Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НАРКОЛОГИЙН ЭМНЭЛЭГТ ӨНГӨРҮҮЛСЭН НЭГ ӨДӨР

Архи ууж биеэ өвчлүүлээд төлбөр төлж эмчлүүлдэг

Бидний мэдэх Шар хадны эмнэлэг буюу Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн есдүгээр тасгийг наркологийнх хэмээдэг. 30 ортой энэ тасагт архинаас гарахыг хүссэн хүн ирж эмчлүүлээд зорилгодоо хүрээд буцдаг гэж болно. Тус тасгийн эрхлэгч эмч Б.Энхчимэгтэй түүний эрхэлж буй ажлын талаар ярилцахаар очлоо. СЭМҮТ-ийн хашааны хойд жигүүр дэх гурван давхарт дотроосоо түгжээтэй нэгэн хаалга байдаг нь есдүгээр тасаг.
Хонх дарвал уулзалт, хүлээлгийн жижигхэн өрөө рүү хөтлөх хүн хаалганы цоож тайлж өглөө. Б.Энхчимэг эмчийг зорьж яваагаа түүнд хэлэхэд дагуулан оров. Бусад эмнэлгээс ялгагдахгүй цэвэрхэн хонгилын хананд
“Архи зовлон авчрах ундаа
Архи жаргал дэврээх идээ
Архи чи лонхонд орсон тахал
Архи чи амьдрал жаргалд өөрөө эргэж ирдэг үхэл” гэсэн нэрт яруу найрагч Р.Чойномын шүлгийн хэсгийг бичиж наажээ
Харин эсрэг талд нь У.Мөнхдэлгэрийн зохиосон “Маргааш орой эрүүл ирээрэй, аав аа” хэмээх шүлгийг байршуулсан байв. Шүлгийг харж, эмчлүүлэгчидтэй зөрсөөр хаалга нь нээлттэй өрөө рүү орж зорьсон хүнтэйгээ уулзлаа.
Наркологийн тасагт нэг удаа 30 хүртэлх хүнийг 14 хоногоор эмчилдэг. Гэвч архинаас бүр мөсөн ангижирахын тулд эмчилгээний дараа энэ тасагтаа ойр ойрхон ирж, эмчтэйгээ уулзаж байх ёстой. Харамсалтай нь, эмнэлгээс гарчихаад эргээд ирдэг хүн цөөхөн байдаг гэнэ. Тийм учраас дахиад л архинд орчихоод ирэх нь элбэг тохиолдоно. Тэд эргэж ирдэггүйн нэг шалтгаан нь Шар хадны “Галзуугийн” эмнэлэг гэх нэрнээс жийрхдэг ч гэж тайлбарлаж байна. “Галзуугийн” эмнэлгээр ойр ойрхон эргэлдэхийг тэд хүсдэггүй аж. Мөн хотын зүүн захад, их хол байдаг учраас тийшээ очих гэхэд төдий л зав гардаггүй болов уу гэж Б.Энхчимэг эмч хэлсэн юм.
Нийслэлийн наркологийн эмнэлэгт хүмүүс эрүүл мэндийн даатгалын дэвтрээр хөнгөлөлт эдэлдэг бол энд төлбөр төлж үйлчилгээ авдаг. Улсын эмнэлэг байж төлбөр авч буй шалтгааныг тэрээр тайлбарлахдаа “Архинд орж өөрөө биеэ өвчлүүлчихээд эмчилгээгээ үнэгүй хийлгэх нь утгагүй хэрэг” гэлээ. Үнэхээр ч эмчилгээ үнэгүй байсан бол архи ууж согтчихоод, хордлогоо тайлуулах гэж ирдэг газар болж болзошгүй ажээ.

Хүний ухамсраас сургалтын үр дүн хамаарна

Тасгийн эмч нар эмчилгээндээ бүлгийн сургалт, ганцаарчилсан ярилцлага, онолын хичээл түлхүү ашигладаг. Архидалт бол өвчин гэж тодорхойлоод үүнийг нотлох үе шатууд, шинж тэмдгийг зааж өгчээ. Эмчлүүлэгч эдгээр шалгуураар өөрийгөө дүгнэж үзээд урьд нь “Би архичин биш” гэж үгүйсгэж байсан бол тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрч, ойлгох боломж олгодог. Энэ ойлголтыг өгсний дараа хүн биеэ хянах, архины хор хөнөөл, сөрөг нөлөөллийг тайлбарлан архины тухай ойлголтыг лавшруулдаг аж. 14 хоногийн сургалтаар хүмүүс архины эсрэг ойлголттой болж, дахиж архи уухгүй болоод гардаг. Гэхдээ үүнийгээ хэр удаан барьж, тэвчих нь хувь хүний ухамсар, үнэнч байдал, гэр бүлийн уур амьсгалаас шалтгаалдаг гэнэ. Тийм ч учраас дахиад эмчилгээнд ирдэг хүн бий. Архидалт бухимдал, стресс, гэр бүлийн хандлага харилцаанаас шалтгаалдаг учраас стрессээ тайлах арга зааж, ар гэрийнхэнтэй нь уул­заж, сургалт явуулдаг аж. Б.Энхчимэг эмч “Заримдаа ар гэрийнхэн нь архичин нэгийгээ л эмчлүүлчихвэл асуудал арил­чихна гэж боддог боловч өөрс­дөд нь ч бас шалтгаан байдаг гэдгийг ойлгодоггүй” гэлээ.
Наркологийн тасгийн эмчилгээ хэдэн жилийн өмнө нэг сарын хугацаатай байжээ. Энэ хугацаанд маш сайн үр дүнд хүрч чаддаг байсан гэнэ. Харин одоо хүмүүс төлбөртэй учраас боломжоороо эмчлүүлээд гардаг ч доод тал нь 14 хоног тэнд байдаг. Эмчилгээний хугацаа урт байх тусмаа үр дүн нь сайжирдаг гэнэ. Учир нь, зарим хүний хувьд эмчилгээ ямар ч үр дүнгүй мөнгө, цаг үрсэн хэрэг болчихдог аж. Эмчлүүлэхээр ирэгсдийн дийлэнх нь өөрийн хүсэл, санаачилгаар архинаас гарах гэж ирдэг байна. Үлдсэн хэсэг нь ар гэрийнхэндээ тэсвэрлэшгүй байдал үүсгэн согтуурхдаг тул албан шахалтаар ирдэг. Тэдний дунд олон хоног дараалж архи уусан хүнийг эрүүлжүүлэх, архины хордлого тайлах эмчилгээ хийхэд 4-5 хоног зарцуулагддаг. Эс тэгвэл хордлогонд орчихсон хүнтэй ярилцлага сургалт хийгээд ч нэмэргүй. Үлдсэн 5-10 хоногтоо эмчилгээ, сувилгаа, сургалтаа хийсэн ч үр дүн мөн л тааруухан гардаг. Ийм учраас эмчилгээний хоног нэмэгдвэл үр дүн гарах нь илүү байдаг ажээ.

“Харамсалтай нь бидний ажил оройтсон арга хэмжээ”

Тасгийн эрхлэгч эмч Б.Энх­чимэг өөрийнхөө ажлыг ингэж тодорхойллоо. Гэхдээ үгүйсгээгүй юм. Архинаас гаргахын хажуугаар хүүхэд, залуусыг архинаас урьдчилан сэргийлэх ажил тогтмол хийх хэрэгтэйг тэрээр хэллээ. Наркологийн төвийн мэргэжилтнүүд ЕБС-ийн эрүүл мэндийн хичээл заадаг багш нарт архины асуудлаар гурван өдрийн сургалт семинар зохион байгуулжээ. Энэ сургалтын төгсгөлд эрүүл мэндийн багш нар “Архины тухай гурван өдөр юу ярих юм бол гэж их гайхаж байсан ч үнэндээ маш олон асуудал байдгийг ойлголоо” гэж хэлсэн гэнэ. Дунд сургуульд эрүүл мэндийн хичээлийг био­­логи, биеийн тамирын багш хавсарч заадаг учраас ихээхэн орхигддог. Багш нар ч мэдлэггүй байдаг нь эндээс харагдлаа. Хэрэв дунд сургуулийн сурагчдад эрүүл мэнд, хүний бие физологийн талаас архи зохихгүй гэдгийг ойлгуулчихвал залуусын архидалт буурна гэж Б.Энхчимэг эмч үзэж байна.
Наркологийн төвд ихэнхдээ 33-50 насныхан эмчлүүлдэг. Тэдэнд сургалтын үеэр монголчуудад архи зохидоггүй шалтгааныг шинжлэх ухааны үндэстэй тайлбарлана. Учир нь европчууд, гадаадынхан архийг маш их хэрэглээд зүв зүгээр ажлаа алдахгүй явдаг шүү дээ гэх утгатай барьцах хандлага хүмүүсийн дунд нийтлэг. Тэгвэл орос хүний биед архины хорыг задалж, шингээх эсүүд үүссэн байдаг гэнэ. Харин бид Ази хүн, мон­голчууд учраас тийм зүйл биед маань үгүй. Нөгөө талаас архи байнга хэрэглэвэл тар­хины эд эсийг үхүүлж, адаг сүүлд нь үргэлж нэхдэг зур­шил тархинд бий болдог аж. Үүний улмаас архигүйгээр хэвийн байж чадахгүй, байнга уудаг болж донтолт гэж нэр­лэ­дэг. Архины хэрэглээгээ хэр бай­гааг шалгахын тулд да­раахь асуултад хариулахад болно.
-Та зугаа цэнгүүний үед хөг­жилтэй байхын тулд архи уудаг уу?
-Та архи уусан үедээ тө­лөв­лөсөн ажил, хийх зүй­лээ орхиж, хойшлуулж байсан уу?
-Та архи уугаад эхэлбэл одоо больё гээд зогсоож чаддаг уу?
-Та архи ууж, хэрэглэж байгаагаа эрэгцүүлэн бо­дож, анхаарал тавьдаг уу?
-Та архи уухгүй долоо хоног болоход ямар нэг хүндрэл гардаг уу?
Хэрэв дээрх асуултын дийлэнхэд нь тийм гэж хариулсан бол эмчид хандах шаардлагатай гэсэн үг юм.

Хүмүүс нэг нь нөгөөгийнхөө нөлөөнд сайн эмчлүүлдэг

Ар гэрийнхэн нь архи уудаг нэг хүнийхээ согтуурхал, агсамналыг тэсвэрлэхгүй бо­лоод эмнэлэгт авчирдаг. Тэг­вэл энэ хүмүүст архины эсрэг эмчилгээ, сургалт төдий л үр дүнгүй байдаг мэт санагдаж болох юм. Гэтэл хүн хүнээс хамаарч эмчилгээний үр дүн өөр өөр байдаг гэнэ. Заримдаа ярианы дунд ганц, хоёр үгээс бүхнийг ойлгоод архи уухаас татгалзаж чаддаг хүн бий. Өөрийнх нь архинд орсон түүхийг бичүүлэхээр тэр дундаас өөрийгөө ойлгодог нь ч бий. Бас архинаас гарах чин хүсэлтэй, хичээж байгаа хүнийг хараад урам, зориг ор­дог нь ч бий. Тийм болохоор албадлагаар ирсэн хүн байлаа ч асуудал бага гардаг юм байна.Наркологийн тасаг нэг сэтгэл зүйч, гурван эмчтэй. Нэг ээлжинд 30 хүн хүлээн авдаг улсын хэмжээний эмнэлэг. Тэгвэл энэ тоо хэтэрхий бага санагдаж болох ч одоо байгаа хүн хүч, эмчдээ таардаг гэдгийг Б.Энхчимэг хэлсэн юм. Учир нь архины асуудалтай нэг хүнд эхний удаагийн зөвлөгөө өгөхөд доод тал нь 1.5 цаг ярилцах ёстой. Тийм учраас өдөрт 3-4 хүнтэй тусгайлан ярилцлага хийгээд өдөр өнгөрчихдөг гэнэ. Иймээс эмч нарынхаа боломжид таарсан эмнэлэг гэж ойлгож болох нь.
Эмнэлгээс гарч байгаа хүмүүст эмч нар нэг л зүйлийг хэлдэг. Эргэж ирэх нь ховор учраас дараахь үгийг архинд дахиж орохгүй дархлаа болгохыг хичээдэг аж. “Архины асуудал бол тархинд чинь байгаа бүрэн унтраагүй, цогтойгоо үлдсэн нурам шүү. Хэрэв энэ нурманд архи нэмбэл улам асна гэхээс буурахгүй” гэдэг үгийг тэд хэлдэг. Үүнийг ойлгож, ухамсарлаад гардаг нь байхад зарим нь өөрийгөө архичин гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрдөггүй гэв. Б.Энхчимэг эмчийн ажлын үр шимийг мэдэрч яваа нэгэн өвчтөнтэй ярилцлаа. Тэрээр зураг  авахуулахаас татгалзаж, нэрээ бичүүлэхийг хүсээгүй учир Б.Б гэж товчиллоо.

Б.Б: Надад ач хүүгээ өсгөж хүмүүжүүлэх чухал, том ажил бий

Харааны шил, халзан толгойтой энэ хүн 50 настай. Амьдралынхаа 30 гаруй жилийг архитай хамт өнгөрөөж ирсэн нь ажлын шугамаар байнга гадаадын хүмүүстэй холбоотой байснаас шалтгаалжээ. Гэсэн ч ээжийнхээ зөвлөснөөр энд ирээд одоо эмчилгээ нь амжилттай үргэлжилж бараг дуусч байгаа.
-Сайн байна уу, та архинаас гарахаар энэ газ­рыг зориод иржээ. Яагаад архины асуудалтай болчихов оо. Энэ тухайгаа ярихгүй юу?
-Би хойд хөршид дунд сургуулийн сурагч байхдаа найзуудтайгаа хэдэн копек нийлүүлээд шар айраг авдаг байлаа. 10 дугаар ангиа төгсөх гээд Монголдоо иртэл хүүхдүүд архи ууж байсан. Удалгүй нэг эмнэлэгт хэвтэж байхдаа орос хүнтэй танилцахдаа өөрийгөө оюутан гээд хэлчихлээ. Гэтэл тэр орос намайг гэртээ урьж, анх удаа архи амсуулж байсан.
Би мэргэжилгүй хэдий ч ажилд сайн, социализмын үеийн төслүүдэд байнга ажилладаг байсан юм. Тэгээд ардчилал гарч хуучны төслүүд бүгд зогссон ч ганц хоёр шинэ төсөлд үргэлжлүүлэн ажиллаж ирсэн. Энэ хооронд дандаа л оросуудтай эсвэл европынхонтой хамтран ажилладаг байлаа л даа. Архигүй л бол ажил хэрэг урагшилдаггүй гэсэн ойлголт намайг залуу байхад тогтчихсон юм. Яагаад гэхээр би Дөрөвдүгээр цахилгаан станцын барилгад анх ажиллаж байхад орос дарга, цэрэг бүгдээрээ самагон нэрж, өдөр бүр архи уудаг байсан. Тийм л орчинд анх ажиллаж эхэлсэн учраас ажлыг архитай хамт хийдэг гэж бодсон хэрэг. Нөгөө талаас орос, европууд хэчнээн их архи уусан ч ажлаа хийгээд л байдаг учраас би ч өөрийгөө тийм гэж бодсон. Гэтэл үгүй байжээ гэдгийг энд ирээд ойлголоо.
-Та энд ирэх шийдвэрийг яаж гаргасан бэ? Архи таныг хорлож байгааг мэддэг байсан уу?
-Би ер нь эмчид үзүүлж явахдаа бодож л байсан. Би архи ууснаас болж маш их мартамхай болсон, дотор эрхтнүүд их өвчилсөн байна гэсэн онош авсан. Сүүлийн 10 жилд би болж өгвөл архи уух хүсэлтэй болчихсон. Мөнгө байвал ямар архины үнэ хүрэх вэ, цаана нь даруулганы хэдэн төгрөг хүрэх билүү гэж боддог болчихож. Тэгээд нэг өдөр ээж маань энд ирж хэвтээч гэхээр нь Шар хадны эмнэлэгт очихгүй гэж хэлсэн л дээ. Гэтэл том дарга нар хүртэл нууцаар чимээгүйхэн очиж хэвтээд гардаг гэнэ, эмчилгээ сайтай сайхан газар гэж ятгасан юм. Тэгээд ирлээ. Үнэхээр ээжийн маань хэлсэн шиг сайхан юм. Надад одоо архи бодогдохоо больсон, архины хүсэл, донгоос 80-90 орчим хувьтай гарчихлаа гэж өөрийгөө дүгнэж байна.
-Энд архинаас гарсан хүнд өөртөө зорилго тавих тухай заадаг гэсэн. Та архийг мэдээж хаяж чадна. Хийхээр төлөвлөсөн зүйл олон бий байх?
-Ах нь нэг хүүтэй. Хүү маань тусдаа гарч эхнэр бид хоёр гэртээ байдаг л даа. Нэг нь зурагт харж, нөгөө нь цонхоор харж өдрийг дэмий өнгөрүүлж болохгүй шүү дээ. Тэгэхээр нэг чухал ажил байна. Хүү маань нэг хүүтэй. Одоо миний өмнө ач хүүгээ сайн хүн болгож төлөвшүүлж, хүмүүжүүлэх маш том ажил бий. Тэр нялх хүүхэд өсч бойжиж байхад харж асарч байгаа өвөө нь архи уучихсан байж болохгүй шүү дээ. Энэ л миний цаашдын зорилго.
-Та энэ зорилгоо бие­лүүлж, Монголын нэгэн сайхан иргэнийг зөв хүмүү­жүүлнэ гэдэгт би итгэж байна. Танд амжилт хүсье.

Б.Цэдэвсүрэн

6 Сэтгэгдэл
За мэйлээ
За мэйлээ
За мэйлээ
энэ эмнэлэгт олон эруул хунииг шунахаи зорилгоор хэвтуулдэг , ганц бие биеэ хамгаалах чадваргуи хун олон хэвтдэг, эмэнд хордсон хунииг олон зоддог ,нэг хэвтвэл 6 жил гаргаддаггуи,оир дотно хамаатнаа хэвтуулж хашаа баишинг авах нь хэвиин явдал болсн,
Лавлах дугаар байна уу
Халамж авагсдын 90 хувь нь сэтгэцийн өвчтэй гэж жүжиглэдэг гуйлгачид. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь СЭМҮТ-ийн байрладаг Баянзүрх дүүрэгт харьяалагддаг. Мэдлэг туршлагаараа ноль СЭМҮТ-ийн их эмч нараас болж бас хахууль авдаг СЭМҮТ ба халамжийн ажилтнуудаас болж хайран улсын мөнгийг эдгээр гуйлгачдад өгөөд байх юм. Шизофрени өвчин бол хавдар шиг баян өвчлөгсдийн тоо нь ядуу өвчлөгсдийн тоотой адил байх ёстой өвчин юм. Тархины томограф эсвэл тархины дулааны бичлэг гэх мэт техникээр жинхэнэ өвчтөнүүдийг ялгаж болдог гэж дуулсан. Манай сэтгэцийн салбар Барууныхаас 100 жилээр хоцорч байна.
Шар хадны гэх энэ эмнэлгийн 3 болон 5 дугаар тасаг, бусад хурц гээд байгаа хүмүүсийн тасгийн ажил хөдөлмөрийг шалгаасай, тэдний яаж ажилладагийг хянадаг байгууллага байдаггүй юм шиг санагдсан. Тэнд ажилладаг асрагч, сувилагч нар тэнд байгаа хурц хүмүүсийн зүгээр л өөрсдийн тоглоом шоглоомоо болгож, дуртай үедээ хүлж боож байдаг, тасаг дотроо дуртай үедээ тамхи татаж, сэтгэцийн өвчтэй хүмүүсийнхээ дунд нь ширхэг тамхи шидээд л өлсгөлөн нохойд дунд нь яс шидэж байгаа мэтээр тэрийгээ харж баясаж хөөрч байдаг. Асрагч сувилагч нар бараг өөрсдөө энэ хүмүүсээсээ дутахааргүй сэтгэцийн өвчтэй болчихсон, тэднийгээ зодож, занчиж, орилуулж, тэрэндээ таашаал эдэлж суудаг гэвэл та нар итгэх үү? Энэ бол үнэн юм шүү, тэд энэ байдлаа дээш нь мэдэгдүүүлэхгүй гадагшаа мэдүүлэхгүйн тулд маш олон тагнуул дотроо тавина, эрүүл хүнийг тамласаар зовоож, зодсоор орилуулсаар, ямар ч эм өгөөд байгаа нь мэдэгдэхгүй элдэв хүнд төрлийн хүчтэй эмнүүд эмчийн бичиж өгсөн заавраас нь нэмж өгдөг гээд элдэв но-той асуудлууд, хүний эрх энд маш ноцтойгоор зөрчигддөг гэвэл хэн ч итгэхгүй, яагаад гэвэл энэ асуудлаа тэд гадагшаагаа гаргадаггүй, эмч нь хүртэл тэдэнтэйгээ эвлэрчихсэн, шөнийн ээлжиндээ архи уугаад л мансуураад явдаг эмч нар байна. Энэ тухай үнэн бодит түүх мэдмээр байвал доор утас имэйл-ээ үлдээ, энэ явдлын жинхэнэ гэрч, тамлалыг нь эдэлсэн хүн би байна. Элдэв сэтгэцийн эр эм өвчтөнгүүд нь жорлон дотроо эр эмийн элдэв явдал хийгээд байгааг мэдсээр байж зогсоодоггүй, яагаад гэвэл тэр эр юм нь тэдний гар хөл, бууны нохой. Ийм л элдэв тасгууд одоог хүртэл энэ ардчилсан Монголд байгаад л байдаг, эрүүл, өвчтэйг нь ч сайн ялгаж чадахгүй, хамт хориж, хоолноос нь бас хасна, уух усыг нь хорино (учир нь асрагч сувилагч нар дундаас нь эмийг хулгайлчихдаг, тэгээд эмнийх үйлчилгээ нь гарчихна гээд хүний өдөрт уух ёстой шингэнийг нь хүчээр хасаж, ам руу нь юу ч өгөөд байгаа нь мэдэгдэхгүй эмээр бөмбөгддөг гээд энэ эмнэлгийн яг дотоод ажил бол одоо хүртэл хуучин нийгмийн хүнийг тарчлаан, зовоож, залхаах аргаар энэ хөөрхийлөлтэй хүмүүсийн өөрийгөө авч явах чадвараа алдсаныг нь далимдуулан маш муухайгаар хүний эрхийг зөрчиж байгааг хууль хяналт, холбогдох яам газар нь мэддэг юм болов уу? Мэдрэл болон сэтгэцийн өвчтөнгүүдийг нэг дор хүчээр шоронгоос долоон дор аргаар хориж цагдан, хүнийг эрүүл болгох биш, улам тарчлаан зовоож, эрүүл байсныг нь харин улам галзуу солиотой болгож байдгийг хүмүүс ер нь мэддэг болов уу?)энэ тухай мэдмээр байвал утас, имэйл-ээ үлдээнэ үү.
энэ хүн шиг ингээд ухаарч болдоггүй юм байх даа. Үнэхээр дарамттай, архи уучихаад агсан тавьж ээжийг минь зовооно. 60 хүрчихсэн хүн шүүдээ. Арай дэндүү. Нэг бол үхээд өгөөсөй гээд маш их мөрөөддөг боллоо. Биднийг жаахан байхад ийм л бсан. Одоо ч иймээрээээ. Энэ хүн үхэж байж амьдралд уужмаар амьсгалах үе ирэх байхдааа. Хүүхэд харах хүнгүй тул яалт ч гүй хамтад нь үлдээдэг Одоо хүүхэд минь хүртэл өвөө үхэх болоогүй гэж ярьж бна шүү. Архинаас гарчих байх гээд итгсээр бид чирээд амвдхаад яваад бдаг.одоо үнэндээ залхаж бна. 45 жил архи ууж хавт ойрын хүмүүсийг зовоолооо. одоо зүгээр л хүмүүст гай бололгүй үхэээд өгөөөөөөч ээээээээээээээээээээээ
Хамгийн их уншсан