Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Алтанхуяг: Чалкод мөнгө төлөөд гэрээгээ цуцална

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг өнөөдөр хэвлэлийнхэнтэй уулзаж нээлттэй ярилцсан юм. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад бараг хагас жилийн хугацаа өнгөрсөн ч танхимын тэргүүн анх удаа хэвлэлд ам нээж байгаа нь энэ юм. Уулзалтын үеэр сэтгүүлчдийн асуусан асуултад Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэрхэн хариулсныг хүргэж байна.

-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны хэрэглээний үнийг тодорхой түвшинд барина гэж Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Гэтэл өнөөдөр өргөн хэрэглээнийн бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байна. Хэрхэх вэ?
-Засгийн газрын хамгийн их анхаарлаа хандуулж байгаа ажил бол бараа, бүтээгдэхүүний үнийг хазаарлах асуудал. Үнийн өсөлт гэдэг зүйл өмнө нь хазааргүй морь шиг явж ирсэн. Тиймээс бид Монголбанктай хамтраад өргөн хэрэглээний бараа буюу гурил, будаа, мах, нефть шатахууны үнийн өсөлтийг барих бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр үр дүнд хүрч байгаа гэж бодож байна. Хоёр хоногийн өмнө Үндэсний статистикийн газрынхантай уулзсан. Жилээс жилд, сараас сард бүтээгдэхүүний үнэ яаж өсч байсан бэ гэдгийг тэднээс сонслоо. Цагаан сарын өмнөх нэг сар, дараахь хоёр сард барааны үнийн өсөлт нэмэгддэг юм байна. Гэхдээ бид “үнэ өсдөг сар” гээд зүгээр суугаагүй. Үнийн өсөлтийг хязгаарлах таван хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудад тодорхой арга хэмжээ авсан. Үүнийг хэрэгжүүлсний үр дүнд үнийн өсөлт харьцангуй бага байна. Тав, арван төгрөгөөр нэмэгдсэн байна. Гэхдээ хуучин цаг шиг 50, 100, 200 төгрөгөөр нэмэгддэг байдал арилж. Нэг л жишээ дурдахад цагаан сарын өмнө махны хэрэглээ ихэсдэг учраас нөөцийн махнаасаа борлуулаач ээ гэсэн шаардлагыг тавьсан. Ингэснээр махны үнийн өсөлтийг тодорхой хэмжээнд барьж чадна. Хэрвээ алдаа дутагдал гарвал дор бүр нь засаад явна.  
-Эрдэнэс Таван толгой компанийн орлого зарлага ямар байгаа вэ. Өр ихтэй байгаа учраас олборлолтыг нь зогсоосон гэсэн мэдээлэл байна. Түүнчлэн “Чалко” компанитай хийсэн гэрээг сайжруулах ямар боломж байгаа юм бол?
-Би та бүхэнд хоёр тоо хэлье. Таван толгой гэдэг компани арилжааны банкуудад 110 тэрбум төгрөгийн өртэй. Арилжааны банкинд өртэй байна гэдэг сар бүр хүү нь төлнө гэсэн үг. Хоёрдугаарт “Чалко” компаниас 350 сая ам.доллар авсан. Түүнээс үлдсэн өр нь 190 орчим тэрбум төгрөгт хүрсэн. Ингээд нийт 300 орчим тэрбум төгрөгийн өр Таван толгойн нэр дээр байна. Тиймээс л Тавантолгой гэдэг компани өөдлөхгүй байгаа юм. Дээрээс нь арилжааны банк, “Чалко” компаниас авсан зээл бондын хүүнээс өндөр юм. Хүний хүнээс авсан зээлдээ өндөр хүү төлөөд суугаад байх уу, бондын мөнгөөрөө түүнийг төлөх үү гэдэг хүнд асуудал тулгараад байна. Өчигдөр бондын асуудлаар бодлогын зөвлөл хуралдахад энэ тухай санал мөн гарсан. Ингээд өрийг нь дараад үйл ажиллагааг нь үргэлжлүүлье гэхээр мөн л гацаанд орчихоод байна. Учир нь “Чалко”-той хийсэн гэрээ Таван толгойд тэр дундаа Монголд хохиролтой гэрээ байгаа юм. Нэгдүгээрт, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд 100 төгрөг байвал 70 төгрөгөөр өгнө гээд заачихсан. Тэгэхээр энэ гэрээнээс салахаас өөр арга байхгүй. Гэрээнээс салъя гэхээр бас л тэр компанид мөнгө өгөхөөр болчихоод байгаа юм. Хорлон сүйтгэх гэж байгаа юм шиг ийм гэрээ хийгдчихсэн байгаа. Гэхдээ ямар нэгэн аргаар асуудлаас гарна. Тэр компанид нь мөнгийг нь төлөөд гэрээнээсээ татгалзана. Засаг ийм шийдтэй байна.
-Чалкогийн гэрээг бүрэн эхээр нь ил болгож болох уу. Энэ гэрээ нууцын зэрэглэлд байна уу. Үүнийг ил болгочихвол хариуцлага тооцох хүнийг ил болгоно шүү дээ?
-Мэдэхгүй. Нууц биш бол ил болгоё.
-Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дарханд байгуулах нь хэр оновчтой юм бэ. Шав тавьсанаас хойш ямар нэгэн ажил хийгдээгүй байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Нефть боловсруулах үйлдвэр барья гэж арав гаруй компани саналаа өгч хоёр, гурван удаа манай өрөөнд ирж танилцуулга хийсэн. 50 мянга, 100 мянга, 300 мянган тонн түүхий эд боловсруулна гэсэн олон өөр санал орж ирж байна. Ингээд сайд нартайгаа сууж ярилцаад “Дархан газрын тос” гэдэг үйлдвэрийг дэмжих нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Үүнийг өмнөх Засгийн газар дөрвөн жил яриад шийдээгүй. Тиймээс Дарханд жилд хоёр сая түүхий нефть боловсруулдаг үйлдвэрийг баръя гэсэн шийдвэрийг Засгийн газраас саяхан гаргасан. Ирэх хоёрдугаар сард Япончуудтай гэрээ хийж 2015 он гэхэд ашиглалтад оруулахаар ажиллана. Яагаад Японыг сонгосон бэ гэхээр хямд зээлээр санхүүжүүлье гээд байгаа юм. Тэгэхээр ирэх хоёрдугаар сар гэхэд газрын тосны үйлдвэрийг хаанаас санхүүжүүлэх юм, төр хэдэн хувь эзэмшиж яаж оролцох вэ гээд бүх зүйл тодорно. Зарим хүмүүс түүхий нефть Оросоос авахаар шатахуун импортолж байгаагаас ялгаагүй гэж үзээд байгаа юм билээ. Үнэндээ хамгийн их ялгаатай. Учир нь хоёр сая тонн нефть нэрэх хүчин чадалтай үйлдвэр барилаа гэхэд 50 хувийг нь дотоодоосоо олборлох боломж байгаа юм.
-Манай улсад ОХУ-ын талаас жижиглэнгээр шатахуун барих станц байгуулах санал тавьсан гэсэн. Үүнд Засгийн газрын бодлого ямар байна вэ?
-Сүүлийн 4-5 жил энэ асуудал яригдаж байгаа юм. ОХУ заримдаа “Танайд манайх шатахууны жижиглэнгийн станц баръя” гэсэн саналыг тавьдаг. Монгол Улс үүнд нь нэг л хариулт өгдөг. Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын компаниуд жижиглэнгийн хулдалдаа эрхлэх боломжгүй юм. Харин бөөний худалдааг эрхэлж болно.
-Хууль зөрчөөд байгаа Н.Удвал, Ж.Эрдэнэжамъян нарт ямар хариуцлага хүлээлгэх вэ. Засгийн газрынхаа хувь заяаг бодоод чимээгүй хараад суух уу?
-Хууль зөрчиж байгаа бүх хүнтэй хариуцлага тооцож ажиллана. Тэр хүн тийм байдлаар хууль зөрчлөө гэдэг асуудал одоохондоо Засгийн газрын чихэнд ирээгүй байна. Ам дамжин яригдаж байгаа асуудлын хойноос Засгийн газар хөөцөлдөөд байвал ажил урагшлахгүй. Тэгэхээр яг ямар хууль зөрчиж байгааг оруулж ир. Нотлогдож байвал хариуцлага тооцьё гэж байгаа.

Төмөр замын цариг Н.Алтанхуяг, М.Энхсайхан, Х.Баттулгын асуудал биш

-Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого нь өргөн царигтай гэж батлагдсан. Гэтэл сүүлийн үед өргөн нь ашигтай, нарийн нь ашигтай гэж хэдэн хүн хоорондоо дайн зарлах боллоо. Үүнд Засгийн газрын тэргүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Төмөр зам ямар царигтай байхыг Н.Алтанхуяг, М.Энхсайхан, Х.Баттулгын аль нэг нь мэддэг юм биш. Төрөөс баримтлах бодлогтой тусдаа асуудал. Төмөр зам гэдэг УИХ-аас баталж өгсөн өргөн царигийн тухай ойлголт юм. УИХ шинээр баригдах төмөр замын цариг өргөн байна гээд шийдчихсэн юм. Нэг жижигхэн ойлголт байгаа нь уул уурхайн бүтээгдэхүүн шууд экспортод гарахаар байвал ямар царигтай байлгахыг нь Засгийн газар, УИХ-д оруулж шийдүүл гэж заасан. Тиймээс маргах зүйлгүй. Зарим нэг хүн нарийн царигтай байвал эдийн засгийн ашигтай юм биш үү гэдэг яриа гаргаж магадгүй. Өргөн болоод нарийн царигийн аль алиныг нь эдийн засгийн ашигтай гэж гаргадаг томъёолол байдаг. Түүнээс нэгийг нь барьж аваад яриад байх нь зохимжгүй.  
-Монголын төмөр зам компанийн дарга М.Энхсайханыг халсан шалтгаан нь юу вэ. Мөн Төрийн өмчийн хорооны даргыг ажлаас нь чөлөөлсөн нь М.Энхсайхантай холбоотой юу?
-М.Энхсайхан сая томилогдоод халагдсан. Томилохдоо Ерөнхий сайдад хэлсэн, халахдаа хэлээгүй. Нэг л зарчмаар явмаар юм. Томилохдоо Ерөнхий сайдад танилцуулсан бол халахдаа ч гэсэн танилцуулж баймаар. М.Энхсайханыг халахдаа Засагт мэдэгдээгүй болохоор Төрийн өмчийн хорооны даргыг ажлаас нь чөлөөлсөн.
-Нарийн өргөн царигийн яг аль нь эдийн Засгийн ашигтай юм?
-Аль нь ашигтай вэ гэдэг харьцангуй ойлголт. Эдийн засгийн байдлыг нь чухалчилбал Хятадаас Монгол руу нарийн төмөр зам орж ирсэн ч монгол өөрөө өргөн төмөр замтай. Ашгийг нь хараад нарийн төмөр зам тавилбал ачиж буулгалгүйгээр хил давуулчихна. Энэ нь нэг талын ашиг. Гэхдээ үүнийг эдийн засгийн ашиг гэж УИХ хараагүй байна.

Бид шүүмжлэлийг хамгийн сайн хүлээж авна

-Ер нь, энэ Засгийн газар хэр нээлттэй ажиллах вэ. Шүүмжлэлийг хэрхэн хүлээж авч байна вэ. Ингэж асуухын учир, сайтуудын сэтгэгдлийн араас хөөцөлдөөд эхэллээ л дээ. Энэ нь ардчилсан биш харин ч коммунист хэлбэрээр шийдээд байх шиг байна?
-Энэ Засгийн газрын нэг онцлог нь бид өөрийгөө гоё болгож харагдуулах ямар ч бодлого байхгүй. Тиймээс сар бүр “Шинэчлэлээр шийдье 222” гэдэг уулзалтыг иргэдтэйгээ хийж та нар сайн шүүмжлээд өгөөч гэж байгаа. Сардаа ганц шүүмжлүүлэх нь дэндүү хол байгаа учраас өдөр бүр “11-11” төвөөр шүүмжлэл хүлээн авч байна. Таван сарын хугацаанд 26 мянган иргэн хандсан байна. Үүний 80 хувь нь шүүмжлэл байгаа. Энэ шүүмжлэлийг Ерөнхий сайд өглөө бүхэн сонсдог. Энэ шүүмжлэлийг сонсдог учраас “Тэнд тэр нь болохгүй байна” гэж мэдээд байгаа юм. “11-11” төвийг сонсч байгаа учраас нүүрсний үнэ, шуудай, хадгаламж зээлийн хоршоод болоод Зэс эрдэнийн хувийн гишүүдтэй уулзаж асуудлыг нь шийдсэн. Тэгээд ч манай Засгийн газар иргэд нь асуудал ярьж жагсаж байхад дарга нар нь өөр асуудлаар хуралддаггүй байхыг эрмэлзэж хамтраад бүгдээрээ хэлэлцээд явахыг чухалчилж байна. Тиймээс бид шүүмжлэлээс айгаад байгаа юм биш, өшөө их шүүмжлээрэй л гээд байгаа. Сайтуудын хувьд та нар өөрсдөө бодож тунгаа. Бид дуугүй байхыг эсэргүүцэж гарч ирсэн хүмүүс. Тэгэхээр хэн нэгний дуу хоолойг хаах ямар ч сонирхол байхгүй. Ганцхан хариуцлагатай л баймаар байна. Та нар “Өдрийн сонин”-ы тэр байна гээд нээлттэй асуултаа асууж байна. Тэрэн шигээ нэрээ хэлээд нээлттэй асуудлаа бич л дээ. Юундаа нууцлаад байгаа юм. Нэргүйгээр бусдыг гутаан доромжилдогоо болилдоо. Гутаан доромжилно гэдэг ардчилал биш анархизмын дээд хэлбэр. Улс төрийн акц ирэхэд 50-60 хүн суулгаад сэтгэгдэл бичүүлдэг болсон. Үүнийг нь хаахын төлд сөрөг нам нь мөн тооны хүнээр няцаалт бичүүлж байна. Үүнийг л зохицуулъя гэж байгаа. Түүнээс хаая, хяная гээд байгаа юм биш. Гэхдээ одоо Сайтуудын холбоо энэ асуудлаа шийдэхээр болсон.
-Засгийн газрын бүрэлдэхүүн яам, агентлагуудын ихэнх даргыг түр үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Хэзээ жинхэнэ дарга болгох вэ?
-Би муу юм ярих дургүй. Гэрэл гэгээтэй зүйл яриад л урагшаа явчихмаар байдаг юм. Гэхдээ болохгүй зүйлийг нь ярьж, ял шийтгэлийг нь өгөх ёстой юм байна гэж харлаа. Яагаад үүрэг гүйцэтгэгч тавьж байгаа юм гэдэг асуудал эхнийх нь. Өмнөх Засгийн газар нэг албан тушаалд нэг хүнийг тавиад мөнхрүүлсэн. Төрийн нарийн бичгийн даргын суудалд л гэхэд мөнгө төлж очоод мөнхөрч байна. Тэд нар нь дуртай зүйлээ гурван минутын дотор хийдэг дургүй асуудлаа гуч хоног дардаг. Ийм хүмүүстэй бид шинэчлэлт өөрчлөлт яриад суух боломжгүй. Дээр нь өчнөөн мөнгө идсэн хэрэг, дуусаагүй бүтээн байгуулалтын булхай энэ хүмүүстэй л холбоотой. Та нар Яармагийн 300 ээжийн төрөх эмнэлгийг хараарай. Сэтгэл эмзэглэмээр. Түүнийг хэн гэдэг төрийн анрийн бичгийн дарга мөнгийг нь гаргаж луйвардаад сараалж болгочихоод сууж байгаа юм. Халуун, хүйтэн, бохир, дулаан байхгүй байж 10 хэдэн тэрбум төгрөг зарцуулчихсан байна. Ийм л сэтгэлгүй хүмүүс ямар ч шинэчлэлт, өөрчлөлт, Монголын төлөө гэсэн сэтгэл гаргадаггүй юм. Оронд нь үүрэг гүйцэтгэгч тавихгүй өөр яах юм. Мөн төрийн албан хаагч гэдэг нэрээр улс төрийн ажил хийгээд байх юм.  
-Улстөржилт тасрахгүй нь. Нэг нам нь ялахаар олон зуун төрийн албан хаагчийг халдаг жишиг байна. АН ч ийм л ажил хийсээр таван сарын хугацааг үдлээ?
-Нэг мэргэжилтэн халсан гэдэг асуудлыг нэр устай нь гаргаад сайд дээр нь оч. Харин газар, агентлаг, төрийн нарийн бичгийн дарга нар халагдаад явсандаа баярлах ёстой. Тэд заргалдаж байна уу. Заргалдахгүй л байгаа биз дээ. Болох, бүтэхгүй ажил хангалттай хийсэн. Угаасаа манай Засгийн газрын хурдыг гүйцэж, ил тодыг хангаж ажиллах хүн байгаагүй. Тэгэхээр өөрчлөхөөс өөр яах юм. Өглөө найман цагт босцгооё гэсэн чинь босохгүй байсан байхгүй юу. Арван цагт ажилдаа ирж байгаа юм. Муу л бол баруун талын бор овоохой гэдэг шиг төрийн албан хаагчдыг хоморголон халлаа гээд байгаагаас биш яг яагаад халагдсан гэдгийг нь гаргаад үзээрэй. Бямба гаригт ажиллаад байхдаа яадаг юм гэж хэлээд халагдах өргөдлөө өгсөн хүн хүртэл байгаа.
-Ардчилсан төрийн хаалттай засаг гэж хэлэгдэх болсон бас нэг шалтгаан нь телевизүүдийг хаах тухай асуудал...
-Монгол Улс 100 гаруй телевизтэй. Үүнийг сонгуулийн өмнө зохицуулах газраас нь үзээд шаардлага хангахгүй байгаа телевизүүдэд зөвлөмж хүргүүлсэн. Иргэдэд үйлчилж байгаа юм чинь дүрсээ ингэж чанаржуул гээд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүл гэсэн юм байна лээ. Мөн шууд хаана гэж хэлээгүй юм гэсэн. Алдаа зас гээд хугацаа өгчихсөн байсан. Үүнийг би эрүүл үзэгдэл гэж үзэж байгаа. Ер нь Монгол Улсад 100 суваг байх шаардлага байгаа юм уу. Телевизүүдийн хэлээд байгаачлан “Аажимдаа үхэх байлгүй” гээд хараад байж болохгүй. Аав, ээж, хүүхэд гурав зэрэгцээд үзэх боломжгүй нэвтрүүлэг битгий цац л даа. Аав ээжийнхээ эзгүйд хүүхдүүд замбараагүй юм үзчихээд байна. Яагаад бид нийгмийн өмнө хариуцлага хүлээж болохгүй гэж. Бид энэ дэлхийд 60-70 жил л амьдарна. Харин залгаад үр хүүхэд маань амьдрах учраас садар самуунгүй, алаан хядаангүй, гэрэл гэгээтэй нийгмийн төлөө л ажиллах ёстой. Засгийн газар ийм байр суурьтай байгаа. 1993 онд Японд би очоод их гайхсан. Нууцгүй хэлэхэд буудалд нь төлбөртэй нэвтрүүлгийг нь үзсэн юм. Төлбөртэй нэврүүлгийг үзэхэд харъя гэснийг нь харуулахгүй дарж хаячихаад байсан. Тэгэхээр бид ёс зүйг яривал яасан юм.
-Чингис бондоор санхүүжүүлэх төслүүд бэлэн болсон уу?
-Чингис бондын хүү өдрөөс өдөрт өсөөд байгаа юм байхгүй. Монголбанкинд менежментийг нь өгчихсөн. Монгол Улс 2,7 тэрбум валютийн нөөцтэй. Түүн дээр 1,5 тэрбум ам.доллараа нэмээд 4,2 тэрбумын менежмэнтийг Монголбанк хийж байгаа. Төсөл бэлэн боллоо одоо мөнгөө өг гэхээр гаргаад ирнэ. Өнөөдийн байдлаар гурван төсөл бэлэн болчихоод байгаа. Тодруулбал, зургаан аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбох, Таван толгой дээр барих цахилгаан станц, төмөр зам. Таван толгойгоос гашуун сухайт хүртэлх төмөр замын зураг нь бэлэн болсон учраас тэр хэсгийг хөдөлгөх болно.  
-Оюу толгойн гэрээг өөрчлөх асуудалд таны байр суурь ямар байдаг вэ. Өөрчлөх үү?
-Анхны хөрөнгө оруулалт 4,4 тэрбум ам.доллар яагаад 6,7 тэрбум ам.доллар болчихоод байна. Үүний учрыг олж байж цаашаа явна. Түүнээс эх оронч гишүүн, эх оронч биш гишүүн гэж байхгүй. Бид бүгд л нэг эх оронд амьдарч байгаа.

Зургаан хувийн хүү бол хүсээд байх зүйл биш

-Өмнөх Засгийн газрын үед зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл гаргасан. Гэсэн ч үүнээс болж олон хүн хохироод байна. Урьдчилгаа мөнгөө өгсөн хэрнээ байраа авч чадаагүй хүн олон байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Орон сууцанд нэг тоо хэлье. Энэ бол гарцаагүй үнэн. Ерөнхий сайдаар ахлуулаад иргэдийг орон сууцаар хангах үндэсний хороо ажиллаж байна. Гурван ажлын хэсэг ажиллаж байна. Нэгдэх ажлын хэсэг буюу шинэ газарт орон сууц барих бодлогыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан ахалж байгаа. Хоёр дахь нь, гэр хорооллыг яаж дахин төлөвлөж, байшин барилга барих вэ гэдгийг хотын дарга Бат-Үүл ахалж байна. Харин гуравдахь нь урт хугацаанд иргэдээ орон сууцжуулах зээлийг хэрхэн өгөх вэ гэдгийг тодорхойлсон бодлого боловсруулж байна. Иргэдийг буруутгаж болохгүй л дээ. Зургаан хувийн хүүтэй зээлд маш олон хүн хамрагдсан. Тэгээд хашаа байшингаа зараад байрны урьдчилгаа өгсөн байх. Нэг талдаа бэлэн болсон байр нь 1000 гаруй байхад зээл авах хүн нь 4000 байсан. Үүнээс болоод байрны метр квадратын үнэ өссөн. 900 мянган төгрөг байсан бол 1,5-1,7 сая болж өссөн. Энэ нь иргэдийг хорлож байгаа юм. Яагаад гэхээр нэг метр квадрат нь 1,5 сая төгрөгийн үнэтэй байрыг зургаан хувийн хүүтэй авах, нэг метр квадрат нь нэг сая төгрөгийн үнэтэй байрыг жилийн 12 хувийн хүүтэй зээлээр авах ялгаагүй, адилхан. Иргэд үүнийг мэдээгүй. Энэ бол иргэдийн буруу биш. Тиймээс үүнийг Засгийн газар хазаарлах арга хэмжээ авна. Бидний бодлого юу вэ гэхээр хоёр аргаар дэмжлэг үзүүлнэ. Эхнийх нь барилга барих гэж байгаа компаниудыг дэмжиж дэд бүтцийг нь шийдье, харьцангуй бага хүүтэй зээл өгье. Гэхдээ нэг зүйл дээр тохирно. “Чи байрныхаа метр квадратын үнээ буулга. Хэрэв буулгахгүй бол чи метр квадрат нь 2 сая төгрөгийн үнэтэй байраа бариад, дэд бүтцээ өөрөө шийдээд зар” гэсэн шаардлага тавьж  байгаа юм. Засаг үүнийг дэмжихгүйгээр байрны метр квадратын үнийг буулгаж чадна. Гэхдээ 1,5 сая биш шүү, 1-1,5 сая төгрөг болгон бууруулна. Энэ бол иргэдээ дэмжиж байгаа юм. Тэгэхээр зургаан хувийн хүүтэй зээл бол хүсээд байх зүйл биш л дээ.
-Хүүхдийн өвчлөл их байна. Гэтэл хүүхдийн эмнэлгийн хүрэлцээгүй байгаа. Тэгэхэр хүүхдийн эмнэлэг барьж байгуулах тал дээр ямар бодолтой явна вэ?
-Эмнэлгийн асуудал дээр хэд хэдэн зүйлийг ярина. Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг цаашид дотооддоо хийдэг болгоё гээд өнгөрсөн оны төгсгөлд хоёр тэрбум төгрөг шийдсэн. Өнөөдөр Монголд цусны өвчтэй хүн ямар ч эмчилгээгүй болчихож. Тиймээс монголдоо чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг 24 тэрбум төгрөгийг шийдсэн. Ирэх намраас чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг хийнэ. Хүүхдийн асуудлаар Эх нялхаст Перинатрат төвийг бий болгох гэж байна. Энэ нь эхийн гэдсэнд таван сартай байхаас мэндлээд нэг сар болж байгаа хүүхдэд анхаарал хандуулах төв юм. Агаарын бохирдол, химийн бодис, бордоо гээд янз бүрийн зүйлээс ураг гажигтай гардаг болж. Тиймээс эхийн хэвлийд байх сүүлийн таван сард, мэндлээд нэг сар болох хугацаанд оношилно. Тэгэхээр ургийн гажигтай хүүхдүүд эхийн хэвлийд байхдаа, мэндэлснээс хойш нэг сарын дотор оношлогдоно гэсэн үг. Энэ бол шоу биш ээ. Бид хийж байгаа ажлаа та нарт хийж амжихгүй байна. Ирэх долоо хоногт Удвал сайдтай би хамт явах юм. Нэгдүгээр төрхийн хажуугийн 150 ортой төрхийн эмнэлгийг үзнэ. Мөн Яармагт байгаа эмнэлгийн барилгыг шийднэ. Ингэвэл 300 эх зэрэг амаржих боломжтой. Нийслэлд дахин нэг эмнэлэгт байгуулаач гэж хүсч байгаа юм.
-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг хүүхдийн болон төрх эмнэлэг болгох боломжтой гээд байгаа. Засгийн газар шийдвэр гаргаж үүнийг шийдэж болох уу?
-Хүүхдийн эмнэлэг зайгүй болчихоод байгаа зүйл байхгүй. Байгаа юмаа ашиглах ёстой, ашиглалтад оруулах ёстой. Яармагийн эмнэлэг л гэхэд өнөөдөр ашиглалтад орсон байх ётсой юм. Тэгэхээр хэдүүлээ хамт яваад үзэх хэрэгтэй байна. Эхлээд цэргийн эмнэлгийн байрыг үзэх хэрэгтэй. Дараа нь, яамны эмнэлэг, нэгдүгээр эмнэлгийн өргөтгөлийг үзэх ёстой. Ингэж олон талаас нь ярьж байж шийдвэр гаргах ётсой юм. Түүнээс мухар шийдвэр гаргах хэрэггүй. Цэргийн эмнэлгийн 60-70 тэрбум төгрөгөөр босч байгаа, Төрийн албан хаагчдийн эмнэлэг 40-50 тэрбум төгрөгөөр босч байна. Тэгсэн хэрнээ манайхан олигтой оношлохгүй л байна. Мөн бүх эмнэлэг оношлогооны аппараттай болох гээд л... Үүнийгээ болиод нэг эмнэлэг дээрээ хүн хүчээ төвлөрүүлээд, нэгэн дээр нь тоног төхөөрөмжөө төвлөрүүлэх хэрэгтэй.
-Түлэнхийн төвийн асуудал хүнд байна. Байшин нь ашиглах боломжгүйгээс Гэмтлийн эмнэлгийн нэг буланд нь байрлаж байгаа гэсэн. Үүнд анхаарал хандуулж байна уу?
-Ёстой мэдэхгүй асуулт байна. Салбарын сайдаас нь тодруулж байгаад хэлье.
-Та сая хөрөнгийн бирж дээр очсон. Лондонгийн хөрөнгийн бирж, Монголын хөрөнгийн биржийг аваад хоёр жилийн хугацаанд юу ч шинэчлээгүй. Ингэж шинэчлээгүй байхад та энэ салбарыг хөгжүүлэх талаар ямар бодлого барьж байна вэ?
-Хөрөнгийн бирж үнэхээр өөрчлөлт хийж байгаа үгүй юу гэдгийг ярилцаж болно. Би хөрөнгийн бирж дээр очиж баяр хөөртэйгөөр тууз хайчилсан нь үнэн. Яагаад гэхээр Хөрөнгийн биржийг хөгжүүлэх ёстой. Монголчууд өнөөдөр банкинд л мөнгөө хадгалуулдаг. Мөнгийг хөдөлгөдөг газар хөрөнгийн биржээс өөр газар алга. Манай хөрөнгийн бирж бол олон улсын сүлжээнд л нэгдэж байгаа юм.
-Засгийн газарт эсвэж орсон МАХН шантаажаар ажилладаг болж. Тухайлбал, Засгийн газраас гарна гэж бужигнасан. Саяхан л гэхэд ээжүүд өлсгөлөн зарлаж шантаажиллаа. Засгийн газрын тэргүүний хувьд МАХН-аас томилогдсон сайд нарыг хэрхэн анхаарч байна вэ?
-Би өөр намын асуудлыг хэлж мэдэхгүй. Засгийн газар шинэчлэлийг хийе гээд МАХН, МҮАН, ИЗНН-тай хамтарсан. Засгийн газрын тэргүүний хувьд энэ танхимд багтаж байгаа хүмүүсийг урдах ажлаа хийхийг л шаарддаг. Харин намынхаа ажлыг хэрхэн хийж байгаа нь надад хүртээлгүй зүйл. Та хэвлэлээр бичсэн байна билээ. Алтанхуяг сайд Тэрбишдагвал сайдыг хөдөө хөөж явуул гэж бичсэн байсан. Би явуулсан шүү. Шадар сайд таван аймгаар яваад ирсэн. Ажил хийдэггүй сайд нартай баймааргүй байна аа. Мөнгө устгадаг сайд нар хэрэггүй.
-Сүүлийн үед МИАТ-ын асуудал анхаарлын төв байна. Ер нь, цаашид МИАТ-ыг хэрхэх юм бэ. Мөнгө угаасан хэрэг сүүлийн үед гарах боллоо?
-Надад нарийн мэдээлэл алга. Гэхдээ хэрэв ийм хэрэг байгаа бол шалгаад гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулах нь зөв. Ер нь, төрийн өмчийн компаниуд мөнгө иддэг уурхай болсон нь нууц биш. Тавантолгойн хувьд зөвхөн гэрээний тухай ярилаа. Гэтэл энэ компанид 6-7 тэрбум төгрөгийн үнэтэй дугуй шахсан байх жишээтэй. Тиймээс төрийн өмчийн компаниудын нээлттэй ил тод байдлыг сайн хангах ёстой. Би ажлаа авсныхаа дараа төрийн өмчийн хэд хэдэн компанийн удирдлагуудыг авчирч мэдээлэл сонссон. Тэрний дунд МИАТ байсан л даа. Тус компани алдагдалтай л ажилладаг юм билээ. Хувьчилвал бүх юм сайхан болно мэтээр ярьдаг. Энэ тийм биш. Шуудхан хэлэхэд, хариуцлага хүлээдэг байдал устчихсантай холбоотой. 14 тэрбум төгрөг устгасан банкны удирдлагууд хариуцлага хүлээдэггүй байж болохгүй. Тэгэхээр хариуцлагагүйгээр яваад байж болохгүй. Тиймээс ил тод байдлыг бий болгоод хариуцлага хүлээдэг тогтолцоо байх ёстой.
-Махны үнэ тэнгэрт хадлаа гээд өнгөрсөн жилээс л ярьсан. Гэтэл өнөөдөр махны үнэ буугаагүй л байна. Нөөцийн махыг 1000 төгрөгөөр хямд зарна гэсэн мэдээлэл байна. Үнэхээр махны үнийг бууруулж чадаж байна уу. Үр дүн гарахгүй байгаа юм биш үү?
-Ярьсаар байгаад улиг болно гэдэг шиг махны тухай одоо яриад яахав. Гэхдээ бид үр дүнд хүргэнэ гэдгээ хэлье.
-Жижиг дунд үйлдвэрлэл төдийлэн хөгжихгүй байна. Яг юм хийе гэсэн эзэндээ хүрэхгүй байна гэсэн шүүмжлэл байна. Энэ тал дээр таны бодол юу байна вэ?
-Жижиг дунд үйлдвэрийн төслүүдэд булхай гарсан. Сонгуулийн өмнө санал авах зорилгоор төслүүдийг шалгаруулдаг байсан. Тиймээс үүнийг зогсоохоос өөр аргагүй байгаа юм.
-Шатахууны асуудал дээр ОХУ-ын зүгээс Улаанбаатар хотод тодорхой тооны ШТС-ыг барина, хоёрдугаар Улаанбаатар төмөр замын эзэмшлийн хувьтай холбоотой саналаа гаргасан байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Шатахууны асуудалд Оросыг буруутгаад байх шаардлагагүй. Яагаад гэхээр Солонгосоос шатахуун авъя гэхээр тэрийг нь боож хаячихаад ганцхан Оросоос авна гээд байгаа нь манай монгол хүмүүс байгаа юм. Ер нь, би хэлээд байгаа шүү дээ. Айл шиг эзэнтэй болох юмсан гэж. Өмнө хэдхэн компани монополь эрх тогтоогоод өндөр үнээр зардаг байсан. Энэ схемийг өөрчлөх гэж бид дайралтад өртөж байна. Гэхдээ бид өөрчлөнө. Цөөн хэдэн монополь биш олон компани оролцдог жижиглэнгийн үнэд зөрөөгүй байдлыг бий болгоно. Манайд шатахуун станц барих санал гэдэг бол ам дамжсан яриа. Гэхдээ хямд шатахуун авъя гэхээр хааж боогоод заавал Оросоос авна гээд байж болохгүй ээ. Ингэсэн хүмүүст хэрэг үүсээд явж байгаа. Удахгүй тодорхой болно байх.
-Ашиггүй ажиллаж байгаа Төрийн өмчит компаниудыг хувьцаат компани болгоно гэж ярьж байсан. Үүнийг Засгийн газрын хүрээнд дэмжих үү?
-Төрийн өмчийн компани дээр томоохон өөрчлөлт хийхгүй бол болохгүй ээ. Би ний нуугүй яриад байгаа шүү. Төрийн өмчийн компанийн захирал томилох гэхээр л захирал болох сонирхолтой хүн олон гарч ирэх юм. Захирлаар томилогдонгуутаа нам болдог. Тийм байж болохгүй. Тэр компанийг үр ашигтай ажиллуулдаг байх хэрэгтэй.
-Улаанбаатар хот дундуур явдаг төмөр замыг нүүлгэх гэж байгаа гэсэн мэдээлэл байна?
-Улаанбаатар хотын дундуур байгаа төмөр зам нь буруу юм. Тиймээс олон улсын ачаа тээвэрлэж байгаа төмөр замаа Богд уулын урдуур гаргавал яасан юм бэ гэсэн Зам тээврийн сайдын санаачлага гарсан. 30 хэдэн тэрбум төгрөгөөр ТЭЗҮ-г хийх гэж байна. Ингэвэл гурван төрлийн ач холбогдолтой. Нэгдүгээрт, хот дундуур аюултай ачаа бараа дайран өнгөрөхгүй юм. Мөн Эмээлт, Хоолтын даваанд галт тэрэгний хүч хүрдэггүй юм гэсэн. Тиймээс Богд уулын урдуур явбал тэгшхэн газраар явах боломжтой.
-Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн ярьж байгаагаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян нар дийлдэхгүй байна, хариуцлага тооцох гээд миний эрх мэдэл хүрэхгүй байна гэж хэлж байсан. Н.Удвал сайд гэхэд хоёрдугаар эмнэлгийг шорон болгоход эрх мэдлээ ашигласан байна?
-Засаг дээр хууль зөрчсөн гэсэн асуудал орж ирээгүй байна. Гэхдээ Засгийн газар хууль зөрчсөн зүйлтэй эвлэрээд суухгүй.
-МИАТ-ын мөнгө угаасан хэрэгт улс төрийн хүчнүүд оролцсон байж таарна. Ганцхан Энхбаярт хариуцлага тооцоход ийм их шахалт дарамт ирж байхад энэ том хэргийг илрүүлэхэд илүү их дарамт ирэх нь тодорхой. Тэгэхээр та Х.Тэмүүжин сайдын аюулгүй байдлыг хамгаалах уу?
-Шаардлага гарвал болох байх аа.
-Германы канцлер ирээд нүүрснээс шингэн түлш гаргаж авах талаар ярьсан гэсэн. Энэ асуудал юу болсон бэ?
-Энэ асуудлыг сайн судлах хэрэгтэй. Би энэ ажлыг аваад Монголд нүүрснээс шингэн түлш гаргах ажил хийж байгаа бүх компаниудыг хүлээн авч уулзсан. 10 хэдэн компаниас дөрөв нь энэ ажлыг хийнэ гэж байгаа. Ер нь, нефтиэсээ бензин гаргаж авахаас гадна, нүүрснээс шингэн түлш гаргаж авах ёстой.
-Чөлөөт бүсүүд чимээгүй болчихлоо. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Чөлөөт бүс босно. Урд чөлөөт бүсийн гуравны нэг дээр хөрөнгө оруулалтаа хийгээд явж байгаа. Алтанбулагт ч ажил явж байна.
-Ирэх жилээс коксжих нүүрсийг Улаанбаатарт оруулах бодлого барьж байгаа. Хэрэв Багануур дүүрэгт Коксжих нүүрсний үйлдвэр баривал Улаанбаатар хотын гэр хорооллыг хангана гэж хэлж байсан. Цаашлаад хоёр гурван жилээс хотод зөвхөн коксжих нүүрс оруулна, түүхий нүүрс оруулахгүй гэсэн яриа байна?
-Гурав дөрвөн жилийн дараагаас коксжих нүүрс оруулахгүй гэдгээ хэлэх ёстой. Өнөөдөр 500 мянган тонн коксжих нүүрсний хэрэгцээ байгаа. МАК, Шарын гол компаниуд 12 мянган тонныг л хийж байна. ТЭЦ II 210 мянган тонныг хийхээр тендэрт ялсан. Ингээд бодохоор цаана нь 300 мянган тонн нүүрсний хэрэгцээ байна. Үүнийг Багануурт хийж болох эсэхийг судалж байгаа. 2014 онд Багануурт коксжих нүүрсээ үйлдвэрлэж чадвал түүхий нүүрс түлэхгүй.
-Засаг даргагүй байгаа аймгуудыг хэзээ удирдлагатай болгох вэ?
-Би Дорнод, Хөвсгөл аймагт үүрэг гүйцэтгэгч томилсон. Хөвсгөл аймгийн хувьд ямар шалтгааныг та нар уншиж өсгөн шүү дээ. Өчигдөр Говь-Алтайн аймгийн Засаг даргыг томилсон. Цаана нь гурван аймаг үлдэж байна. Сэлэнгэ, Говьсүмбэр аймгийн ИТХ  нь хурлаа хийхгүй маргаантай байгаа. Дундговьд нэр дэвшсэн хоёр хүн нь санал тэнцсэн байна. Надаас шалтгаалах зүйл байхгүй шүү дээ. 2004 онд дөрвөн аймгийн Засаг даргыг үүрэг гүйцэтгэгчээр томилж байсан юм билээ. Ийм жишгийг л дагасан. Түүнээс үүрд мөнх үүрэг гүйцэтгэгчийг томилж байгаа юм биш.
-Намчирхал хэрээс хэтэрлээ гэдэгтэй санал нэгдэх үү. Баянзүрх дүүрэгт 220 хэсгийн ахлагчийг нэгэн зэрэг халсан байна?
-Мэдэхгүй. Энэ тухай мэдээлэл өөрөөс чинь л сонсож байна. Тэрийгээ тодорхой л хэлэх хэрэгтэй. Сэтгүүлчид маань түүнийгээ тодруулах хэрэгтэй. Бид бөөнөөр нь халах зааварчилгаа өгөөгүй, тийм заавар өгөх ч үгүй.

Г.Даваа
       

0 Сэтгэгдэл
АЛТАНХУЯГ ЕР НЬ ЗОВ ЮМ ЯРЬЖ БНА. ОДОО БИЕЛУУЛЭХ Л ХЭРЭГТЭЙ. хурдан. ТОМОР ЗАМАА ТАВЬ ДАА, ОЛОН ТАЛААС НЬ ЗЭРЭГ ЭХЛУУЛЭХ ХЭРЭГТЭЙ.
Khamgiin gol ni tiim geree khiisen khumuustei khariutslaga tootsoj zarlaga aldagdliig ni bugdiig tootsoj tuluulen,yal edluulj shiitgekh kheregtei.
Хамгийн их уншсан