Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НЭГИЙГЭЭ АМЛАХ ШИНЭ МООД ПАРЛАМЕНТАД ДЭЛГЭРЭВ

Парламентын дугуй танхимд хууль хэлэлцэн суух түшээд нэгнийгээ амлан авч, оруулж ирсэн төслийг нь дэгээдэн унагах моод дэлгэрч. Монгол үндэсний бөхөд ам угтуул авч, уран мэхийг уралдуулан барилддаг ёс жаяг бий. Гэхдээ аварга, арслан, заан, начин гэсэн эрэмбээр бага цолтой бөхчүүдээс хэн нэгнийг нь сонгон цохож үнэн хүчийг үздэг. Энэ мэтээр есийн даваа хүртэл явах нь монгол бөхийн дэг жаяг. Тэгвэл парламентын ээлжит сонгуулийн үр дүнгээр бүрдсэн долоон сартай хууль тогтоох дээд байгууллагад энэхүү дэг жаяг саяхнаас тогтож байгаа бололтой. УИХ дахь олонхи цөөнхийн бүлгийн гишүүд өөр хоорондоо эв түнжин муутай, аливаа асуудалд маргаж, хоёр тийш харж суух нь элбэг боллоо. Завсарлага авах, ирц хангахгүй байх гэсэн үйлдлээр олонхио бойкотлож байгаа нь нууц биш. Үүнийг нь бөхөөр тайлбарлавал дэвээ шаваа гэлтэй. Тэгвэл уран мэх, эр бяраа үзэх цаг нь хаана, хэзээ илрэх вэ гэсэн асуултыг тавьж магадгүй. Мөн парламентын буюу хууль тогтоох танхим дотроо зодог шуудаг өмсөөд хав дөрвөлжин золгон барилдах нь гэж ойлгож болох. Гэхдээ МАН, АН, ИЗНН, бие даагчдаас бүрдсэн УИХ-ын гишүүд маань хэн нэгнээ ялахын тулд эр биеийн хүчээр үзэлцэх бус нэгэндээ шантааж хийж, оруулж ирсэн хуулийн төслийг нь унагах арга замаар даваа авах нь. Үүнийг ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг сэтгүүлчдийн өмнө дэлгэсэн юм. Тодруулбал, МАН-аас жагсаалтаар парламентын түшээ болсон Ж.Энхбаяр түү­нийг амлан авсан гэнэ. Өөрөөр хэлбэл, ЗГХЭГ-аас өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, аливаа асуудлыг унагах үүрэг даалгавартайгаар тэрсэлдэн тэмцэлдэх нь. Ер нь, үнэмлэхүй олонхийн суудал авч чадаагүй АН маш том хаалт, саадыг даван туулах шаардлагатай болж байна. Өнгөрсөн цаг хугацаанд бараг л завсаргүй засаглаж ирсэн МАН-ынхан цөөнхийн байр байр суурь очсон нь ийм алхам хийхэд хүргэсэн гэж ч хэлж болно. Магадгүй МАН-ын гишүүд АН-ынхныг нэг бүрчлэн амласан нь эндээс харагдаж байна. Арай ахимаг, ард түмнээс томоохон алдар, нэр цол эрт хүртсэнээрээ ч юм уу, эсвэл анхдагч улс төрийн хүчин гэдэг утгаараа гэх үү “дүү” намаас төрсөн парламентад суух залуу улстөрчдийг амлаж байгаа нь энэ бололтоé. Ерөнхийдөө цолны эрэмбээр ам авч, хууль тогтоох танхим дотор хүч үзэхээр шийдсэн гэж ойлгож болох юм. Цаашид хууль тогтоох байгууллага дахь зөрчилдөөн ийм маягаар үргэлжилбэл сайн, муу хоёр үр дагавар дагуулна гэж улс төр судлаачид харж буй. Яахав, монголчуудын ярьж заншсанаар жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэдэгчилэн дөрвөн жилийн дараа аль нэгнийх нь зөв, буруу гэсэн дүгнэлт гарна гэсэн үг. Гэхдээ өнөөдөр ямар үр дүн гарахыг хэлж, заахад эрт.
Төр барьж, түмэн олны амьдралыг тасралтгүй жолоо­дож ирсэн өнөөдрийн МАН, өнгөрсөн МАХН асан сөрөг хүчний байрт суурьт хүрсэн улс төрийн хүчин хяналтаа сайн тогтоож, хуулийн төслүүдийн алдаатай талыг харснаараа эргэн засагдахгүй хууль төрөх боломжтой. Өмнөх парламентын үед бараг л тө­рөөд долоо хоноогүй хуульд өөрчлөлт оруулж, засвар хийж байсан. Тодруулбал, ний­гэмд хэрэгжүүлэх боломж­гүй, парламентаас төрүүлэн гар­га­сан ч нийгэмд амьдрах чад­варгүй олон хууль батлагдаж байлаа. Өнөөдөр тухайн хуулийн хэрэгжилт онц сайн байтугай дунд гэсэн дүн ч авч чадахгүй яваа. Тодруулбал, урт нэртэй хуулиар жишээ авч болно. Мөн Оюу толгойн гэрээ. Өнөөдрийг хүртэл асуудал дагуулсаар л байна. Иймэрхүү зүйл гарахгүй гэсэн үг.
Нөгөө талдаа парламентын үйл ажиллагаа урагш ахихгүй, нийтэд хэрэгтэй асуудал маш удаан хугацаанд хэлэлцэгдэж, төрөн гарах магадлалтай. Шантааж, бартаа саадыг даван туулах зам нь урт юм. АН болон Засгийн газрын зүгээс оруулж ирсэн төслүүд хэлэлцэгдэхгүй, МАН-ынхны “аттакад” орох болно. Олон жил төр барьсан болохоор яаж унагах, ямар мэх хийхээ ч андахгүй. Тиймээс ч өргөн барьсан төслүүд саад бэрхшээл туулан гацаж, элдэв асуулгад гүйцэтгэх засаглал дарагдаад байна.
Энэ мэтээр цааш үргэлжилбэл хууль төрөх явц урагшлахгүй нь. Дөрвөн жилийн дараа МАН ялах уу, АН түрүү магнай болох уу гэдэг сонгогчдын байр сууринаас шалтгаалах бололтой. Уг нь, намын төлөө бус нийт иргэдийн өмнөөс парламентад суугаа гэдгээ ухааран, батлах хууль саад хийхгүй, дахин засварлахгүй байх нь чухал болов уу. Хэн хэндээ гацаа тавихгүй, элдэв асуудлаа нийтийн төлөө гэдэг санаагар яривал зүгээрсэн.
Намны төлөө бус нийгмийн тусын тулд ажиллах үүргээ умар­тахгүй л байгаасай. Амлалтаа санаж, ааш аягаа өөр зүйлд зарцуулбал яасан юм бэ. Мэхт мэхэндээ гэдэг зүйл ч үүсэхгүй байх аргагүй.

Э.Мөнгөнбаяр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан