Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюу толгойн үйл ажиллагааг зогсоогоогүй, хэвийн явж байна гэж Рио Тинто мэдэгдлээ

Рио Тинто компани Монгол дахь Оюу толгой төслөө зогсоохоор төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл “Bloomberg”-ээс цацсан нь худлаа гэдгийг компанийн зүгээс албан ёсоор мэдэгдлээ. “Bloomberg” Рио Тинто компанийн удирдлагын түвшний хоёр ч эх сурвалжаас авсан мэдээллийн дагуу Оюу толгой төслийн үйл ажиллагааг зогсоох талаар бодолцож үзэж байгаа хэмээн зарласан нь хөрөнгийн зах зээлд тэр даруй тарж, “Turquoise Hill”-ийн хувьцаа 3,4 хувиар унасан байна. Хөрөнгийн зах зээлд өвсөнд ассан түймэр мэт тарсан энэхүү мэдээллийг Рио Тинтогийн зүгээс даруй няцааж, Оюу толгой төсөл 2013 оны эхний хагасын үйлдвэрлэлийнхээ төлөвлөсөн хэмжээнд хүрэхийн тулд ердийн хэмнэлээр ажиллаж байна гэж мэдэгдсэн юм. “Оюу толгойн цахилгаан эрчим хүч найдвартай, төмрийн хүдрээ боловсруулж, баяжуулах үйлдвэр маань ажиллаж байна” хэмээн Рио Тинтогийн хэвлэлийн төлөөлөгч Иллтуд Харри мэдэгджээ.
Харин “Bloomberg”-ийн тараасан мэдээллийн хувьд дээрх нэрээ нууцалсан хоёр эх сурвалж хэлэхдээ “Монголын төр Оюу толгой төсөлд эзэмших хувь хэмжээгээ нэмэгдүүлэхийг шаардаж байгаа, бас хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчин нөхцөл таагүй болж,  Ашигт малтмалын тухай хуулиа шинээр батлах гэж байгаа зэрэг нь Рио Тинто Оюу толгой төслийн талаар эргэн харж, үйл ажиллагааг нь түр зогсоох хүртэл арга хэмжээг бодолцоход хүргэсэн” гэсэн байна.  Өөрөөр хэлбэл хэрвээ дээрх мэдээлэл үнэн байсан аваас Рио Тинтон Монголын эрх баригчдын бодлогыг эсэргүүцэж буйгаа ингэж Оюу толгойн ажлыг зогсоож илэрхийлэх байсан бололтой.
6,2 тэрбум ам.долларын өртөг бүхий Оюу толгой төслийн 66 хувийг “Turquoise Hill”-ээр дамжуулан Рио Тинто эзэмшиж, үлдсэн 34 хувийг нь Монголын тал эзэмшиж байгаа билээ.
Хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихэд татсан энэ асуудлын талаар шинжээчид үзэхдээ “Бүтээгдэхүүнээ худалдаанд гаргах тун дөхсөн энэ үед төслийн үйл ажиллагааг зогсоохгүй биз ээ. Гэхдээ төслийн хоёрдугаар үе шат буюу далд уурхай барих ажлаа улс төрийн нөхцөл байдал тогтвортой болох хүртэл хойшлуулж болох юм” гэж тайлбарлаж байна.
Оюу толгойд эзэмших хувь хэмжээгээ нэмэгдүүлэхээр Монголын Засгийн газрын зүгээс гаргасан хүсэлтийг өнгөрсөн аравдугаар сард “Turquoise Hill”, Рио Тинто хоёулаа хүлээн авахаас татгалзсан юм.

Б.Сэвжидмаа


0 Сэтгэгдэл
хууль эрх зүйн асуудлаа бүрэн шийдээгүй нөхцөлд гэрээ байгуулсан нь бидний том алдаа. Гадаадын хөрөнгө оруулагч нар тэр байдлыг чинь мэдчихээд тоглоомоо эхэлсэн юм шүү. одоогийн шаардаад байгаа нөхцлүүдээ сайн нягтлаад, урт настай байхаар тооцоолоорой. ТУЗ-ийн гишүүдийн тоог нэмэгдүүлэх "Оюу толгой" гэсэн цогц мэргэжлийн баг ажиллаж өөрийн зүгээс мониторинг хяналт хийж, асуудлаа шийдвэрлүүлж байх эрх бүхий институц байгуулах хэрэгтэй гэж харж байна. Ц.Ургамал
Энэ Рио Тинто-г одоо л дарамталдаг цаг. Өнгөрсөн жил 13 тэрбум долларын алдагдалтай ажиллаж хэдэн босс-ууд нь ажлаасаа халагдсан. Одоо яах учраа олохгүй явж байгаа. Монгол улсын засгийн газраас шахалт үзүүлж чадвал Монголд ашигтайгаар энэ гэрээг өөрчлөх талаар дорвитой алхам хийж болно гэдэгт итгэлтэй байна. ДАХИН ДУРЬДАХАД ӨНГӨРСӨН ЖИЛ 13 ТЭРБУМ ДОЛЛАР-ИЙН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАСАН.
Хамгийн их уншсан