Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭНЭ ОНД НАЙМАН АЙМАГТ УТААГҮЙ ЗУУХНЫ ҮЙЛДВЭР БАРИНА

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооныхон энэ оны ээлжит хурлаа хийлээ. Энэ талаар тус хорооны ажлын албаны дарга Р.Мягмараас зарим зүйлийг тодруулав.
 
-Өнгөрсөн хугацаанд та бүхний хийсэн ажилд ямар ахиц гарав?
-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажилд олон үр дүн гарсан. Нийслэлд гэхэд утаа бага ялгаруулдаг зуух, сайжруулсан түлш ихээхэн үр дүнгээ өгч байна. Иргэдийн энэ талаархи мэдлэг мэдээлэл ч сайжирсан. Түүнээс биш агаарын бохирдол хэдэн хувиар буурсан гэдгийг одоо хэлэх боломжгүй. Үүнийг агаарын бохирдлыг хэмждэг багаж, автомат станцуудын мэдээгээр тодорхойлно. Ойролцоогоор 20 орчим хувиар буурсан гэх судалгаа байдаг. Гэхдээ машины утаа буураагүй. Жил бүр 100 мянгаар автомашин нэмэгдэж байгаа. Тэр хэрээр утаа ихэсч байгаа гэсэн үг.
Бид цаашид нийслэлийн гэр хорооллыг барилгажуулах чиглэлээр тодорхой ажлууд хийнэ. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурлаар энэ онд хийх ажлын төлөвлөгөөгөө батална. Энэ онд нийслэлийн гэр хорооллыг барилгажуулж дэд бүтцэд холбох асуудлаар манай хороо хотын захиргаатай хамтарч ажиллах юм. Энэ талаар Засгийн газрын хуралдаанаас тодорхой шийдвэр гарч, энэ онд хийж дуусахаар төлөвлөөд байгаа. Өөрөөр хэлбэл, түлээ түлшний асуудлаа энэ онд багтаан дуусгавар болгох юм.
-Нийслэлээс гадна найман аймгийн утааг бууруулна гэж ярьж байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Өнгөрсөн зун судалгаагаа хийгээд энэ жилээс найман аймагт төвлөрсөн дулааны шугамд холбохоор төлөвлөөд байна. Тухайлбал, Дархан-Уул, Орхон аймагт төвлөрсөн гэр хороолол их учраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор утаагүй зуухны  үйлдвэр барина. Өөрөөр хэлбэл, зуухаа гадаадаас импортлохгүй. Дотооддоо үйлдвэрлэсэн зуухаа энэ аймгууддаа борлуулах юм.
-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр манайд гадаадын олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Одоогоор хэчнээн төгрөгийн төсөл хэрэгжүүлсэн байна вэ?
-АНУ-ын Мянган сорилтын сангийн 32 сая ам.долларын төсөл хэрэгжүүлээд дууссан. Бусад нь сэргээгдэх эрчим хүч, салхин паркийн болон Дэлхийн банкны төсөл хэрэгжиж байгаа.
-Манайхан агаарын бохирдол гэхээр л нүүрс ярьдаг. Ирэх өвлөөс гэр хорооллынхон түүхий нүүрс түлэхгүй байх боломж бий юү?
-”ТЭЦ-II” ашиглалтад орвол жилд 210 мянган тонн хагас коксжсон нүүрс үйлдвэрлэх боломжтой. Энэ талаар Эрчим хүчний болон Уул уурхайн яам судалгаа хийж байгаа. 2013 оны эхний улиралд багтаан “ТЭЦ-II”-ыг утаагүй эко түлш үйлдвэрлэдэг үйлдвэр болгох ажлыг шийдэх, ус халаалтын 14 мянган зуухыг нэмж авах, замын саадыг багасгахын тулд 30 гаруй уулзварыг өөрчлөх талаар НИТХ-аас төлөвлөж буй ажлыг дэмжих, “ТЭЦ-IV”-ийг  шинэчилж өргөтгөх, Улаанбаатар хотыг тойруулан байгуулах эрчим хүчний кольцоог шийдвэрлэхээр төлөвлөлөө. Мөн Богд уул, Зайсангийн орчимд кольцо байгуулах ажилд Дархан цаазтай газрын хуультай холбогдон учрах саадыг БОНХЯ шийдвэрлэж өгөх юм. 

С.Заяа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан