Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Эрдэнэчимэг: Хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлснээр хүүхдүүдэд тулгардаг эрсдэл буурна

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй хүүхэд харах үйлчилгээний төсөл өргөн барьсантай нь холбогдуулан ярилцлаа.

-“Хүүхэд харах үйлчилгээ”-ний хуулийн төслийг өргөн барьсан байна. Энэ хуулийг хэлэлцэн батлагдвал ямар ач холбогдолтой вэ?
-Хуулийн төсөлд хүүхэд харах үйлчилгээг хоёр хувилбараар тусгасан. Эхнийх нь гэрээр зургаа хүртэлх тооны хүүхэд харах өрх гэр, төвд суурилсан үйлчилгээ, хоёр дахь нь аж ахуй нэгж өөрийн ажилтан, үйлчлүүлэгчдийн хүүхдэд зориулсан хүүхэд харах төвтэй байх хувилбар юм. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 2-6 насны хүүхэд хамрагддаг бол уг үйлчилгээнд 1-6 насныхан хамрагдах боломжтой. Энэ хууль батлагдвал цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа олон хүүхэд аюулгүй орчинд өсч, торних боломжтой болно. Өнөөдөр хотын захын гэр хороололд маш эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхэд олон байна. 10 настай хүүхдээ дүүгээ харж бай гээд гэрт нь цоожлоод ажилдаа явдаг эцэг эх олон байна. Энэ бол эрсдэл өндөртэй орчинд өсч торниж байна шүү дээ.
-Хүүхэд харах үйлчилгээний эрх авахын тулд тухайн хүн ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
-Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх гэж байгаа хүн маань мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл авна. Дээрээс нь тухайн хүүхдүүдийн эцэг эхтэй гэрээ хийх ёстой. Ингэсэн тохиолдолд тухайн хүний эрхлэх ажлын зөвшөөрөл олгогдоно. Харин “Би таниар хүүхдээ харуулахгүй” гээд гэрээ цуцалбал тэр хүний зөвшөөрөл автоматаар цуцлагдах учиртай. Хүүхэд харах төвийн багш нь бүрэн дундаас дээш боловсролтой байх юм. Тэр хүнийг богино хугацаанд сургалтад хамруулна. Дээрээс нь, тухайн хүн эрүүл мэндийн үзлэг өгсөн, эрүүл байх учиртай. Ер нь, энэ төрлийн үйлчилгээ эрхэлж байгаа хүн эрүүл мэндий үзлэгт тогтмол хамрагддаг болно. Хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд, чанартай хоол хүнсээр хангаж, орчин тойрны болон суурь хэрэгцээний чадвар эзэмшүүлж чадах байгаа эсэх дээр эцэг эхчүүд өөрсдөө хяналт тавих юм. Мөн нэг хүүхдэд 2 ам.метр талбай ногдох байр, байшинтай байх ёстой.
-Тэгэхээр дугаар хорооны Цэцэгээ гэдэг хүн тухайн гудамжинд амьдардаг айлынхаа таван хүүхдийг таван ханатай гэртээ хараад сууж байтал Мэргэжлийн хяналтын газраас шаардлага хангахгүй байна гээд хааж боогоод байвал яах вэ?
-Энэ хууль батлагдвал дагаж мөрдөх журмууд нь батлагдана. Энэ үйлчилгээ маань гэртээ цоожтой байгаа хүүхдүүдийг хамруулах гэж байгаа болохоор аль болохоор хүнд сурталгүй байдлаар иргэдэд хүргэх юм. Жишээ нь, гэр хорооллын гудамжинд байгаа хүн тухайн гудамжинд амьдардаг айлын хүүхдүүдийг гэртээ байлгаад харж болох юм. Гэхдээ өнөөдөр гэр гэхээсээ илүүтэй, байшинтай айл олон болсон байна. Энэ үйлчилгээг хүмүүс хувиараа эрхэлж байгаа хүн байгаа юм. Тиймээс бидэнд хуульчилж өгөх л үүрэг л үлдээд байсан юм. Сумын төв, багт ч гэсэн энэ үйлчилгээ явна. Хөдөөний хот айлд ч гэсэн энэ хөтөлбөр хэрэгжих боломжтой.
-Таван хүүхэд харныхаа төлөө тухайн багш хэдэн төгрөгийн цалин авах вэ?
-Нэг хүүхдэд сард 110 төгрөг гэж тооцоолсон. Тэгэхээр хэдэн хүүхэд байгаагаас шалтгаална гэсэн үг.
-Хуулийн төслийг Засгийн газарт танилцуулсан гэсэн. Үүнийг дэмжиж байгаа юу?
-Хуулийн төслийг Засгийн газарт өргөн бариад хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө. Засгийн газрын гишүүд эсэргүүцэж байна. Энэ хуулийн төслийг эмэгтэй гишүүд өргөн барьсан. Энэ үйлчилгээнд хамрагдах хүмүүс нь ихэвчлэн залуу эхчүүд байгаа. Тэд бидэнд маш их хандаж байна. Ирэх сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл бүх гишүүн тойрогтоо ажиллана. Тэр үед нь л эхчүүд маань шахалт үзүүлэх хэрэгтэй.
-Засгийн газрын гишүүд ямар шалтгаанаар эсэргүүцэж байгаа юм бэ?
-Эсэргүүцэж байгаа шалтгааны нэг нь, “Та нар гэртээ сууж байгаа эхчүүдийг гэрээс нь гаргаж, ажил хийлгэснээрээ гэр бүлийг салгана” гэж хэлж байна билээ. Би үүнтэй санал нийлэхгүй байна. Их, дээд сургууль төгссөн эхчүүд маань гэртээ хоёр жил хүүхдээ хараад суухад л зэвэрдэг. Хамт олонгүй, өмсөж зүүх хувцас нь хуучирсан байдаг. Тиймээс бид эсэргүүцэж байгаа юм. Хоёрдугаарт, сургуулийн өмнөх боловсролын системийг үнэгүй байлгана гэсэн Үндсэн хуулийн заалт байхгүй гэдгийг эрэгтэй гишүүд хэлээд байгаа юм. Халамжийн байдал руу чиглэсэн бодлого явуулах гэж байна гэж шүүмжилж байна билээ. Бид сургуулийн өмнөх боловсролд хүүхэд болгон хамрагдах ёстой гэж үзэж байгаа.
-Энэ төрлийн үйлчилгээ эрхлэх эрх, зөвшөөрөл авсан хүн Төрийн албан хаагч гэж явах уу, эсвэл хувиараа бизнес эрхлэгч гэж үзэх үү?
-Хувиараа бизнес эрхлэгч. Хөдөлмөрийн яамнаас үүнд дэмжлэг үзүүлэх ёстой. Жижиг дунд үйлдвэрийн бизнесийн зээл олгоод өгвөл хүүхэд харах үйлчилгээний төв байгуулаад байх боломжтой шүү дээ. Энэ үйлчилгээ маань цаашид хөгжинө. Бид юу гэж харж байна вэ гэхээр соц нийгмийн үед үлдсэн том цэцэрлэгүүд бус жижиг жижиг цэцэрлэг л бий болох юм. Тэнд хамрагдаж байгаа хүүхдийн тоо бага байх ёстой, ингэж байж чанартай байна.
-Багш нарын шаардлага нь бүрэн бус дунд боловсролтой байна гэж хэллээ. Тэгэхээр тэр хүн хэдийгээр 10 хүүхдийг ямар нэгэн хэл амгүйгээр хараад байгаа ч дуу, шүлэг зааж өгч чадахгүй хүн байвал яах вэ. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн урлагийн талын авьяас чадваргүй байвал яах вэ?
-Эцэг, эхийн л хяналт. Та хүүхдээ тийм газар өгөх үү, үгүй юу гэдгээ л шийднэ. Нэг бол энэ үйлчилгээнд өг, эсвэл улсын цэцэрлэгт өг гэсэн шаардлага тавигдаж байна.
-Тэгвэл миний харж байгаагаар нэг сөрөг тал байна. Энэ төрлийн үйлчилгээг чөлөөтэй болгосноор улсын цэцэрлэгт ажиллаж байсан багш нар энэ төрлийн үйлчилгээ эрхлээд эхэлбэл яах вэ. Тэгвэл нөгөө түмний хүүхдийг хардаг улсын цэцэрлэгт боловсон хүчний дутагдал гарах юм биш биз гэсэн болгоомжлол надад төрөөд байна л даа?
-Ийм эрсдэл гарах магадлалтай. Гэхдээ л энэ бол өрсөлдөөний журмаар явна. Эцэг эхчүүд маань ийм төрлийн үйлчилгээ эрхлэгчдэд хүүхдүүдээ өгөөд байвал улсын цэцэрлэг л хоосорно гэсэн үг. Хэрэв энэ үйлчилгээ муу байвал улсын цэцэрлэгийн хүүхдийн тоо их хэвээрээ л байна. Дээрээс нь хүүхдийн боловсролын асуудал яригдаж байна. Бид хуулийн төсөлд хэвлэл мэдээллийн байгууллагууд тодорхой хэмжээний үүрэгтэй оролцоно. Ялангуяа телевизүүд 10-12 цагийн хооронд хүүхдэд зориулсан програмуудын дагуу нэвтрүүлэг явуулах ёстой.
-Мөн энэ асуудлаас үүдээд яг ийм үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс маань хоорондоо хоршооод, байр саваа томруулаад нөгөө л өндөр төлбөртэй хувийн цэцэрлэгийн байдалд шилжих юм биш биз дээ?
-Энэ бол хувийн цэцэрлэгийг дэмжсэн анхан шатны л хэлбэр л дээ.
-Энэ үйлчилгээ маань зуны улиралд явах уу. Эсвэл цэцэрлэгтэй адилхан зун нь амрах уу?
-Наадах чинь л асуудал болоод байна. Чамаас л сонслоо. Улсаас төсөв өгөхгүй байх л даа. Тэгэхээр зуны улиралдаа амардаг байдлаар л явах байх. Гэхдээ зундаа төлбөртэй хичээллэж болно л доо.
-Нэгэнт зөвшөөрөл авчихсан байхад дараа жил нь зөвшөөрөл нь автоматаар сунгагдаад явах уу?
-Таван айлын гэрээнээс л шалтгаална л даа. Таван айл надад итгээд гэрээ байгуулбал зөвшөөрөл нь олгогдсон л гэсэн үг.
-Төлбөр гэснээс хүүхэд харж байгаа багш тухайн хүүхдийн эцэг эхээс төлбөр авч болох уу?
-Хуулийн төсөлд нэмэлт төлбөр авч болно гэж заасан байгаа. Энэ нь, тухайн хүүхдэд нэмэлт хичээл заана гэж сургалтынхаа хөтөлбөрт орсон бол зөвшөөрнө. Тухайлбал, англи хэл, бүжгийн хичээл заана гэвэл нэмэлт төлбөр авч болно.

Г.Даваабаатар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан