Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АГААРЫН БОХИРДЛЫГ 50 ХУВЬ БУУРУУЛАХ ЗОРИЛТ БИЕЛСЭНГҮЙ

УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах дэд хороо байгуулагдаад хоёр жилийн нүүр үзсэн ч өнгөрсөн хугацаанд улс төрийн шалтгаанаар нэг ч удаа хуралдаагүй юм байна. Харин энэ хороо өчигдөр анхны хуралдаанаа хийж, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй зарим ажлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооныхон өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнасан бол Зам тээврийн дэд сайд Ержан болон Нийслэлийн Засаг даргын экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ  Авто тээврийн хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийг багасгах асуудлаар мэдээлэл өгөв. Тэдний өгсөн мэдээллээс үзвэл, нийслэлийн гэр хорооллын 184 мянган өрхийн 59 хувьд нь утаагүй зуух худалджээ. Цаашид 40 мянган зуух шаардлагатай байгаа гэнэ. Утаагүй түлшний нийлүүлэлт хангалтгүй, түлш нийлүүлэхээр гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд үүргээ биелүүлэхгүй, ТЭЦ II станцыг түшиглэн барих ёстой утаагүй түлшний үйлдвэр ашиглалтад ороогүй гэх мэт шалтгаанаар нийслэлийн агаарын бохирдлыг 50 хувь хүртэл бууруулах зорилт биелээгүй байна.
Түүнчлэн авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй бохирдол жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь судалгаагаар тогтжээ. Нийтийн тээврийн том оврын болон бага оврын автобус унаа агаарын бохирдолд хамгийн их хувь нэмэр оруулж буй гэнэ. Нийслэлийн агаарын бохирдлын 20 хувийг авто тээврийн хэрэгслийн яндангаас гарч буй утаа эзэлж байгааг ч Зам тээврийн яамныхан хэлж байв. Тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулахын тулд 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл импортлохыг хориглох, татварыг нь нэмэх зэрэг хөшүүрэг хэрэглэдэг ч бас л үр дүнд хүрэхгүй байгаа гэнэ. Тиймээс цаашид энэ талын хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгон шинэчлэх, тээврийн хэрэгслээс ялгаруулж буй бохирдолд стандарт тогтоох, техникийн үзлэг оношилгооны  хяналтыг чангатгах зэрэг олон ажил хийх юм байна. Нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн 80 хувь нь долоогоос дээш жил ашиглажээ. Тээврийн хэрэгслийн насжилт нэмэгдэх тусам утаа гаргах нь ихэсдэг учир цаашид хорт бодисын шүүлтүүр суурилуулах асуудлыг ч хөндөхөө албаныхан хэлж байлаа. Мөн замын хөдөлгөөний нягтралыг сааруулах, ногоон байгууламж нэмэх, нийтийн тээврийн унааг цахилгаанаар явдаг болох зэрэг ажлууд ч хийхээр төлөвлөсөн гэнэ.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулна гэж энэ мэтээр олон ажил цаасан дээр төлөвлөж, хэдэн сая, тэрбумаар нь мөнгө зарцуулдаг ч харамсалтай нь, гарт баригдаж, нүдэнд үзэгдэх үр дүн алга. Жишээ нь, “Аморэ интернэшл” компани утаагүй түлшний үйлдвэр барина гэж татвар төлөгчдийн мөнгөнөөс 20 тэрбум төгрөг аваад салхинд хийсгэчихээд сууж байна. Үйлдвэр ашиглалтад оруулах хугацаа өнгөрсөн онд дууссан. Утаагүй түлш үйлдвэрлэхээр 20 орчим удаа туршилт хийсэн боловч найруулга, технологио   тааруулж чадахгүй байгаагаас нийслэлийн утааг 50 хувь хүртэл бууруулна гэсэн зорилт биелэхгүйд хүрээд буй. Өөрөөр хэлбэл, цаасан дээр буулгасан технологи нь бодит амьдралд хэрэгжүүлж чадахгүй байгаа нь энэ. Хэрэв энэ үйлдвэр ашиглалтад орж, гэр хорооллын айл өрхийг утаагүй түлшээр хангаснаар нийслэлийн агаарын бохирдол 85-90 хувь хүртэл буурна гэсэн тооцоо гаргасан байжээ. Гэвч ганцхан үйлдвэр барьснаар хотын агаарын бохирдлыг ойрын хугацаанд 85-90 хувь бууруулна гэдэг нь ёстой л Мянгуужингийн үлгэр байлгүй. Тиймээс ч Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүд Уул уурхайн болон Эрчим хүчний яамны холбогдох албан тушаалтнуудад хандан утаагүй түлшний үйлдвэрийн ажил бүтэл муутай байгаа учир дараагийн төлөвлөгөөгөө яаралтай гаргаж, боловсруулах нь зүйтэй гэсэн санал хэлж байв. Арга ядсандаа утаагүй түлшний найруулга, технологийг хариуцаж байгаа ажлын хэсгийг өөрчилж, гадаадаас энэ чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаач нарыг урьж ажиллуулъя гэсэн санал ч гаргаж байлаа.
Ямар ч байсан Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны хуралдааны явц, өнгө аясаас харвал, татвар төлөгчдийн халаас руу гар дүрж, утаагүй түлшний үйлдвэр дахин барих асуудал тавих нь бололтой.  

Б.Алтан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан