Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.ЖАВЗМАА: ХОРГОДСОН МАЗААЛАЙГ МУЗЕЙД АВЧИРЧ ӨГВӨЛ ХОЙЧ ҮЕИЙНХЭНД ХЭРЭГТЭЙ

Байгалийн түүхийн музейн Эрдэм шинжилгээ, арга зүй, сан хөмрөгийн тасгийг хариуцсан эрхлэгч Н.Жавзмаатай Монголын ховор амьтан мазаалайн асуудлаар ярилцлаа.

-Байгалийн түүхийн музейд одоо мазаалайн ямар үзмэрүүд байдаг талаар яриагаа эхэлье?
-Одоогоор манай музейд мазаалайн гурван гавлын яс, нэг чихмэл бий. 1928 онд хамгийн анхны гавлын ясыг олсон. Дараа нь 1966 онд баавгайн чихмэл хийсэн бол 1988 онд хамгийн сүүлд өөр нэг гавлын яс олдож, одоо хүртэл хадгалагдаж байна.
-Та саяхан мазаалайн асууд­лаар төр, нийгмийн байгууллагууд оролцсон уулзалт дээр гавлын ясаар ангиллыг нь тодорхойлж болох тухай хэлж байсан. Энэ санаагаа тодруулахгүй юу?
-Мазаалайн чихмэл дотор баавгайн гавлын ясыг хийчихсэн байдаг л даа. Харин эхний болон сүүлчийн ясыг хооронд нь харьцуулж судалж болно. Бидэнд мэдэгдэж байгаагаар хоорондоо 60 жилийн зайтай олдсон яснууд том, жижиг байсан. Урьд нь мазаалайн амьдардаг газарт уур амьсгал сайхан, идэх хоол элбэг учраас хүнс тэжээлийн 70 хувийг мах эзэлж байж. Харин одоо хүнснийх нь 70 хувийг ургамал эзэлдэг болсон шүү дээ. Ер нь амьтны хүнс тэжээлийн чанар л ямар нэг өөрчлөлт, гаж зүйлийг үүсгэдэг. Мазаалайн бие, толгой жижиг болсон нь хоол тэжээлтэй ч холбоотой байж магадгүй. Гэхдээ мэргэжлийн хүмүүс нь судлаад тогтоовол илүү баталгаатай үр дүн гарна байх.
-Та бүхэн энгийн байдлаар судалсан гэсэн үг үү?
-Ерөнхийдөө тийм. Яагаад гэвэл би мазаалай судлалаар мэргэшсэн хүн биш. Мижиддорж гэдэг хүн мазаалайг голчлон судалдаг хэрнээ өнөөдрийг хүртэл манайд ирээгүй л байна. Бид судлуулж болох хоёр гавлын ясаа үзүүлж, хэмжүүлэхэд татгалзахгүй. Тэгээд өөрчлөлт, хөгжил, хувьсалд нь ямар өөрчлөлт гарсныг илүү тодорхой болговол цаашид авах ёстой арга зам гарч ирэхийг ч үгүйсгэхгүй шүү дээ. Нөгөө талаар мазаалайн үсний дээжийг авч генийн төвшинд судалсан гэсэн. Гэтэл манай музейн чихмэлээс бас үсний дээж аваад харьцуулан судалж болох байсан шүү дээ. Мөн л бидэнд хандаагүй.
-Судлаачдад нээлттэй байна гэлээ. Сүүлийн үед мазаалайг олон нийтэд таниулж, сурталчлах тухай ярих болсон. Ийм ажилд мазаалайн чихмэлээ ашиглуулах боломжтой юу?
-Болно. Үзмэрийн хөдөлгөөний маягт хийлгээд сан хөмрөгөөс түүнийгээ гаргаж авна. Тэгээд хэд хоног, хаана ашиглах тухай заасны дагуу ашиглаад хугацаанд нь багтаагаад, бүрэн бүтэн авчирч өгөх хэрэгтэй.
Ер нь, мазаалайгаа аваръя, үндэсний хэмжээнд хөдөлгөөн өрнүүлье, төрийн зүгээс ч анхааръя гэж ярьдаг. Гэхдээ энэ амьтан биологийнхоо хувьд биеийн үржил, цогц нь дуусч байгаа гэж эрдэмтэн Түмэннасан гуай хэлсэн. Нэг үгээр бол хүн амьд үлдэхийн хамгийн сүүлчийн тэмцлээ хийдэг шиг мазаалайн бие, цус нь сүүлчийн тэмцлээ хийж байгаа. Панда ч гэсэн тийм шүү дээ.
-Тэгвэл таны бодлоор ма­заалайг аврах боломж хэр байгаа юм бол?
-Мазаалайн судлаач биш болохоор мэдэхгүй байна. Гэхдээ амьтны нэг төрөл зүйлийн тоо 500-гаас доошоо орчихвол мөхлийн ирмэгт иржээ гэж үздэг. Гэтэл манай мазаалай 22 ширхэг болчихсон шүү дээ. Гэхдээ “Амьтан устсан ч гэсэн түүний генийг нь аваад үлдчихвэл өөр амьтантай үржүүлгэнд оруулж дахин төрүүлж авч болдог” тухай Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд их зөв хэлсэн. Мазаалайг аварч үлдэхийн тулд генийн ДНК-д төвлөрч, гадаадын лабораторт хээлтүүлэх эсвэл хэвлийдээ ураг тээсэн эм мазаалайг тэнд аваачиж асрах гэсэн арга байна. Бид тахийг ийм л аргаар аварсан шүү дээ. 1972 оноос хойш тахь харагдахаа байгаад одоо 40 жил өнгөрөхөд олон болж үржлээ. Амьдардаг газар нутаг нь хамгаалагчтай, хашаатай талбайд анх байсан бол дасан зохицоод ирэхээр нутагшилыг нь арай том болгосон. Үүний адил мазаалайн амьдрах орчинг тогтоох шаардлагатай. 1966 онд Баянхонгор аймгийн Шинэжинст сумаас гавлын яс олдож байсан бол 1988 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас нөгөө яс нь олдсон. Тэгэхээр ямар их  уудам, өргөн газар нутагт амьдардаг нь харагдаж байгаа юм.
-100 шахам жил болоход мазаалайн үзмэр их цөөхөн олдсон юм биш үү. Малчид, иргэд мазаалайн гавлын яс гэлтгүй бусад ясыг ч гэсэн олдог байх. Танайд авчирч өгдөг үү?
-Тийм явдал гардаг. Даанч хүмүүс хаана хандахаа мэддэггүй юм. Тийм учраас уулзалтын үеэр “Би муу ёрлож байгаа юм биш. Гэхдээ мазаалайн хоргодол гарвал яс, арьс гээд үлдэгдлийг нь манай музейд авчирч өгөөч ээ” гэсэн. Юм чинь эцсийн эцэст музейд л хоцорч, хойч үед танигддаг. Музейн үзмэрийг л тулгуурлаж судалгаа шинжилгээний ажил хийдэг шүү дээ. Гэтэл намайг музейн сан хөмрөгт зориулж ан хийдэг болохоор агнах тухайгаа л ярилаа гэж харсан байх. Би 16 настайгаасаа хойш аавтайгаа ан хийж эхэлсэн ч музейн сан хөмрөгийг баяжуулах, авч үлдэхийг хичээдэг юм. Өөрийнхөө ашиг сонирхлоор хэзээ ч ан хийгээгүй. Ер нь, Монголд ямар амьтан байсан, байгаагүйг одоо баримтжуулж авахгүй бол хожим музейгээс өөр хаанаас ч бодитоор нь харж, мэдэх боломжгүй. Миний төлөө биш хойч үеийн төлөөх ажил гэдгийг ойлгоосой гэж хүсдэг.
-Мазаалайн амьдрах хэв маяг, онцлогийн тухай ярихгүй юү?
-Баавгай их том биетэй хэрнээ төл нь их жижигхэн байдаг учраас төрөлтийн үед эхэд нь зовиур мэдэгддэггүй. Заримдаа ичээндээ унтаж байхад төл нь бойжоод, төрчихдөг. Нүдээ нээгээгүй, үс нь ч ургаагүй бамбарууш амьтныхаа зөн совин, байгалийн шалгарлаараа эхийнхээ хөхийг олж хооллоод амьд үлддэг. Тэгэхээр шалгарлыг давж чадаагүй бамбаруушнууд нь үхдэг байж болох юм. Ер нь, мазаалай нэг төллөхдөө ихэр мазаахай гаргадаг шүү дээ.
-Тэгвэл тэр төлийг нь үхүүлэхгүй авч үлдэж чадвал аврах боломж байгаа юм биш үү?
-Тэгж санагдаж болох юм. Гэхдээ байгалийн шалгарал шүү дээ. Ер нь, баавгай их болхидуу амьдралтай. Ихэнх хугацааг унтаж өнгөрүүлдэг. Мазаалайн идэш тэжээлийг нь харахаар махчин юм шиг хэрнээ өвсний үндэс ухаад идэх нь ч бий. Хурдан гүйж, давхидаг амьтдыг хөөж барьдаггүй болохоор ихэнхдээ жижиг амьтан иднэ, эсвэл ургамал. Ер нь, жилийн хамгийн хүнд хэцүү үе нь хаврын улирал. Ургамлын гарц ховор, бүх амьтан төллөчихсөн байдаг болохоор ойрхон олдох шувууны дэгдээхэй, амьтны зулзагыг идчихнэ. Харин зун болоход ургамлын гарцаа дагаад явчихдаг.
-Тэгвэл одоо ичээнээс гарахад нь нэмэлт тэжээл тавьж өгье гээд байгаа нь тун зөв ажил юм байна даа?

-Тийм ээ. Нэг сонирхолтой зүйл ярья. Баавгай махан хоолоо шууд идчихдэггүй 50-60 см гүн нүх ухаж булаад орхичихдог. Хэсэг хугацааны дараа тэрийгээ ухаж авахад газрын хөрс, нарны дулаанд ялзраад зөөлөн болчихсон хойно иддэг амьтан. Мазаалай ч ялгаагүй. Нэг хүн шоронгоос оргож яваад сураггүй болчихож. Тэгээд тэр хавиар явж байсан анчин газар суугаад, нүх ухаж байгаа баавгайг хараад буудаад унагачихсан гэнэ. Гэтэл ухаж байсан нүхнээс нь нөгөө оргодол хүн гарч ирсэн гэдэг. Тэр баавгай мазаалай биш ч гэлээ баавгайн идэшний сонирхолтой хэв маягийг харуулж байна. Одоо тэр баавгайн яс манай музейд бий.
-Танай музейнхэн эсвэл та өөрөө мазаалайн талаар ямар бо­долтой явдаг вэ?
-Урьд нь судлаач Эрдэнэбаяртай хамтраад сурагчдад зориулж “Говийн ховор амьтад буюу мазаалай” гэсэн сургалтын хөтөлбөр гаргаж байсан. Тэр хичээлийг өөрсдөө зааж явсан юм. Ер нь, одоо говь руу шахагдчихсан амьтад манай улсын унаган төрөл зүйлүүд байдаг. Мазаалай, хавтгай, хар сүүлт, хулан, бөхөн гээд бүгд манай улсаас өөр улсад байхгүй. Дунд сургуулийн хүүхэд, багш нарт амьтны тухай хичээл зааж, музей үзүүлж байсан.
Одоохондоо БОНХЯ-ны үйл ажиллагааг дэмжиж яваа. Яамнаас мазаалайг төрийн хамгаалалтад авахаар болсон нь их сайшаалтай хэрэг. Ер нь, манай салбарын яамны удирдлагууд байгалийн шинжлэх ухааны мэргэжилтнүүд гарсанд баяртай байдаг. Урьд нь, судалгааны ажил хийх гэхээр хэн хамгийн бага төсөв хэлнэ тэр хүний ажлыг сонгодог болохоос мэргэжлийн талаас шүүдэггүй байлаа. Бага мөнгөөр бага л ажил хийнэ шүү дээ. Харин одоо  асуудлын учрыг ойлгодог хүмүүс удирдаж байгаа болохоор ийм байдал өөрчлөгдөх байх.

Б.Цэдэв

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан