Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.БАДАРЧ: ГОЛЫН ГОЛЬДРОЛ ӨӨРЧЛӨХГҮЙ ГЭВЭЛ “ОЮУ ТОЛГОЙ”-Н АШИГЛАЛТЫН ТАЛБАЙГ БАГАСГАХ ЁСТОЙ

Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга О.Бадарчтай уул уурхай байгаль экологид хэрхэн нөлөөлж буй талаар ярилцлаа.

-Говийн гүний усны төвшин багасч байгаа гэсэн. Шалтгаан нь юу вэ?
-Манай аймагт гадаргын усны нөөц байхгүй. Гүний усаар ахуйн хэрэглээгээ хангаж ирсэн. Нийт худгийн 70 хувь нь малчдын хэрэгцээгээ хангаж буй гар худаг байдаг. 5, 10, 15 метрийн гүний ус ашиглаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, байгалийн хураар тэжээгдэж, усны эх үүсвэр нь бий болж байдаг юм. 70-120 метрийн гүнд байгаа усыг ч бас ашиглаж байна. Гэтэл сүүлийн 30 гаруй жилд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хур тунадасны хэмжээ багасч ирсэн. Тухайлбал, ган, зудын давтамж ойртож, салхи шуургатай өдрийн тоо нэмэгдлээ. Энэ өөрчлөлт нь усны нөөц багасахад нөлөөлсөн.
Яг энэ үед ашигт малтмалын томоохон ордууд нээгдэж, уул уурхайн ажил эхэлж байна шүү дээ. Одоохондоо нүүрсээ түүхийгээр нь экспортолж  байгаа. Цаашдаа эдийн засгийн үр ашгаа бодож  зайлшгүй боловсруулах болно. Зарим уурхайн боловсруулах, баяжуулах үйлдвэр ашиглалтад ороод эхэллээ. Жишээлбэл, Ухаа худаг, Оюу толгойн баяжуулах үйлдвэр ажиллаж байна.  Тэгэхээр усны хэрэглээ улам л нэмэгдэнэ.  
-Ус бага хэрэглэдэг, эр­гүү­лэн ашигладаг тех­нологи нэвтрүүлсэн гэж мэдээлж байсан. Үнэхээр байгаль ор­чинд үзүүлэх сөрөг нөлөө нь бага байж чадах болов уу. Та юу гэж бодож байна вэ?
-Ухаа худагийн нүүрс боловсруулах үйлдвэр гүнээс татаж авсан усныхаа 98 хувийг эргүүлэн ашиглана. Үлдсэнийг нь байгалиас нөхнө гэдэг. Гэтэл Оюу толгойн баяжуулах үйлдвэр хэрэглэсэн усныхаа 80 хувийг эргүүлэн ашиглаж, 20 хувийг нь  байгалиас нөхнө  гэж байгаа. Тэгэхээр энэ технологи өөрчлөгдөх ёстой.  Оюу толгойн одоогийн тогтоосон гүний усны нөөц бидэнд  байгаа мэдээллээр 10 жил ашиглах боломжтой. Бүр шавхаж авахад тэр шүү дээ. Энэ олон ашигт малтмалын орд ашиглахтай холбогдуулаад усны нарийвчилсан эрэл хайгуул хийж, усны нөөцийг бодитоор тогтоох хэрэгтэй. Үүнээс гадна аль болох усанд хэмнэлттэй, эргүүлэн ашиглах технологи уул уурхайн ком­паниуд нэвтрүүлэх ёстой. Өнөө­дөр Ухаа худаг, Оюу тол­гойн баяжуулах үйлдвэр бай­галиас нөхөх хэмжээний усаа сэлбэн авч  байгаа гэдгийг бид яг тогтоож, хянаж чадахгүй байна. Иймд хяналтын тогтол­цоог ч гэсэн мэргэжлийн төвшинд бий болгох ёстой. Ийм болохоор усны бодлого Өмнөговь аймагт маш тулгамд­сан асуудал болоод байна. Үүнтэй холбоотой менежмент хоцрогдож байгаа юм.
-Ханбогдын иргэд малч­дын гар худгийн ус дундарч байна. Оюу толгой их хэмжээний ус ашиглаж байгаатай  холбоотой гэж байсан. Энэ талаар судалгаа хийсэн үү?
-Энэ талаар нарийн судалгаа хийсэн зүйл алга. Хэн ч хэлдэггүй л юм байна лээ. Яагаад гээд төр захиргааны төв байгууллагуудаас асуудаг юм. Жишээлбэл, олон уурхай ажиллаж буй нутгуудад хөрс болон гүний усанд ямар нөлөөлөл үүсэв, төвшин нь  хэдэн хувиар доошлов гэдгийг хэлдэг, судалж тогтоосон газар байдаггүй. Усны мэргэжлийн байгууллагуудаас би асууж л байсан. Сүүлийн жилүүдэд хөрсний болон гүний усны төвшин доошилж байгаа нь үнэн. Гэхдээ уул уурхайгаас боллоо гэхэд хэцүү. Тухайлбал, энэ жил Өмнөговьд зарим газарт усны төвшин дээшилсэн. Учир нь, хур бороо элбэг байсан. Тэгэхээр усны төвшинд нөлөөлж байгаа уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн хувь хэмжээг тогтоох шаардлагатай байгаа юм. Ингэж байж усны зөв бодлого, менежмент гаргаж баримтлах болов уу гэж бодож байна. Уул уурхай гүний усанд нөлөөлөх нь ойлгомжтой. Харин аль болох нөлөөллийг нь багасгах ёстой.
-Иргэний нийгмийн бай­гууллагууд, нутгийн иргэд нь голын гольдролыг өөрчлөх гэж байна. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ ч хийгээгүй гэж байсан. Энэ үнэн үү?
-Энэ нь Ундайн голын гольдролыг өөрчлөх асуудал юм. Ажил эхэлсэн гэсэн. Байгаль орчны  үнэлгээ хийлгэж байж ажил нь эхэлнэ л дээ. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ нь хийгдээд мэргэж­лийн байгууллагуудаар бат­лагдсан байна билээ. Үүнийг нутгийн иргэд эсэргүүцэж байгаа. Ашиглалтын лиценз нь Ундайн гол руу түрээд орчихсон юм билээ. Тэгэхээр 10, 20 метрийн гүнд байгаа ус уурхайн карьерт шууд орох магадлал өндөр. Үүнийг л зогсоох гэж гольдрол өөрчилж байгаа. Өөрөөр хэлбэл,  голын урсгалыг хааж өөр тийш урсгах юм. Голын гольдролыг өөрчлөхгүй гэвэл Оюу толгойн ашиглалтын талбайг багасгах ёстой байх.

-Өмнөговь аймагт усны хэдий хэмжээний нөөц тог­тоогдсон байдаг юм бол?
-Албан ёсны тоо хэлэхэд түвэгтэй. Олон янзын тоо баримт бий л дээ. Жишээ дурдахад, би дээр хэлсэн Оюу толгойн илрүүлсэн усны нөөц 10 жилийн дараа шав­хагдчихвал  яах вэ. Энэ ордыг  30 жил ашиглах гэрээ хийсэн биз дээ. Тэгэхээр усны асуудал говьд бол бүрхэг бай­на. Гидрогеологийн на­рийв­чилсан хайгуул хийж байж бид байгаа юмаа мэдэх хэрэгтэй. Жишээлбэл, хүн мотоциклийн шатахууны саванд хэчнээн литр бензин байгааг  үзээд явах км-ээ боддог оо доо.  
-Томоохон голуудаас говь руу ус хуримтлуулж татах төслүүд бий. Үүнийг эсэргүүцэх хүн ч олон. Та ямар бодолтой байна вэ?
-Би болдогсон бол “Орхон-Говь”, “Хэрлэн-Говь” төсөл хэрэгжээсэй гэж боддог. Яагаад гэвэл, олон улсын хэмжээнд далай, тэнгис, томоохон гол мөрнөөс ус хуримтлуулан хоолойгоор татаж ашигладаг технологи байна шүү дээ. Ард түмэндээ зөв ойлгуулаад хийх нь чухал. Даанч хөрөнгө мөнгөний асуудал бий байх.
-Танай аймагт нүүрс тээврийн замын тоос нэлээд асуудал дагуулдаг. Үүний хохирлын хэмжээг тогтооно гэж байсан. Энэ ажил юу болов?
-Уул уурхай дагасан байгаль орчны  бохирдлын талаар маш олон зүйл ярьж болно. Тухайлбал, уурхай нээх гэж ухахаас эхлээд худалдан борлуулах хүртэл хөрс эвдэж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. Таван толгойн ордоос улсын хил хүртэл 250 гаруй км. Энэ зам дагуу өргөөшөө 10-аад км газарт  ургамал ногоо тоосонд дарагдаж байна. БОНХЯ өнгөрсөн онд энэ газар нутаг орчмын экологи, эдийн засгийн хохирлыг нь тооцсон. Миний дуулснаар 50 гаруй тэрбум төгрөгийн хохирол гарсан гэсэн. Бас Цагаан хадны гаалийн хяналтын талбай гэж бас хэцүү газар бий. Өөрөөр хэлбэл, уурхайгаас ачсан нүүрсээ тэнд заавал буулгаад дахин тээвэрлэж байгаа нь байгаль орчныг бас их сүйтгэж байна. Өнгөрсөн онд Байгаль орчны яаманд асуудал тавьсан. Тэгээд 91 сая төгрөгөөр хогийн цэг, машинтай болгосон. Дээр нь, хогийн сав тавьж өглөө. Цагаан хаданд засаг захиргааны нэгж ажиллахгүй бол хэчнээн хөрөнгө зараад ямар ч үр дүнгүй гэдэг нь одоо харагдаж байна. Тэнд аймаг бүрээс ирсэн хүн байгаа. Газрын зөвшөөрөл авсан нэг ч хүн байхгүй. Дураараа буусаар байгаад нэг тосгон бий болчихсон. Дэлгүүр худалдаанаас өгсүүлээд бүх л зүйл бий. Гэтэл байгаль орчин дээд зэргээр бохирдсон, хүн амьдрах нөхцөлгүй орчин тэнд л байна. Саяхан засаг захиргааны нэгж байгуулсан юм билээ. Тэнд ажиллаж байгаа хүмүүстэй ажиллах шаард­лагатай л даа. Тэр бай­гуулж өгсөн хогийн цэг­ийг аваад явах хүнгүйгээс эзэн­гүйдэж, зарцуулсан хөрөнгө нь үнэгүйдэж үр дүн нь гарахгүйдээ тулаад байгаа юм.
-Хүн л байгаа юм чинь хог тарихгүй байна гэж үгүй л дээ. Тэгэхээр томоохон уурхайнууд хог хаягдлаа яадаг юм бол?

-Үүнийг цэгцлэх боломж бий. Энэ жил манай Байгаль орчин аялал жуулчлалын газар гурван суманд хог хаягдлын талаар арга хэмжээ авна. Тухайлбал, Цогтцэций сум байна.  Сумын Засаг даргатай нь яриад тохирлоо. Одоо уул уурхайн компаниудтай нь ярьж байгаа. Өнөөдөр тэнд ажиллаж байгаа уул уурхайн компани болгон хог хаягдлын цэг заалгаад авсан байгаа. Гэтэл тэр нь сумын төвөө тойроод сайндаа л 20 км радиуст бий л дээ. Тэгэхээр олон газар хөрс бохирдуулаад байх ёсгүй. Нэг төвлөрсөн хог хаягдлын цэгтэй байх учиртай. Компаниуд хөрөнгөө нэгтгээд хог хаягдлаа булшлан дарах орчин үеийн цэг байгуулах шаардлага тавина. Оюу толгой ч саяхан ийм хогийн цэг  10 гаруй тэрбум төгрөгөөр байгууллаа.  Дэргэд нь 1000 гаруй хэмд шатаадаг зуух байгуулсан байна лээ. Аймгаас зөв менежмент гаргаад өгье, орон нутаг нь дэмж. Хамтарч ажиллая гэж байгаа юм.
-Танай аймагт хэчнээн ашиглалт, хайгуулын лиценз олгоод байна вэ?
-Одоо ашиглалтын 60 гаруй лиценз бий. Хайгуулынх нь нэлээд хэлбэлзэлтэй бай­даг. Гэхдээ 200-300 орчим бай­гаа. Ер нь, аймгийн нутаг дэвсгэрийн 70 хувь нь лицензийн талбай байсан. Одоо бага зэрэг буурсан юм билээ. Гэвч хайгуулын ли­цен­зийг дахиад цэгцлэх шаард­лагатай.  Яагаад гэ­вэл, хай­гуулын лицензийг да­гаад байгаль орчны сүйрэл ашиг­лалтын лицензийнхээс илүү гарч байна.
-Тэгэхээр энэ олон ли­ценз зэрлэг ан амьтдад нутаг­гүй болсон гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яахав. Ганц жи­шээ татахад, хулан адуу байна. Хулан Дорноговь аймгийн  Хатанбулаг сумын урд говиос эхлээд Өмнөговийн Ханбогд, Баян-Овоо, Номгон, Гурван тэс сумын нутаг дамжаад амьдардаг байсан. Өөрөөр хэлбэл, 2-3 мянган км ну­тагт дураараа бэлчээрлэн амь­дардаг. Одоо Гашуун сухай­тын хилийн боомт хүрэх зам , Замын-Үүдийн  хооронд 500 гаруй км хавчигдмал нутагт амьдардаг болсон. Гэтэл Дорноговь аймгийн нутагт бас уурхай нээгдээд Ханги манд­лын хилийн боомтоор нүүрс экспортолж байгаа. Тэгээд хөнд­лөн зам татаад эхэллээ. Иймээс хулан амьдрах нутаг­гүй боллоо. Өнгөрсөн онд  ма­най аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар аргаа бараад 400 гаруй хуланг бэлчээрээр нь тууж зам гаталгаж үзсэн. Үүнээс хойш байнга ажиглалт хийж байна. Ер нь, буцах гээд л байдаг юм билээ. Тэр нутагшиж байгаа газарт нь ургамлын гарц сайн биш байгаа. Биднийг өнгөрсөн намар хуланг бэлчээрийн аргаар нь туугаад явж байтал замд 2000 гаруй хулан тулаад ирсэн байсан л даа.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан