Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн байгуулалтын байнгын хороо ажлаа тайлагналаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2013.02.18./ Хэвлэлийн бага хурал зохион байгуулж, намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа олон нийтэд тайлагналаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, 2012 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хороо 20 удаа хуралдаж, давхардсан тоогоор нийт 60 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн хэмээн мэдээлэв. Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл 34, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 24, тайлан, мэдээлэл тус бүр 1-ийг хэлэлцэж, 35 санал, дүгнэлт гаргасан тухай танилцуулж байв.

А.Бакей дарга, байнгын хорооноос хууль, тогтоолын төсөл дээр ажилласан талаар мэдээлсний зэрэгцээ хэлэлцэгдсэн болон хэлэлцүүлгийн шатанд буй хуулийн төслүүдийн талаар дэлгэрэнгүй ярьсан. Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хяналт шалгалтын ажлын талаар тодруулан өгүүлж, бусад ажлынхаа талаар ч тодорхой тайлбар хийсэн юм.

Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн М.Батчимэг, Д.Батцогт, Р.Бурмаа нар мөн хүрэлцэн ирж оролцлоо. УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга М.Батчимэг дэд хорооны зүгээс хийсэн ажлынхаа тухай ярьж, Ёс зүйн дэд хорооны дүрмийг шинэчлэн баталсан нь эхний ээлжийн ажил байсан гээд одоо завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрмийг шинэчлэн батлуулах асуудалд анхаарлаа хандуулан судлан, ажиллаж буй гэсэн юм.

Ёс зүйн дэд хорооны шинэчилсэн дүрмийг боловсруулахдаа баримт, судалгаа түшиж ажилласан төдийгүй бусад олон улс орны туршлагаас харж үзсэн, мөн холбогдох хууль тогтоомжтой нарийвчлан танилцсан талаар М.Батчимэг гишүүн өгүүлж байв.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа Төрийн байгуулалтын байнгын хорооноос хариуцаж, хэлэлцүүлэн батлуулсан Сонгуулийн хуулиудтай холбогдуулан мэдээлэл өгсөн юм. Орон нутгийн сонгуулийн тухай хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиудыг шинэчлэн баталсан нь зарчмын чухал ач холбогдолтой болсон гэдгийг онцолж, ямар гол өөрчлөлтүүд туссан талаар мэдээлж байв.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, тус байнгын хорооны зүгээс намрын чуулганы завсарлагааны хугацаанд хийхээр төлөвлөөд буй ажлынхаа талаар мөн мэдээлсэн. Түүнчлэн байнгын хорооны Ажлын хэсгүүдийн хийх ажлын талаар ч дурдсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан