Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МИАТ-ын хувьчлалыг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн санал хураалт явууллаа. Тогтоолын төслийн гарчгийг “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого” гэж өөрчлөн найруулах саналыг ажлын хэсгээс оруулж ирснийг гишүүдийн олонх дэмжлээ.
Мөн Монгол Улсыг чиглэсэн олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг 2016 онд 2012 оны түвшнээс хоёр дахин нэмэгдүүлнэ, хөрш зэргэлдээ ОХУ болон БНХАУ-тай агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Монгол Улсыг энэ хоёр орны хооронд агаарын тээврийн транзит үйлчилгээний төв болгох чиглэлийг баримтална гэсэн саналууд ч дэмжигдсэн. Зарчмын зөрүүтэй саналууд дэмжигдсэнээр онцгой болон тусгай үүргийн нислэгийн агаарын хөлгийг 2014 оноос Монгол Улсын төрийн үйлчилгээнд ашиглаж эхлэх нь. Мөн шинээр барих олон улсын нисэх буудлыг Хойд Азийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн зангилаа болгон, тус нисэх буудлын нутаг дэвсгэрийг оролцуулан эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогод тусч байна.
“МИАТ” ХК-д үндэсний агаарын тээвэрлэгчийн статус олгож, түүний 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгана гэсэн саналыг гишүүд нэлээд хэлэлцсэн. УИХ-ын гишүүн С.Одонтуяа үндэсний агаарын тээвэрлэгчийн статус олгохыг дэмжиж байгаа ч “МИАТ” ХК-ийг хувьчлахын эсрэг саналтай байгаагаа илэрхийлж байлаа.
Харин Зам тээврийн сайд А.Гансүхийн тайлбарласнаар, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмжийн дагуу үндэсний агаарын тээвэрлэгчийн статусыг “МИАТ”-д олгох гэж байгаа юм байна. Мөн дээрх байгууллагын зөвлөмжид тэрхүү компанийн 51-ээс доошгүй хувь нь төрд байлгах тухай заасан байдаг юм байна. Төр 51 байх уу, түүнээс дээш байх уу гэдгийг УИХ шийднэ гэж А.Гансүх сайд хэлсэн.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ төрийн өмчит үндэсний авиа компаниа яаран хувьчлах хэрэггүй хэмээн хэлж байлаа.
Харин ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Ганбат энэ компанийг хувьчлахгүй бол хэдэн дарга нар нь идэж уудаг явдал зогсохгүй гэж хариулсан юм. Ийнхүү хэлэлцээд санал хураалт явуулахад дээрх санал олонхийн дэмжлэг авсангүй. Ажлын хэсгээс оруулж ирсэн томьёоллоор санал хураалт явуулж дуусан тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан