Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Гансүх: Сөрөг хүчин юу гэж ярих нь хамаагүй, сөрөх гэж л сөрөг хүчин болдог биз дээ

Зам, тээврийн сайд А.Гансүхтэй төмөр зам болон МИАТ компаниас мөнгө угаасан хэрэгтэй холбоотой асуудлаар ярилцлаа.

-“Богдхан” төмөр зам төслийн талаар товчхон мэдээлэл өгөөч. Хаагуур, хэдэн км төмөр зам тавих вэ?
-Богдхан уулын урдуур тойруулж, 150 орчим км төмөр зам тавиад Улаанбаатар хотын дундуурх төмөр замыг чөлөөлөх юм. Ингэснээр дуу чимээ, утаа, аюултай ачаа тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэнэ. Төмөр зам дагасан аж ахуйн нэгжүүдийг нийслэл хотоос гаргаснаар их хэмжээний газар чөлөөлөгдөнө. Үүнд бүтээн байгуулалт хийх боломжтой болно.
-Энэ төмөр замаа хэзээ тавьж дуусах вэ?
-Хэрвээ хөрөнгө санхүү нь шийдэгдвэл 2016 онд дуусах юм.
-Хэчнээн хэмжээний хөрөнгө шаардлагатай байгаа бол?
-Урьдчилсан тооцоогоор 500 орчим сая ам.доллар хэрэгтэй байгаа.
-УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Төрөөс баримтлах төмөр замын бодлогыг эргэн харах шаардлагатай гэж хэвлэлийнхэнд ярьсан. Салбарын сайдын хувьд үүнд ямар байр суурьтай байна вэ?
-2010 онд УИХ-аас төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын бичиг баримтыг баталсан. Энэ нь одоо хүчин төгөлдөр байгаа. 2010 онд УИХ-д хэн олонхи байсан билээ. Ардын нам, Ц.Нямдоржийн нам олонхи байхдаа баталж гаргасан шүү дээ. Бодлогын бичиг баримтыг өөрсдөө баталж гаргачихаад одоо тэрийгээ эргэж харах ёстой гэж ярих нь зөв гэж бодохгүй байна. Мэдээж, нэгэнт шийдсэн бодлогыг нэг хүний ярьснаар өөрчлөх боломжгүй. Өргөн цариг ашиггүй, Хятад руу нүүрс гаргахгүй гэж хэн хэлээд байгаа юм бэ. Төмөр зам одоо өргөн царигтай. Хятад руу нүүрс гаргана.  

-Нүүрсээ шилжүүлэн ачих нь алдагдалтай гэж байгаа шүү дээ?
-Шилжүүлэн ачих өртөг нь гурван ам.доллар. Энэ бол тийм их алдагдалд орох мөнгө биш.
-Зорчигч тээвэрлэдэг суудлын вагоныг өргөнөөс, нарийн цариг руу шилжүүлэн ачиж болдог. Ачаа тээврийг шилжүүлэн ачих боломжгүй гэж ярих хүн олон байна. Энэ тухайд?
-Шилжүүлэн ачих туршлага байна. Дэлхий дахинд ачаа тээврийг шилжүүлэн ачих  технологи хэрэглэж байгаа. Өөрөөр хэлбэл, улстөрчид улс төр, хар пи-ар хийж байгаа болохоос бодит байдалд энэ талаар хийсэн тооцоо судалгаа ч бий. Өргөн царигаар вагонд ачсан нүүрсээ буулгаад нарийн царигтай вагонд ачна. Нүүрсээ пункерт ачих болохоор байгаль орчинд хор нөлөөгүй. Тоосжилт ч үүсэхгүй. Энэ одоо хэрэглэж байгаа технологи. Энэ мэтчилэн шилжүүлэн ачих олон технологи бий.
-Нүүрсээ шилжүүлэн ачихгүй, тээврийн зардал хэмнэх үүднээс төмөр замаа нарийн царигаар нь тавьж болохгүй юм уу. Төмөр замын царигийн хувьд яагаад өргөнийг нь сонгосон юм бэ?
-Төмөр замын өргөн царигтай холбоотой УИХ-аас баталсан гурван бичиг баримт байна. УИХ-ын тогтоол гэдэг бол хууль. Үүнийг хэрэгжүүлэх ёстой. 2008 онд УИХ-ын 12 дугаар тогтоолоор Үндэсний хөгжлийн цогц бодлого баталсан. Үүний 5.3.1-д төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээ байгуулна гэсэн байгаа. Дотоодын нэгдсэн сүлжээ гэдэг бол нэг царигтай л байна гэсэн үг. Өөр хоёр цариг бол хэзээ ч нэгдсэн сүлжээ болохгүй. 2009 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч Медведевтэй Стратегийн түншлэл хөгжүүлэх тухай тунхаглалд гарын үсэг зурсан. Үүнд 1520 мм өргөн цариг бүхий Монголын төмөр замын сүлжээг өргөжүүлэх стратегийн түншлэлийн талаар тохирлоо гэсэн байгаа. Дараа нь 2010 онд УИХ-аас төмөр замын тээврийн бодлого батлахдаа 1520 мм-ийн царигтай байна гээд баталчихсан шүү дээ. Энэ бүхэнд өөр тайлбар хэрэггүй.
-УИХ-аас баталсан тогтоолоо эргэн харж, нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй гэсэн үг үү?
-Үүнээс эхлээд ярих юм бол геопилитик, эдийн засаг болон үндэсний аюулгүй байдалтай холбоотой нарийн чухал асуудал ярих болно. Тиймээс энэ асуудлаар цааш нь ярих боломжгүй.
-Зарим улстөрчийн хэлснээр төмөр замын асуудлаас болж гадаадад Монголын нэр хүнд уналаа гэж байна. Ингэхэд гадаад харилцааны хувьд ямар асуудал үүсчихсэн хэрэг үү?
-Тийм асуудал байхгүй.
-“Хувийн компаниуд эрсдлээ өөрсдөө даагаад төмөр зам баръя гэтэл болохгүй гэсэн. Гэтэл бондоос 500 сая ам.доллар авч, төмөр замын ажилд зарцуулах гэж байна. Цаашид гарах өртөг энэ хэмжээний мөнгөөр хязгаарлагдахгүй байх. Дэлхийн банк 0,75 хувийн хүүтэй зээл олгодог. Төмөр замд зориулж үүнээс зээл авах боломжтой. Дөрвөн хувийн хүүтэй бондоос санхүүжилт авах шаардлагагүй” гэж сөрөг хүчнийхэн байр сууриа илэрхийлээд байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Сөрөг хүчин юу ярих нь хамаагүй. Сөрөг хүчин байхын тулд асуудалд сөрж хандаж байгаа. Тэгэхээр төмөр замын асуудалд улс төр, эдийн засаг, геопилитик, үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдал гээд олон өнцгөөс харж хандах ёстой. Энэ бол нэг намын асуудал биш. Улс орны ирээдүйн хөгжлийн том асуудал.
-Ер нь, манайд хувийн аж ахуйн нэгж эрсдлээ даагаад төмөр зам тавих нь хэр эрсдэлтэй вэ. Тийм боломж бий юү?
-Монгол Улсад төмөр замыг төрийн өмчит компани барина гэдгийг Засгийн газар шийдсэн байгаа.

МИАТ-ын хэргийг би шалгуулах хүсэлт гаргасан ч нуусан. Тэр үед хэн Хууль зүйн сайд байлаа

-Хууль зүйн сайд Х.Тэмүүжин МИАТ компанийн мөнгийг угаасан хэргийг өмнөх Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг хав дарсан гэж ярьсан. Гэтэл УИХ-ын гишүүн Ц.Нямдорж намайг гүжирдсэн гэж мэдээлэл өгсөн. Энэ талаар салбарын сайдын хувьд ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Энэ бол МИАТ компанийн Дайны эрсдлийн санд орох ёстой мөнгийг хэсэг бүлэг хүн хувийн компани руугаа хулгайлсан хэрэг шүү дээ.  Х.Тэмүүжин сайд, Ц.Нямдорж гишүүн хоёрын хооронд тийм яриа болсон тухай сонссон. 2010 оны нэгдүгээр сарын 7-нд энэ нь гэмт хэргийн шинжтэй байна гэсэн мэдээллийг манай яам илрүүлж, шалгахыг хүсч цагдаагийн байгууллагад хандсан юм. Энэ хэрэг 2013 онд илэрч байна. Үүнийг дарагдаагүй гэж хэлэх үү. Төр солигдож, бүр тодруулбал, цагдаагийн байгууллагын дарга солигдож байж л энэ хэрэг олонд мэдэгдэж байна шүү дээ. Тийм л юм бол өмнө нь яагаад гаргаж ирэхгүй байсан юм бэ. Тэр үед Хууль зүйн сайд хэн байлаа. Тодорхой шүү дээ. Бидэнд бүх баримт нь байж л байна.
-МИАТ компанийн санхүүгийн байдал ямар байгаа бол?
-МИАТ алдагдалтай ажиллаж байгаа. Ес орчим тэрбум төгрөгийн алдагдалтай.
-Алдагдалтай ажиллаж байгаа гээд л өмнөх удирдлага нь олсон мөнгийг нь авдаг байж. МИАТ компанид тавих хяналтаа хэрхэн сайжруулсан юм бэ?
-Хуучин удирдлагуудыг нь өөрчилсөн. ТУЗ-ын дарга, захирлууд нь шинэчлэгдсэн. Цаашид иймэрхүү хууль бус үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг удирдлагын багаас чөлөөлнө. МИАТ компанид шинэчлэл хийнэ.

Б.Алтанцэцэг

0 Сэтгэгдэл
3 ДОЛЛАР ГЭДЭГ МӨНГӨ БИШ ЮМУУ. БОДУУЛ НЭГ ТОНН НҮҮРСНИЙ ШИЛЖҮҮЛЭН АЧИХ ЗАРДАЛ Л БОЛОЛТОЙ. ЖИЛД 10 САЯ ТОНН НҮҮРС ГАРГАЛАА ГЭХЭД 30 САЯ ДОЛЛАР МӨНГӨ БИШ ЮМУУ. БОНДЫН МӨНГӨНИЙ СУРАГ СОНСЧООД Л САГААД БАЙХИЙН МУУСАЙН ЮМНУУД. ХЭЗЭЭДЭЭ МОНГОЛ УЛС ТИЙМ БАЯН БОЛЦИЙН ТЭР ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНЭ ТЭР НЬ ЮМ ДУУГАРААЧ. ЭХ ОРНОО ӨРӨНД ТАВЬЖ ОЛЖ ИРСЭН МӨНГӨӨР ИНГЭЖ ЦАЦНА ГЭЖ ЮУ БАЙДГИЙН.
Хамгийн их уншсан