Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын төсвийн 1.7 их наяд төгрөг нь Уул уурхайгаас төвлөрнө

Манай улсын энэ оны улсын төсөвт  экспорт 78 хувиар нэмэгдэх бол импорт 17 хувиар өсөхөөр тооцсон. Тухайлбал, зэсийн баяжмал 1.1, нүүрсний экспорт 30 сая тоннд хүрнэ гэж төсөөлөв. Харин нийт экспортлох нүүрсний гуравны нэг нь угаасан нүүрс байна гэж үзсэн аж. Нүүрсний экспорт ингэж өсөх нь “Эрдэнэс Таван толгой”-н нүүрс олборлолт хоёр дахин нэмэгдэнэ хэмээн төсөөлсөнтэй холбоотой. Гэвч өнгөрсөн онд дээрх хэмжээний нүүрс экспортолно гэж тооцсон ч үнэ ханшийн уналтаас болж, дөнгөж 13 сая тоннд хүрсэн. Энэ онд ч нүүрсний үнэ ямар байхыг хэлэхэд эрт. Урд хөршийн гангийн үйлдвэрлэл, барилгын салбарын түүхий эдийн эрэлт нэмэгдэн сэргэвэл манай нүүрс болон төмрийн хүдэр, зэс, жоншны баяжмалын үнэ өснө гэдэг. Нөгөө талаар, “Эрдэнэс Таван толгой” компани олсон орлогоо “Хүний хөгжил сан”-д өгчихсөн тул эдүгээ нүүрс тээврийн хөлсөө төлж чадахгүйд хүрсэн. Цаашид үйл ажиллагаа явуулахад санхүүгийн хүндрэлтэй байдалд орсон гэдгээ мэдэгдсэн байгаа. Тэгэхээр энэ жил нүүрс олборлолт хоёр дахин нэмэгдэх эсэх нь бас л тодорхойгүй байна. Иймд улсын төсөвт нүүрсний оруулах орлого, экспорт бас л бага байх бөгөөд төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байж мэдэх нь. Харин зэсийн баяжмалын экспорт, түүнээс олох орлого нэмэгдэх талтай. Учир нь, Оюу толгойн хүдэр баяжуулах үйлдвэр ажиллаж эхэлсэн. Энэ хавраас анхны бүтээгдэхүүн нь зах зээлд гарна. Оюу толгой энэ онд 382 мянган тонн зэсийн баяжмал, 424 мянган унци алт, 802 мянган унци мөнгө үйлдвэрлэхээр төлөвлөж буй юм.

Энэ жил  зэсийг 1642, нүүрсийг 7-130 ам.доллараар хямд тооцжээ

Энэ жилийн улсын төсвийн орлогыг  хэт өөдрөг төсөөлж, зарлага нэмж хийгдсэн гэсэн шүүмжлэл дагуулж буй.  Улсын төсвийн орлого энэ жил 7.2 их наяд төгрөг. Үүний 24 орчим хувь буюу 1.7 их наяд төгрөгийг  уул уурхайгаас  оруу­лахаар тооцжээ. Харин Төсвийн тогтворжуулалтын санд 169 тэрбум төгрөг  төвлөрүүлэх юм. Энэ оноос бүрэн хэрэгжиж буй Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд улсын төсвийн орлогын гурваас дээш хувийг бүрдүүлж буй бүтээгдэхүүнүүдийг тодор­хойлоод дэлхийн зах зээлийн үнийн төсөөллийг баримталж, үнийг нь тэнцвэржүүлэн тооцохоор заасан байдаг. Сангийн яам энэ онд зэсийн баяжмал, нүүрсний экспортлох хэмжээ, үнийн төсөөлөл ямар байхыг гаргажээ. Тэгэхдээ өнгөрсөн онд  төсвийн тодотгол хийхдээ  тооцсон үнээс доогуур тогтоосон байна. Жишээлбэл, өнгөрсөн жилийн төсвийн тодотголд нэг тонн цэвэр зэс  7970, боловсруулсан нүүрс 166, коксжих нүүрс 102, чу­луун нүүрс 72 ам.долларын үнэтэй  хэмээн тооцсон аж.  Гэвч энэ жилийн улсын төсөвт цэвэр зэсийн  үнийг 1642, нүүрснийхийг  тонн тутамд нь чанар боловсруулсан байдлыг нь харгалзан үзэж, 7-130 ам.доллараар хямд  үнээр төсөөлжээ.

Иймд  нүүрс, зэсийн баяжмалаас улсын төсөвт төвлөрүүлэх татварын орлогыг  хэрхэн тооцсоныг дор өгүүлье. Тухайлбал,  945 мянган тонн зэсийн баяжмал экспортлох нь. Тэгээд нэг тонн цэвэр зэсийн үнэ дэлхийн зах зээлд 8152 гэж төсөөлөөд улсын төсөвт 6328 ам.доллараар тэнцвэржүүлэн тооцсон байна.  Ингээд зэсийн баяжмалаас нийт 457 тэрбум төгрөг улсын төсөвт оруулна. Үүнийг дотор нь задлаад үзвэл, нөөц ашигласны төлбөр 115, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр 153, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 44, ногдол ашиг 66, гаалийн татвар 76,  бусад татварт 900 гаруй сая төгрөг төвлөрүүлэх тооцоо гарчээ.

Энэ онд нүүрснээс 466 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлнэ. Жишээ нь, нөөц ашигласны төлбөрт 188, ногдол ашгаас 16, гаалийн татвараас 52 тэрбум төгрөг  олох тооцоо байна. Тэгэхдээ боловсруулсан нүүрс 5.8 сая тонныг экспортлох бөгөөд зах зээлд 161, төсөвт тусгасан тэнцвэржүүлэх үнэ нь 131 ам.доллар байна гэж үзжээ. Чулуун нүүрс 5.7 сая тонныг борлуулах нь. Уг нүүрсний зах зээлийн үнэ 85 ам.доллар гээд  нэг тонныг нь 65 ам.доллараар борлуулна гэж  үзжээ. Коксжсон нүүрс 14.4 сая тонныг экспортолно. Нэг тоннын зах зээлийн үнэ 96 ам.доллар байх бөгөөд  80 ам.доллараар улсын төсөвт оруулах орлогыг нь  төсөөлсөн байна. Харин алтнаас энэ онд 121, төмрийн хүдэр, газрын тос, жонш гээд бусад ашигт малтмалаас 170  тэрбум төгрөг  улсын төсөвт  тус тус төвлөрөх тооцоо хийжээ.

Энэ сард баримтлах нэг тонн зэсийн жишиг үнэ 7962 ам.доллар

Экспортод гарч байгаа ашигт малтмалын жишиг үнийг сар бүр тогтоож буй. Тэгээд цэвэр зэсийн үнийг гаргахдаа Лондонгийн металлын бир­жийн сүүлийн саруудын дун­даж үнийг харгалзан үздэг. Нүүрсний үнийг өнгөрсөн оны сүүлчээс эхлэн ирэх дөрөв­дүгээр сарын 01-ний өдөр хүртэл экспортлогч аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын гэ­рээний үнэд үндэслэн тооцох болсон. Мөн олон улсын жижиг үнэ тогтоодог бирж болон судалгааны эх сурвалж ашиглаж, 2007 оноос хойш дээрх жишиг үнийг гаргаж байгаа юм.

Энэ сард нэг тонн цэвэр зэсийн жишиг үнийг 7962, молибденийг  25144 ам.доллар гэж тооцжээ. Жоншны баяжмал 390, хүдэр нь агуулга чанараас шалтгаалж 200-239 ам.доллар байна. Төмрийн хүдрийн жишиг үнийг тогтоохдоо Австралын төмөр үйлдвэрлэгчдийн худалдааны гэрээг үндэслэж гаргажээ. Ингээд 58 хувийн агуулгатай нэг тонн баяжмал 110 ам.доллар байх нь. Алт, мөнгөний хувьд Монголбанкны тухайн өдрийн ханшийг  авч үздэг. Ашигт малтмалын үнэ тийм, ийм байна гэж хэн ч таашгүй. Олон улсын судалгааны бай­гууллагууд дэлхийн эдийн зас­гийн байдал, ашигт малт­малын хэрэглээний чиг хандлагыг ерөнхийд нь төсөөлөн гаргадаг. Судлаачид  энэ оны эхний байдлаар дэлхийн эдийн засагт сэргэлт ажиглагдахгүй байна хэмээж буй. Мөн Хятад, Энэтхэгийн эдийн засгийн өсөлт, тэлэлт нь энэ удаагийн хямралыг даван туулахад тус нэмэр болно гэж байгаа. Гэвч манай урд хөршийн эдийн засгийн өсөлт саарч буй билээ. Тухайлбал, өнгөрсөн оны сүүлчээр эдийн засгийн өсөлт нь 7.4 хувьд хүрсэн байна. Энэ сүүлийн 14 сарын хугацаанд хамгийн бага үзүүлэлт ажээ. Тус улс эдийн засгийн сааралтын эсрэг арга хэмжээ авч, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийх болсон. Иймд эдийн засгийн сааралт нь зогсох тал ажиглагдаж байна гэж судлаачид хэлж байгаа. Гэвч Хятадын худалдааны гол түнш Европын холбоо, АНУ-гийн эдийн засгийн нөхцөл байдлын улмаас төдийлөн өндөр өсөлт гарахгүй байх гэсэн дүгнэлт хийгээд байна.  Тэгэхээр ашигт малтмалын үнэ өсөхгүй гэж байгаа нь ортой л болов уу. Харин бүх хямдарчихгүй байгаасай. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан