МОНГОЛ ОРНЫ АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ
2013 оны 1 сарын 16
Монгол оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд найман мянга гаруй илрэл бүртгэгдсэн байдаг. Үүнд алтны 1619,  мөнгөний 227 мянга, зэсийн 36.3 сая, төмрийн хүдрийн 660 сая, цайрын 5.9 сая, нефтийн 250 сая орчим тонн нөөц батлагдаад буй. Мөн нүүрсний 175 тэрбум тонн таамаг нөөцтэй. Эдүгээ 9.8 тэрбум тонн нөөц баталгаажсан.  Нөөц ихтэй томоохон ордыг нэрлэвэл зэсийн Эрдэнэт, Оюу толгой, Цагаан суварга, алтны Гацуурт, Тавт, мөнгөний Асгат, Мөнгөн өндөр, төмрийн хүдрийн Баянгол, Төмөртэй, Төмөртэйн овоо, Баргилт зэрэг юм. Өнөөдөр уул уурхайн салбар хүрээгээ тэлснээр Монгол Улсын нийт экспортын 94 хувийг ашигт малтмал эзэлж байна.


Төмрийн хүдрийн таамаг нөөц 11 тэрбум тонн

Геологчид Монголд нэг тэрбум тонн төмрийн хүдрийн нөөцтэй гэсэн таамаг дэвшүүлдэг. Монголын геологичид төмрийн хүдрийн ордын 14 гол бүс нутаг тогтоон судалгаа хийж, 11 тэрбум тонн төмрийн хүдрийн таамаг нөөц тодорхойлсон байна. Төмөртэй, Баянгол, Төмөр толгой ордод нийт 343 сая тонн хүдэр бий. Хараат уул, Эрээний орд 71.5 сая тонн төмрийн хүдэртэй. Таян нуурын ордод  71.7 сая тоннын нөөц тогтоогдоод байна. Хоёр жилийн өмнө гурван сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолж байсан. Харин өнгөрсөн онд таван сая тоннд хүрсэн судалгаа бий. Ирэх гурван жилд 11 сая тоннд хүрэх төлөв байдаг. Эдийн засагчид төмрийн хүдрийн нөөцөө түшиглэж, гангийн үйлдвэр байгуулах нь чухал хэмээдэг. Иймээс Сайшандын аж үйлдвэрийн цогцолборт  эхэлж баригдах үйлдвэрийн тоонд ороод байгаа.Тус цогцолборт жилд 2-4.5 сая тонн хорголжин төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах тухай тооцоо байдаг.  
Монгол Улс өнгөрсөн онд  350 мянган тонн ган бүтээгдэхүүн хэрэглэжээ.  Харин ирэх хоёр жилд 500 мянган тонн болох судалгаа бий. Гэтэл Дарханы төмөрлөгийн үйлдвэр 55.4 мянган тонн ган туйван, арматур үйлдвэрлэжээ. Төмрийн хүдэр боловсруулж бус хаягдал төмөр ашиглаж байгаа юм. Цаашид тус үйлдвэрийг өргөтгөж Дархан, Сэлэнгийн бүс нутагт дахь төмрийн хүдрийн ордуудаа ашиглах ёстой гэж эдийн засагчид зөвлөдөг.

Зэсийн томоохон ордууд

Монгол Улсын цэвэр зэс олборлолт 2020 он гэхэд нэг сая тоннд хүрнэ хэмээн төсөөлж байгаа. Тухайн үед Оюу толгой 775, Эрдэнэт 135, Цагаан суваргын ордоос 70 мянган тонн цэвэр зэс гарах баяжмал үйлдвэрлэх юм.
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр манай улсын эдийн засгийн 20 гаруй хувийг бүрдүүлдэг. Тус үйлдвэрийн ашиглаж буй Эрдэнэтийн овоо ордын нөөц хүдрийн нөөц нь 1.060.367 сая тонн. Зэсийн нөөц нь 4.632 сая тонн бөгөөд 125.414 тонн молибденийн нөөцтэй. Дээрх нөөцөө 25 жил ашиглана хэмээн тооцож байна. Гэвч тус үйлдвэрийн ашиглах нөөц саяхан нэмэгдсэн. Уул уурхайн яамнаас Эрдэнэтийн овоо орчимд хайгуул хийж байсан таван лицензийг төмрийн мэдэлд авсан билээ. Ингээд нөөц нь гурван сая тонн зэс, 55 мянган тонн молибденээр нэмэгджээ. Энэ нөөцийг 24 тэрбум ам.доллараар үнэлж буй аж.
Оюу толгой орд нөөц, уурхайн хүчин чадлаараа дэлхийд эхний тавд ордог гэдэг. Тус ордын  хүдрийн нөөц 3.380.0 сая тонн. Үүнээс 31.1 сая тонн зэс, 1.328 тонн алт, 7.601 тонн мөнгө олборлоно хэмээн тооцсон билээ. Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто”, “Айвенхоу Майнз” компани тус ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад гурван жилийн нүүр үзлээ. Энэ хугацаанд баяжуулах үйлдвэрээ барьж эдүгээ туршилтын журмаар ажиллаад  байна. Энэ баяжуулах үйлдвэр өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай юм. Цагаан суваргын ордын лицензийг “МАК” компани эзэмшдэг гэдэг. Тус ордын 141.5 сая тонн хүдрийн нөөцтэй. Мөн 94.7 сая тонн сульфидийн хүдэр бий.  Тус ордоос 568.6 мянган тонн зэс, 4.2 тонн алт олборлох нь. Хайгуулын ажил үндсэндээ дуусч уурхай нээн ажиллуулах бэлтгэл ажлаа хийж байгаа ажээ. Баяжуулах үйлдвэр нь 2015 онд ашиглалтад орно хэмээдэг.

Нүүрсний нөөцөөр дэлхийд эхний 15-т ордог

Монгол оронд 15 сав газарт 300 гаруй орд бий. Нийт нөөцөөрөө дэлхийд эхний 15-д орж байна. Нүүрсний экспорт сүүлийн жилүүдэд огцом өсч улсын төсвийн чамгүй хувийг бүрдүүлэх болсон. Гэвч энэ оны зургадугаар сараас хойш үнэ хямдарч, экспорт зогсонги байдалд ороод байна. Энэ жил 30 сая тонныг экспортлох байсан тал хувийг нь дөнгөж экспортлоод байгаа юм. Хамгийн том орд нь Таван толгой. Тус ордын нөөцийг  жорк стандартаар тооцоход долоон тэрбум гаруй тонн болсон. Үүний гурван тэрбум орчим нь коксжих, үлдсэн нь эрчим хүчний сайн чанарын нүүрс юм. Тус ордод улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон. Эдүгээ төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компани Зүүн Цанхийн хэсэгт уурхай нээн ажиллаж байна. Энэ жил тус уурхай 3-4 сая тонн нүүрс экспортлох учиртай. Харин 2016 он гэхэд жилд 20 сая тонн нүүрс олборлох төлөв бий. Одоо Баруун Цанхийн хэсгийн стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах ажил хийгдэж буй юм. Засгийн газраас Таван толгой ордын нүүрс тээврийн төмөр зам, цахилгаан станц гээд дэд бүтцийг нь ирэх жилээс хөгжүүлэхээр тогтсон. Ингэснээр тус ордын үнэлгээ өснө. Иргэдийн эзэмшиж буй хувьцааны ханш, ногдол ашиг нь нэмэгдэх юм. Үүнээс гадна Нарийн сухайт, Шивээ-Овоо, Багануур, Хөшөөт, Нүүрст хотгор гээд томоохон орд байдаг.  Ингээд дурдаад байвал их олон ордыг нэрлэх болно. Тухайлбал,  Нарийн сухайтын орд 100 метрийн гүнд 125 сая тонн нүүрсний нөөцтэй. Тус ордын лицензийг “МАК”, “Өмнийн говийн элс” компани эзэмшиж байгаа юм. Хөшөөтийн ордын нөөцийг 360-460 орчим сая тонн нүүрстэй гэдэг. Тус ордын нөөцийг улсын төсвийн хөрөнгөөр хийсэн бөгөөд уг нь аймаг орон нутгийн хэрэгцээнд ашиглаж байжээ.

50 сая тонн нефтийн нөөц шинээр тогтоогдсон

Монгол Улс нефть олборлогч орон болсноо зарлаад хоёр гурван жил өнгөрч байна. XYII-XIX зууны үед оросын эрдэмтэн  Н.М.Прижевальский, В.А Обручев, М.В.Певцов, Г.Н.Потанин нар Монгол нутгаар аялсан байдаг. Тэдний тэмдэглэлд геологийн тогтоцын тухай дэлгэрэнгүй өгүүлсэн. Үүнд нь, Монголын өмнөд нутгаар нефть байгааг тогтоосон аж. Зүүн баян, Цагаан элсний нефтийн ордын нөөцийг 1960-аад оны үед 6.2 сая тонн хэмээн тогтоосон юм. Ингээд тус ордыг түшиглэж, нефть боловсруулах  үйлдвэр байгуулж байв. Тэгээд 1950-1969 онд нийт 600 орчим мянган тонн нефть олборлож боловсруулжээ. Тосон уулын ордын лицензийг “Петрочайна Дачин Тамсаг” компани эзэмшиж буй. Уг ордын 14 талбайгаас олдсон баталгаат нөөц нь 119 сая тонн билээ. Тус компани өнгөрсөн онд хайгуул хийж буй “Тамсаг ХХI” талбайгаас 50 сая тоннын нөөц илрүүлсэн гэдэг.  Ирэх дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар жилд нэг сая тонн нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар тогтсон. Ингэснээр өөрсдөө дотоодын хэрэгцээгээ бараг бүрэн хангах юм. Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.