Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тусламжийн цуваа

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоноос өнөөдрийн байдлаар ихэнх нутгаар цасны зузаан 20-60 см, хунгарлан шуурсан газартаа 60-130 см-т хүрч 18 аймгийн 91 суманд зудын аюул нүүрлээд байна.
Цас зудын улмаас малчдын ахуй амьдрал зутарч, эрүүл мэнд, гэр бүлийн амьжиргааны нөхцөл байдал нь хүндэрч, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүчин мөхөсдөхөөс урьдчилан сэргийлж өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дүгээр тогтоолын дагуу Улсын онцгой комиссоос Улсын нөөцөд 2010 онд бүрдүүлсэн 5.6 мянган тонн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй олгох, 11.9 мянган тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан иргэд, малчдад олгох ажлыг зохион байгуулж Улаанбаатар хот дахь Улсын нөөцийн салбараас Архангай,  Баянхонгор, Өвөрхангай,  Говь-Алтай, Хөвсгөл,  Өвөрхангай,  Баян-Өлгий,  Завхан аймгийн улсын нөөцийн цэг, салбарт нийт 1600 тн өвс, 1250 тн тэжээлийг нэмж байршуулах тусламжийн цувааг үдэх ажиллагаа бямба гаригт боллоо.

Өвөлжилт хүндэрсэн аймгуудын Улсын нөөцийн салбар, цэгүүдэд нэмж байршуулах өвс, тэжээлийг хүргэх тээврийн зардалд шаардагдах 444.2 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж байгаа юм.
Орон нутагт тусламжийн цувааг үдэх ажиллагаанд УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, ҮХАА-н дэд сайд Ц.Туваан, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж,  Аймгуудын Иргэдийн Хурлын дарга, Засаг дарга нар оролцлоо.

Мөн өвөлжилт хүндэрсэн орон нутгийн малчин иргэдэд эмнэлгийн тусламж, шуурхай албаны үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зорилгоор Архангай, Баянхонгор, Завхан, Булган, Өвөрхангай, Ховд, Хэнтий, Хөвсгөл аймгуудын сум дундын хүн эмнэлэг, Онцгой байдлын газар, хэлтэс, Цагдаагийн газарт УАЗ-31512 маркийн туулах чадвар сайтай 16 автомашиныг олголоо.  
Түүнчлэн өвөлжилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл, Увс аймгуудад малын өвс, тэжээл, хүн, малын эм биобэлдмэл, тээврийн болон бензин шатахуун, бусад арга хэмжээний зардалд шаардагдах аймаг тус бүрт 50-262 сая төгрөг буюу нийт 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.  
Аймаг дундын отрын 7 бүс нутагт 10 аймгийн 31 сум, нийслэлийн 2 дүүргийн 437 малчин өрхийн 313 мянга гаруй мал өвөлжиж байна.
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, үнэлгээ дүгнэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлэх удаа дараагийн дэс дараатай арга хэмжээ авч байна.
Өвөлжилт хүндрэх төлөв байдал үүсч байсан тухай бүрт аймгуудын  Засаг дарга, орон нутаг дахь мэргэжлийн байгууллагын удирдлагуудтай Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд цахим хурал зохион байгуулж нөхцөл байдлыг тодруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой үүрэг, чиглэл өгч, биелэлтийг тооцон ажиллалаа.
Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүрэг чиглэл, Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Улсын онцгой комисс, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Зам, тээврийн яам, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Увс, Ховд, Хөвсгөл, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн зарим сумдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх санал боловсруулж Засгийн газарт танилцуулж шаардлагатай арга  хэмжээг шийдвэрлүүлээд байна.     
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Дорноговь, Дундговь, Хэнтий, Архангай, Төв зэрэг аймгуудад нөөцийн махны 80 хувийг орон нутагт бэлтгэх ажлыг зохион байгуулан нийт 8294,5 тн мах бэлтгээд байна.
Мөн Улсын болон орон нутгийн чанартай зам, давааны цас арилгахад шаардагдах 219 сая төгрөгийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлж, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 166 дугаар тогтоолыг гаргуулж, зам даваа хаагдсан аймаг, орон нутгийн “АЗЗА” ХХК-иудад санхүүжилтыг олгуулсан.      
Онцгой байдлын ерөнхий газар “Зудын гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулан өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд ажиллах хүч, машин механизм, сансарын холбооны гар утас зэрэг зудын үед ажиллах нөөц бололцоог тодорхойлсон бөгөөд шаардлагатай гэж үзсэн тохиолдолд зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн хүн хүч, техник хэрэгслийг дайчлан ажиллуулах боломжтойг судлаад байна.  
Түүнчлэн Түлш, эрчим хүчний улсын алба 2012 оны 12 дугаар сараас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа бол Зам, тээврийн улсын алба улсын чанартай автозам, давааны нөхцөл байдлын талаарх мэдээллийг шуурхай солилцох,  цасанд боогдсон автозам, давааны цасыг цэвэрлэж зайлуулах, хальтиргаа гулгааг арилгах үүрэгтэй Шуурхай ажлын хэсэг 24 цагийн хугацаатай ажиллаж байна.
Улсын чанартай автозам, давааны 42 цэгт автозам, засвар арчлалтын үйл ажиллагаа эрхэлдэг 23 компанийн нийт 205 замчин, 139 нэгж автомашин механизмыг бэлэн байдалд ажиллуулж байна.

Онцгой байдлын ерөнхий газар
2013.01.20

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан