Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Гансүх: МИАТ-ын бүтцийг шинэчилснээр 2,4 тэрбум төгрөг хэмнэлээ


Шинэчлэлийн Засгийн газрын сайдууд эрхэлсэн ажлынхаа хүрээнд танилцуулга хийдэг уламжлал тогтоод буй.  Зам тээврийн сайд А.Гансүх өчигдөр салбартаа хийх шинэчлэлийн талаар хэвлэлийнхэнд нээлттэй танилцуулга хийлээ. Түүний танилцуулснаар Монгол Улс өнөөдрийн байдлаар 2947 километр хатуу хучилттай замтай. Энэ онд Дорноговь, Өмнөговь, Дорнод, Баянхонгор зэрэг  зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно. Ингэснээр нийт 1347 километр хатуу хучилттай зам тавихаар төлөвлөжээ. Харин ирэх онд Завхан, Говь-Алтай, Сүхбаатар аймгийг, 2015 онд Баян-Өлгий, Ховд, Увс аймгийг Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбох  юм байна.

Төмөр замын хувьд 2010 онд УИХ-аас баталсан Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд ажиллана. Эл бодлогын хүрээнд нийт 5600 километр төмөр зам барих хэтийн төсөөлөлтэй.Эхний ээлжинд 1800 км төмөр замыг цогцоор нь барихаар төлөвлөсөн байгаа. Түүнчлэн Зам тээврийн яам 150 километр  “Богдхан” төмөр замын төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх цогц бодлогын хүрээнд 2016 болон 2020 он гэсэн хоёр үе шаттай ажил хэрэгжүүлэх аж. 2020 он гэхэд Монгол Улсын иргэний нисэхийн салбар олон улсад өрсөлдөх чадвартай болох бол 2016 онд өөрийн өмчлөлийн гурван онгоц худалдан авахаар төлөвлөжээ. Өөрийн гэсэн онгоцгүй, алдагдалтай ажиллаж буй МИАТ компанийн бүтцийг өөрчилснөөр 2,4 тэрбум төгрөгийн хэмнэлт хийлээ гэсэн салбарын сайдын мэдээлэл анхаарал ихэд татлаа.

Уул уурхайн бүтээгдэхүүнээ гуравдагч хөршид экспортлоход далайн тээврийг хөгжүүлэх нь чухал гэдгийг ч Зам, тээврийн сайд А.Гансүх хэлж байв. Тиймээс үндэсний боловсон хүчин бэлтгэхэд анхаарч, БНСУ-д 100 далайчин бэлтгэж, сургахаар болжээ. Эхний ээлжинд 10 хүүхдийг сургахаар явуулсан гэнэ. Мөн тус улстай хамтран Далайн усан тээврийн компани байгуулах, далайн тээврийг хөгжүүлэх стратегийн зорилт тавин ажиллаж байна. Зам, тээврийн сайд “Далайд гарцгүй, бас туршлагагүй орны хувьд энэ чиглэлээр хамгийн их амжилттай яваа улстай хамтран ажиллах нь чухал. Туршлага хуримтлуулж, тэр хэрээр уул уурхайн бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гуравдагч хөршид гарган далайн боомт дээр худалдаалахад хамгийн их боломж бололцоог нээнэ гэж харж байна.  Ер нь, уул уурхайн баялгийг үнэд хүргэх хамгийн том гарц нь далайн боомт. Тиймээс энэ чиглэлд манай яам хамгийн их анхаарал хандуулна” гэв.

 Монгол Улс 1996 онд Олон улсын далайн байгууллагын гишүүн орон болжээ. Ингэснээр Сингапур улстай хамтран Монгол Улсын далбаатай хөлөг онгоцыг далайд аялуулж эхэлсэн аж. Тэр үед Монголын талын хувь эзэмшил 30 хувь байсан бол үүнийгээ өсгөж өнөөдөр 60 хувьд хүргэжээ. Цаашид Монголын талын хувь эзэмшлийг нэмэгдүүлэх шаардлагатай гэнэ.  Өнгөрсөн хугацаанд далайн тээврээс олсон орлогоос 2.8 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлсэн тухай тооцоо байна.

 
Энэ мэтээр танилцуулга хийсний дараа Зам, тээврийн сайд А.Гансүх сэтгүүлчдийн асуусан зарим асуултад ийн хариуллаа. Сэтгүүлчид ихэвчлэн авто болон төмөр зам, МИАТ компанитай холбоотой асуудлыг сонирхсон юм.

-Шинээр тавьсан замуудын чанар муу гэсэн шүүмжлэл байнга гардаг. Яамны зүгээс замын чанарт хэрхэн хяналт тавьдаг вэ. Чанаргүй зам тавьсан компаниудад хариуцлага тооцдог уу?

-Засгийн газар энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд том зорилт тавьсан. Аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно. Үүнд их хөрөнгө шаардлагатай. Энэ бүтээн байгуулалтыг хийх авто замын компаниудтай яам болон Авто замчдын холбоотой хамтран дөрвөн удаа уулзалт хийлээ. Та бүхэн чанартай замыг, хугацаанд нь тавьж дуусгах ёстой гэсэн асуудлыг би тэдэнд тавьж байгаа. Авто замчид маань ч тэдэнд тулгардаг хүндрэл бэрхшээлтэй асуудлаа хэлсэн. Бид үүнийг шийдвэрлэх арга замаа боловсруулаад Засгийн газраар шийдвэрлүүлнэ. Засгийн газар он дамжиж зам барихгүй гэсэн шаардлага тавьж байгаа. Замын ажил он дамжсанаар бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орж, инфляцтай холбоотой үнийн зөрөө гардаг. Энэ нь их хүндрэл үүсгэдэг. Мөн нэг км зам барих нэгж өртөг, чанар нэхэж буй шаардлагатайгаа  уялдахгүй байгаа. Хямд өртгөөр чанартай зам тавьж болохгүй байна. Тиймээс нэг км зам барих нэгж өртөгт өөрчлөлт оруулна. Говийн болон хангайн бүсэд энэ өртөг өөр. Энэ мэтээр бүсчилж асуудлыг хянаж үзэж байна. Тооцоо судалгааг хийхээр Авто замчдын холбоотой хамтарсан ажлын хэсэг гарсан. Эдийн засаг хөгжлийн болон Сангийн яамтай энэ асуудлаар ярилцаж байна. Өөрөөр хэлбэл, замын чанар төсөвт өртөгтэй уялдаатай, дээр нь мэдээж, орчин үеийн техник тоног төхөөрөмж. Замын ажлыг 98 хувийг өндөр хүчин чадалтай техникийн хүчээр хийдэг. Энэ техник хэрэгслээ сайжруулахаар бодлогоо Монголбанктай хамтран боловсруулсан. Үүнийгээ удахгүй Засгийн газарт танилцуулна.

-Энэ онд зургаан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбохоор болж. Зам тавих компаниудад ямар шалгуур тавьж, сонгон шалгаруулах вэ?

-Мэдээж, тодорхой шал­гуур тавина. Авто замын компаниудаа хүчин чадлаар нь зэрэглэлд хуваана. Одоо компаниудын техник хэрэгслийнх нь хүчин чадал хэдэн км зам тавих боломжтой вэ гэдгийг судалж байна. Нөгөө талаар, ажлаа хийж чаддаггүй, өмнө нь чанаргүй зам тавьсан компаниудын хар жагсаалт гаргана. Ингэж ялгаад зам тавих компаниудаа тусгай программд оруулна. Программд оруулсан хүчин чадал, ангиллаараа сонгоно. Жишээ нь, замаа он дамнан барихгүйн тулд 90 км замыг 30 км-ээр гурав хуваана. Ингээд 30 км зам тавих хүчин чадалтай компанийг программын дагуу сонгоно.

-Замын-Үүдэд байгаа УАЗ-469 автомашиныг орчин үеийн тав тухтай тээврийн хэрэгслээр солих асуудлыг байнга ярьдаг. Энэ хэзээ ажил хэрэг болох вэ?

-Энэ асуудалтай олон хүний амьдрал ахуй холбогддог. Тиймээс эхний ээлжинд Замын-Үүдийг Улаанбаатартай холбосон авто замаа энэ онд ашиглалтад оруулж, зорчигч тээврийн стандартыг өөрчлөхөөр төлөвлөсөн.

-Автомашины дугаарын стандартыг шинэчилнэ гэж байна. Хэдийгээр үүнийг шийдвэрлэж дуусах бол?

-Судалгаа хийж эхэлсэн. Олон улсын шаардлага хангасан латин үсэгтэй, өнгөөр ялгардаг дугаарт шилжихээр ярьж байна. ЗЦГ-аас авто машины дугаар олгодог  байснаа энэ ажлыг манай яам руу шилжүүлсэн. Ингэхдээ ЗЦГ хоёр, гурван сери аваад үлдсэн байгаа юм. Ингээд хоёр газар дугаар олгож эхэлснээс  давхардсан дугаар гарах болсон. Одоо бүх серийг яам авснаар дугаарын давхардлыг арилгана. Одоогоор 11-11 гэх зэрэг давхардсан найман дугаар хураасан.

-Шинэ төмөр замын төслийн хөрөнгийг хэрхэн босгохоор төлөвлөсөн бэ?

-Засгийн газраас гаргах хөрөнгийг бондоос санхүүжүүлнэ. Харин бусад санхүүг хөрөнгө оруулагчид болон банк санхүүгийн байгууллагаас гаргана. Бид хөрөнгө оруулах саналаа нээлттэйгээр тавьсан.

-Төмөр замаар хөрш орнуудын боомтоор дамжуулан нүүрсээ экспортолно гэж ярьж байна. Энэ талаар хөрш орнуудтайгаа ярьж, хэлэлцээ хийсэн зүйл бий юү?

-Хөрш орнуудын боомтыг ашиглах нь бидний зорилт. ОХУ-тай гурван боомтод тохиролцчихсон. Одоо төмөр замын хэлэлцээрийн явцад БНХАУ-тай ярина. Байгалийн баялгаа ОХУ-аар дамжуулан төмөр замаар тээвэрлэх зам арай урт байгаа. Урд хөршийнхөөс бараг хоёр дахин урт. Тиймээс хөнгөлөлттэй тарифаар үйлчлүүлэх хүсэлт тавиад байна. Тавантолгойн нүүрсийг тээвэрлээд Владивостокт очиход 4400 орчим километр. Харин Хятадын Тяньжин руу тээвэрлэхэд хоёр дахин бага зай туулна. Энэ зайнаас шалтгаалж тээврийн тариф өндөр гарна. Бид хоёр оронтойгоо зайнаас үл хамааран тээвэрлэх зардал ижил байх шаардлага тавьсан.

-Ингэж хол зам туулсан Монголын нүүрс дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар бий гэдэгт итгэлтэй байна уу?

-Угаасан нүүрсээ 41 ам.доллараар олборлоно. Таван толгой-Нөмрөгийн чиглэлд 30 ам.доллараар тээвэрлэнэ. Шилжүүлэн ачихад гурван ам.доллар. Хятадын төмөр замын тээврийн өртөг боомт хүртлээ 18 ам.доллар. Далайн боомтын өртөг дөрвөн ам.доллар, далайн тээврийн өртөг 15 ам.доллар ингээд 111 ам.доллараар манай нүүрс очино. Үүнийг Австралиас Японд зарж байгаа нүүрсний үнэтэй харьцуулсан л даа. Австрали коксжих нүүрсээ 200 ам.доллараар зарж байгаа. Энэ үнээр өгөх юм бол 89 ам.долларын ашигтай ажиллана.

-Цагаан сарын өмнөхөн Хятадын байнгын хорооны дарга манай улсад айлчилсан. Энэ үеэр төмөр замын асуудлаар ярьсан уу?

-Төмөр замын асуудлаар бодлогын төвшинд ярилцсан. Хятадын талтай төмөр замын талаар хийх хэлэлцээрээ удахгүй эхлүүлнэ. Энэ чиглэлээр Засгийн газраас манай яаманд үүрэг өгсөн.

-МИАТ компани өн­дөр үнэтэй шатахуун хэрэглэснээр алдагдалтай ажиллаж байгаа. Энэ алдагдлаа бууруулахын тулд ямар ажил хийж эхэлсэн бэ?

-МИАТ компанийн хэрэглэдэг шатахуун монополь компанийн хяналтад байна. Тийм учраас бид бусад улс орноос хямд шатахуун авах боломжийг судалж байгаа. Үүнтэй холбоотой МИАТ компанийн захирал тодорхой ажил хийгээд эхэлсэн. Засгийн газар 2010 онд шатахууны монополь байдлаас гарахын тулд хоёр, гуравдагч орнуудаас шатахуун нөөц бүрдүүлэх тогтоол гаргасан. Бусад оронтой ч хэлэлцээ хийх ажлаа эхлүүлсэн. Шатахуун сумладаг хоёр машинаа хувийн компаниас буцаагаад авлаа. Ингэснээр шатахууны үнэ 80 орчим ам.доллараар хямдрах байх. Энэ мэтээр өөрөөс шалтгаалах бүх арга хэмжээг авч байна. 

-МИАТ компанид шинэчлэл хийж байгаа гэлээ. Үүнийгээ тодруулахгүй юү?

-Шинэчлэл хийнэ гэдэг нь шинэ дэг журам тогтоож, шинэ арга барилаар ажиллахыг хэлдэг. Энэ компанид хийж буй шинэчлэл маш их эсэргүүцэлтэй тулгарч байна. Нэг гэр бүлийн хүн олноор ажилладаг асуудал бий. Тиймээс энэ талаар судалгаа гаргасан. Удирдах албан тушаал хашдаг нэг гэр бүлийн хүмүүсийг ажиллуулахгүй гэж үзэж байна. Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой ямар нэг ажлын байр байвал өөрчилнө. МИАТ компанийн шинээр томилогдсон удирдлагын баг энэ мэтээр алдагдал бууруулах зохион байгуулалтын ажил хийгээд эхэлсэн. Бүтэц зохион байгуулалтаа шинэчилсэн. Ингэснээр тодорхой хэмнэлт бий болж байна.

Тухайлбал, 726 орон тоотой байсныг 687 болгож бууруулсан. Тэтгэвэрт гарсан атлаа ажлаа хийж байсан 15 хүнийг чөлөөлснөөр 720 сая, шаардлагагүй зарим орон тоог цомхотгосноор 259 сая төгрөг, хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээгээр ажиллаж байсан 23 хүнийг 15 болгож бууруулснаар 99 сая, цалингийн сүлжээнээс гадуур өндөр цалин авч байсан 23 хүнийг орон тоонд нь оруулснаар 460 сая төгрөг хэмнэлээ. Ингэж бүтэц зохион байгуулалтаа шинэчилснээр 2,4 тэрбум төгрөг хэмнэж байна. Бусад үйл ажиллагаатай холбоотой 600 сая төгрөг хэмнэсэн. МИАТ компанийн хувьд энэ бол том амжилт. 2012 оны тооцоогоор 3.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан.

-МИАТ компани өөрийн гэсэн онгоцгүй. 2016 он гэхэд гурван онгоцтой болохоор төлөвлөсөн гэлээ. Үүнд хэчнээн хэмжээний мөнгө шаардлагатай байгаа вэ?

 -Агаарын тээвэр улс орны стратегийн чухал салбар учир өөрийн өмчлөлийн  онгоцтой байх нь чухал. 2016 он гэхэд гурван шинэ онгоц худалдаж авахаар төлөвлөсөн. Эхний онгоцыг энэ онд багтаагаад оруулж ирэх боломжтой. Гэхдээ санхүүжилт тодорхойгүй байна. АНУ эхний онгоцыг энэ оны зургадугаар сард үйлдвэрлэж дуусна. Урьдчилгаа төлбөрөө төлсөн. Үлдсэн мөнгийг нь бондоос санхүүжүүлэх саналаа өгсөн. Гурван онгоцтой болохын тулд  240 сая ам.доллар шаардлагатай юм.

-“Изиннис эйрвэйс” компанид олон улсын нислэг үйлдэх эрх хэзээ олгох вэ. Судалгаа хийж байгаа гэсэн. Энэ ажил дуусах болоогүй юү?

-“Изиннис эйрвэйс” ком­пани болон бусад авиа компанийн шинээр эрх авах асуудлыг бүрэн зогсоосон. Учир нь, төрөөс агаарын тээврийг хөгжүүлэх бодлого батлах хүртэл ямар ч зөвшөөрөл өгөхгүй гэсэн шийдвэр гаргасан. Бодлогоо боловсруулж дууссаны дараа бид үе шат, системтэйгээр энэ зах зээлийг төрийн бодлогоор хөгжүүлнэ.

0 Сэтгэгдэл
ZAMIIG 2 TUSAD NI TAVIH NI OSOL AVAARIIG BAGASGADAG DEER NI HOL ZAMD HURDAN OSOL ENDELGUI HAMGIIN SHILDEG HUVILBAR YUM BNA. HOOROND NI MOD YUUMUU TSAHILGAANII SHUGAM USNII HOOLOI GEH MET SISTEMTEIGEER ALSIIG HARJ BARIDAG NI 100 JILIIN DARAA CH ASAR IH UR OGOOJTEI BDAG YUM BNA. GOL NI BAIGALIIN AMITADIIN NUUDEL HODOLGOONIIG BOOGDUULJ BOLDOGGUI NI END EUROPIIN ORNUUDAD IH HUNDEER TUSDAG .
HURDNII ZAMIIG TAVIHDAA 2 TUSAD NI HIIDEG YUM BNA. TUS TUSDAA URSGALTAI. MASH IH ZUZAAN ELS DOOR NI HIIDEG YUM BNA. 2 TALAAR NI MOD TARIDAG NI TEHNELOGI YUM BNA.
Дэд сайд байхдаа хамрынхаа доороос 700 сая доллар алдсан байж юун хэмнэлт яриад байгаа юм вэ? Хэлбэриин тодии биш юм уудаа?
Хамгийн их уншсан