Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олонхийн шантааж буюу барьцаалагдсан хуулийн төсөл

Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм. УИХ-ын гишүүн М.Зоригт нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны ирцийг бүрдүүлэх, Н.Энхболд нарын өргөн барьсан байнгын хороодын гишүүдийн тоог нэмэгдүүлж 21 болгох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдсэн юм. Эл хуулийн төслүүд хэлэлцэх эсэхээсээ эхлээд л маргаан дагуулав. Байнгын хорооны дарга А.Бакей “Энэ хоёр хуулийн төсөл ижил төстэй учир хамтран хэлэлцэх боломжтой” гэж хэлсэн юм. Магадгүй нь олонхийн бүлгийн үүрэг байсан байж мэдэх. Үүнээс үүдэн АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, “Хоёр хуулийн төслийг хамтад нь хэлэлцье. Тэгэхгүй бол танай хуулийн төслийг хэлэлцүүлэхгүй” хэмээн илт шантаажилж эхлэв. Тэгсэн хэрнээ энэ бол шаншааж биш хэмээн мэлзэв. Харин МАН-ын бүлгийнхний зүгээс хамтад нь хэлэлцэж болно. Гэхдээ эхний ээлжинд хэлэлцэх эсэхийг нь шийдье гэсэн байр суурь илэрхийлж байлаа. Хөндлөнгийн хүний нүдээр харж, чихээр сонсоход зохицоод явах боломжтой байгаа мэт харагдсан ч хоёр бүлгийн гишүүд нэг нэгнийхээ үгэнд дөрөөлж ёстой л нэг хувь, хувьсгалын улс төр хийж, бусдаас илүү гэдгээ харуулах гэсэн ааш аяг гаргаж байсныг нуугаад юу гэхэв. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хоёр хуулийн хэлэлцэх эсэхийг эхлээд шийдье. Хэлэлцүүлгийн явцад хамтад ньхэлэлцэх үү, тусад нь хэлэлцэх үү гэдгээ шийдье гэсэн санал гаргасан ч тусыг эс олов. Олонхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат өөрийнхөө гаргасан саналыг хамгаалах гэж янз бүрийн арга хэрэглэж байлаа. Мөчөөгөө өгөхгүй гэсэн шиг МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд ч өөрийнхөөрөө зүтгэсэн. Нэг нэгнийхээ үгийг тасалж, хэрүүл өдөж парламентын чавганц гэдэг нэрэндээ таарсан хэрүүл хийв. Эхлэл нь тодорхой ч төгсгөл нь хаа хүрэх эсэхийг мэдэхгүй энэ маргааныг тасалсан дорвитой үг хэлсэн хүн УИХ-ын гишүүн Ж.Батзандан байлаа. Тэрээр хоёр бүлгийн даргад хандаж, “Та хоёр бүлгийн дарга болохоос биш. Цэргийн дарга биш. УИХ-ын 76 гишүүн бол Монгол Улсын 2.8 сая хүний төлөөлөл болохоос биш 76 дарга биш. Нэг нэгнийгээ үгээр дөрөө хийж, няцааж хүчэрхийлж дардаг байдлаа боль. Улс төр зөвшилцлийн зарчмаар явах ёстой болохоос хүчээр явдаг зүйл” биш хэмээн хатуухан үгийг чулуудав. Энэ нь ч өндөрөө авсан маргааныг багахан ч гэсэн дарсан.
Уг нь, УИХ-ын дэгийн тухай хуульд нэг агуулгатай зүйлийг хоёр талаас өргөн барьсан бол хамтад нь хэлэлцэж болдог хуультай аж. Гэхдээ санаачлагч нь зөвшөөрсөн тохиолдолд хамтад нь, харин санаачлагч нь үл зөвшөөрсөн бол тус тусад нь хэлэлцүүлэх хуультай.
Харин МАН-ын гишүүд буюу хууль санаачлагч Н.Энхболд нар эл хуулийн төслийг хамтад нь хэлэлцэхийг үл зөвшөөрсөн юм. Гэтэл олонхийн бүлэг хамтад нь хэлэлцье. Эс бөгөөс танай намын санаачилсан хуулийн төслийг хэлэлцүүлэхгүй. Бид завсарлага авна хэмээн шантаажилж байв.
Ийн эхэлсэн парламентын “авгай” нарын хэрүүлийг эцэслэж хоёр намаас өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан