Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛЖ ЭХЭЛЛЭЭ

Нөөцийн мах худалдаалагдаж эхэлсэн тухай мэдээллийг тодруулахаар Нөөцийн махны менежер, “Жаст Агро” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Батхишигтэй ярилцлаа. 
-Нөөцийн мах худалдаалж эхэллээ гэсэн мэдээлэл дээр та тодруулга өгөх үү?
-Нөөцийг махыг уг нь гуравдугаар сараас долдугаар сарын хооронд буюу хавар зах зээл дахь махны нийлүүлэлт ховордсон үед нийлүүлэлтийн дутууг нөхөж, худалдан борлуулахаар төлөвлөж байсан юм. Гэтэл Монголчуудын сар шинийн баяр болох гэж байгаа энэ үед Нийслэлийн иргэдийн махны эрэлт ихэсч, эрэлтийг дагаад хэдийгээр нийлүүлэлт багасаагүй ч үнэ өсөх хандлага ажиглагдаж буй тул нөөцийн махыг Цагаан сарын өмнөх өдрүүдэд түр хугацаагаар борлуулахаар шийдвэрлээд байна. Энэ нөөцийн махны худалдаа нь хоёрдугаар сарын 8-ны өдрийг дуустал явах бөгөөд дараахь цэгүүдээр борлуулалт хийгдэнэ. Үүнд:
-    “Хүчит шонхор”, “Хар хорин”, Бэлх захууд,  
-    Цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байгаа “Мишээл” төв, “АСА” цирк
-    Мөн Нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулж буй Амгалан дахь Оргил худалдааны төв, Хан-уул дүүргийн Буянт-Ухаа цогцолборт болох үзэсгэлэн худалдаанууд
-    Түүнээс гадна Мах маркет, Мах импекс компаниудын нэрийн долоон дэлгүүр, Сонгинохайрхан дүүргийн 1-р хороололд байрлах Макс дэлгүүр, Хан-Уул дүүргийн 19-р хорооллын үйлчилгээний төвийн Марко дэлгүүр, Сүхбаатар дүүргийн 11-р хороололд байрлах Номин хайпермаркет дэлгүүрүүд байгаа юм.
-Нөөцийн махыг ямар үнээр худалдаалж байгаа вэ?
-Энэ удаад жижиглэж савласан махны хувьд үхрийн мах 5900, хонины мах  5700, ямааны мах 4600 төгрөгөөр, гулууз болон өрөөл махны хувьд үхрийн мах 5700, хонины мах 5200, ямааны мах 4200 төгрөгөөр тус тус худалдаанд гаргаж байгаа. Энэ бол зах зээл дэх жижиглэнгийн үнээс 600-900 төгрөгөөр хямд байгаа. Мөн бид цагаан сарын бууз баншны хэрэгцээнд зориулж хонь ямааны махыг гулууз хэлбэрээр, үхрийн махыг өрөөл буюу 10 кг-аар савлаж бэлтгэсэн байдлаар худалдаалж байна. Үүнийг хүмүүст хүртээмжтэй хүргэх, дахин гар дамжуулахгүй байх зорилгоор худалдан авагч бүрээр бүртгэл хөтөлж худалдаалж байна.
-Цагаан сар өнгөрөхөөр нөөцийн махны худалдаа зогсох юм байна. Харин дахин хэзээ худалдаалж эхлэх вэ?
-Цаашид нөөцийн махыг Улаанбаатар хотын хэмжээнд гуравдугаар сарын эхээр борлуулж эхэлнэ. Нөөцийн махыг иргэдэд жигд хүртээмжтэй хүргэх үүднээс Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 300 гаруй дэлгүүр, борлуулалтын нэгжээр худалдаална. Нөөцийн махыг борлуулах эдгээр 300 гаруй нэгжийг Нийслэлийн Захирагчийн албатай хамтран сонгох бөгөөд сонгосон дэлгүүрүүдийг олон нийтэд хоёрдугаар сардаа багтаан мэдээлэх болно. Мөн энэ цэгүүдээрээ дамжуулан гурваас долдугаар сар дуустал борлуулах нөөцийн махны тоо хэмжээг нээлттэй мэдээлэх болно.  
Энэ жилийн нөөцийн махны борлуулалтад “нөөцийн махны ваучер” буюу эрхийн бичиг гэсэн шинэ хэлбэр нэвтрүүлж, турших гэж байгаа. Иргэд энэхүү ваучер буюу мах худалдан авах эрхийн бичгээр тогтоосон дэлгүүрүүдээс нөөцийн махыг худалдан авах эрхтэй болох бөгөөд энэ нь өмнө нь гардаг байсан нөөцийн мах ченжүүд болон гуанз ресторанд очих биш зорилтот зах зээлдээ хүрч буй эсэхийг хянах хэрэгсэл болох юм.
-Ингэхэд энэ жил хэдий хэмжээний мах борлуулах билээ? Нөөцөө бүрэн бэлтгэж  чадсан уу?
-Энэ жил 14,000 тонн мах борлуулна. Үүнээс одоогийн байдлаар 9,000 тонн орчим мах бэлдээд байна. Хоёрдугаар сардаа багтаад үлдсэн махаа бэлтгэчихэж амжина.
Энэ жилийн нөөцийн мах бэлтгэлийн хөтөлбөр нь мах бэлтгэх болон хадгалах, худалдан борлуулах процесс бүрийг тус тусдаа бие даасан этгээдүүдээр гүйцэтгүүлж, эдгээр нь бие биедээ хяналт тавьж ажилладаг болсон. ОБЕГ-аас томилогдсон Улсын нөөцийн нярав ажиллаж байгаа тул нөөцийн махыг бодитойгоор бэлтгэж, нөөцийн махны зооринд хадгалж байгаагаараа онцлогтой. Урьд жилүүдэд 10-12 мянган  тонн мах борлуулсан гэсэн мэдээ байдаг ч яг үнэндээ зах зээлд хэдий хэмжээний мах бодитойгоор нийлүүлсэн бэ гэдэг нь асуудалтай л байсан. Тэгэхээр магадгүй зах зээлийн жинхэнэ эрэлт нь 10, эсвэл найман мянган тонн байхыг ч үгүйсгэхгүй. Үүнийг ч харгалзаад бид үлдсэн мах бэлтгэлээ жаахан харзнаад байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан