Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зөвшөөрөлгүй барилгыг хязгаарлах, тогтоолын төслийг дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах болон барилгын салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын даргын 2012 оны 103 дугаар захирамжаар байгуулагдсан Барилгын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий ажлын хэсэг дүгнэлтээ Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд танилцуулан, хуралдаанаас уг асуудлаар УИХ-ын тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй хэмээн шийдвэрлэжээ. Барилгын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж хэрэгжиж буй эсэхэд хийсэн шалгалтад нийслэлийн 8 дүүргийн 594 обьект, 782 ачаа өргөх байгууламж, 1892 аж ахуйн нэгж байгууллага, 1629 инженер, техникийн ажилтан хамрагдсан юм байна.
2012 он эхний 9 сарын байдлаар 41 ослын улмаас 24 хүн нас барж, 19 хүн бэртэж гэмтжээ.
Шалгалтад хамрагдсан барилгын 594 обьектоос давхардсан тоогоор  168 нь барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүй ажлаа эхэлсэн, магадлал хийлгэж баталгаажуулаагүй зураг төслөөр барилын ажил гүйцэтгэсэн бол 29-ыг нь тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж гүйцэтгэсэн гэх мэт олон зөрчил илэрчээ.
Мөн хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж зөрчигдсөнөөс болж амь насаа алдсан хүмүүсийн ар гэрт нөхөн олговор олгох асуудлыг хэрхэн судлан шийдвэрлэх талаар ч тодруулж байв. Бас өнөөдрийн байдлаар хууль, тогтоомж зөрчин барьсан барилга хэд байгаа ч тодруулж байсан юм.
УИХ-ын тогтоолын төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Н.Энхболд, Албан тушаалтнууд барилга барих зөвшөөрлийг буруу замаар өгснөөс болоод аж ахуйн нэгж хөрөнгө мөнгөө гаргаад барилга барьчихдаг. Гэтэл ийм барилгыг буулгах тухай заалт тогтоолд байна. Хүний өмчид шууд халдах асуудлыг практик дээр яаж зохицуулах гэж байгаа юм бэ. Хөрөнгөө оруулсан аж ахуйн нэгжийн хохирлыг хэн төлөх вэ хэмээн лавласан.  
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, МХЕГ, Улаанбаатар хотын удирдлага, Барилга, хот байгуулалтын яам хамтран шалгалт явуулсан. Шалгалтын явцад 15.000 гаруй зөрчлийг илрүүлсэн. Тогтоолын төслийг боловсруулахдаа зүйл заалт бүрээр нь ажлын хэсэг дээр хэлэлцсэн. Зөвшөөрөлгүй барьсан олон барилга бий. Зөвшөөрөл авахад албан тушаалтан нь авлига авсан тохиолдол ч байгаа. Олон асуудлыг нягтлан судлах ажлын хэсгийг байгуулан ажиллуулахаар төсөлд тусгасан. Хувь хүний, өмчлөгчийн эрхэнд халдаж болохгүй. Гэхдээ барилгын салбарт яагаад ийм замбараагүй байдал бий болов гэдгийг тогтоож байж албан тушаалтанд хариуцлага тооцдог механизмыг бий болгоно.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Хууль тогтоомж, стандарт зөрчин барьсан барилгыг буулгах, холбогдох хуульд заасны дагуу өөр зориулалтаар ашиглах тухай төсөлд тусгажээ. Энэ талаар тодруулж өгөөч
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Хууль тогтоомж болон стандарт зөрчиж барьсан барилгыг өөр зориулалтаар ашиглах эрх нь тухайн орон нутгийн Засаг даргад бий. Тэр хуульд заасан эрхээ хэрэгжүүлээч гэж байгаа аж. Чингэлтэй дүүргийн нутагт хууль бусаар барилга барьж байхад мэргэжлийн байгууллага ямар ч арга хэмжээ авахгүй байсаар хүний аминд хүрсэн шүү дээ.
Гишүүд ийнхүү хэлэлцээд уг тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад  хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан