Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын болон Финландын Ерөнхийлөгч нар уулзав


Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Финланд Улсын Ерөнхийлөгч Саули Нийнисто нар Давос хотноо уулзав. Финландын Ерөнхийлөгч Нийнисто “Монгол Улс эдийн засгийн өндөр өсөлттэй гарч, ардчиллын үнэт зүйлийг амжилттай тогтоон өөрийн улсдаа төдийгүй бүс нутаг, олон улсын хэмжээнд манлайлал үзүүлж байгаад баяр хүргэе” гэснээр уулзалт эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хоёр жилийн өмнө Финланд Улсад айлчилснаа дурсаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл өндөр байдгаа илэрхийлэв. Финланд нь шилжилтийн үед Монголд тодорхой салбаруудад тусламж дэмжлэг үзүүлж ирсэн юм. Тус улс Монголын Геологийн төв лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулахад ихээхэн анхаарч дэмждэг бөгөөд Финланд уул уурхайн олборлолт, ашиглалтыг Европ тивд идэхтэй хийж буй цөөн орны нэг.

Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Финланд Улсад айлчлах үедээ монголд тоо толгой өдрөөс өдөрт цөөрсөөр буй цаа бугыг өсгөх, үүлдэр угсааг сайжруулах талаар ярьсан зүйлээ хэрхэн хэрэгжүүлэх тухай ярилцав. Ой модны салбарын хоёр орны хамтын ажиллагаа чухал гэдгийг ч дурдлаа. финланд нь зэс боловсруулах технологиороо тэргүүлэгч орны хувьд Монгол Улс туршлага солилцон эх орондоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд энэ талаар ч ярилцав.

Уулзалтын төгсгөлд Финландын Ерөнхийлөгч хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд 2013 оны 4 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотноо болох АОХН-ийн сайд нарын бага хуралд Гадаад харилцааны сайдаа оролцуулна гэдгээ мэдэгдлээ.


Монгол Улсын болон Швейцарын Ерөнхийлөгч нар уулзав

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт зохион байгуулагдаж буй Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Уэли Маурертай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон шууд ардчилал, түүний монгол дахь байдлын талаар ярилцав.

Уулзалтын эхэнд Швейцарын Ерөнхийлөгч хэлэхдээ “Хорин жилийн өмнө гэхэд би Монголын тухай тийм ч сайн мэддэггүй байсан. Харин одоо Монгол дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Монгол бол гүн гүнзгий түүхийн сурвалжтай, үнэхээр сонирхол татсан орон. Би саяхан монголын тухай нэг ном уншихад хүмүүс нь үнэхээр найрсаг зочломтгой гэж дүрсэлсэн байсан” хэмээв.

Дараа нь хоёр улсын төрийн тэргүүнүүд Монгол Улс дахь иргэний оролцооны тухай, шууд ардчиллын сургалтууд болон иргэд нь төсвөө хянаад, захиран зарцуулах шийдвэрээ хуулиар олж авсан талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Монгол Улс Швейцар Улстай дэд бүтэц, ялангуяа уулархаг бүсэд зам тээвэр, бүтээн байгуулалтын  туршлага хуримтлуулж ирсэн баялаг уламжлалыг нь судлах, мөн хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх хүсэлтэй байна” гэв.

Мөн Ерөнхийлөгч хүн амаасаа хэд дахин илүү мал сүрэгтэй атлаа нийт сүүний хэрэглээнийх нь үлэмж хувь импортоор орж ирдэг байдлыг өөрчлөн монголдоо зөвхөн монгол малын сүүг хэрэглэдэг болохын тулд Швейцарын туршлагыг судлах, сүүний үйлдвэрүүд байгуулах дээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр яригдсан бас нэг зүйл бол усны менежментийн асуудал. Хүн амын 40 орчим хувь нь нийслэл хотдоо суурьшсанаас үүдэн олон жилийн хөрсний бохирдол нь гүний усны нөөцөд заналхийлж байгаа нь энэ салбар дахь хамтын ажиллагаа, дэмжлэг тусламж их хэрэгтэйг харуулж байна гэж Ерөнхийлөгч онцолсноор уулзалт өндөрлөв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан