Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Авид: Таван тэрбум ам.доллартай бол 2020 онд нүүрснээс шатахуун гаргана


Шинжлэх ухааны академийн Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэмтэн Б.Авидтай нүүрснээс шингэн болоод хийн түлш гаргах технологийг Монголд нэвтрүүлэх боломжийн талаар ярилцлаа.

-Монгол Улс үйлдвэржилт рүү эрчимтэй гар дүрэх нь тодорхой боллоо. Энэ үед хамгийн чухал асуудал бол дотооддоо шатахуунаа үйлдвэрлэх. Энэ талаар л яриагаа эхэлье?
-Манай улс газрын тосоо зуун хувь импортоор авч байгаа нь хоёр сөрөг талтай. Нэн тэргүүнд бусдаас хараат эрчим хүчний бодлого бол улсын аюулгүй байдалтай холбогдох учир хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудал. Эдийн засаг, хөрөнгө мөнгө бол хоёр дахь  зүйл. Тэгэхээр дотоодын эх үүсвэрт тулгуурлаж газрын тос, нефть бүтээгдэхүүнээр зах зээлээ хангах нь зүйтэй. Дотоодын эх үүсвэр гэж нефть, нүүрс, занарыг нэрлэж болох юм.
Нефтийн тухайд хайгуулын ажлыг сүүлийн үед их хийж байна. Гэвч томоохон орд олдоогүй учраас эрчим хүчний найдвартай эх үүсвэр байж чадахгүй. Одоогоор олон компани нефть олборлож, тодорхой хэмжээгээр бүтээгдэхүүн хуваах гэрээгээр БНХАУ руу нийлүүлж байна.
Харин нүүрсний нөөцөөр манай улс дэлхийд эхний 15-д байгаа болохоор найдвартай гэж хэлэх гээд байна. Үйлдвэрлэлийн батлагдсан нөөцөөр 10-аад тэрбум тонн гэж гарсан. Манай дотоодын хэрэглээ жилд найман сая гаруй тонн байдаг. Тэгэхээр нүүрс бол 1000 жил ч ашиглаж болно гэсэн үг. Нүүрсний найдвартай нөөц байгаа болохоор үүнийг ашиглаад  эрчим хүчний хэрэгцээг хангах нь ирээдүйтэй, баталгаатай гарц юм.

-Занарыг олборловол эрчим хүчний шинэ эх үүсвэр, экспортолж болох ашигт малтмал гэж сүүлийн үед ярих боллоо?
-Нүүрснээс гадна занарыг ашиглаж судлах асуудлыг шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Монголд занарын нөөц их боловч харьцангуй тархмал. Тиймээс ашиглахад төдий л оновчгүй байх талтай. Нөгөө талаас занарыг нүүрстэй харьцуулахад олборлолтын технологи нь бүрэн батлагдаагүй. Занарыг хоёр янзаар олборлодог. Хуучин уламжлалт аргаар газар дээр боловсруулдаг, эсвэл газрын доор олборлолт хийнэ. Гэхдээ газар доорх олборлолт тохиромжтой юу гэсэн асуулт гарч ирнэ. Жишээ нь, маш гүнзгий ухаж байж олборлолт хийх ёстой байтал манай улсад занарын нөөц тархмал болохоор энэ технологи боломжгүй шахуу.
Дэлхийн занарын нөөцийн бараг 90 хувь нь Америкт байгаа. Тэнд л газрын гүнд олборлолт явуулдаг. Америкчууд “2017 онд Саудын Арабын үйлдвэрлэж байгаа нефть шатахуунтай тэнцэхүйц хэмжээний түлшийг занараас гаргана” гээд амлалт өгчихөөд байна.
Манай улсад одоогоор занар боловсруулах нь төдийлөн зохицохгүй. Ер нь бол занарыг нүүрсний дараа л хэрэглэсэн нь дээр гэж боддог. Одоо нүүрсний хэрэглээ, худалдаа, олборлолтын “тэсрэлт” болж байна шүү дээ.

-Нүүрсээ бид олборлоод дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна экспортолж байна. Гэтэл экспортлохоор бид дэлхийн зах зээлээс хавьгүй бага үнээр өгчихдөг гэсэн шүүмжлэл байнга дагаж л байна?
-Ер нь нүүрс доод, дээд шатны янз бүрийн чанартай байдаг. Манай улсын Төв аймаг, Дундговь гээд төвийн бүсийн нутагт голчлон доод түвшний хүрэн нүүрс тогтсон байдаг. Харин Өмнөговь, Ховд зэрэг хил дагасан нутгаар дээд шатны буюу чулуун нүүрс бий.
Өмнөд бүсийн чулуун нүүрсийг баяжуулж, боловсруулаад экспортлох нь зөв. Харин төвийн бүсийн доод чанарын нүүрсийг экспортлох нь ашиггүй. Яагаад гэвэл нэг тонн нь 50 ам.доллар байхад тээвэрлэлтийн зардал нь 60 ам.доллар гарах жишээтэй. Тийм учраас хүрэн нүүрсийг өөрийн эх оронд ашиглах ёстой. Ашиглах чиглэл бол тусдаа асуудал юм.

-Яаж ашиглах вэ. Нүүрс шингэрүүлэх гэдгийг улстөрч, эрдэмтэд сүүлийн үед эрчимтэй яриад байгаа ч яг үнэндээ цааснаас буусан юм алга?
-Бид бол судалгааны ажил хийдэг л хүмүүс. Сүүлийн үед нүүрс шингэрүүлье гэж их ярилаа. Ярихаас цааш явах ч чадал одоогоор алга. Бидэнд боловсон хүчин алга, үйлдвэрээ аль орд дээр барих, ямар хүчин чадалтай, ямар технологийг ашиглах вэ гээд хариулт нь тодорхойгүй зүйл цөөнгүй. Нүүрс дотроо орд ордоороо өөр байдаг, цаашилбал орд дотроо шинж чанар нь өөр. Тийм их ялгаатай учраас яг тохирох технологийг сонгохгүй бол болохгүй. Гэтэл гадны  үйлдвэрийг яг хуулбарлаад барьчихна гэх ташаа ойлголт хүмүүст байна.
Жишээ нь, бид нүүрсийг хагас коксжуулах маш энгийн технологийг хийхээр дөрвөн үйлдвэр ажиллуулж байгаа. Гэхдээ л проблем мундахгүй байна. Нүүрс шингэрүүлнэ гэдэг бол хагас коксжуулахаас хэд дахин хүнд технологи. Маш энгийн шахам үйлдвэрлэлийг амжилттай хийж чадаагүй байж нүүрс шингэрүүлнэ гэж хамаагүй ярьж болохгүй байх.

-Судалгаа шинжилгээг хийх гэхээр энэ салбарын боловсон хүчин тааруу байна уу даа гэж харагддаг?
-Тийм ээ, үнэхээр хүнд. Хүмүүсээ багаж, төхөөрөмж дээр ажиллуулж, судалгааг хамт хийж байж боловсон хүчнээ бэлтгэх шаардлагатай. Тэгэхээр бид хүмүүст чадавхийг олгох бааз байгуулъя гээд хоёр жилийн өмнө Химийн хүрээлэнд нүүрс хийжүүлэх лаборатор байгуулсан. Төрийн зүгээс мэргэжилтнүүдийг гадаадад эсвэл ШУТИС-д бодлогоор суралцуулах ёстой. Гэхдээ одоохондоо тэгэхгүй байх шиг байна.
Нүүрс шингэрүүлэх үйлдвэрийг очиж харсан монгол хүн гэвэл УИХ-ын гишүүд л байх. Боловсон хүчин, технологи мэддэг хүн байхгүй болохоор өнөөдөр үйлдвэр байгуулна гэхэд юу гэж хариулах уу? За гэх хэцүү, үгүй гэх хэцүү юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Та нар нүүрс шингэрүүлнэ гэж битгий үлгэр яриад байгаарай” гэж хэлсэн шүү дээ. Энэ нь бэлэн болоогүй, чадахгүй байж тийм зүйл яриад хэрэггүй гэсэн үг байх.

-Мэргэжилтнүүд бараг л байхгүй гэхэд хилсдэхгүй болохоор үлгэр гэхээс ч өөр аргагүй биз?
-Ойрын жишээ гэхэд БНХАУ-д 2002 оноос олон төсөл хэрэгжиж эхэлсэн ч нэлээд проблем үүсээд байна. Гэхдээ чухам ямар асуудал вэ гэдгээ хэлдэггүй л дээ. Технологийн, боловсон хүчний асуудал зайлшгүй гардаг юм билээ.
Энэ үйлдвэрийг босгоход амархан юм байхгүй, маш хүнд. Гэхдээ хүнд гээд хийхгүй байх биш 2020 онд үйлдвэрээ барихад боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй шүү. Гадаадад эсвэл ШУТИС-д бодлогоор суралцуулах ёстой. Гэхдээ одоохондоо тэгэхгүй байх шиг байна. Ер нь үйлдвэр хөгжихөд ганцхан байгууламж босгоод л болчих зүйл биш.

-Нүүрснээс шатахуун гаргах төсөл эртнээс яригдсан болохоор хэд хэдэн томоохон компани энэ ажлыг хийхээр ярьж байсан шүү дээ?
-Миний мэдэж байгаагаар нүүрснээс шатахуун гаргах гээд явж байгаа 3-4 төсөл бий. ICM гээд компани дөрвөн жилийн өмнө ажлаа танилцуулахдаа Герман технологи ашиглаад нүүрснээс бензин гаргана гэж байсан юм. 2008 онд эхэлсэн ч дараа жил нь Монголд эдийн засгийн хямрал болоод завсарласан байх. Одооноос л эрчимжиж байгаа бололтой. Хэрэв нүүрсийг шууд бус аргаар боловсруулж гаргасан хийгээ Фишер Тропш гэдэг технологиор боловсруулвал ихэнх нь дизель түлш гардаг. Харин ICМ-ийн сонгосон “Uhde” группийн технологиор боловсруулахад бензин гардаг. Энэ төсөл магадгүй өнгөрсөн онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Герман улсад айлчлах үеэр дахин сэргэж эхэлсэн байх.
Миний бодлоор нүүрснээс шингэн түлш гаргах төсөл бол эдийн засгийн хувьд тийм ч ашигтай биш. Энэ асуудлыг хүмүүс ашиг авчирна, бензинийг дотооддоо үйлдвэрлэхээр шатахууны үнэ буурна гэх зэргээр харж байгаа бололтой. Харин би үүнийг эдийн засгийн хэмнэлт, ашиг гэхээс илүү монголчуудыг шатахууны хараат бодлогоос тусгаарлах ач холбогдолтой гэж үзэж байна.
 Тиймээс бид нүүрс хийжихэд ямар зүйлийг анхаарах ёстой, эндээс гарсан үр дүн, үйлдвэр байгуулбал ямар ач холбогдолтой вэ зэрэг асуудалд анхаарч байна.

-Нэг тонн нүүрснээс хэдий хэмжээний түлш, хий гарах вэ?
-Энэ нь тухайн нүүрсний чанар болон бусад хүчин зүйлээс шалтгаална л даа. Гэхдээ Монголд нэг тонн нүүрснээс барагцаагаар хоёр баррель бүтээгдэхүүн гардаг. Манай нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээ нэг сая тонн арай хүрэхгүй 860-900 мянган тонн гэдэг. Гэхдээ цаашид 2015 он гэхэд хоёр дахин нэмэгдэх, 2020 он гэхэд 2.5 дахин нэмэгдэнэ гэх прогноз байгаа. Тэгэхээр үйлдвэр маань 2020 онд хоёр сая тонныг үйлдвэрлэж чадахуйц байх шаардлагатай. Энэ үйлдвэрийг байгуулъя гэвэл угаасаа том байхаас аргагүй. Яагаад гэвэл жижиг төсөл эхлүүлдэг, тэр нь ашгаа өгөх чадваргүй байх магадлал бий. Наанадаж байгаль орчныг хамгаалах асуудал хүнд учраас боломжгүй болж ирдэг. Тухайлбал, янз бүрийн шүүлтүүр, цэвэршүүлэгчийг жижиг үйлдвэрт авч тавихад их үнэтэй бол том үйлдвэрт шүүлтүүр тавих өртөг хямд тусах жишээтэй.
Маш олон компани өнөөдөр дор бүрнээ үйлдвэр байгуулах гээд л оролдоод байна. Монголын хүн хүч угаасаа цөөхөн, мэргэжлийн боловсон хүчин бараг байхгүй, ийм нөхцөл компани бүр өөрийн юм байгуулах гэвэл амжилт олохгүй. Болдог бол үүнийг зогсоогоод, хүний нөөц, хөрөнгийн нөөцийг төвлөрүүлээд ажилладаг бол амар байхсан.

-Хамгийн түрүүнд улс орны эрх ашиг байх нь ойлгомжтой. Гэхдээ л ашиг гэж нэг зүйл байхаас өөр аргагүй?
-Өмнөд Африкийн “Сасол” гээд дэлхийд цор ганц үйлдвэрийн хэмжээнд ажиллаж байгаа компани бий. Тэр компаниас ирсэн хүмүүстэй уулзахад өдөрт үйлдвэрлэх шингэрүүлсэн хийн хэмжээ 85 мянган баррелиас илүү байвал ашиг гарна гэж хэлсэн. Тэр бол өнөөдрийн манай хэрэгцээнээс найм дахин их гэсэн үг юм. 2020 он гэхэд ядаж 40 мянган тонны гарцтай үйлдвэр байгуулъя. Манайхан магадгүй 85 мянгын хүчин чадалтай үйлдвэр байгуулчихаад үлдсэнийг нь БНХАУ руу экспортолно гэж бодож байж болох юм. Гэтэл хятадууд нефтийн бэлэн бүтээгдэхүүн авдаггүй, манайхаас бензин авахгүй нефть авна аа гээд байгаа шүү дээ. Орос бас авахгүй. Тэгэхээр яах вэ гээд ухаанаа уралдуулах л асуудал.
Үүнээс гадна манай Засгийн газраас нефть боловсруулах үйлдвэр байгуулна гэж яриад байгаа. Тэгэхээр нүүрс шингэрүүлдэг, нефть боловсруулдаг үйлдвэр хоёулаа л байх нь гэж ойлгоод байна.

-Өмнөд Африкийн SASOL ямар ашигтай ажилладаг юм бол?
-Тэрийг хэлэхэд хэцүү юм л даа. Ямар ч байсан нефтийн үнэ баррель нь 65 ам.доллараас үнэтэй байхад тухайн үйлдвэр ашигтай байна гэж үздэг. Өнгөрсөн жил гурван тэрбум ам.долларын ашиг олсон гэдэг. Гэхдээ энэ бас нууц юм л даа. Засгийн газраас нь татаас өгдөг. Жишээ нь нефтийн үнэ 65 ам.доллараас буугаад хямдарчихвал зөрүү алдагдлыг нь Засгийн газар нөхөж олгоно.  Тэгэхгүй бол тэр компани дампуурна.

-Үйлдвэр байгуулахад хэдий хэр хугацаа шаардлагатай байдаг вэ?
-Тэр чинь техник эдийн засгийн үндэслэл, судалгаа гээд эхэлнэ шүү дээ. 6-7 жилийн дотор амжуулаад 2020 он гэхэд бэлэн болчих байх. Нөгөө талаас байгаль орчны талаас тавигдах шаардлага бий. Хуучин энэ асуудлыг тоодоггүй байсан бол өнөөдөр дэлхийн дулаарлыг зайлшгүй хөнддөг. Нүүрснээс шингэн түлш гаргах нь нефтиэс шингэн түлш гаргаснаас илүү их нүүрсхүчлийн хий гаргадаг. Манай улс Киотогийн протоколд нэгдчихсэн. Тэр хийг хумих ёстой байтал дахиад нэмж үйлдвэр байгууллаа гээд асуудал үүснэ.
Хэрэв байгуулвал нүүрс хүчлийн хийг хурааж аваад газрын дор хадгалах технологи ч бий. Гэхдээ энэ технологи бас бэлэн болоогүй. Үүний судалгаа л явагдаж байгаа.

-Өмнөд Африкаас өөр ямар улсад нүүрс шингэрүүлэх үйлдвэртэй вэ?
-Шууд боловсруулалтын аргаар ажилладаг нэг сая тонны хүчин чадалтай үйлдвэр БНХАУ-д 2009 онд ашиглалтад орсон. Гэхдээ хэр ажиллаж байгааг мэдэхгүй. Түүнээс бага оврын үйлдвэрүүд байгаа ч хийжүүлэлтээр дамжуулан бордоо үйлдвэрлэдэг.

-Германы технологи энэ салбартаа сайн нь гэж дуулсан. Үүнээс өөр ямар ямар технологи байдаг вэ?
-Нүүрс шингэрүүлэх технологийг германчууд анхлан санаачилсан юм. Гэхдээ одоо хятадууд ч өөрсдийн технологитой болчихсон. Шиелийн, Америкийн, Сасолын гээд технологи бий. Гэхдээ энд нэг зүйлийг тодруулахад хийжүүлэлтийг нэг технологиор, шингэрүүлэх явцыг өөр технологиор хийдэг. Тэгээд тэр олон технологийг хооронд нь зөв хослуулж чадвал сайн үйлдвэрлэл бий болно. Жишээ нь, Сасолын технологиор хийжүүлээд дараа нь Америкийн технологиор шингэрүүлэх гэх мэт судалгаа, туршилт хийгээд зөв сонгох нь чухал. Машинд ямар чиргүүл илүү тохиромжтой вэ гэдэг шиг л аль технологиуд хоорондоо илүү үр дүнтэй нийцэхийг одоо хүртэл туршиж байгаа.
1950 онд анх нүүрс шингэрүүлэх технологи бий болсон ч одоо нано технологи гарчихсан учраас хуучин нь хоцрогдох хандлагатай болсон.

-Нефтийн бүтээгдэхүүнээс хараат бус байх гарц нь нүүрсийг шингэрүүлэх үү эсвэл нефть боловсруулах уу?
-Нүүрс шингэрүүлээд их олон юм гаргаж авч болно. Харин нефть ихээр гараад ирвэл боловсруулах үйлдвэр байгуулаад хажуугаар нь нүүрс хийжүүлдэг үйлдвэр босгож болно. Тэндээсээ янз бүрийн химийн бодис, реактив зэргийг гаргаж авах юм. Яагаад гэвэл төвийн бүсийн доод шатны нүүрсийг ч бас бүтээгдэхүүн болгож ашиглах хэрэгтэй. Түүнээс биш газраас нефть гарлаа гээд орхиж огт болохгүй.
Нефтийн үйлдвэр ганцхан нефть боловсруулах биш өөр бүтээгдэхүүнтэй хослуулан ашиглах боломжтой. Гэхдээ мэдээж нефть боловсруулах үйлдвэрийг түрүүлж барих нь ашигтай. Яагаад гэвэл нүүрс шингэрүүлэх үйлдвэрийг бодоход суурь хөрөнгө оруулалт бага.

-Одоо бол нефть боловсруулах үйлдвэрийн тухай яриад байгаа боловч ажил болсон нь байхгүй байгаа шүү дээ?
-Тийм ээ, шав тавилаа л гэсэн. Гэвч наад зах нь байршлын тухайд хэцүү байгаа юм. Японы хөрөнгө оруулалтаар Дарханд байгуулна гээд л эсвэл нефтийн орд дээр нь барина гээд буцах жишээтэй. Анхны энэ үйлдвэр 1.7 сая тонн бүтээгдэхүүний хүчин чадалтай учраас манай улсын дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой. Барьчихлаа гэхэд нүүрсээ яах вэ гэдэг асуудал бас бий.

-Нүүрс боловсруулж шингэрүүлэхэд манай улсын дотоодын хэрэгцээг хангахуйц хүчин чадалтай үйлдвэр хэр хэмжээний өртгөөр босох бол? Тийм тооцоолол хийсэн үү?
-Хэзээний хэрэгцээ вэ гэдгээс хамаарна. 2020 оны хэрэгцээг хангах үйлдвэр таван тэрбум ам.доллараар босно гэсэн баримжаа байдаг. Таван жилийн өмнө энэ тоо гурван тэрбум ам.доллар байсан. Ам.долларын ханш унаад байгаа юу, эсвэл ган, хайлш гээд бүтээгдэхүүний үнэ өсөөд байгаа юу яагаад тав болсон шалтгааныг нь хэлж мэдэхгүй байна.

-Гэхдээ энэ хөрөнгө оруулалт руу зориглоод орчих улс ховор байх тийм үү?
-Таван тэрбум ам.долларыг 10-20 том банк эсвэл байгууллага хамтарч байж гаргадаг юм. Яагаад гэвэл төсөл эргээд ашиггүй болж унавал нэг хүнд маш их хохиролтой болохоор олон хөрөнгө оруулагч хамтрахыг эрмэлздэг. 50 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байлаа ч гэсэн дээрх мөнгийг бие даагаад гаргана гэж огт байхгүй. Гэхдээ зарим хүн дэлхий дээр юу л байна мөнгө байгаа гэдэг учраас хөрөнгө оруулалт олдоно.
Нөгөө талаас эрчим хүчний байдал хараат учраас шинэ үйлдвэр байгуулна гэхэд гадаадаас өгч байгаа эрчим хүч, түлшийг хаахыг үгүйсгэхгүй. Тэглээ гэхэд хэн хариуцлага хүлээж, асуудлыг шийдэх вэ гэдэг асуудал бий болно.

-Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын талаар таны байр суурь?
-Тэнд кокс, цемент, төмөрлөг, зэс хайлуулах дөрвөн үйлдвэр байгуулах юм билээ. Боловсон хүчин, техник гээд олон асуудал байгаа ч үйлдвэрүүдээ барих нь зөв. Үйлдвэрүүдээс ядаж хоёр нь энэ Засгийн үед баригдаад дуусчихвал маш том ажил. Манай улс том үйлдвэр байгуулсан туршлагагүй учраас зориглоод хийж эхэлдэггүй. Уг нь томоохон компанийн төлөөлөгч, мэргэжилтнүүд дэлхийг тойрон эрдэм шинжилгээний хурал, чуулганыг тэнээд явдаг. Хаана бидний хийх ажил гарч ирэх нь вэ гээд Монголд ч зөндөө ирдэг. Гагцхүү бид л хийх шаардлагатай байна.

-За та бид хоёр төсөөлөлдөө  бараг л үйлдвэрээ барьчихлаа. Гэвч 1,5 тэрбум ам.долларын бонд олж ирэх нь гавьяа мэт ярьж байгаа энэ үед таван тэрбумын үйлдвэр гэдэг дэндүү хол сонсогдож байна. Та яг хэл дээ. Нүүрснээс бензин гаргах үйлдвэр байгуулах ашигтай байж чадах уу?
-30 жилийн дараа нефтийн нөөц  дуусна гэсэн тооцоолол бий. Тиймээс 200 жилийн нөөцтэй нүүрсний ордыг ашиглах л хэрэгтэй.

-Бас нэг асуудал байна. Миний бодлоор манай эрдэмтэд амьдралд буухад нэлээн хол ч эрдмийн ажил хийгээд байна уу даа?
-Хуучин ШУА-ийг устгая гээд байдаг. Суурь шинжлэх ухаан байхгүй болохоор яах билээ. Техникийн салбарыг тэр чигт нь хувьчлаад зураг төсөл хийдэг хүн байхгүй болсон. Тэгээд зураг төсөл хийлгэе гэхээр чаддаг хүнгүй болчихсон. Харин одоо буцаагаад сэргээе гэж ярьж байх шиг байна.

0 Сэтгэгдэл
Yum sudalsan hun gedeg arail uur bna, Bi himiin hun bishch hyatad heltei uchraas hyataduud ene chigleleer yu hiij baigaag sonirhon unshdag. Sudalgaa muutai bol yum hol yavahgui dampuurna. Yagl sayiin manai 17 terbumaar ajillah bolomjgui utaagui tulshnii uildver baiguuldag shig. Teriig bol zorigtoi sain CEO hiiichihej baigaan getel ur dun n ajillah bolomjgui gej garch baina. teheer Huch hurunguu tuvluruuleed ajillaval say ur dund hurch magadgui yum daa. 89194400
Энэ хүн бол юм хийхгүй хийж ч байгаагүй
Хамгийн их уншсан