Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УУЛ УУРХАЙН УДИРДЛАГА АЛЬ Ч ТОХИОЛДОЛД ТӨРИЙН МЭДЭЛД БАЙХ ЁСТОЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Норвегийн Ерөнхий сайд асан ноён Кьелл Магне Бондевик, Уул уурхайн сайд асан ноён Ейнар Стийнснас нарын оролцсон нээлттэй хэлэлцүүлгийг “Норвегийн уул уурхайн менежмент” сэдвээр явууллаа. Хэлэлцүүлгийн үеэр Норвегийн Ерөнхий сайд асан ноён Кьелл Магне Бондевиктай ярилцсаныг хүргэж байна.

-Норвеги бол уул уурхай хөгжсөн орон. Танай улсын уул уурхай, ашигт малтмалын салбарт төрийн оролцоо нэлээд өндөр байдаг юм байна. Төрийн оролцоо өндөр байдгийн шалтгаан юу вэ?
-Норвеги, Монгол Улс уур амьсгал, байгалийн баялгийн нөөцийн хувьд адил төстэй. Байгалийн баялгийг яаж зохицуулж зарцуулах вэ гэдэг бол их чухал асуудал. Энэ баялаг их үнэ цэнэтэйгээс гадна дотоодын болон гадаад сонирхлыг араасаа дагуулж байдаг. Норвеги улс гадаадын  компаниудыг байгалийн баялгаа ашиглуулахаар урьсан сайн туршлагатай. Норвеги улсын туршлага бол голчлон газрын тос, хийн салбарт цуглуулсан туршлага. Хамгийн гол санах ёстой зүйл бол энэ байгалийн баялгийг төрийн удирдлагад авах ёстой юм. Миний дээр хэлсэнчлэн  Норвеги улс гадны компаниудтай хамтарч ажилласан сайн туршлагатай. Гэвч бид гадаадын  компаниудад уул уурхайн удирдлагыг бүрмөсөн шилжүүлж болохгүй. Энэ удирдлага төрийн гарт байх ёстой.
Норвегид газрын тосны бүх нөөц баялаг төрийн мэдлийнх гэж хуульчилсан байдаг. Энэ хууль журмын дагуу лиценз олгож, түүнийг цэгцлэх ажлыг холбогдох байгууллага жил бүр явуулдаг. Норвегийн эх газрыг тэгш өнцөгт дүрстэй блокуудад хувааж, тухай бүрт лиценз олгогдсон байдаг. Тухайн уул уурхайн компаниуд нухацтай судалгаа шинжилгээний ажил явуулсны дүнд өөрийн орд газрын цаашдын нөөцийг тодорхойлсны дагуу хайгуул болон ашиглалтын лицензийг сунгах хүсэлтийг илгээдэг. Уул уурхайн компаниудын илгээсэн хүсэлтүүдийг яам харгалзан үзэж, бүгдийг нь зөвшөөрдөггүй учир цөөн хэд нь сэтгэл хангалуун үлддэг. Энэ нь харьцангуй маргаантай үйл ажиллагаа ч гэсэн өөр шийдэх арга хомс юм.
Уул уурхайн салбарын үйл ажиллагаа байгаль орчинтой хэрхэн зохицож байгааг Норвегийн Засгийн газар хамгаас их анхаардаг.  Загасны аж ахуйгаар дэлхийд тэргүүлэгч улс орны хувьд газрын тосны хайгуул болон олборлолт байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа эсэхийг сайтар судалж үзсэний дараа лиценз зөвшөөрлийг олгодог.
-Уул уурхайн салбар ямар зарчмаар ажилладаг вэ?
Норвегийн Газрын тос, эрчим хүчний яам нь уул уурхайн салбарын хамгийн дээд эрх бүхий төрийн захиргааны байгууллага юм. Энэ яамны удирдлага нь заавал салбарын инженер хүн байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаагүй. Эдийн засагч, хуульч гээд бусад салбарын хүмүүс энэ яамны сайдаар ажилласаар ирсэн. Гэвч уул уурхайн салбартаа мэргэшсэн туршлагатай инженерүүдийг сонгон шалгаруулж ажиллуулсаар ирсэн. Салбарын яам нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулах тухайн компанийн байгаль орчинд элэгтэй байдал, ажиллагсдын аюулгүй байдлыг хэрхэн хангаж буй зэрэгт хяналт шалгалтыг явуулж байдаг.
Энд жишээ татсан уул уурхайн олон арван компанийн дундаас “Статойл”-ийн талаар дурдъя. Энэ нь 100 хувь төрийн өмчит компани байсан. Дээр хэлсэнчлэн Норвеги нь уул уурхайн баялгаа ашиглах тал дээр огт туршлагагүй байсан учир Франц, АНУ, Италиас мэргэжлийн хүмүүс, байгууллагуудыг урьж авчирсан. Тухайн төслийн 50 хувийг Норвегийн төр эзэмшиж, дотоодын иргэдийг ажлын байраар хангана гэсэн болзолтойгоор оруулж ирсэн.
Уурхайн нөөц дуусаад уурхай хаагдах болоход хүрээлэн буй орчинд хоргүйгээр зүй зохистойгоор хаах ёстой. Энэ хаягдсан уурхай нь хүмүүст аюулгүй байх ёстой. Энэ тал дээр тусгай зохицуулалт байдаг. Байгалийн бүх баялаг хувийн өмчийн газар дээр байсан ч Норвеги улсын өмч юм.
Уул уурхайн салбарт нэг сонин зүйл байдаг. Энэ бол баялгийг хайж олсон хүн эзэмшдэг зохицуулалт. Монголчууд ч гэсэн Норвеги улсад ирж хайгуул хийж болно. Газар эзэмшиж буй тал нь хохирол учрах боломжтой гэж үзвэл татгалзаж болно. Эхлээд газар эзэмшиж буй талд мэдэгдсэн байх шаардлагатай, ямар нэг төлбөр байдаггүй.
Эхлээд тусгай зөвшөөрлийн хүсэлтээ албан ёсоор гаргана. Мөн лицензийн талбайг параллель тал бүхий тэгш өнцөгт талбай байна гэж заасан байдаг. Эцсийн дүндээ бол эдийн засгийн үр ашигтай байдлаар эрдэс баялгийг олборлож болох зөвшөөрөл бүхий талбайг тодорхойлсон байдаг. Мөн дээд доод хязгаарыг заасан байдаг.Тэгэхээр эрэл хайгуул хийгдсэнээр нөөц тогтоогдвол газар өмчлөгчтэй тодорхой хэлэлцээр хийж ямар нэгэн зөвшилд хүрэх ёстой. Энд хувийн эзэмшлийн газар байна уу. Төрийн эзэмшлийн газар байна уу гэдгээс хамаарч онцлогтой байна. Хэрэв төрийн эзэмшилд байвал захиргаанд хүсэлтээ гаргадаг.
-Тэгвэл баялгийн өмчлөгч нь хэн юм бэ. Дараагийн үе хойчдоо, ирээдүйдээ баялгаасаа хэрхэн хүртээх вэ?
-Энэ баялаг бол олон сая жилийн турш бүрэлдэн бий болсон зүйл, бидний үр хүүхдийн өмч. Тиймээс энэ баялгийг бид сайн менежментийн тусламжтай зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө бус хойч үеийнхээ эрх ашгийн төлөө ашиглах хэрэгтэй. Хангалттай хяналт тавих хэрэгтэй.
Энэ хүрээнд Тэтгэврийн сангийн талаар ярья л даа. Олон жилийн турш уул уурхайн салбараас асар их хөрөнгө хуримтлагдсан. Сая сая жилийн өмнөөс манай ард түмэнд өвлөгдөн ирсэн энэ баялгийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд энэхүү санг үүсгэн байгуулах санаа төрсөн юм. Мөн үүнтэй адил баялгийн сан Швед, Исланд, Дани зэрэг улс оронд бий. Манай сан хоёр үндсэн хэсгээс бүрддэгээс   хамгийн чухал нь “Глобал” сан юм. Тус сангийн 80-90 хувийн хөрөнгө оруулалт нь Норвегид хийгдэж, үлдсэн хэсэг нь дэлхийн бусад улс болон Скандинавын орнуудад хийгддэг. Үүний багц нь компанийн хувьцаа болон Засгийн газрын үнэт цаас, бонд гэсэн зүйлүүдээс бүрдэнэ.
-Норвегийн сангийн талаар олон сонсч байсан. Энэ сангийн талаар тодруулж өгвөл?
-Тухайн санг үүсгэн байгуулж байсан 1990-ээд оны үед алдагдалтай ажиллаж байсан ч ирээдүйд асар их ашигтай байхыг Засгийн газар мэдэж байсан. Дэлхийн бусад улс орнуудын үүсгэн байгуулсан баялгийн сангуудыг Норвегийн сан тэргүүлдэг. Норвегийн сангийн 60 гаруй хувийг хувьцааны хөрөнгө оруулалт, 35 хувийг бондын, үлдсэн хувийг үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт эзэлнэ. Норвегийн сангийн хөрөнгө өсч нэмэгдсээр өнөөдрийн байдлаар 680 тэрбум ам.долларт хүрээд байна. Санхүүгийн хямрал болон дэлхийн санхүүгийн зах зээлийн эрсдэлтэй байдлын улмаас нэлээд хэмжээний хувьцааг борлуулах бодлого баримталсан хэдий ч хуучинсаг үзлээр хандаж арилжааг төдийлэн эрчимжүүлээгүй. Улмаар санхүүгийн хямрал өнгөрч, Норвегийн санд учирсан бага хэмжээний алдагдал ч нөхөгдсөн. Газрын тосны 70 тэрбум ам.доллар бүхий жилийн орлого нь төсөвт ихээхэн төвлөрлийг бий болгох авч тэр чигээр нь санд шилжүүлдэг.
Байнга санаж байх ёстой нэг зүйл бол байгалийн баялгийн олборлолт, ашиглалтын зөвхөн эдийн засгийн үр ашгийг бодохоосоо гадна байгаль орчинд үзүүлэх нөлөө, үр дагаварыг мартахгүй байх ёстой. Норвегийн уул уурхайн зохицуулалт бол 500 жилийн түүхтэй. 1539 онд анхны бичгэн хэлбэртэй зохицуулалт гарсан. Энэ зохицуулалтад Норвегийн бүх байгалийн баялаг хааны өмч гэж заасан. Одоо мөрдөгдөж байгаа 2009 оны хуульд ч гэсэн зарчмын хувьд бүх байгалийн баялаг хааны өмч хэвээр.
-Норвеги бол уул уурхайн менежмент сайн хөгжсөн орон. Уул уурхайн менежментийн гол онцлог юу вэ?
-Эхлээд хайгуул, олборлолт, ашиглалт, зардал зэргийн талаар ярья л даа. Парламентын шийдвэрийн дагуу менежмент явагдаж байгаа эсэхийг хариуцаж хянах дээд  байгууллага нь Аж үйлдвэр, худалдааны яам. Яам бол энэ ажлыг нарийвчлан гүйцэтгэх боломжгүй. Тэдэнд мэргэжлийн мэдлэг хэрэгтэй. Энэ ажлыг хийхийн тулд бид Норвегид тусгай зөвлөл байгуулсан. Энэ зөвлөл бол гүйцэтгэх чиг үүрэг бүхий байгууллага. Уул уурхайн салбарт шийдвэр гаргахад шаардлагатай бүх зүйлийг хариуцдаг, мэдээлэл гаргаж өгдөг байгуулага. Энэ зөвлөл үйл ажиллага явуулах төлөвлөгөөг хянаж, хайгуул хийх, олборлолтын лицензийг олгож, бүртгэл хийдэг.
Томоохон уул уурхайн үйл ажиллагааны хувьд бас хэд хэдэн нэмэлт шаардлага тавьдаг. Үүнд хөдөлмөрийн аюулгүй байдалыг хэр хангасан, мөн бохирдлын эсрэг арга хэмжээг тусгасан ,байгаль орчинд холбогдолтой тусгай шаардлагууд байна. Мөн хохирлыг арилгах ийм талын шаардлагыг багтаадаг.
10.000 куб метрээс илүү хөрс шорооны ажил хийгдэхээр байгаа бол үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг мөн авах ёстой гэсэн шаардлагыг тавьдаг.
-Хяналтын тухайд?
-Захиргаанд хүсэлт ирэхэд нэгэнт тусгай зөвшөөрөл олгогдсоны дараа тогтмол мониторинг хийх,хяналт тавих,үнэлэлт өгөх,дүн шинжилгээ хийх ажлыг захиргааны зүгээс хэрэгжүүлдэг. Энэ нь  зохих журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна уу.Ямар нэгэн зөрчил гарч байна уу гэдэг дээр нь маш нягт хяналт тавих  хэрэгтэй. Үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл бүхий тал нь техник,инженерийн хувьд өндөр чадавхи бүхий байгууллага гэдэгээ нотлох үүргийг хүлээдэг.
Хяналтын хувьд  захиргаанаас хяналтыг хэрэгжүүлэх уул уурхайн хуулийн зүйл заалтын дагуу үйл ажиллагаа явж байгаа эсэхийг захиргааны зүгээс  хяналт тавьж гэнэтийн шалгалтыг хийдэг. Аль ч цагт чөлөөтэй очиж хяналт шалгалт хийх эрх нь нээлттэй байдаг.Аливаа зөрчил илэрсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах үйл ажиллагааг нь зогсоох ийм эрхтэй. Тодорхой нөхцлийн дагуу зөрчлийг арилгасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь сэргээх арга хэмжээ авдаг. Мөн зохих төлбөрийг холбогдох талуудад олгох талын заалт мөн энд багтдаг.
-Хууль эрхзүйн орчин хэр таатай вэ?
-Норвегид газрын тосны хууль гэж бий. Энэ хуулийг батлах явцад улс төрийн ашиг сонирхол, намуудын хоорондын зөрчил маргаан огт нөлөөлөөгүй. Байгалийн хий, газрын тос бол Норвегийн иргэдэд эрт дээр үеэр өвлөгдөн ирсэн байгалийн баялаг юм. Харин Засгийн газар, эрх баригчид тодорхой хугацааны дараа солигдон шинэчлэгдэж байдаг. Иймээс ямар ч улс төрийн нам засгийн эрхэнд байсан хамаагүй тогтвортой хэрэгжих бодлого, эрх зүйн зохицуулалт нь уул уурхайн салбарт хамгаас чухал гэдэг байр сууринд намууд нэгдэж, газрын тосны хууль нь маш ил тод, ойлгомжтой байх ёстой гэсэн шаардлага тавьсан юм.
Норвегид лиценз эзэмших хүсэлт гаргасны дараа тусгай зөвшөөрлийн  тодорхой хэмжээний төлбөрийг авдаг. Эхний жилдээ нэг талдаа 180 ам доллартой тэнцэх  төлбөр ноогдуулдаг.
Дараагийн жилүүдэд энэ тоо өөрчлөгддөг. Хувийн өмчлөл бүхий газар нутагт эрдэс баялагийг илрүүлсэн тохиолдолд тухайн өмчлөгчтэй нь шууд ярьж хэлэлцээр хийнэ. Энд ямар нэгэн зөрчил гарвал өөрөөр хэлбэл саналын зөрөө гарвал газар өмчлөгчийн зүгээс эерэг хандаагүй байх юм бол,бусад гомдол мэдүүлэх юм бол ийм заалтыг тусгаж өгсөн байдаг. Ийм тохиолдол гарах нь ховор, гэсэн хэдий ч эрх нь нээлттэй байдаг. Энд эдийн засгийн үр ашигтай нөөц тогтоогдсон тохиолдолд илрүүлсэн тал нь энэ тал дээр зохих гомдлыг гаргах боломжтой юм. Мөн олборолтын талбайг зааж өгсөн байдаг.
Нэг метр хавтгай дөрвөлжин км-с хэтрэхгүй байна гэсэн байдаг. Энэ бол тодорхой талбайг тогтоож бас байгаль орчны нөлөөллийн талаасаа  ч хязгаарыг нь зааж өгсөн  заалт юм. Мөн холбогдох төлбөрийг зааж өгсөн байна. Хайгуулын дараагийн үе шат нь бүх юм нь тогтоогдоод, эдийн засгийн үр ашигтай нь  тогтоогдохын бол  нэг компани  өөр нэг этгээд нэгэн зэрэг тогтоогоод үүнийг олборлох хүсэлтээ байлаа гэж үзэхэд энд бас давуу эрх олгогдоно.
-Давуу эрх олгох гэж байна. Юу гэсэн үг вэ?
-Давуу эрх нь юугаар тогтоогдох юм бэ гэвэл хүсэлтийг анх гаргасан эрх бүхий тал давуу эрхийг эдлэнэ. Уул уурхайн асуудал эрхэлсэн захиргаанд албан ёсоор хүсэлтээ түрүүлж гаргасан тал нь давуу эрхтэй гэж үздэг.
Хүсэлтийг нь хүлээж аваад эдийн засгийн үр ашигтай гэж үзэн дүгнэлтээ гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь олгоно гэсэн заалт байдаг. Мөн тодорхой төлбөртэй тусгай зөвшөөрлийн  төлбөрийг заана.
Энэ бол тийм өндөр төлбөр биш гэдгийг анхаарах хэрэгтэй, гэхдээ энэ төлбөрийн хажуугаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 0,5 хувиар бодож жил бүр борлуулалтын орлогоосоо төлнө гэсэн заалт багтсан байдаг. Энэ нь орлогын 28 хувьтай аж ахуйн нэгжийн албан татварын хажуугаар төлөх төлбөр гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ бол жижиг хэмжээний үйл ажиллагааны талаар хэлж байна.
Эцэст нь онцолж нэг юм хэлэхийг хүсч байна. Эрдэс баялагийг анх олсон талд нь давуу эрх олгоно гэсэн ийм зарчим яагаад чухал вэ гэхээр Монголын нутаг дэвсгэрийн хувьд Норвеги улсаас том, манайх бараг гуравны нэг  нь тэнцэнэ. Тэгэхээр  бүх газар нутагт  улсын хөрөнгө оруулалтаар хайгуул  хийх ямар ч боломжгүй,энэ тал дээр мэргэшсэн хувийн хэвшлийн компаниудыг оруулж хайгуул хийх ажлыг хэрэгжүүлэх боломжийг нь олгох ёстой гэж үздэг.
-Танай улсын газрын тос, байгалийн баялгийн салбарын нөлөө нэлээд их гэж сонсч байсан?
-Газрын тос, байгалийн хийн салбарын улс орны эдийн засагт үзүүлэх нөлөө чамгүй их бөгөөд ДНБ-ий дөрөвний нэг хувийг эзэлдэг. Мөн хөрөнгө оруулалтын хувьд төдий чинээ хувийг эзэлнэ. Энэ талаар Монгол Улстай төстэй зүйл олон байна.
Газрын тосны “Статойл” компанийн 33 хувь нь хөрөнгийн биржэд арилжаалагддаг хувьцаат компани болсон. Тус компани нь өргөжин тэлж, хэт их эрх мэдэл, хөрөнгө мөнгийг төвлөрүүлж болзошгүй гэсэн болгоомжлол үүссэний дагуу эрсдэлийг багасгах үүднээс хуваах шаардлагатай болсон.
Лицензийн хувьд үнэ төлбөргүй болгон зохицуулсан. Учир нь, энэ үйл явц нь их хэмжээний хөрөнгө мөнгө, авлига хээл хахууль дагуулж, цөөн хэдэн хүнийг баяжуулсан сөрөг үзэгдэл болон хувирдаг учир үүнээс зайлсхийх нь зүйтэй. Дээр хэлсэнчлэн уул уурхайн хайгуул олборлолт явуулах газар нутгийг блокуудад хуваан ажиллахаар өрсөлдөх компаниудыг шалгаруулах нь ярвигтай үйл ажиллагаа байдаг. Ийм учраас өрсөлдөгчдөд өөр боломж олгох, ялагдсан нэгэнд нь учирлан тайлбарлаж өгөх нь чухал.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 28 хувь, харин газрын тосны хувьд тусгай татвар буюу 50 хувийн татвар үйлчилдэг гэж дээр хэлсэн. Энэ нь нийлбэр дүнгээрээ 78 хувь учир харьцангуй өндөр үзүүлэлт юм. Иймээс тухайн компанийн хувьд эдийн засгийн ашигтай байж чадах эсэхэд зарим нь эргэлздэг тал бий. Зарим газрын тосны компаниуд далайн гүнд 5000-8000 метрийн гүнд өрөмдлөг хийх шаардлага гардаг учир асар өндөр өртөг гарах тохиолдолтой. Газрын тосны нэг цооногийг гаргахад 180 сая ам.долларын өртөг гарсан тохиолдол хүртэл байгаа. Тэгэхээр энэ нь асар өндөр эрсдэл дагуулдаг бизнес юм. Тухайн компани өөрийн хөрөнгөөрөө хайгуулаа хийгээд, нөөц тогтоож чадаагүй бол энэ зардлыг  нь татвараас чөлөөлдөг. Тухайлбал, хайгуул хийж буй компани ашиггүй ажилласан эхний жилүүдэд татвараас чөлөөлөгдөж, ашигтай ажилласан долоо дахь жилээс 78 хувийн татвараа төлж эхэлдэг.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан