Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.ЦОЛМОН: БИЗНЕСЭЭ 40 ГАРСАН ХОЙНО ЭХЭЛСЭН БОЛОХООР БАЯЖИХГҮЙ БАЙХАА ДАА


УИХ-ын гишүүн Ц.Цолмонтой улс төржилгүй ярилцлаа.

-Таны бага нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ гэдгээс яриагаа эхэлье?

-Би Архангай аймгийн Цэн­хэр сумынх. Архангай аймагт 10 жилийн сургууль төгссөн, хөдөөний хүүхэд. Орост цахилгааны инженер мэр­гэжил эзэмшиж, мах ком­бинат, хөнгөн үйлдвэрт ажил­лаж байлаа. Дараа нь Монголын хувьсгалт залуу­чуудын төв хороонд ажилласан.
-Хүүхэд байхдаа аав, ээжийнхээ чихийг хэр их халууцуулж байв. Эсвэл эсрэгээрээ даруухан хүүхэд байсан уу?
-Нэг их томоотой биш, гэхдээ бас хорлонтой сахилгагүй байгаагүй ээ. Ер нь, хөдөлгөөнтэй хүүхдийн тоонд ордог байлаа.
-Багшаасаа, аав ээжээсээ банга хүртэж л байж дээ?
-Нэгдүгээр ангид байхдаа ангийнхаа хүүхдийг түлээний хайрцаг руу түлхэж унагаад багшдаа загнуулж билээ. Түүнээс хойш нэг их хэл ам та­талж байгаагүй шүү. Хи­чээлдээ сайн болохоор хүүхдүүдтэй ч гайгүй байсан. Аливаа зүйлийг хэл амаараа л ойлголцдог байсан. Харин гадаадад сургуульд явахад аав маань “Чи амаа мэ­дэж яваарай” гэж захиж байсан. Түүнээс хойш дуугүй талдаа хүний тоонд орсон гэх үү дээ.
-Тэр үед сурлага сайтай хүүх­дүү­дийг л Орос руу сур­гуульд явуулдаг байсан гэдэг?
-10 дугаар ангиа алтан медальтай төгсөөд аймагтаа ирсэн гадаадын сургуулиудын хуваариас сонгоод явсан даа. Тэр үед сайхан са­нагдаад цахилгааны инже­не­рийн мэргэжил сонгосон юм.
-Аав, ээжийнхээ тухай дурсвал?
-Би эхээс дөрвүүлээ. Айлын хоёр дахь хүүхэд. Ми­ний аав, ээж хоёр жирийн хөдөлмөрчин хүн. Цэнхэр сумынх. Аав маань жолооч байсан. Дээр үеийнхэн чинь цэрэгт яваад л ирэхдээ бичиг үсэг тайлагддаг байсан шүү дээ. Нутагтаа ирээд багийн дарга, зам барилгын трестэд жолооч хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Ээж маань дөрөвдүгээр анги төгсөөд, сүүлд оройгоор долдугаар анги төгсч, бүрэн дунд боловсрол эзэмшсэн хүн. Сумандаа хүүхдийн сүүний тасгийн эрхлэгч, худалдагч хийж байсан эгэл жирийн хүн дээ.
-Эхнэртэйгээ нэг ангийнх биш биз дээ. Зарим хүн тохой залгаж сууж байгаад л ханилсан байдаг шүү дээ?
-Манай гэр бүлийн хүн физикийн багш мэргэжилтэй. Эвлэлд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Бид хоёр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын дунд сургуульд сурж байхдаа танилцсан. Аав, ээжүүд маань хамт ажилладаг байлаа. Нэг ангийн хүүхэд биш ээ. Манай эхнэр надаас гурван  анги доор байсан юм. Охин хүү, хоёр маань Орос, Америкт мэргэжил эзэмшиж ирээд Монголдоо бизнесийн байгууллагад ажиллаж байна.
-Тэгвэл та өвөө болж амжсан л юм байна тийм ээ?
-Нэг ачтай. Дахиад нэг ач маань удахгүй мэндлэх гэж байгаа. Тэдэндээ цаг зав гаргаж чадахгүй л юм. Гэхдээ боломжийнхоо хэрээр цаг зав гаргана. Бас сүйдтэй нялуураад, эрхлүүлээд байдаггүй.
-Таны өрөө зарим гишүүнийх шиг цуглуулга, зургаар гоёогүй, даруухан юм. Эсвэл тохижуулж амжсангүй юу?
-Ер нь, элдэв төрлийн зүйл цуглуулдаггүй л дээ. Энгийн л байхыг хүсдэг. Миний өрөөнд Монголын газрын зураг, дэлхийн газрын зураг, анхдугаар чуулганы хуралдааны дараахь зураг л байна. Энэ өрөөнд дөрвөн жил сууж, ажиллах болохоор явцын дунд элдэв янзын зүйлс нэмэгдэх байлгүй дээ.
-“УИХ-ын гишүүн болсонд баяр хүргэе” гээд л хүмүүс бэлэг өгдөг гэсэн. Танд тийм бэлэг хэр олон байдаг вэ?
-Өрөөндөө тавиарай гэж өгсөн бэлэг байхгүй ээ. Ах дүү нар маань бэлэг өгсөн л дөө. Зарим нь мөнгөн аяга өгсөн. Ах, дүү хоёр маань надад зориулж уран дарханаар бэлэг хийлгэж байгаа гэсэн. Аавын маань чандмань тамга байдаг юм. Түүнийг бэлгэдсэн бэлэг дурсгалын зүйл хийлгэж байгаа гэсэн л дээ.  
-Та хэдэн хөөрөгтэй вэ. Гишүүд хөөргөөрөө өрсөлддөг ч гэдэг юм билээ?
-Гурван хөөрөгтэй. Ахынхаа хөөргийг ихэвчлэн барьдаг. Дүү маань сүүлийн үеийн хөөрөг бэлэглэсэн. Нэг их өрсөлдөөд, гайхуулаад байдаггүй ээ. Харин гадаад явахдаа очсон газар болгоноосоо морины дүрстэй бэлэг дурсгалын зүйл цуглуулдаг юм. Дан ганц морины хэлбэртэй гэхээсээ янз бүрийн хэлбэрт оруулсныг нь илүү сонирхож цуглуулж байгаа.
-Үндэсний бөх үздэг л байх?
-Тийм ч их хорхойтой биш. Гэхдээ үндэсний спорт учраас бөхөө хүндэтгэж үздэг л дээ. Үндэсний спорт гэдэг бол тухайн улсын зан заншлыг илтгэдэг байх ёстой. Гэхдээ сүүлийн үед энэ чанар нь алдагдаж, шударга бус, хоорондоо тохирсон, ивээн тэтгэгчдийн мөнгөний их,  багаар хэмжигдсэн зүйл гарч байна. Үндэсний спортод ийм булхай луйвар орсон нь Монголын нийгэмд нөлөөлсөн гэж боддог. Харин сүмо бөхөд монголчууд олноороо барилддаг болсноос хойш үндэсний бөхөд байдаг элдэв найраа гэдэг нь багассан юм шиг. Монголчууд шударга байя гэвэл үндэсний бөхөө шударга байлгах ёстой. Хурдан шуурхай байя гэвэл бөхөө хурдан барилдуулдаг байх ёстой гэж боддог. Гэтэл энэ үндэсний бөх маань нэг талаасаа спорт ч юм шиг, нөгөө талаасаа шоу ч юм шиг байдаг.
Тиймээс энэ хоёр чанар байгаа учраас өөрчилж спорт хэлбэрээр явуулах нь хэцүү байдаг гэж үндэсний бөхийнхөн хэлдэг юм билээ. Бөхийн барилдааныг ахмадууд нь шүүдэгт шүүмжлэлттэй ханддаг. Тэд барилдааны хурдыг гүйцэж хардаггүй юм шиг санагддаг. Гэтэл шүүгч бол барилдаж байгаа бөхөөсөө илүү хурдан байх ёстой байх л даа.
-УИХ-ын гишүүд ямар нэгэн спорт холбоодын тэргүүний сонгуульт алба давхар хашдаг. Таны хувьд ямар нэгэн спорт холбоог тэргүүлдэг үү. Бас ямар спортоор хичээллэдэг вэ?
-Бүх насаараа л сагсан бөмбөг, теннис, гар бөмбөг тоглосон. Үүнээс хамгийн удаан тоглож байгаа нь гар бөмбөг. Ахмадуудын волейболын холбоо гэж байдаг. Үүнийг тэргүүлж ажилладаг. Би долоо хоногт хоёр удаа волейбол тоглодог.
-Тэгэхээр ажлынхаа алжаалыг волей­бол тоглож л тайлдаг байх нь ээ?
-Хөдөлж л байвал эрүүл байна гэдэг шүү дээ. Тиймээс хөлсөө гаргах үүднээс тоглодог. Нөгөө талаар олон жил баг, клуб болж тоглосон болохоор нөгөөдүүлтэйгээ тоглох, волейболын тухай ярилцах дуртай болж.
-Таны хамгийн сүүлд уншсан номыг сонирхвол?
-Би сууж ном уншаад байдаггүй. Хэрэгтэй зүйлээ л номноос олоод авчихдаг. Ном унших дуртай биш гээд хэлчихэд болно доо. Хамгийн сүүлд “Чонон сүлд” гэдэг номыг л уншсан юм байна.
-УИХ-ын гишүүнд чөлөөт цаг ер нь хэр их гардаг юм бол. Зав цөлөө гарвал хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Гэр ахуйн ажил бол хийнэ л дээ. Гэхдээ цэвэрлэгээ биш, янз бүрийн төсөл зохиох ажил хийдэг. Өнгөрсөн дөрвөн жилд чөлөөт иргэн байлаа. Энэ хугацаанд өөрийнхөөрөө л явж байсан. Эрүүл мэнддээ  анхаарч волейболоо тоглоод, ер  нь зав чөлөөтэй амьдралдаа дадсан байна шүү. Дээрээс нь хувийн бизнес хийж байлаа. Гэхдээ тийм том бизнестэй биш. Монголчууд ярьдаг даа. 20 хүртлээ ухаан суухгүй бол цэцэн болохгүй, 30 хүртлээ гэр бүл болохгүй бол өнөр болохгүй, 40 хүртлээ хөрөнгө хуримтлуулж чадахгүй бол баян болохгүй гэдэг. Бизнесээ 40 нэлээн гарсан хойно эхлүүлсэн болохоор баяжихгүй байхаа даа. Хүнээс гуйхгүй, хүний гар харахгүй байх бизнес хийдэг дээ.
-Та ер нь машин хэр сонирхдог вэ. Одоогийн төмөр хүлгийг чинь сонирх­вол?
-Машинаар гоёдоггүй юм. Прадо гэдэг машиныг нэлээн удаан унасан. 2010 оны шилдэг машинаар шалгарсан юм. Яагаад гэвэл том биш, хурд хүч сайтай. Ажил хэрэг бүтээхэд тохиромжтой, бензин шатахуун бага зарцуулдаг гээд олон талын ашигтай гэх үү дээ.
-Гадаадын хэчнээн оронд очиж үзсэн бэ. Ер нь, эх орондоо хэр аялав?
-Хувиараа гадаад явсан зүйл бараг байхгүй. Улсын ажлын шугамаар 80 орчим орноор явсан байдаг юм. Ихэвчлэн Ази, Европоор явжээ. Эвлэлийн ажил хийж байсан, бас Хөдөлмөрийн сайд, Барилгын сайд байсан болохоор бүх аймгаар явсан даа. 330 сумын 100 орчмоор нь орсон байх шүү.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан