Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хямрал ба Монголын эдийн засгийн багтаамж

Дэлхийн эдийн засаг 2008 оноос хойш хямралын ханиад хүрчихсэн байгаа. Ингээд 2009 онд дэлхийн эдийн засаг 3.7 хувиар буурсан. Хэдийгээр эдийн засаг хямарсан ч хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 2.8 хувьтай байж. Уг хямралын нөлөөгөөр тухайн үед манай улсын эдийн засаг 1.3 хувиар агшсан байдаг. Өнгөрсөн онд ч дэлхийн эдийн засаг хямарсан хэвээр өнгөрлөө. Энэ онд ч бас үргэлжилнэ хэмээн судалгааны байгууллагууд дүгнээд буй. Тэгээд дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө шинэчлэн тогтоохдоо өмнөхөөс бууруулан үзэх болжээ.  Тухайлбал, Олон улсын валютын сан эдүгээ эдийн засгийг ирэх гурван сарын тооцооллоо бууруулан дүгнэв. Дэлхийн эдийн засаг энэ жил 3.3 хувийн өсөлттэй байна хэмээн тооцож байна.  Урд нь эдийн засгийн өсөлт дөрвөн хувь давна гэж төсөөлж байж.  
Дэлхийн эдийн засаг сэргэхгүй байгаа гол шалтгаан нь аж үйлдвэрлэл сэргэхгүй байгаатай холбоотой гэдэг. Жишээлбэл, энэ жил дэлхийн аж үйлдвэрлэл доош унах дүр зураг гарч байна.  Энэ онд аж үйлдвэрлэлийн өсөлт 2.8 хувьтай байх төсөөлөл хийжээ. Олон улсын валютын сангийн төсөөллөөр аж үйлдвэрлэл уг нь 3.1 хувьтай байхаар гарч байсан билээ.  Хямрал болоогүй байх үед дэлхийн аж үйлдвэрлэлийн өсөлт жилийн 5.6 хувьтай гарч байсан удаатай. Тэгэхээр энэ хямралын манай улсын эдийн засагт сөрөг нөлөөлөх нь тодорхой. Учир нь, үйлдвэрлэл сэргэхгүй бол ашигт малтмал болон түүхий эдийн эрэлт буурч үнэ өсөхгүй харин ч хямдрах аюул бий. Иймд Монгол Улсын экспорт, төсвийн орлого багасч магадгүй байна.  
Өнөөдөр евро бүсийн зарим орны өрийн төвшин харилцан адилгүй байна. Зарим орон нь эхнээсээ дампуурах тийшээ хандаад эхэлсэн гэж болно. Гэвч Европын холбоо өрийн хямралд автсан орнуудаа ямар нэг аргаар барьж үлдэх, аврах гарц хайж буй.Тэгэхээр өртэй орнуудад эдийн засгийн сэргэлт ажиглагдахгүй байгаа юм. Үүнээс улбаалж эдийн засгийн хямрал намжихгүй удааширч байгааг судлаачид хэлж байна. Иймд евро бүстэй  худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаатай бүс нутаг, орны эдийн засаг зогсонги байдалд орсон. Ялангуяа, манай урд хөрш бол тус бүс нутагтай худалдаа эдийн засгийн гүн гүнзгий харилцаатай.Эдүгээ Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саарч үйлдвэрлэл нь ч буурах хандлагатай болсон. Ингээд манай нүүрс, цайр гээд зарим ашигт малтмалын үнэ хямдраад байгаа билээ.  Үүний нөлөөгөөр өнгөрсөн онд манай экспортын барааны үнэ хямдарч, импортын хэмжээ нэмэгдсэн хүндхэн жил болсныг Монголбанкны эдийн засагчид тэмдэглэж буй. Өнгөрсөн оны эхнээс манай улсын гадаад худалдааны нөхцөл муудаж иржээ. Эдүгээ Монгол Улс жилд долоон 300 гаруй бараа бүтээгдэхүүн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн импортоор авдаг тооцоо бий. Ингээд оны эцэст 2.3 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн аж. Энэ алдагдал жил бүр нэмэгдэж буй гэдгийг эдийн засагчид анхааруулж байгаа. Манай улсын гадаад худалдааны эргэлт өнгөрсөн онд нийтдээ 11.3 тэрбум ам.долларт хүрчээ. Дөрөв, таван жилийн өмнө манай улсад жилд нийтдээ долоон тэрбум ам.доллар орж, гардаг урсгалтай байж. Монгол Улс 10 тэрбум ам.долларын эдийн засагтай, жилд 20 тэрбум ам.доллар орж, гардаг орон болсон. Энэ нь цаашид тогтвортой, хэр хурдацтай тэлэх нь олон хүчин зүйлээс хамаарна.
Тухайлбал, төр засаг эдийн засгийн тогтвортой өсөлтөд чиглэсэн бодлого явуулахаас шууд шалтгаалах юм. Нөгөө талаар, эдийн засгаа томруулах суурь бүтцээ хэр хийхээс шалтгаална. Өөрөөр хэлбэл, дэд бүтэц, зам харилцаагаа хэрхэн хөгжүүлэх нь нөлөөлнө гэсэн үг. Жишээ нь, өнөөдөр манай гадаад худалдааны эргэлт 12 тэрбум ам.долларт хүрээд чинээндээ тулдаг гэдэг. Үүний гол шалтгаан нь төмөр замын ганцхан терминал ажээ. Мөн Хятадын үйлдвэрлэл саарч, нүүрсний эрэлт буурахаар манай экспортын орлого буурч байна. Үүнээс сэргийлэхийн тулд олон зах зээлд ашигт малтмал, бүтээгдэхүүнээ нийлүүлэх учиртай. Тэгэхээр  дэд бүтцээ хөгжүүлэх, түүнд хөрөнгө оруулалт хийх нь тулгамдсан асуудал болоод байгаа юм. Ингэж байж Монголын эдийн засаг тэлж, тогтвортой байх нөхцөл бүрдэнэ.
Товчхондоо, гадаад эдийн засгийн нөлөөд автах эрсдэл буурна гэсэн үг. Өнгөрсөн онд нүүрсний үнэ хямдарч төсвийн бүрдэлт, экспортоос олох гадаад валют буурсан билээ. Гэвч манай улсын эдийн засгийн өсөлт 12.3 хувьтай гарсан. Энэ бол голох өсөлт биш. Харин цаашид гадаад эдийн засгийн байдал, макро эдийн засгийн тогтвортой байдлаа хэрхэн хангах, аж үйлдвэрийн төслүүд хэр урагштай хэрэгжих зэргээс монголчуудын бүсээ чангалах, тайван амгалан байх уу гэдэг нь шалтгаалах нь.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан