхдөө ч дэмждэг байгууллага. Ард­чилсан намын залуучуудын байгууллага гэхэд үйл ажиллагаа нь юу билээ гэхээр төвшинд байдаг. НАМЗХ Ерөнхий сайд Сү.Батболд байхад үүдэнд нь суулт хийгээд, Алтанхуягийн үед ч залуучуудын асуудлаа үргэлжлүүлээд төрөөс нэг ч төгрөг авалгүйгээр судалгаа хийсэн. Хэн нэгэн хүн, даргын үгээр явдаггүй байгууллага учраас МАН дотор хамгийн хүчтэй, эв нэгдэлтэй, намдаа дэм болдог нь.     

0 Сэтгэгдэл
Hurelsuhiin bool bolson zaluuchuudiin holboo.Zuvhun ternii daalgavraar yu ch hiihees butsahgui shaarnuud daa
Хамгийн их уншсан