Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ИРГЭДИЙН 10 ХУВЬ НЬ Л ГАЗРАА ӨМЧИЛЖ АВЧЭЭ

Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр хуралдаж, Газрын тухай багц хууль болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын санаачилж өргөн барьсан Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдлээ. Уг хуулийн төслийг байнгын хорооны гишүүдэд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 6.3-т зааснаар бэлчээр болон нийтийн эзэмшлийн газраас бусдыг нь нь өмчлүүлж болно хэмээн зааж, 2002 онд УИХ-аар Газрын тухай хуулийг баталсан. Уг хууль одоо хангалтгүй байгааг үндэслэн иргэн бүрийн газар өмчлөх эрхийг баталгаажуулах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан аж. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар газар эзэмших хугацааг таван жил тутамд сунгаж байсан боловч ихэнх иргэн өнөөг хүртэл газар өмчлөх эрхээ эдэлж чадахгүй байгаа аж.
Мөн орон сууцанд амьдрах иргэд газар өмчлөх эрхээ эдлэх боломж хомс. Тиймээс энэ хуулийн шинэчилсэн найруулгыг есөн бүлэг 55 зүйлтэй хийж байгаа бөгөөд 2002 онд баталсан Газар өмчлөх тухай хуулийн үндсэн бүтцийг хадгалжээ. Энэ хуулийн төсөлд нэг иргэнд ногдох газрын хэмжээ, газар өмчлөх сертифакат олгох, ингэснээр хөрөнгийн зах зээлд хөрвөх чадвартай үнэт цаас байхаар тусгасан байна. Харин иргэдэд аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах газрыг нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулж олгохоор тусгасан аж. Мөн газрыг  хураах, сертифакатыг хүчингүй болгох, түдгэлзүүлэх заалтыг ч оруулж өгсөн байна. Төсөлтэй холбоотойгоор хууль санаачлагчаас гишүүд асуулт асуув.
А.Бакей: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай асуудал хангалтгүй байсан. Хууль батлагдсанаас хойш хуулийн хэрэгжилтийн хугацааг хоёр удаа сунгалаа. Ийм зүйл хийснээр ямар ч ахиц гарсангүй. Үүний гол шалтгааныг нь олчихвол бүх асуудал шийдэгдэнэ шүү дээ.
Ц.Оюунгэрэл: Газраа хувьчилж авахгүй удсан хэд хэдэн шалтгаан байсан. Эхний ээлжинд газар хувьчлалын зориулалт нь зөвхөн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар гэсэн заалт өмнөх хуульд бий. Иргэн гэр бүлийн зориулалтаар газар авлаа ч тухайн газраа оршин суухгүй бол буцаагаад хураачихдаг байсан. Хувьчилж байгаа юм шиг харагдаж байгаа ч эгүүлээд хураадаг байж. Тэгэхээр орон сууцны болон цэргийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй гээд өөрсдөө очоод хашаагаа хатгаж чадахгүй хүмүүс газаргүй үлдэж байсан. Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 90 орчим хувь нь газраа өмчилж аваагүй явна. Биечлэн очиж газраа ав гэсэн шаардлагаар явбал иргэн бүр газраа хувьчилж авч чадахгүй. Тиймээс уян хатан байх үүднээс хуулийн төсөл санаачилсан.  
А.Бакей: Газрыг нэг удаа сертификатаар олгох юм байна. Үүнийг үнэт цаас болгох нь. Цаашид зах зээлд хөрвөх чадвартай үнэт цаас болгохын тулд яах ёстой вэ. Энэ хуулийн төсөлд тусгаснаар иргэдэд газрыг гэр бүлийн, аж ахуйн нэгжийн зориулалтаар олгох юм байна. Газар тариалангийн бүсэд үүнийг яаж зохицуулах юм бэ.
Ц.Оюунгэрэл: Сертифакат дээр хэд хэдэн мэдээлэл тусгасан байх ёстой. Тухайлбал, газрын мэдээлэл орсон байна. Улаанбаатар хотоос газар авч байгаа бол тэр орчмын мэдээлэл, хэмжээ нь байгаа гэсэн үг. Сумын төвийн газрын хэмжээ том бичигдэх учраас үнэд хүрэх магадлалтай. Газар тариалан эрхэлж байгаа иргэд тухайн газраа өмчилж авахыг хүсвэл давуу эрхтэйгээр өмчилж авна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 300 гаруйхан мянган иргэн газраа өмчилж аваад буй аж. Тэдний ихэнх нь хот суурин газар буюу аймгийн төвд байгаа бөгөөд Монгол Улсын нийт хүн амын 10.8 хувь гэсэн.
Б.Бат-Эрдэнэ: Газар өмчлөхийн тулд иргэд хүсэлт гаргаж, дарааллын дагуу олгох юм байна. Хэрэв иргэдийн амьдрахыг хүссэн газарт өмчлөх газар дууссан бол сугалаагаар өгөх гэнэ. Ямар нэгэн хүндрэл үүсэхгүй юү.
Ц.Оюунгэрэл: Эхний ээлжинд олгож буй газар нь том, өргөдөл гаргаж буй иргэд  цөөхөн байвал дарааллын дагуу хүмүүс газраа өмчлөх эрхтэй. Харин Улаанбаатарын хувьд сугалаагаар газар өмчлөх байх. Учир нь, хүмүүс нь олон ч өмчлүүлэх газар бага байгаа. Жишээ нь, энэ жил 100 хүнд өмчлүүлэхээр боллоо гэхэд 200 хүн бүртгүүлсэн байвал сугалаанд оролцоод эхний 100 нь газраа өмчлөх эрхтэй болно. Мөн хамгийн эхэнд байгаа нь байрлалаа сонгох боломжтой. Тиймээс дараалал хоёр талтай. Цөөхөн хүн өргөдөл гаргасан тохиолдолд дарааллаараа авах юм.
Б.Бат-Эрдэнэ: Газар өмчлөлтэй холбоотой хууль гарсан ч сөрөг үр дагавар олон бий. Энэ хууль батлагдсанаар үүнийг хэрхэн арилгах юм. Газар хувьчилж авсан иргэдийн газар гадаадын хуулийн этгээдийн мэдэлд шилжсэн тохиолдол байна уу. Орон сууцны хөтөлбөрийн газрын ихэнхийг гадаадын иргэн худалдаж авсан байсан. Энэ талаар ямар зохицуулалт хийх юм. Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсийн газруудыг хөрөнгө мөнгөтэй гэр бүлүүд мэдэлдээ авчихсан. Гэтэл иргэд маань хамгийн үнэ цэнэ багатай, хүнд нөхцөл рүү шахагдаад байгаа. Баянхошуу, Толгойт, Цагаандаваанд иргэд маань бөөр бөөрөө нийлүүлээд гэрээ бариад сууж байна шүү дээ.
Ц.Оюунгэрэл: Одоогийн байдлаар газрын кадастрын зургийг авахуулах, хэмжүүлэх ажлыг иргэд өөрсдөө хийж байгаа. Энэ хуульд газрын корпорац бий болж байгаа. Уг корпорац газрыг нь шударгаар хэмжих, гадаадын иргэнд зарсан байвал илрүүлэх юм. Энэ байгууллага итгэмжлэгдсэн геодозийн байгууллагыг шалгаруулж, иргэдийн газрыг хэмжиж, тэмдэглэгээ хийж, шон тавина. Уг ажлыг хийснээр иргэдэд газрыг шударгаар эрх тэгш, нэг хэмжээтэй олгох бүрэн боломжтой гэж үзсэн. Харин гадаадын иргэнд албан ёсоор өмчлүүлсэн газар байдаггүй аж. Иргэд өөрийн газрыг гадаадын иргэнд ялангуяа шашны байгууллагын зориулалтаар ашиглуулж байгаа тохиолдол буй гэсэн.
Я.Содбаатар: Нэг иргэний өмчлөх газрын хэмжээ, дээд хязгаар хэд вэ. Учир нь, зарим хүн олон газар авчихаж магадгүй гэсэн болгоомжлол байна. Өмнө нь ийм явдал гарч байсан шүү дээ.
Ц.Оюунгэрэл: Нэг иргэний өмчлөх газрын дээд хязгаар гэсэн үгээрээ байхгүй. Энэ хуулийн төслийг АН-ын бүлгийн хурлаар хэлэлцэж байхад дээд хязгаар байх ёстой юм байна гэсэн санал гарсан. Тиймээс энэ талаар тусгаж өгөхөөр ярилцаж байгаа.
Я.Содбаатар: Газрын корпорац байгуулна гэсэн. Ямар үйл ажиллагаа явуулах юм. Газрын харилцаатай холбоотой аж ахуй, нэгжийн асуудал байх шиг байна.  
Ц.Оюунгэрэл: Газрын корпорац тогтоосон газар геодезийн байгууллагаар хэмжилт хийлгэж шон хатгуулсны дагуу өгч байгаа эсэхэд хяналт тавих юм. Мөн газрын сертифакатын биржийн харилцааг зохицуулах учиртай. Түүнчлэн газрыг гадаадын иргэнд өгөх, өөр бусад хууль бусаар ашигласан байвал хурааж авах эрхтэй. Одоо аль аймгийн ямар суманд хэдий хэмжээний газрын нөөц байгааг олон нийтэд цацах мэдээллийн субьект байхгүй учраас иргэд мэдээлэлгүй яваад байгаа. Энэ бүхэнд зохицуулалт хийнэ.
С.Дэмбэрэл:  Иргэн хүн газар авахад хэчнээн баримт бичиг бүрдүүлж байна вэ. Хэдий хугацаа шаардагдаж байгааг тодруулмаар байна. Хууль батлагдсанаас хойш иргэд өнөөг хүртэл газраа өмчилж авч чадаагүй байгаа гол шалтгаан нь юу вэ.
Ц.Оюунгэрэл: Газар өмчилж авахад нэг иргэн 1-6 жил зарцуулж байна гэж сонгуулийн үеэр олон нийт хэлж байсан. Хамгийн хурдан нь нэг жил. Яагаад ингэж удаж байгаа тодруулахад, хаана газар өмчлүүлэх нь тодорхойгүй учраас иргэд нэг газрыг сонгоод кадастар хийлгээд бичиг баримтаа бүрдүүлж байтал “Наад газар нь хүнийх юм байна” гэдэг гэсэн. Дахиад өөр газар сонгоод явсаар байтал 5-6 жилийн дараа өмчилж авдаг юм байна. Бид уг асуудалд зохицуулалт хийхээр хуулийн төсөл боловсруулсан.

С.Заяа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан