Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хуулийг гууль болгосон ”СаусГоби Сэндс”

Авлигатай тэмцэх газ­рынхан “СаусГоби Сэндс” компанид холбогдох татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан, бусдад авлига өгсөн хэргийг шалгаж байгаа.
Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга асан Л.Даваацогт нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бусаар ашигт малтмалын 107 тусгай зөвшөөрөл олгосон хэргийг шалгах явцад тус компанийн хууль бус үйлдлүүд ар араасаа илчлэгдсэн юм. Баянгол дүүргийн шүүх Д.Батхуяг нарт холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд “СаусГоби Сэндс” компанийг хясан боогдуулах замаар авлига авч, эзэмшилд нь байсан ашигт малтмалын дөрвөн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн цуцлаагүй байна хэмээн буруутгаж, ял оноолоо. Тодруулбал,  Ашигт малтмалын газраас 2009 оны есдүгээр сарын 05-25-нд Өмнөговь аймгийн нутагт байх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2008 онд гүйцэтгэсэн геологи, хайгуулын ажлыг газар дээр нь тулган баталгаажуулах хя­налт, шалгалт хийхэд “СаусГоби сэндс” компанийн эзэмш­­­лийн ашигт малтмалын 9442Х, 5259Х, 5277Х, 12388Х тоот тусгай зөвшөөрлийн хай­гуулын ажилд зарцуулсан зардал нь хайгуулын ажлын доод зардалд хүрээгүй болох нь тогтоогджээ. Тиймээс тус газрын Захиргаа удирдлагын хэлтсийн Эрх зүй, хуулийн тасгаас ашигт малтмалын дээрх дөрвөн тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гаргасан байна.
Ашигт малтмалын тухай хуульд зааснаар бол хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгосон тухайн талбайн гектар тутамд тодорхой зардлаар хайгуулын ажил хийж гүйцэтгэнэ. “СаусГоби Сэндс” компанийн хувьд хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн 7-9 дэх жилдээ 1.5 ам.долларын хайгуулын ажил хийх ёстой байж. Тус компанийн хайгуул хийсэн зар­дал нь энэ хэмжээнд хүрээгүй учир АМГ-аас ашигт малтмалын хайгуул хийх дээрх дөрвөн тусгай зөвшөөрлийг нь  цуцлах дүгнэлт гаргасан гэ­нэ.  Гэтэл АМГ-ын дарга асан Д.Батхуяг, Геологи, уул уур­хайн кадастрын хэлтсийн дарга асан Л.Даваацогт нар эдгээр тусгай зөвшөөрлийг цуц­лах үүргээ биелүүлээгүй. Дөрвөн тусгай зөвшөөрлийн нэ­гийг нь авлигад авч, үлд­сэн гурвынх нь эрхийг сэргээжээ. Д.Батхуяг авли­гад авсан лицензээ найз С.Жар­галсайханы “Зэлэм” ком­панийн нэрд шилжүүлсэн нь мөрдөн байцаалтын явцад баримтаар тогтоогдсон байна. “СаусГоби Сэндс”-ээс “Зэлэм” компани руу шилжүүлсэн 5261Х тоот тусгай зөвшөөрөл нь Өмнөговь аймгийн Гур­вантэс, Ноён сумын нутаг дахь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Хайрхан толгой нэртэй 72499 гектар талбайтай,  42.8 сая тонн чулуун нүүрсний нөөцтэй ордынх байсан юм.
Ямартай ч, “СаусГоби Сэндс” компаниас авлига авсан албан тушаалтны хэргийг шүүх шийдвэрлэлээ. Харин хууль бус олон үйлдэл хийсэн эл компанид ямар хариуцлага үүрүүлэх бол гэж олон нийт хүлээж буй.

Монгол Улсын холбогдох хуулиудыг хэрэгжүүлээгүй, зөрчсөн гэсэн үндэслэлээр тус компанид ажиллаж байсан зарим хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн ч мөрдөн байцаалтын явцад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгосон нь ч байна. Тухайлбал, компанийн хуулийн зөвлөх Сара Армстронгод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.  Түүнийг “СаусГоби Сэндс”-ийг 150 гаруй тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт сэжигтнээр татсан юм. Мөн энэ хэрэгт тус компанийн Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Дэвид Лехов, Деннис Дортаж нар дээрх хэмжээний татвараас зайлсхийж, татварыг төлж барагдуулалгүй ажлаа өөр хүнд хүлээлгэн өгөөд өнгөрсөн онд нутаг руугаа буцсан. Өөрөөр хэлбэл, тэд мөрдөн байцаалтаас оргосон нь энэ. Үүнээс болж хэрэг шалгах явц гацаанд орсныг ч АТГ-ын мөрдөн байцаагч хэлж байлаа.
“СаусГоби Сэндс” компанийнхны эзэмшилд нь байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гарсан байхад АМГ-ын экс удирдлагуудыг авлигадсан шигээ Монгол Улсад их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгтээ Татварын ерөнхий газрын холбогдох зарим албан тушаалтныг татан оролцуулсан байхыг ч үгүйсгэх аргагүй.
Тэгээд ч татварын байгууллагын зарим дарга, байцаагч албан тушаалаа урвуулан ашиглан олон тэрбум төгрөгийн татвар нуун дарагдуулж, хууль бусаар хөрөнгөжсөн хэрэгт холбогдоод байгаа. Хууль хяналтынхан энэ хэргийг сайтар ухаж, төнхвөл “СаусГоби Сэнд” компанийн хуудуутай үйлдэл ч илчлэгдэж магадгүй. Тус компанийн төлөхөөс зайлсхийсэн татвар 150 тэрбум төгрөгөөр ч хязгаарлагдахгүй биз ээ.
Харин тус компани мөнгө угаасан хэрэгтээ Монголын хэд хэдэн томоохон групп, компанийг хөлдөө чирч болзошгүй гэдгийг ч албаны эх сурвалж хэлсэн юм.
“СаусГоби Сэндс” компани 2011 оны сүүлээр 50 орчим монгол ажилтнаа хууль бусаар ажлаас нь халж, эрх ашгийг нь зөрчсөн. Тэднийг өөрсдөө халагдах өргөдлөө бичвэл гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно гэж хуурч, шахаж дарамталсан гэдгийг тухайн үед хууль бусаар ажлаасаа халагдсан иргэд хэлж байлаа.
Дээрх бүхэн Монголын хуулийг гууль болгож, монголчуудыг хууль бус үйлдэл хийхэд түлхэж, эрх ашгийг нь зөрчиж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг цэгцлэх цаг болсныг харуулж байна биш үү, хууль тогтоогчид оо. 

Б.Алтанцэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан