Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БИ БИ СИ-ГИЙНХЭЭН ГЭЖ...


Их Британи төдийгүй дэлхий дахинд зартай хэвлэл мэдээллийн агентлаг-ВВС-гийн гурван сэтгүүлч өвлийн жавар ид тачигнасан цагаар эх нутагт минь хөл тавив. Өмнө нь сурвалжлах ажлаар тэднийхээс Монголд хүн  ирж байсан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Юутай ч энэ удаа радио, телевизийн цуврал сурвалжлага бэлтгэхээр санаа зориг шулуудан хахир хүйтнээр хөлгийн жолоо залсан нь энэ. Сурвалжлагын багт редактор бүсгүй Кент, хөтлөгч-сэтгүүлч Жастин, зураглаач Жонаттан нар багтжээ. Тэд Монголд анх удаа ирж буй гэв. Тийм ч учраас тэдэнд Монгол орон, монголчуудын аж амьдрал дэндүү сонирхолтой байсан нь мэдээж. Зарим үед бүр хачин этгээд маягтай ч санагдсан биз. Тэдний Монголд байх хугацаа богино, амжуулах ажил асар их.  Улаанбаатарт ирсэн даруйдаа тэд  “Говь” компанитай танилцан сурвалжлага бэлтгэж , хип-хоп дуучин Gее, эдийн засагч, de facto Д.Жаргалсайхан нарын студид зочилж, илэн далангүй яриа өрнүүлээд амжиж. Дараа нь Монголын говьд очиж,  энэ зууны Монголын хамгийн том бүтээн байгуулалт болох  Оюу толгойн уурхайг нүдээр үзэж, тэмээчний гэрт өдөржингөө саатав. Одоо тэдэнд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Оюу толгой” компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРейтэй уулзах, Монголын хөрөнгийн биржтэй танилцах, Улаанбаатарын гэр хорооллын айлд зочлох гээд амжуулах ажил зөндөө бий.

Өмнийн говьд аялахад нь мэргэжил нэгт нөхрийн хувиар тэднийг дагалдав. Монгол оронд анх удаа хөл тавьж, монголчуудтай нүүр тулан уулзаж буй болохоор тэдэнд маань үзсэн харсан юм болгон сонин. Монголын говьд асар их нөөцтэй алт, зэсийн орд нээж, түүнийг түшиглэн тийм том үйлдвэр барьж байгуулсан байхын чинээ тэд бодоогүй бололтой. “Оюу толгой” компанийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч Жак Сато, “Оюу толгой” төслийн дэд ерөнхийлөгч С.Санждорж нар уурхайн бүтээн байгуулалтын талаар тэдэнд дэлгэрэнгүй танилцуулж, сонирхсон бүхэнд нь хариулж байлаа. Энэ бүхний дүнд тэд Оюу толгойн бүтээн байгуулалтын талаар хангалттай мэдээлэлтэй болж, ил уурхай, хүнд машин механизмын засварын газар зэргийг үзэж сонирхов. 25 сая тонн зэс, мянган тонн алтны  нөөцтэй, 50 жил ашиглах боломжтой, дэлхийд эхний тавд тооцогдох  уурхай тэдний нүдийг үнэхээр хужирлана билээ. Саяхан ашиглалтад орсон, хоногт 100 мянга, жилдээ 35 сая тонн хүдэр боловсруулах баяжуулах үйлдвэр, нэг км гаруйн гүнээс хүдэр гаргах хоёр босоо ам, хүдэр зөөх хоёр км шахам урт туузан дамжуулга энэ бүхнийг тэд нүдээр үзэж бахдав. Улаанбаатарын дээд зэрэглэлийн рестораныхаас ч дутахгүй амт, чанартай хоол ундыг  уурхайн хотхонд амтархлаа. Зуун удаа сонссоноос нэг удаа үзэхийн ач тус чухам энэ буй за. Бараг бүтэн өдөржингөө тэд ил уурхайн дэргэд байж нэвтрүүлэг бэлтгэв. Зарим үед уурхайд хатуу мөрддөг аюулгүй ажиллагааны журам дүрмийг ч зөрчих гээд байсан нь санаатай үйлдэл биш, өнөөх юм бүхнийг хамгийн ойроос, хамгийн гүн рүү нь орж сонирхох гээд байдаг сэтгүүлчийн сониуч зан байсан хэрэг. Тэднийг тэнд байх үед саяхан ашиглалтад орсон “Оюу толгой”-н баяжуулах үйлдвэр анхны зэсийн баяжмалаа боловсруулан гаргаж, ирэх гуравдугаар сараас баяжмалаа тээвэрлэж эхлэх боломжтой болсон тухай баярт мэдээ дуулдав.
Оюу толгойгоос машинаар ная гаруй км давхиад Цагаан толгой хэмээх газар өвөлжиж байгаа Ханбогд сумын Баян багийн малчин Л.Батболдынд дөрөө мулталлаа. Л.Батболд гэж ёстой л дөч хүрсэн эр, дөрөв дарсан ат гэдэг шиг говийн гүндүүгүй бор эр. 300-гаад бог, 50-иад тэмээтэй, гаднаа гурван ч мотоцикль, УАЗ-469 сойчихож. Унинд нь дөрвөн ч гар утас зүүгээстэй. Гэр орон төдийгүй чулуу, хөрзөнгөөр барьсан хашаа хороо нь цэвэр цэмцгэр гэж жигтэйхэн. Нарны зайн цахилгаан гэрэлтэй, гэртээ угаалгын машин, хөргөгчтэй, 16 сувгаар телевизийн нэвтрүүлэг үздэг, NBA-гийн “Майами хит” багийн “улаан фэн”, нийслэлд байгаа оюутан хүүтэйгээ дуртай цагтаа гар утсаараа ярьчихдаг, соёлжсон монгол малчныхтай нийслэлээс 700 шахам км-ийн алс Монголын говьд тааралдах юм гэж ВВС-гийнхэн даанч төсөөлөөгүй биз ээ. Хоймроо залсан морин хуур, бурхны өмнө өргөсөн зул, унинд хавчуулсан тэмээний буйл, халтар манан хөөрөгтэй хамрын тамхи энэ бүхэн ч тэдэнд даан сонин содон. Ийм болохоор чухам тэнд л тэдний бах нэгэн ханаж, ёстой нэг нар нь гарах шиг болно лээ. Тэмээ малтай хөөцөлдөж, сүүтэй цай оочиж, ааруул өрөм, гэрийн эзэгтэйн гараа гаргаж хийсэн боорцог амталж, “өндрийн” тарган мах хүртэл зооглож үзэв. Л.Батболдтой тун ч тухтай ярилцсан даа. Малчин хүний аж амьдрал, зовлон жаргал, улс орны хөгжил энэ тэр гээд олон зүйлээр тэд малчин эр Л.Батболд, түүний гэргий И.Мядагмаа, дунд сургуульд сурдаг охин Цэрэндолгор, хүү Батсүрэн нартай халуун дотно яриа өрнүүлсэн юм. Малчин хүний санаа зовох зүйл юу болох, хулан, чоно, ирвэс үүгээр үзэгддэг эсэх, өдөр, үдшийг хэрхэн өнгөрүүлдэг, шагайгаар яаж нааддаг, дөрвөн бэрхийн учир, малынхаа ноос, ноолуурыг хэрхэн борлуулдаг, тэр ч байтугай тэмээний бөх босоо, хэвтээ байдгийн учир начрыг хүртэл асууж тодруулав. Монголын алдарт дууч, ардын жүжигчин Д.Жаргалсайхан агсны хүү, “Оюу толгой” уурхайн ажилтан Ж.Чингис биднийг газарчилж явав. Тэрээр залуу зандан цагтаа “Black and white” хамтлагийн ахлагчаар ажиллаж байсан, аавынхаа аргил хоолойг өвлөсөн нэгэн билээ. Түүнийг Элвис Преслийн “Одоо, эсвэл хэзээ ч...”-ийг инглишээр аялж, “Хэрлэн”-г эх хэлээрээ дуулахад манай хэдийн нүд орой дээрээ гарах шахсан шүү. Говьд англиар ярьдаг төдийгүй дуулдаг хүн байх юм гэж огт санаагүй байх л даа. Бугуйл хаям ойроос мандаж жаргадаг говийн нарыг харах, гүн хар шөнийн тэнгэрт анивалзах үй түмэн од, газарт гялалзах уурхайн хотхоны гэрэл гэгээ, хоёр ч бүтэн өдөр тэдэнтэй хамт байж зөвхөн Оюу толгойн тухай биш, монгол орон, монголчуудын тухай сонирхолтой энгийн сайхан яриаг өөрсдийнх нь төрөлх хэлээр   өрнүүлж байсан С.Санждорж ерөнхийлөгчийн зочломтгой найрсаг зан, аливааг шулуун шударга хэлдэг гүндүүгүй дүр төрх тэдний сэтгэлд насан туршид нь  шингэж үлдээ болов уу. “Энд миний амьдрал, ажил байгаа болохоор би Оюу толгойд хайртай” гэх түүний үг ч нэгийг бодогдуулсан биз. Хээрээр гэр, хэцээр дэр хийж амьдралынхаа дөчин жилийг өнгөрүүлсэн, Оюу толгойн ордыг нээлцсэн цөөхөн хэдэн хүний нэг тэр хүний үг тийн үнэ хүрэхээс ч яахав.

Мэргэжил нэгт нөхөд маань ажлынхаа төлөө үнэхээр нойр хоолоо умартан зүтгэх нь гайхалтай. Гүйгээд л, хэвтэж босоод л, мөлхөөд л, дахин дахин давтаад л зургаа авах нь атаархмаар. Чухам энэ сайхан чанар, хичээл зүтгэлийнхээ ачаар тэд Монголоос ганзага дүүрэн олзтой буцах нь дамжиггүй. ВВС-гийнхээн гэж иймэрхүү улс байдаг аж. ВВС-гийн тухай монголчууд бага ч болов мэдлэгтэй гэж хэлж болох. ВВС бол дэлхийн хэвлэл мэдээллийн хамгийн том байгууллагын нэг яах аргагүй мөн. Өнгөрсөн оны эхээр 90 жилийнхээ ойг тэмдэглэх шиг болсон. Онлайн, радио, телевиз гээд мэдээллийн голлох салбарт тэргүүлдэг. ТВ-ийн 14 сувагтай, үндэсний хэмжээний тав, орон нутгийн 30 гаруй радио сүлжээтэй, зургаан мянгаад ажилтантай гэж дуулсан санагдана. Өнгөрсөн намар Лондон хотноо Чингис хааны хөшөө босгосон тухай мэдээллийг ВВС цацаж байхыг сонсч байв. Тэд одоо Монголыг урьдынхаасаа ч илүү сонирхож эхлэв бололтой. Манай хэдийн цуврал нэвтрүүлгүүд ч англичууд төдийгүй дэлхий дахины анхаарлыг Монголын зүг хандуулахад ихээхэн хувь нэмэр болох нь гарцаагүй. Кент, Жастин, Жонаттан нартаа Монголд тавтай зочлоод гэртээ хариарай хэмээн ерөөе.
Б.Батбилиг

0 Сэтгэгдэл
haha manaihan neg gadnii yum harahaaraa l uliig ni doloohon ni holgui bdiiin. odoo nogooduul ni nevtrvvlgii ni garahar l vziida mongoliig magtjuu yaj bs l neg hodoogiin borog baidliig l gargaj mongoliig surtalcilna biz teneguud
80aad km yavaad Tsagaan Khad bdag yumaa. Tsagaan Tolgoi chin 20 garui km bdagiin. uchraa sain medej olj bj bichij bai setguulch guai!
25 say tonn zesiin nootstei 50 jil uhna gesen mortloo jild 35 say tonniig bayjuulna gej yuugaa dongosood bgaa novsh vee ug usgiin aldaagaa hyanaj baij niitlelee tavimaar yum. tegeed yaasan ch nyaltsgasan niitlel ve
hurungutnii zahialgat tatlaga gej neg iimerhvv tataas baidag yum
Монголыг нэг ч гэсэн сайн талаас нь бичиж байгаа нь сайн байна аа.
yamar zavaan nurshuu byalduuchilsan novshiin niitlel ve durgui hurchlee baychuudin buuni nohoi bolson hogiin suvag shdee malaa
Хамгийн их уншсан