Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.БАЯР ЭРГЭН ИРЖ НАМЫНХНАА БАЯРЛУУЛЖ, НААДАМД ОРОЛЦОХ УУ

Дээхнэ үед Даншиг наадмын босоо гэж байсан. Ямар ч наадамд зодоглосон өрсөлдөгчөө төвөггүй давж, түрүү магнай болдог нэгэн. Тэгвэл яг үүнтэй адил ардчилсан сонгууль түүнээс өмнөх дарангуйллын засаглалын үед босоо хэвээр байсан анхдагч улс төрийн хүчин  болох МАН  өнгөрсөн онд болсон гурван шатны сонгуульд өвдөг шороодлоо. Завсар өгөлгүй түрүүлсээр 90 орчим жил өөрийн ноёрхлоо тогтоосон. Гэвч аливаа зүйлд халаа сэлгээ байх ёстой тул энэ удаад тус улс төрийн хүчин ард түмний сонголтын өмнө өвдөг, тохой, магнайгаараа газар шүргэв. Тахимаа өгөхгүй гэж нэг хэсэг гүрийн, автомат санал тооллогын машинтай заргалдсан. Гэхдээ сонгуулийн үр дүнг өөрчилж чадаагүй. Яаж ч болох билээ дээ. Хэн нэгэн Дорж, Дондог, Дулмаа саналын хуудас тоолоогүй болохоор. Ийнхүү их, дунд, бага гурван наадамд удаа дарааллан өвдөг шороодсон нь хүчний дасгал бага хийсэнтэй холбоотой гэж улс төрийн намыг буюу “бөх” судлаачид ярих. Уг дүгнэлтээс иш татсан яриа, шүүмжлэл ч сүүлийн үед багагүй яригдах болов. Дан шуудагны барьцнаас далайцтай мэх хийх гэснээс унасан гэх.
Хариуцлагагүй мэх хийсэн ноёдыг ч халав. Гэхдээ тусыг эс олсон. Тодруулбал, шинэчлэгдэж, ардчиллын уур амьсгал намдаа оруулж байна хэмээн толгойлогч, ерөнхий нарийн бичгийн дарга нараа албан тушаалаас нь буулгасан ч олигтой салхи сэвэлзсэнгүй. Ор залгасан нь дээрдэх юм алга гэсэн бухимдал нам дотор нь үүсчихэж. Дасгалжуулагчийнхаа үүргийг сайн гүйцэтгэнэ гэж итгэж байсан ч өрсөлдөгчөө дийлсэнгүй. Аймаг сум, дүүргийн орон нутгийн сонгуульд ялагдчихлаа гэх. Тиймээс ч намын далбаан дороос зодоглосон бөхчүүд, хөгжөөн дэмжигчид нь сэтгэл дундуур явна. Тиймдээ ч уур бухимдлаа илэрхийлэн гомдлын үг хаяж явна.
Намынхаа нэрнээс Хувьсгалт гэдэг үгийг гээж, зүгээ буруулж, зам мөрөө буруу гаргаснаас бүх зүйл үүдэлтэй гэж зарим нь үздэг. Нэг хэсэг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нам дотроо хагарч, бутран АН-д төрийн тэргүүний сэнтийг алдсанаас мордохын хазгай болсон ч гэх шиг. Гэхдээ бүхнийг бусдад тохож, бурууг өөрөөсөө холдуулж, шаварт хутгалдалгүй гарах гэдэг нь хэн хүний гэм биш зан гэлтэй. Энэ л зарчмаар өөрсдөөсөө бүхнийг холдуулж, бурууг хэн нэгэнд үүрүүлэхээр зүтгэж байгаа нь тэр. Жишээ нь, АН автомат машинтайгаа хуйвалдаж байгаад ялсан гэж байгаа. Тэгвэл тэд сонгууль хэмээх улс төрийн хүрээнийхний хүчит бөхийн дэвжээнээ бяр чадлаа үзүүлэхгүй яав.
Ерөнхийдөө дараалсан дампуурал буюу ялагдал нь ардаасаа холдсон ардын намынханд шинэчлэл хэрэгтэйг харуулах. Үүнийг залуу гишүүд нь олоод харчихаж. Тиймээс ч МАН-ын Бага хурлын гишүүн Б.Ганхуяг, Н.Батсүмбэрэл нарын залуус МАН шинэчлэгдэх ёстой, дотоод зохион байгуулалт, бодлого, мөрийн хөтөлбөртөө өөрчлөлт хийх ёстой гэсэн байр суурийг намынхаа удирдлагад тавьсан байгаа юм. Үүнийгээ намынхаа 27 дугаар Их хурлаараа ярих юм байх. Уг хурлаар олиггүй дарга нараа халж сэлгэх ч тухай яриа түгжээ. Ийм дарга нартай Ерөнхийлөгчийн сонгуульд оролцвол төр тэргүүлэх суудлыг төвөггүйхэн алдана хэмээцгээж байна. Энэ сургаар намын даргын төлөөх марафон аль хэдийнэ эхэлж, элдэв мессэж ч нисгэсээр. Өнөөдөр тус намд товойж тодрох хүн Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нараас өөр алга гэх явцуу үзлийг халах гэнэ. Тэдний хийсэн гавьяа ч гэж үгүй. Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх томоохон бэлтгэл нь 27 дугаар Их хурал болж таарах нь. Гэхдээ хэн гэдэг “цолтой бөх” гарч ирэн намын дарга болох вэ гэсэн таамаг эцэс төгсгөлгүй үргэлжилнэ. Мөн улс орон даяар өрнөх Ерөнхийлөгчийн сонгууль хэмээх хамгийн том наадамд хэнийг өмнөө барьж, ялалт байгуулан шаварт хутгалдан, шалдаа буусан Ардын намын нэрийг тэнгэрт тултал өргө хэмээн зодоглуулах нь сонин.
Яахав намын дарга, ерөнхий нарийн бичгийг томилох бол асуудал биш. Хэн нэг гишүүн ч юм уу, эсвэл түшээ байсан хүнийг зөөлөн сандалд тухал хэмээн залчихна. Дээрх хоёр суудалд суух магадлал бүхий хүмүүсээр Я.Содбаатар, С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр тодорч буй гэнэ. Гэхдээ тэд улс орны төрийн тэргүүний суудалд өрсөлдөх хүмүүс биш. Яахав нам толгойлж, нарийн бичиг хийх боломжтой. Тэгвэл тус улс төрийн хүчнээс чухам хэн гэдэг аавын хүү намын тугаа атган улс даяар гүйх юм бол гэсэн асуулт өнөөг хүртэл хариу нэхэж байна.
Уг нь, нэгэн цагт их удирдагчаар ажиллаж байсан Н.Энхбаяр нүүр буруулж, өрх тусгаарлан, сэвтэй хэрэг хийж шоронд суугаагүй бол дахин өрсөлдүүлэх байж. Гэвч энэ өнөөдөр бололцоогүй. Тэгвэл сүүлийн үед алс холын АНУ руу эмчилгээнд мордсон, багахан хугацаанд нам, засаг хоёрыг хослон барьж асан, “номын ах” С.Баяр буцаж ирэх сураг дуулдав. Эмчилгээ нь дуусч, төгс эдгэрсэн тул улс төрийн барилдаандаа эргэн ирнэ гэх. Хэрэв ийм тохиолдолд иргэд түүнийг хэрхэн хүлээн авах бол. Алга хавсран угтах уу, эсвэл гэсэн асуулт ч гарах. Юутай ч МАН-ын 27 дугаар Их хурлын хэнгэргийг Бага хурлынх нь залуу гишүүд дэлдэж байна. Гарах шийдвэр, шийтгэл, ирэх сонгуульд нэр дэвших хүн хэн байх вэ гэдгийг л хүлээж суух үлджээ.

0 Сэтгэгдэл
bayar ch uulna lider hun yah argagui l mun l duu
S.Bayr gegch hun chin uls toroor halhavch hiij uldeh etssiin argaa heregleheer ireh sanaa baigaa. Gehdee tuunii zorig ni hureh bolovuu?
Yyl n mongold heregtei Hun de daanch manaihan Hun myylj l bval boldog humuus eh oron ene ter bol hamaagui bdag
Хамгийн их уншсан