Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТӨВ АЙМАГТ НИЙТ 9700 ГА ГАЗАР УУЛ УУРХАЙД ХӨНДӨГДЖЭЭ

Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ц.Дашдэмбэрэлтэй тус аймагт үйл ажиллагаагаа явуулж буй уурхайнуудын нөхөн сэргээлт, өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

-Танай аймгийн хэм­жээнд уул уурхайд өртсөн хэчнээн га талбайд нөхөн сэргээлт  хийгээд байна вэ?

-Манай аймагт жилд 30 гаруй уурхай тогтмол үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ уурхайнууд Заамар, Сэргэлэн суманд төвлөрч байгаа. Алт хөтөлбөр 1990-ээд оноос хэрэгжиж эхэлсэн. Тэгээд манай аймагт алтны уурхай эрхлэлт нэлээд замбараагүй явж ирсэн. Сүүлийн жилүүдэд аймаг, орон нутгийн захиргаа, ард иргэд хамтарч уурхайнуудад хяналт тавьж, нөхөн сэргээлт хийж байна. Компаниудтай жилд хийх нөхөн сэргээлтийн гэрээ хийж ажилладаг. Тэгээд жилд 300 га талбайд техникийн, 160 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийлгэдэг. Энэ онд 350 га-д техникийн, 250 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн.
-Жилд хэчнээн га талбай уул уурхайн үйлдвэрлэлд өртөж байна вэ?

-Шинээр уул уурхайн үйлдвэрлэлд өртөж буй талбай бол бага. Ер нь, 30-40 га газар уул уурхайд өртдөг. Эвдэрсэн газар маш их бий. 1990-ээд оноос хойш 9700 гаруй га газар уул уурхайд хөндөгдсөн гэдэг. Үүний 40 хувьд нь техникийн нөхөн сэргээлт хийсэн. Үүнийхээ талд нь биологийн нөхөн сэргээлт хийгээд байна. Өнөөдөр “Шижир алт”, “Монполимет” компанийн алтны уурхайн нөөц дуусч, хаагдах шатандаа орсон. Урд нь Заамарын нурууны ар уул уурхайд өртөж сүйрлээ гэж Монгол орон даяар ярьж ирсэн. Одоо энэ газарт нөхөн сэргээлт хийгдэж, харьцангуй сайхан болсон. Аймгийн хэмжээнд уул уурхайд хөндөгдсөн талбайн  ихэнх нь “Алтан Дорнод Монгол” компанийн уурхайд эзлэгдсэн байдаг. Энэ компани сүүлийн хэдэн жил өр төлбөр, шүүх гээд үйл ажиллагаа явуулаагүй. Монголчууд энэ компанийг аваад өнгөрсөн оноос л үйл ажиллагаа нь жигдэрч байна. Тэгээд нөхөн сэргээлт хийж эхэлсэн юм. Энэ компани нөхөн сэргээлтээ хийчихвэл Заамарын нурууны ар ерөнхийдөө гайгүй болох юм.
-Алтыг нь авчихаад орхиод явсан талбай их бий. Үүнийг ямар хөрөнгөөр хэрхэн нөхөн сэргээх юм бол?
-Орхисон газруудын хо­хир­лыг мэргэжлийн байгууллагаар тооцож, шүүхэд нэхэмжлэл гаргана. Энэ ажлын хөлсөнд 20 сая төгрөг төлөвлөөд байгаа.
-Нинжа гэж нэрлэгдсэн гар аргаар алт олборлогчид танай аймагт нэлээд байдаг. Үүнийг яаж цэгцэлж байна вэ?
-Хамгийн хүндрэлтэй асуудал бол нинжа нар. Томоохон компаниудтай гэрээ байгуулан зохион байгуулалтад оруулан ажиллуулж байгаа. Тэд олборлосон алтаа тухайн компанид тушааж, цалин авч ажилладаг. Заамар суманд 30 гаруй иргэн ийм зохион байгуулалтад орсон.
-Одоо хэчнээн нинжа байгаа бол. Тэднээс татвар авах болсон. Төлж байгаа нинжа байна уу?
-Тоо нь байнга өөрчлөгдөж байдаг. Яг тэд гэж хэлэхэд хэцүү. Нинжа нарын дийлэнх нь өөр аймаг орон нутгаас ирсэн иргэд байдаг. Жишээлбэл, Сэргэлэн суманд аймгийн төвийн цөөн иргэдээс гадна Багануур, Налайх дүүргээс ирсэн хүн олон бий. Ерөнхийдөө өнгөрсөн онд судалгаа хийхэд 2000 гаруй иргэн гар аргаар алт олборлож байсан л даа. Одоогоор татвар төлсөн гар аргаар алт олборлогч алга. Зохион байгуулалтад бүрэн шилжүүлж байж л татвар авах боломж бүрдэнэ. Энэ зохицуулалтад анхаарах зүйл их бий. Тухайлбал, сумын Засаг дарга газар олгохдоо нөөцийг нь тогтоолгож, бичил уурхай эрхлэх эрх зүйн зохицуулалт хийж өгсөн. Цааш нь боловсронгуй болгож шинэ газарт бус уурхайн ашигласан талбайд оруулан ажиллуулдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй болохоор эрүүл газар ухаж сэндийлээд, үүнийгээ нөхөрлөлийн зохион байгуулалтаар авна гэж дайрах явдал гараад байна. Манай алт олборлож буй уурхайн технологи хаягдал их гардаг. Үүнийг нь нинжад ашиглуулаад нөхөн сэргээлт хийлгэх учиртай.
-Хэдэн жилийн өмнө танай аймгийн нутагт нинжа нар мөнгөн ус, цианит хэрэглэн алт угааж байсан. Тэгээд баахан шлам цэвэрлэсэн. Одоо ийм явдал гарч байна уу. Тэр цэвэрлэсэн газрын хөрс ямар байгаа вэ?
-Монгол Улсад химийн хорт бодисоор алт угаах явдал замбараагүй байсан. Алтны үндсэн ордоос чулуу олборлож, гэрийн нөхцөлд мөнгөн усаар ялган авдаг байсан. Жаргалант, Борнуур сумдад нинжа нар мөнгөн ус, цианит их хэрэглэсэн. Тэгээд бид бохирдсон талбайн судалгаа гаргаж, цэвэрлээд саармагжуулах арга хэмжээ авсан. Байнга хяналт тавьж байна. Одоогоор шинээр нэмж бохирдсон саармагжуулсан талбайгаас химийн хорт бодис илэрсэн зүйл гараагүй.
-Ашигт малтмал тээ­вэр­лэхэд хөрс нэлээд эвдэрдэг. Энэ талаар ямар нэг арга хэмжээ авч байна уу?
-Харин тийм. Нүүрс, жонш, хайрга олборлож буй компаниуд хүнд даацын машинаар ашигт малтмалаа тээвэрлдэг. Тэгээд их хэмжээний тоос босох, хөрс эвдэх явдал гарсаар байна. Аймгийн захиргаа 2011 онд уурхай ажиллуулж буй 20 гаруй аж ахуйн нэгжид зориулалтын зам барих шаардлага өгсөн. Одоо нийт 45 км зам тавьсан. Энэ онд бас ийм хэмжээний зам тавиулахаар шаардсан. Тухайлбал, Баянжаргалан сумын нутгаас төмрийн хүдэр олборлож байгаа. Тэгээд энэ ордоос Мааньтын өртөө хүртэлх 70 гаруй км зам тавьж байна. Алтанбулаг суманд хайрга олборлодог копаниуд зам тавихдаа нэлээд хойрго ханддаг. Энэ хайрганы карьерууд нэг дор байрладаг. Иймээс хөрөнгө мөнгөө нийлүүлээд дундаа нэг тээвэрлэлтийн зам тавь гэж шаардаж байгаа. Хамгийн гол нь, хүнд даацын машинаар бүтээгдэхүүнээ тээвэрлэдэг уурхайнуудыг зам тавьсаны дараа үйл ажиллагаа явуулах эрх өгөх хууль эрх зүйн орчин бүрдүүлэх нь чухал.
-Уул уурхайд ашиглаж буй уснаас хэдэн төгрөгийн төлбөр авч байгаа вэ?
-Заамар сумын алтны уурхайнууд гадаргын ус ашигладаг. Туул голын гольдрол өөрчилсөн асуудал гарсан. Одоо нөхөн сэргээлт хийж байна.  Мөн уурхайн хэрэглэж байгаа усанд тоолуур тавих болсон.  Нэг шоо метр шороо угаахад 4.1 шоо метр ус хэрэглэхээр тооцож төлбөр авдаг. Урд нь нэг шоо метр гадаргын усыг 100 төгрөгөөр үнэлж төлбөр авдаг байсан. Одоо 350 төгрөгөөр тооцож байна. Усны үндэсний хорооны шугамаар гүний усны хяналтын цэг байгуулах ажил эхэлсэн. 

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан