Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАСГИЙН ГАЗАР VS “РИО ТИНТО”

“Оюу толгой” компанийн хувь нийлүүлэгчдийн хурал өнөөдөр болно. Энэ хуралд “Оюу толгой”-н хөрөнгө оруулагч “Рио Тинто” болон Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл оролцох юм байна. Хурлын үеэр “Оюу толгой”-н анхны хөрөнгө оруулалт нэмэгдсэн шалт­гааныг тодруулах, гүйцэтгэх удирд­лагын төвшинд Монголын талын төлөөллийг ажиллуулах, “Оюу тол­гой”-н ханган нийлүүлэгчээр үндэсний ком­паниудыг түлхүү оролцуулах зэрэг олон асуудлыг ярихаар төлөвлөсөн байгаа гэнэ. Монголын тал энэ мэтээр хуралд ямар байр суурьтай оролцох, ямар асуудал хөндөж тавих нь өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Оюу толгойн талаар нээлттэй мэдээлэл хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийлснээр тодорхой болсон.
Тодруулбал, УИХ-аар батлуулсан гэрээнд анхны хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.доллар хэмээн заасан байтал Оюу толгойн хөрөнгө оруулагчид энэ хөрөнгийг 7.1 тэрбум ам.доллар болгон 40 орчим хувиар өсгөчихөөд буй аж. Төсөлд оруулж буй хөрөнгө оруулалтын нийт зардал өсөхөөр манай талд орж ирэх өгөөж, ногдол ашиг буурна. Иймээс Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтыг хоёр тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн шалтгаанаа тайлбарлах ёстой. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалтаа тодорхой мэдээлж байж цаашдын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө батлуулах шаардлага тавьж буйгаа Ерөнхий сайд илэрхийлсэн билээ. Өнгөрсөн хугацаанд тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хөрөнгө оруулалтаа баталсан ч өсгөсөн шалтгаанаа тодорхой тайлбарладаггүй байж. Мөн төслийн хөрөнгө оруулалт далд уурхай ажиллаж эхлэхэд 14.6 тэрбум ам.доллар байхаар Техник эдийн засгийн үндэслэлд тусгасан ч энэ дүн нь одоо 24.4 тэрбум ам.долларт хүрч, 68 хувиар өсгөсөн тооцоо гаргасан байгаа аж. Тиймээс манай Засгийн газар УИХ-аар баталсан хөрөнгө оруулалтын дүнг  ингэж үндэслэлгүйгээр нэмж, өөрчилж байгаа шалтгаанаа тайлбарлахыг хөрөнгө оруулагчдаас хүснэ гэдгээ мэдэгдсэн.
Харин Ерөнхийлөгч Монгол Улс Оюу толгойд хууль ёсны байр сууриа эзлэх ёстойг онцолсон байгаа. Тэрээр “Ингэхийн тулд төслийн гүйцэтгэх удирдлагын багт өөрийн төлөөллийг оруулж ажиллуулах, төслийн санхүүгийн үйл ажиллагааны хяналт, оролцоо, ил тод байдлыг хуулийн дагуу явуулах, дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоог хангаж, ил тод болгох нь чухал” хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ.  Мөн гэрээнд тусгасны дагуу ижил ажлын байрт адил хэмжээний цалин олгох ёстой гэж байгаа. Өөрөөр хэлбэл, яг адил ажил хийж буй монгол, гадаад инженерийн цалин зөрүүгүй байх ёстой аж. Гэтэл өнөөдөр гадаад мэргэжилтэн өндөр цалин авдаг байхад монгол мэргэжилтэнийх хэд дахин бага байгаа юм.  
Манай улсын Засгийн газар “Айвенхоу Майнз” компанитай хамтран Оюу толгой ордын зэс, алтыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулснаас хойш гурван жилийн нүүр үзэж буй. Энэ хугацаанд Оюу толгой төслийн эхний шатыг амжилттай хэрэгжүүлж, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр нээлтээ хийж, бүтээгдэхүүнээ экспортод гаргахад бэлэн болоод байгаа юм.  
Дээрх олон асуудлын улмаас Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа Уул уурхайн яамнаас “Рио Тинто”-д  удаа дараа тавьсан. Харин хөрөнгө оруулагч тал “Энэ гэрээг олон жил хэд хэдэн парламент дамжин ярилцаж байж баталсан.
Төслийн бүтээн байгуулалт дуусч үйлдвэрлэл дөнгөж эхлэх шатандаа байхад Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахаас татгалзаж байна” гэсэн хариу өгсөн билээ. Тэгэхээр энэ удаагийн хувь нийлүүлэгчдийн хурлын үр дүнд дээрх асуудлуудыг шийдэж чадах уу, үгүй юү гэдгийг харах л үлдлээ. 

Б.Алтанцэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан