Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ө.Энхтүвшингийн хэд хэдэн тэнэглэл


Намын нэрээ сольж, намаа сонгуульд ялагдуулсан МАН энэ хэрэгт буруутай хүмүүстээ хариуцлага тооцон албан тушаалаас нь огцруулснаар Ө.Энхтүвшин МАН-ын даргын албан тушаалыг авлаа. УИХ дахь нөлөө бүхий сөрөг хүчин, улс төрийн томоохон намын удирдагч болсон хүн өнгөрсөн зургаан сарын хугацаанд жинхэнэ улстөрч, том намын удирдагч шиг байж чадав уу. Ер нь энэ хүн хэн бэ. Улс төрийн болон албан тушаалын нь замнал юу билээ.
1996 онд АН-ынхан анх удаа засгийн эрх барьж гэнэдсэний дараа олон түмэн МАХН-ын гишүүн л байвал бор толгойтой хонь ч байсан яахав хэмээн 2000 онд энэ намын 72 хүнийг УИХ-д сонгоход Ө.Энхтүвшин анх удаа парламентын гишүүн болж байлаа. Намынхаа нарийн бичгийн дарга байсны хувьд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар хавсран ажиллаж дөрвөн жилийг өнгөрөөж.

МАХН-ын жигүүр, БСШУ-ны сайд

Гэвч он цагийн шалгуураар дараагийн сонгууль болоход хийсэн бүтээсэн нь, намдаа ч ард түмэнд ч харагдаагүй энэ хүнийг ард түмэн УИХ-д хэрэггүй гэж үзсэн юм. Тодорхой албан тушаалгүй тэрээр өөртөө    "Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс" жигүүрийн тэргүүн гэдэг албан тушаал бий болгож шинэчилнэ хэмээн намаа дотроос нь бужигнууллаа. Энэ бол 2005-2006 он.

Тухайн үед намын дарга байсан Н.Энхбаярт ердөө хоёр л арга бий. Ийм тэрслүү хүнийг нэг бол улс төрөөс арчиж үгүй хийнэ, нэг бол албан тушаалаар амыг нь таглана. Шинэчлэл хэмээн дууга­рагсад, Ө.Энхтүвшин ч үүнийг нь мэдсэн юм шиг  "Ажил албан ту­шаалдаа биш ээ. Насан турш­даа хайрлаж ирсэн нам минь дэндүү хуучин байна шинэ­чилье” гэж хэлж байлаа.

Эцэст нь Ө.Энхтүвшинг 2006 онд БСШУ-ны сайдаар томилсноор дэвээд байсан жигүүр нам жим болж өндөрлөсөн юм. Тухайн үед, өнөөдөр ч Монгол Улсад хамгийн их төсөвтэй БСШУЯ-ны тэргүүн гэдэг албан тушаал Ө.Энхтүвшингийн амыг  өнөө шинэчлэл энэ тэр гэсэн үгээ дахиж хэлэхгүй болтол нь таглаж чадсан. Жигүүрийн бас нэг гол хүн А.Базахүү ч гадаадад консулаар томилогдсон.

ХХI зууны эхээр хүүүхдүүд анх удаа гэрт хичээллэв

Өнгөрсөн зуунд Монгол Улс боловсролын талаар яахын аргагүй том дэвшил хийж чадсан. МАХН-ын бодлогын ачаар Монгол гэрт, үнсэн самбар дээр бичдэг цаг хэдийнээ ард хоцорсон байлаа.

Харин Ө.Энхтүвшинг БСШУ-ны сайд байхад 2007 оны хичээлийн шинэ жил эхлэхэд олон сургуулийн засвар дуусаагүй, шинэ барилгууд нь ашиглалтад орж амжаагүйгээс зарим сургуулиуд монгол гэрт хичээллэж эхэлсэн юм.  Нэг хэсэг нь хэдэн хэсэг болж сумын Засаг даргын контор, дотуур байр, соёлын төвд хийчээллэж байсан бол олон сургууль ангиудыг шахаж нэг ширээнд хэд хэдэн хүүхэд суулган хичээллэсэн. Нийслэлийн баянгол дүүргийн 51 дүгээр сургулуийн засвар гэхэд л 2007 оны арваннэгдүгээр сар гэхэд 80 хувьтай явж, бага, дунд ангийн сурагчид хоёр сургуульд хуваагдан гурван ээлжээр хичээллээд хоёр сар болж байсан. Ийнхүү МАХН-ын олсон амжилтыг Ө.Энхтүвшин сайд бүтэн 90 жилээр ухрааж дунд сургуулиуд монгол гэрт хичээллэсэн юм.
Ө.Энхтүвшин ийм л сайд байлаа.

Намын даргад өрсөлдөв

2010 оны арваннэгдүгээр сарын 06. МАХН нэрээ МАН болгон өөрчилж намын шинэ даргаа сонголоо. Энэ хурлын өмнөх өдөр өгсөн ярилцлагадаа Ө.Энхтүвшин “Хэрэв маргааш их хурлын 800 төлөөлөгчөөс хэн нэг нь миний нэрийг дэвшүүлбэл би МАХН-ын даргын албан тушаалын төлөө өрсөлдөнө. Надад тийм боломж бий. Гэхдээ хүмүүсийн ятгалгаар ийм шийдвэр гаргаагүй юм шүү” гэсэн байдаг. Үнэхээр түүнд албан тушаалын төлөө гэсэн сэтгэл хэдийнээс байсан л даа. Харамсалтай нь түүнийг намын хамт олон тоогоогүй, бас дэмжээгүй. 788 хүн санал өгсний дөнгөж таван хувь нь Ө.Энхтүвшингийн төлөө санал өгсөн байсан юм.
Ө.Энхтүвшин нам дотроо ийм л нэр хүндтэй хүн байлаа.

Лам олдохгүй бол довчингоо зална

УИХ-ын 2012 оны сонгуульд МАН ялагдлаа. Өмнөх удирдлагууд нь “Нам нэрээ сольсноос болж сонгуульд ялагдвал хариуцлагаа хүлээнэ” гээд мэдэгдчихсэн болохоор намын удирдлагыг солих хэрэгтэй боллоо. Энэ намын гол гол лидер гэж болох С.Баяр, У.Хүрэлсүх, Сү.Батболд нар энэ хариуцлага хүлээх хүмүүс болохоор одоо хоёрдугаар эгнээ рүү шилжихээс аргагүй. Тэгээд ч сонгуульд ялагдаж цөөнх болсон паникаасаа гарч амжаагүй энэ намын дарга болъё гээд хэлчих зориг зүрхтэй хүн тэр үед байсангүй. Чухамдаа Ө.Энхтүвшин бол энэ хүмүүсийн дэргэд хэн ч биш байсан юм.  Тэгээд яахав,  ёстой л өнөөх “Лам олдохгүй бол довчингоо залав” гэгч болж Ө.Энхтүвшин бага хурлын төлөөлөгчдийн 89 хувийн саналаар МАН-ын дарга боллоо. Энэ бол 2012 оны долдугаар сарын 25.

Хуулийг үл тоомсорлон намаа хохироогч

Ө.Энхтүвшингийн МАН-ын дарга болоод хийсэн улстөрийн эхний алхам нь Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын ажлыг бойкотолж гацаах явдал байлаа. Хүн хорлох гэж байж бас намаа хорлож орхив. Юу гэвэл УИХ-д бүлэг байгуулах тухай хуулийн заалтыг үл тоомсорлон УИХ-ын даргад саналаа 24 цагийн дотор өгөөгүйгээс энэ намаас сонгогдсон 25 гишүүн зургаан сар УИХ-д бүлэггүй явж ирсэн юм. МАН-ын дарга үүнийгээ “Хуулийн ганцхан муу заалтаас болж бүхэл бүтэн намыг бүлэггүй байлгаж болохгүй” гэж мэдэгдэж байлаа. Өөрийн нь хэлснээр бүхэл бүтэн намын тэргүүн Монгол Улсын хуулийн заалтыг “ганцхан муу заалт” хэмээсэн нь хуулиа дээдэлдэг олон түмний, тэр дотроо намын гишүүдийн нь сэтгэлд нэгийг бодогдуулсан юм.

Буйдантай суулт буюу намаараа хууль зөрчсөн нь

Залуур дээр нь Ө.Энхтүвшин суусан МАН-ын хамгийн том тэнэглэл нь Төрийн ордонд буйдантай суулт хийн, парламентын ажлыг гацаасан явдал хэмээн олон түмэн ам нэгтэй хэлнэ. Энэ нь байнгын ажиллагаатай парламентын ажиллагааг тасалдуулсан, Төрийн ордонд жагсаал цуглаан суулт хийснээрээ Монгол Улсын өнөө мөрдөж байгаа хуулийг зөрчсөн үйлдэл байлаа. Улс төрийн томоохон, нэр хүндтэй намаас төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон түшээдээр ийм зүйл хийлгэсэн нь энэ намын удирдагч Ө.Энхтүвшингийн удирдлага зохион байгуулалтаар хийсэн хамгийн оновчгүй, бүдүүлэг ажил арга хэмжээ байсан. Энэ бол 2012 оны арван сарын 18.

Улс орны  төлөө биш албан тушаалын л төлөө

МАН хэдийгээр өнөөдөр УИХ-д сөрөг хүчин ч манай улс төрийн гол хүчний нэг. 90 жилийн түүхтэй энэ намын хүмүүст ард түмэн итгэл хүлээлгээд төрийнхөө дээд байгууллагад суулгасан. Өөрөөр хэлбэл улс орныхоо төлөө үгээ хэлж зүтгэ хэмээж. Харамсалтай нь МАН-аас УИХ-д суугаа эрхмүүд өнөө хүртэл улс орон, ард түмнийхээ төлөө нэг ч үг дуугарсангүй. Ө.Энхтүвшин, Ц.Бямбацогт, Я.Содбаатар нарын хэлдэг үг нь л “Манай намын бүлгийг байгуул. Ард түмний сонголтыг хүндэтгэ” гэсэн уйлагнал байснаас биш  улс орон ард түмний төлөө ажил хэрэгч нэг ч санал гаргалгүй зургаан сарыг туулж. Чухамдаа үүний цаана УИХ-ын дэд дарга, намын бүлгийн ахлагч гэсэн хоёр албан тушаал, томхон өрөө, унаа машин л харагдаад байсан хэрэг. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, УИХ-ын даргын зүтгэлээр сая бүлэгтэй болж М.Энхболдыгоо УИХ-ын дэд дарга, Н.Энхболдыгоо УИХ дах МАН-ын бүлгийн даргаар тавьж байж сая нэг юм парламентын хуралдаан дээр ганц нэг ажил хэрэгч санал гаргадаг болов.

Жинхэнэ шалгарсан коммунист

Угшлаар нь хөөвөл энэ хүн МАХН-ын Төв хорооны дэргэдэх Намцын дээд сургууль, ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны дэргэдэх Нийгмийн иухааны академи төгссөн шалгарсан коммунист. Үүндээ ч биш тэрээр өнөөдөр ч арга барил нь хатуу коммунист хэвээрээ байгаад л байгаа юм. Түүнийг МАН-ын дарга болох гэж байхад ажиглагчид, улс төр судлаачид “Эл эрхэм бол шинэ цагийн ардчилсан Монгол Улсад тоотой цөөхөн үлдээд байгаа хатуу ширүүн нь хэ­рээс хэтэрсэн коммунистын сонгодог дүр юм. Ямар ч хольцоогүй цэвэр коммунист дарга нарын өсгөн бойжуул­сан, дахин давтаад хэлэхэд Монголд маш ховордсон ийм улстөрч гэдгийг улс төрийн хүрээнийхэн байтугай энгийн олон мэднэ” гэж бичиж байлаа. УИХ-ын сонгуульд ялагдсаны дараа Ө.Энхтүвшин МАН-ын дарга болсноосоо хойш явуулсан бодлого, үйл ажиллагаа нь ч яг л ийм зарчмаар яваад ирсэн. Үнэндээ энэ нь олон намны тогтооолцон дох үед сөрөг хүчнээс гарах ажиллагаа биш байсныг олон түмэн харсан.

Аргаа барахад аавынхаа толгойг маажив

УИХ-ын сонгуульд ялагдсан, түүний дараанаас өөрийнх нь тэнэглэлийн гайгаар нэр хүнд нь улам унасаар байгаа намаа хэрхэн аврах билээ гэдэг бодол Ө.Энхтүвшинд байхгүй биш байгаа л даа. Гэхдээ ухаан, чадал хоёр нь хүрэлцэхгүй. Одоо намын бодлогооор биш, хүчээр, олонхиор хүч түрж дахин засгийн эрхэнд гарч ирэх бодол л байна. Тиймдээ ч тэрээр энэ намын нэрийг унагаж, салан тусгаарлаад, одоо шоронд хоригдож  байгаа Н.Энхбаярыг тойгдон аргадаж сууна. Тэр хоригдол Н.Энхбаярыг эргэж очсон тухайгаа “Бид хамтдаа их зүйлийг туулсан хоёр шүү дээ. Бидний дунд итгэл, үл итгэл, тэгээд дахин итгэл ч байлаа. Хүмүүсийн явуулгаар хоорондын харилцаанд ан цав үүсч, түр тар гэх үе байсан ч намаа гээд хамтарч ажиллаад явж л байж” гэж хэлсэн байдаг. Энд хоёр эр хүний нөхөрлөл хүн ёс байгаа мэт ч хамгийн гол нь өдрөөс өдөрт энэ хоёр намыг нэгтгэж МАН-аас гарч МАХН руу урсан орж байгаа гишүүдээ эргүүлж нийлүүлэх гэсэн арчаагүй оролдлого. Сталины арга гэх юм уу даа. Дэлхийн хоёрдугаар дайнд Сталин тактикаасаа илүүтэй хүний хүчээр махан овоо босгож ялсан шиг Ө.Энхтүвшингийн бодлоор бол олон гишүүнтэй байж л сонгуульд ялна гэж төсөөлөөд байгаа хэрэг. Үүний бас нэг оролдлого нь Н.Энхбаярыг хилс хэргээр хорьж байна хэмээн өлсгөлөн зарлаад байгаа эхчүүдийг Ө.Энхтүвшин эргэн очсон нь Н.Энхбаярыг өмөөрч байгаа шүү гэдгээ харуулах гэсэн нь тэр.


Санаа тэнгэрт ч сачий газарт

Одоо Ө.Энхтүвшин аягүй бол “90 жилийн түүхтэй энэ том намын дарга нь би учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд би л нэр дэвших ёстой” гэж бодож яваа. Гэтэл намын хамт олон нь, монголын ард түмэн энэ хүнийг хэр мэдэх билээ. Хэрхэн хүлээж авах билээ. Ө.Энхтүвшин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл АН-д л ашигтай. Яагаад гэвэл түүнийг монголын ард түмэн байтугай намынх нь гишүүд ч хүлээн зөвшөөрөхгүй. Харж л байж болъё.

0 Сэтгэгдэл
Өгөөмөр зах энэ хүнийх гэл үү? Энэ захаас болоод зам тавьж чадахгүй байгаа гэсэн. Үнэн бол юун эх оронч энэ тэр
Энэ хүн хэдхэн удаа тэнэгтээгүй,хөдлөх бүртээ дуугарах болгондоо тэнэгтэж тэрнийгээ олон түмэнд харуулж байгаагаа өөрөө ер нь мэдсэн жишэмгүй байгаад нь гайхах юм
Маргааш 13 цагаас эрүүл мэндийн лекцтэй. Тус лекцээр бүх төрлийн эмгэгүүдийн талаар ярилцаж болох ба Ялангуяа зүрх судас буюу СУДАСНЫ ХАТУУРЛААС шалтгаалах -тархи, мэдрэл - Зүрх судас - даралт ба хуян - цусны өтгөрөл болон өөхлөлт /холестрин/ зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх бүтээгэдэхүүний талаар АУ-ны доктортой дэлгэрэнгүй ярилцах боломжтой. Лекц үнэ төлбөргүй 96665038, 99138391, 88138393, 98607352
Хамгийн их уншсан