Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮРЭЭ МАЯГИЙН ГОЁЛД ХЭДЭН ТӨГРӨГ ЗАРАХ ВЭ


Хамбан нударга савчуулсан залуус ээтэн гутал жийж, дөрвөн талт малгайдаа суусар, булга хадаж, мөнгөн тоногтой бүсээр чамирхав. Харин мориор биш машинаар гоёно. Настан буурлуудынхаа амар мэндийг эрж, алган дээрээ хадаг дэлгэх монголчууд. Сүүлийн үед манайханд илт мэдрэгдэх болсон баян, ядуугийн ялгаа, нийгмийн гарал үүсэл, зэрэг дэв энэ өдрүүдэд хөсөр хаягдана...
Цагаан сар дөхөхөөр ийм л дүрслэл толгойд буудагсан. Монголчуудын үндсэрхэг үзэл сүүлийн жилүүдэд сэргэж, үгүй ядахнээ жил бүр болдог үндэснийхээ баяр, наадмаараа дээл хувцсаараа гоёх болсон. Удахгүй Цагаан сарын баяр айлчлан ирэх гэж буй энэ үед дээлний эрэлт хэрэгцээ ч ихэсч байна. Тиймээс та бүхний ажлыг хөнгөвчлөх үүднээс дээлний үнэ ханш болон энэ жил ямар загвартай, ямар материалаар хийсэн дээл моодонд орж буйг сурвалжлан хүргэж байна.

Хурганы арьс VS ноолуур

Дээлний тухай сурвалжлага хийхийн тулд хамгийн түрүүнд “Нарантуул” худалдааны төвийг зорилоо. Тэнд л монгол дээлний сонголт ч арвин бас боломжийн үнэтэй байдаг билээ. Амралтын өдөр бас нар дээр гарсан болохоор тус захад худалдаа наймаа ид өрнөж байлаа. Монгол дээлний тасагт бараг л хөл гишгих зайгүй. Дээл үзэж сонирхох, өмсөж үзэх хүний ихэнхи нь хөдөөнөөс баярын бэлтгэлээ базаахаар иржээ. Бас “Манай хөдөө байдаг ах маань энэ хүн шиг л өндөртэй дөө. Энэ дээл таарах болов уу” гэх хүн ч байна. Хөдөөнийхөн дээлэнд их өндөр шаардлага тавьдаг гэнэ. Тэд эмжээр, товч шилбэ хадсан байдал, бүр цаашлаад эсгүүрт нь хүртэл цензур тавьж, үзэж харсаар сая л нэг дээлээ сонгодог учраас тийм ч амар худалдан авагч биш гэдгийг дээлний худалдаачид хэлж байлаа.

Өлгөөстэй төрөл бүрийн өнгө, загвар, хэмжээтэй дээлнүүдээс хамгийн түрүүнд хурганы арьсан дотортой нь нүдэнд туслаа. Ээж маань намайг мэдээ орсон цагаас  л нэг хурганы арьсан дотортой дээлтэй байсан. Зөвхөн Цагаан сараар л гаргаж өмсчихөөд, даавуунд нандигнан боогоод далд хийчихдэг байлаа. Харин жил бүр, заримдаа нэг жил өнжөөд гадар өнгийг нь солиод л өмсчихнө. Яг л шинэ дээл шиг... Ээжийн маань хамгийн нандин гоёлуудын нэг болохоор нүдэнд туссан хэрэг л дээ.

Хурган дотортой дээл мөн л төрөл бүрээрээ байна. Эмэгтэй хүнийх нь 800 мянган төгрөгөөс нэг сая 200 мянга, харин эрэгтэй нь нэг саяас нэг сая 400 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Ийм мөнгөөр тансаг хэрэглээний гэгдэх ноолууран дээл бас авч болно. Ноолуур сонгох уу, хурганы арьсан дотортой дээлийг сонгох уу...
Ноолууран хувцас хэрэглэл үйлдвэрлэдэг олон газраас “Алтай кашмер”, “Говь” хоёр дээл урладаг. Бусад нь үндэсний загвартай цамц, хантааз зэргийг л үйлдвэрлэдэг гэнэ.  “Алтай кашмер”-ийнхан ноолууран дээлийг гурав дахь жилдээ үйлдвэрлэж байгаа юм. Эмэгтэй ноолууран дээл нэг сая 460 мянга, эрэгтэй нь нэг сая 600 мянган төгрөг. Дан ноолуураас гадна торгон дотортой ч дээл байна. Дээлний захиалга он гарахаас өмнө эхэлсэн гэнэ. Дахин давтагдашгүй загвартай, үзэмж сайтай дээл өмсөх хүсэлтэй хүмүүсийг эртхэн өөрийн биеэр ирж, захиалгаа өгөх нь зүйтэй гэдгийг үйлдвэрлэгчдийн зүгээс хэлэв. “Алтай кашмер”-ийн дэлгүүрээр ороход зөвхөн ноолууран дээлнүүд худалдаалж байсан. Гэхдээ удахгүй ноолууран хантааз, ууж худалдаанд гарах аж. Хэрэв үйлчлүүлэгч хүсвэл ноолууран дээлний иж бүрдэл захиалгаар хийлгэж болох гэнэ. Үүнд, дээл, бүс, малгай, хантаазтайгаа нийлээд дунджаар зургаан сая төгрөг болох юм байна.

Харин “Говь”-ийнхон бол үйлчлүүлэгчиддээ хээнээс хамгийн өргөн сонголт хийх боломж олгож байгаа гэнэ. Ноолууран дээлний хамгийн гол онцлог нь хүссэн хээгээ хаана байрлуулах вэ гэдгийг анхнаас нь төлөвлөж болдогт л бий. Тийм учраас хэрэглэгчиддээ энэ боломжийг олгожээ. Үнийн хувьд эрэгтэй дээл 750-850 мянган төгрөгийн хооронд байсан бол эмэгтэй нь 700-800 мянга гэж байлаа. Цагаан сар дөхсөн болохоор дээл худалдаж авсан хүмүүсээ ноолууран бүсээр урамшуулж байгаа юм билээ.

“Нарантуул” худалдааны төв, ноолууран бүтээгдэхүүний дэлгүүрээр дээл сонирхож яваа хүмүүсээс адилхан үнэтэй хоёр дээлний ноолуураар хийснийг нь үү, хурганы арьсан дотортойг нь сонгох уу гэж асуух нь зүйд нийцэхгүй хэрэг биз ээ. Тэд намайг асуухаас өмнө сонголтоо хийчихсэн яваа шүү дээ.

“Хүннү” загвартай дээл бас л илүүрхэх нь

 
“Нарантуул” худалдааны төвийн дээл худалдаалдаг лангуунуудад магнаг торгон, дан, даавуун, хурган дотортой гээд дээл ч төрөл төрлөөрөө. Хийцээсээ шалтгаалаад үнэ нь янз бүр. Өнгөрсөн жилээс моодонд орж эхэлсэн “Хүннү” загвартай буюу лам дээл шиг захтай, нарийн ханцуйтай дээл давхар эмжээртэй нь 250-300 мянга, энгийн эмжээртэй нь 110-150 мянган төгрөг гэж байлаа. Харин энгийн хийцтэй даавуун дээл 70-80 мянган төгрөг. Торгон дээл материалынхаа үнээс хамаараад 120 мянган төгрөгөөс дээш өртөгтэй байлаа. Дээл зардаг лангуу бүрт дээлний гадуур өмсдөг хантааз байх юм. Эмэгтэй нь 70 мянга, эрэгтэй нь 80 мянган төгрөгийн үнэтэй.

Тус худалдааны төв дээр дээл зардаг хүн бүгд материалаа Эрээн болон Хятадын хотуудаас бөөнөөр нь худалдаж аваад, оёдолчидтой гэрээ хийн дээл оёулаад зардаг гэнэ. Тиймээс жил бүр нарийн судалгаа хийж, худалдан авч ирэх даавуугаа сонгодог байна. Энэ жилийн хувьд залуус цагаан, цайвар юмуу тод өнгөтэй дээлнээс сонголтоо хийх болжээ. Загварын хувьд “Хүннү” загвар эсвэл энгийн даавуун дээл моодонд орж байгааг худалдаачид ярьсан юм. “Айлд ороод ууц хөндсөн ч ханцуй нь саад болохгүй амар юм билээ” гэсэн магтаалыг сонсох болсон загвар хийцээрээ ч хүмүүсийн таашаалыг хүртэж буй “Хүннү” загвартай дээл энэ жил ч гэсэн моодноос гарахгүй нь. Тэгээд ч сүүлийн үед хүмүүс дээлээрээ ижилсэх болсон. Эхнэр, нөхөр хоёр ижил загвар, өнгөтэйг ч сонгох болж. Энэ жил бүр гэр бүлээрээ ижил өнгийн дээлээр гангарах болсон байна. Бэл бэнчингийн илрэл үйтэн хуаран дээл нэгэнт моодноос гарчээ. Хөгшин настай хүмүүс л үйтэн хуаран дээлээр гангарч буй хэвээрээ гэсэн. Одоохондоо Цагаан сарын худалдан авалт арай болоогүй ч, хөдөөнийхөн гоёлоо зэхсээр...

Багаас нь үндэсний үзлийг нь төлөвшүүлэх хэрэгтэй

Жаахан хүүхдэд лоовуузан малгай, дээл өмсгөөд, бүсэлчихвэл үнэхээр өхөөрдмөөр харагддаг. Сүүлийн үед ээж аавууд өөрсдөө дээлээр гоёод зогсохгүй бяцхан үрсээ ч гоёх болсон. Тэгвэл “Нарантуул” худалдааны төвийн дээлний лангуунуудаар хүүхдийн дээл, хантааз, монгол загвартай малгай төрөл бүрээрээ өлгөөстэй. Үнэ нь ч боломжийн. Гэхдээ хүүхдийн гоёл бэлтгэх хугацаа арай болоогүй бололтой. Хүүхдээ дагуулсан хүн нэг ч алга.
Бас томоохон дэлгүүрүүдээр үндэсний хувцасны тасаг нээгдсэн байна. Үүний нэг “Улсын их дэлгүүр”-ийн үндэсний хувцасны тасгаар орлоо. Хүүхдийн дээл, лоовуузан малгай, монгол гутал зэргийг худалдаж байлаа. 3-16 насны хүүхдүүдэд таарахаар дээл хантааз, уужтайгаа 63 мянган төгрөг гэж байна. Хүүхдийн лоовуузан малгай 32 мянган төгрөгийн үнэтэй. Эдгээр бараа тус тасгийн хамгийн борлуулалттай бараа болоод байгаа аж. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэж хэзээний үг байдаг шүү дээ. Түүн шиг жинхэнэ Монголоо гэсэн үндэсний үзлийг багаас нь төлөвшүүлэх нь чухал болов уу.

Эртхэн л захиалахгүй бол дээлгүй хоцрох вий

Цагаан сар, шинэ жилээр хамгийн ачаалалтай ажилладаг газруудын нэг яах аргагүй оёдлын газар. Энэ жил Шинэ жилийн баяр дуусаад л Цагаан сарын захиалга залгажээ. Цагаан сарын гоёлоо бэлэн байгаа дээлнээс сонгодог нэг нь байхад, өөрийнхөө санаанд тохирсон материалаар хийлгэх нь ч бас бий. Тэдгээр хүнд зориулан дээлний захиалгын үнэ ханш, даавуу, торгоны үнийг ч бас судаллаа.

Монгол хувцасны загварыг тодорхойлох зорилготой, үргэлж шинэ юм сэдэж байдаг “Монгол костюмс” загварын салоноор орлоо. Эднийх нэг дээлийг 350 мянган төгрөгөөр оёх гэнэ. Захиалга өгсөн хүмүүсийн дээлийг 10-14 хоногийн дараа бэлэн болгоно гэсэн ч удахгүй захиалга зогсоох гэж байгаа аж. Загварын болон энгийн гээд ямар ч төрлийн дээлний захиалга авдаг ч өнөө жил хүмүүс голдуу энгийн хийцтэй бас “Хүннү” загварын дээл захиалж байна гэнэ. Харин эмэгтэйчүүдийн хувьд дан дээл ихээр хийлгэж байгаа гэсэн.

Хувиараа оёдлын газар ажиллуулдаг хүмүүсийн хувьд материалаа өгөөд захиалаад хийлгэвэл 45-60 мянган төгрөгийн ханштай бүх төрлийн дээлийг урлаж байна. Харин материалын хувьд “Нарантуул” худалдааны төвд байрлах бөс барааны тасагт нэг метр торго 2500-15 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Дундаж чанартай торго долоогоос есөн мянган төгрөг аж. Магнаг торго нэг метр нь 8000 төгрөгийн ханштай байна билээ. Дурдан бүс 1500-4000, дээлийн чисчүү дотор таван мянга, үйтэн хуар болон хантааз доторлодог даавуун дурдан гурван мянган төгрөгийн үнэтэй.  Үстэй дотор зузаан, нимгэнээсээ хамаараад  нэг метр нь таван мянгаас 12 мянган төгрөгийн үнэтэй бол хөвөнтэй даавуу нэг метр нь 4500 төгрөг гэж байлаа.

Мөн монгол, ээтэн, гоёлын гутлын үнэ ханшийг ч сонирхлоо. Ээтэн гутлыг бөөнд нь 50 мянгад худалдаж байгаа аж. Гоёлын загвартай гутал 40 мянгаас дээш үнэтэй байна лээ. Буриад гутал том хүнийх нь 40 мянган төгрөгөөс эхэлж байв. 32 угалзтай монгол гутал доод тал нь 100-220 мянган төгрөг гэж байлаа. Хүүхдийн гутал гэхэд үхэр, адууны арьсаар хийсэн нь 20 мянган төгрөгөөс дээш зарагддаг байна.

Харин дээр дурьдсан “Улсын их дэлгүүр”-ийн цагаан сарын бараа бүтээгдэхүүний тасагт монгол гутал нэг сая 200  мянган төгрөг гэж байлаа. Харин торго чанараа-саа хамаараад нэг метр нь 15-32 мянга, үйтэн хуар 20 мянган төгрөгийн үнэтэй байсан юм.

Урлагийнхан ч, төрийн түшээд ч цулгуй даавууг л сонгож байна

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын оёдолчин Д.Лхагва бол урлагийнхны гоёлыг урладаг уран гартан. Тэрээр жил бүр Цагаан сарын өмнө захиалга ихтэй байдаг. Түүнтэй энэ жил урлагийнхан болон түүгээр дээл, хувцсаа захиалан оёулдаг төрийн түшээд ямар загварыг голчилж буйг тодруулахад, “Төрийн түшээд, урлаг соёлынхон бүгд л цулгуй ноолууран материал сонгож байна. Гэхдээ төрийн түшээд элдэв чимэглэлтэй дээл өмсч болдоггүй учраас энгийн загвартайг, харин урлагийнхан “Хүннү” загвартай дээлийг сонгож байна даа” гэсэн юм.

0 Сэтгэгдэл
naadam , tsagaan saraar xarin ch mgl deeleeree goedog bolson bx shvv manaixan
Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжицгээе гээд байсан чинь аймаар үнэтэй юм байна лээ ш дээ
Tsagaan saraaraa deeleeree goytsgooy
tsagaan saraaraa vndesniixee huwtsas deeleeree goytsgooy
Хамгийн их уншсан