Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уртын дуугаа ЮНЕСКО-д бүртгүүлснээ хамгаалчихлаа гэж ойлгосон хэрэг үү

Нийтийн, рок, поп, альтернатив, фолк рок, хип-хоп, R&B гээд олон олон хээнцэр, чамин дууны урсгалын ард монголчуудын дууны язгуур урлаг орхигдсоор. “Уртын дуу бол хүн төрөлхтний соёлын өв мөн” гэсэн батламжийг ЮНЕСКО-гоос авахдаа бид Хятад улстай хамт тэмдэглүүлсэн байдаг. Монгол хэлээр, монгол ухаанаар, монгол ахуйд үүсч бий болсон энэ дууны урлагийн тал хувь нь Хятадынх гэж бүртгүүлчихээд “за нэг юм боллоо” гэж сууж байгаадаа  бид өөрсдөө л буруутай. Хэтэрхий удаан, урт, уйтгартай гэж өөлж хойш нь тавьсаар суутал хятадууд уртын дууг бидний язгуур урлаг хэмээн сургалт судалгааг нь хийгээд дэлхийд данслуулчихсан байдаг.
 Гэтэл өнөөдөр монголчуудын хувьд уртын дууг өвлөж үлдсэн хүмүүсийн дундаж наслалт 51 гэсэн баримт бий. Гэхдээ уртын дууг мэргэжил болгон сонгож, суралцаж байгаа оюутнуудыг энд мартаж болохгүй. Өнөөдөр мэргэжлийн уртын дуучин бэлтгэдэг цөөхөн сургууль байдгаас СУИС голлох байрыг эзэлнэ. Үүнээс гадна Соёлын дээд, Хөгжим бүжгийн коллеж оюутан элсүүлдэг. Зууны манлай уртын дууч Б.Норовбанзад 1990-ээд онд СУИС-д уртын дууны тэнхим байгуулж, Монголыг тодотгох энэ урлагийг авч үлдэх боломж нээсэн гэдгийг санах ёстой. Ардчилсан үзэл дэлгэрч, үндэсний ухамсар сэргэж байсан тэр үед маш цөөхөн уртын дууч төгсдөг  байсан бол энэ жил 20 гаруй оюутан төгсөх шалгалтдаа бэлтгэж байгаа юм.
Уртын дууны талаар эргэцүүлэхдээ хамгийн түрүүнд энэ сургуулийг зорьсон юм. Шалгалтдаа бэлтгэж буй оюутнуудтай хэдэн хором ярилцахад.
“Уртын дуучны мэргэжлийг ардын урлаг гэх сэтгэлээр сонгож цаашид үүгээрээ л хоолоо олж иднэ гэсэн зорилготой ч суралцаж байгаа оюутнууд маань төгсөөд ажлын байр байдаггүй” гэж хэллээ. Тэд уртын дуугаа эстрад, зохиолын дууны дэргэд сонгодог урлаг гэж ойлгодог. Студид бичүүлээд санаа амарчихгүй, хаана ч явсан амьдаар, танхим дүүртэл цангинуулж дуулдаг учраас тэр. Уртын дуучид ам барьж халтуурдах эрхгүй байдаг ямар ч тоглолтод дахиулж дуулуулах тохиолдол хэзээ ч гардаггүй аж. Энд л монголчууд уртын дуундаа хэр үнэлэмжтэй, хүндэтгэлтэй хандаж байгаагийн илэрхийлэл тодорно. Тэдний батлан ярьснаар гэртээ байхдаа уртын дууг хэн ч тоож анзаардаггүй хэрнээ хил давж харийн оронд очихоороо эрхгүй нулимс унаган сонсдог. Уртын дууны ангид суралцагч жилд 12 дуу дуулж сурах ёстой. Ингэснээр сургалтын таван жилд 60 гаруй дууны урын сантай болдог. Гэхдээ өөрсдөө хичээвэл илүү олон дуу сурах боломжтой хэмээн оюутнууд ярилаа. Хичээл орох хонх ч дуугарч бидний яриа өндөрлөв.
Монголд уртын дууг гардан судалж байгаа хүн тун цөөн. Тэдний нэг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан А.Алимаатай цаг товлон уулзсан юм. Тэрээр сүүлийн долоон жил уртын дуу судлах ажлыг гардан гүйцэтгэж яваа нэгэн. Монгол туургатны газар бүрт хадгалагдан ирсэн уртын дууг бүртгэхэд 3070 хүрчээ. Энэ бол үгийг нь бичиж үлдээсэн дууны тоо бөгөөд үг нь тэмдэглэгдээгүй хэчнээн уртын дуу, дуучинтайгаа хамт үгүй болсныг хэлэхэд бэрх гэнэ. Тэрээр Монголын хөдөө нутгаар судалгаа, эрдэм шинжилгээний ажлаар явж уртын дуу мэддэг хүмүүстэй уулзана. Улаанбаатараас гараад Увс аймагт байх уртын дуучныг зорьж очиход нас дээр гарч, дуулж чадахаа байсан хөгшин сууж байвал уулзалт, ярилцлага хийчихээд л ирэхээс өөр аргагүй. Энэ мэтээр нас дээр гарсан уртын дуучин дууны өв баялагтайгаа хамт тэнгэрт халих нь элбэг болжээ. А.Алимаа уулзсан ярилцсан уртын дууч бүртээ мэддэг дуугаа бусдад зааж, өвлүүлж үлдээгээрэй гэж гуйхаас өөр арга байдаггүй тухайгаа учирлалаа.
Монгол түмний соёлын биет бус өвийг ур чадварын өндөр төвшинд өвлөж үлдсэн 100 хүний жагсаалтыг 2003 онд, 2010 онд Боловсрол, соёлын сайдын тушаалаар баталжээ. Тэдний дунд уртын дууг өвлөж үлдсэн 14 хүнийг бүртгэсэн байна. Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ тэргүүтэй эдгээр хүн бүгд ахмад настан. Засгийн газраас тэдний ур чадварыг үнэлж, соёлын үнэт зүйлийг өвлөж үлдсэн гэдгийг албан ёсоор баталж гэрчилгээ олгож, хүн тус бүрт урамшуулал болгож 200 мянган төгрөг нэг удаа өгсөн гэнэ. Цаашид мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх тухай хэлэлцэж байгаа бөгөөд хүн бүрээс гарын шавь бэлтгэж үлдээхийг хүсчээ. Ийм байдлаар уртын дууг хамгаалах ажил зогсоогүй ч ахиц төдийлэн харагдахгүй л байгаа аж. Үнэндээ 14 хүнд урамшуулал олгохдоо 2,8 сая төгрөг л гардуулж. Гэтэл дэлхий даяар сонгож үздэг дуурийн дуучинд ямар хэмжээний шагнал дагалдаж ирдэг билээ дээ. Юуг өөд нь татна тэр л манддаг. Монголын дуурийн дуулаачид олон улсын тэмцээнд тогтмол амжилт үзүүлж байгаа нь ч үүнтэй холбоотой. Гэхдээ дуурь дуулаачдад бус урлагт хандах монголчуудын хандлагад л бүх шалтгаан оршино. Дэлхийтэй адил байх, дэлхий нийтийн эд зүйлийг ууж идэх, эдэлж хэрэглэх, дуулж сонсох гэсэн утга учиргүй хүсэл шуналын дэргэд ардын урлаг чимээгүйхэн орхигдож байгаа.
Гэтэл бидний үл тоодог уртын дууг дэлхий даяар гайхан шагшдаг нь хачирхалтай. Зууны манлай уртын дууч, Ардын жүжигчин Б.Норовбанзад гуай, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Хонгорзул нар дэлхийн тайзнаа дуулж байсныг бид харсан билээ.
Өвөртөө байгаа баялгийг орхиод өрөөлийн гоё ганганд үргэлж шунадаг тийм л муухай зан Монголынх болж төлөвшжээ. Европын дуурийн тайзнаас, НҮБ-ын танхимаас уртын дуугаа уянгалуулахад тэр орон зай багаддаг гэж мэргэжлийн хүмүүс хэлдэг. Уудам тал, уужим амьсгаа, ур чадвар гурвын хослолоор төрөн гарсан уртын дуу умгар өрөөнд багтахгүй байх нь аргагүй. Тийм ч учраас уртын дуучин хөдөө нутгаас л төрнө гэж одоогийн уртын дуулаачид хэлдэг биз ээ. А.Алимаагийн хэлснээр малчин ахуй алдагдах тусам уртын дуу улам хумигдах гэнэ. Ахуй орчноос гарсан энэ урлаг ахуй нь үгүй болвол устахаас өөр замгүй аж. Хурим найр хийхдээ уул талаар цуурайттал дуулдаг байсан бол өнөөдөр умгар өрөөнд л дуулалдах болж. Монголчууд дандаа цэвэр агаараар цээжээ дүүргэдэг байсан бол суурин газрын бохирдол дунд тийм бололцоо гарах нь ховор. Энэ бүхнээс шалтгаалж уртын дууны цар хүрээ улам л багасч байна. Гэхдээ бидэнд гарах гарц бий.
Судлаач А.Алимаагийн хэлснээр Өвөрмонголд уртын дуу мэддэг хэд хэдэн хүнийг бодитойгоор дэмжиж, сургалт зохион байгуулж байна. Муж, орон нутагт уртын дуучныг ажиллуулах сургалтын танхимтай болгож, сар бүр 5000 юаний цалин өгдөг гэнэ. Мядагмаа гэх дуучинд орон байр ч барьж өгчээ. Гэтэл манай улсын хөдөө суманд дуу заах ганц өрөө гаргаад өгдөг бил үү.
СУИС-ийн багш, удирдлагууд орон нутагт байгаа уртын дуучдад урилга илгээж олон төрлийн дуу мэддэг уран бүтээлчдийг төрүүлэхгүй бол бүгд Б.Норовбанзад гуайг дуурайн дуулдаг болж уртын дуу бас нэгэн мөхөл рүү орж байна гэдгийг судлаач анхааруулж байлаа. Уртын дууны хэл аялга, аялгуу эгшиг нь нутаг нутагт өөр байдаг бөгөөд одоо бидний сонсч байгаа нь халх, боржигон дуу гэнэ. Гэтэл Буриад, Халимаг, Тува, Баянбараатын гээд уртын дууны төрөл маш олон. Энэ олон төрлийг зэрэг өвлүүлэхгүй бол цаашид ганцхан халх аялгуугаар уртын дууг төлөөлүүлж болшгүй ажээ.
Түүнчлэн уртын дуулаачдын уралдаан тэмцээнийг олон удаа зохион байгуулж, олон нийтэд сурталчилж, мэргэжлийн дуучид, энгийн олон нийтийн дунд уртын дууг таниулбал Монголоо гэх сэтгэлгээ ч түүнийг даган хөгжинө. Гүн ухаан, гүнзгий утга агуулгатай уртын дууны ард домог, үлгэр байдаг. Дуу бүхэн “Зээ” гэж эхэлж “Жаргая аа” хэмээн төгсдөг. Хөгжлийн хурдан галт тэргэнд чирэгдэж урагш тэмүүлэх их эрчиндээ уртын дуугаа гээчихвэл бид Монгол гэх нэг нэрнээсээ сугарч гарч байгаа хэрэг. Залуусын дунд уртын дуу мэдэх бүү хэл бүтэн нэрийг нь санаж байгаа хүн цөөхөн байна. Бид уртын дуугаа ЮНЕСКО-д бүртгүүлсэн, одоо дараагийн алхмыг хийх цаг иржээ.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Одоогийн үеийн залуус ч уртын дууг ойлгох цаг нь хэтэрхий оройтсон байхаа даа. Хөдөө талдаа дасаж өгөхгүй байгаа хүмүүс шүүдээ.
Хамгийн их уншсан