Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улс орнуудын 80 жилийн түүхтэй нөхөн сэргээлтийн жороос...


Хүн төрөлхтөн уул уурхай эрхлээд хэдэн мянган жил болж байгаа бол энэ зорилгоор ашигласан газраа нөхөн сэргээдэг болоод ердөө 80 гаруй жил болж буй. Манай улсын хувьд дөнгөж эхэлж байгаа төдий гэхэд болно.


Дэлхийн хэмжээнд хамгийн анхны нөхөн сэргээх ажлыг 1926 онд АНУ-ын Индиана мужид хуучин уурхайд байсан газарт хийсэн байдаг. Түүнээс хойш уул уурхайн техник, технологи төдийгүй ашиглалтын үед болон дууссаны дараа нөхөн сэргээх технологи улам боловсронгуй болсоор ирсэн юм. Ингэхдээ улс болгон өөрийн онцлогт тохирсон онцлогтойгоор нөхөн сэргээлтэд хандах болжээ.

АНУ-д гэхэд Ойн ба Геологи алба, Хөрс хамгаалах алба, Уул уурхай товчоо болон холбооны бусад албад болон мужуудын тухайн чиглэлийн албад нөхөн сэргээлт хариуцдаг байна. Уул уурхайн компанийн үйл ажиллагаа ба нөхөн сэргээх зарчмуудыг мужуудын хуульд заавал тусгасан байдаг. Ил олборлолт хийх явцад эвдэрч сүйдсэн газар нутгийг сэргээх тусгай мэргэжлийн байгууллагууд тэнд олон бий. Мод суулгах замаар нөхөн сэргээх, өөрөөр хэлбэл ургамал тарих замаар нөхөн сэргээхэд голчлон анхаардаг. Ургамал, модны үрийг агаараас цацах, гар аргаар суулгах аргуудыг өргөн ашигладаг. Тухайн нөхцөлд хамгийн тохиромжтой мод, бутлаг ургамлыг сонгож авахын тулд овоологууд дээр байгалийн жамаар аяндаа ургаж байгаа ургамлуудад тогтмол ажиглалт хийдэг. Ус, хөрсийг хамгаалахаар тогтмол хийж байдаг ажилтай уурхайн газрыг нөхөн сэргээхтэй нягт уялдуулдгаараа Америкийн хөтөлбөрүүд давуу талтай байдаг. Бусад онцлогийн хувьд уул уурхайн салбарт ажиллаж байгаа компани болгон нөхөн сэргээх даатгалын барьцаа заавал төлдөг.

Байгаль орчинд үзүүлж байгаа бодит хохирлыг жил болгон үнэлэн барьцааны хэмжээг өөрчилж байдаг. Ашиглаж дууссан уурхайг бүрэн нөхөн сэргээсний дараа л барьцааны хөрөнгийг буцааж өгдөг. Зарим тохиолдолд хамгийн багадаа 10 жилийн дараа л буцааж өгөх жишээтэй. Байгаль хамгаалах чиглэлээр хийж гүйцэтгэсэн, хийхээр төлөвлөсөн, хийгдэж байгаа ажлын тайлан жил болгон гаргаж төрийн болон олон нийтийн байгууллагуудаар шалгуулдаг. Байгаль хамгаалах хяналтын ажилтан, олон нийтийн төлөөлөл, байгаль хамгаалалтай холбоотой асуудал гарахад шаардагдах өмгөөлөгч зэрэг хүмүүсийг компанийн хөрөнгөөр цалинжуулдаг. Уул уурхайн ашиглалт, олборлолт, үйлдвэрлэлийн бүхэл шатны үед нөхөн сэргэлт хийх туршилт ба сургалтын төвүүдийг байгуулдаг. Жишээ болгон Калифорни мужид байрладаг алт олборлох “Номеслайк” уурхайн үйл ажиллагаа сонирхуулъя. Уурхайн талбай нь 500 га. Олборлолтыг эхлэхээс өмнө уурхайн ойр орчмын газар нутгийг бүтэн таван жилийн турш нарийвчлан судалсан. Хаягдал усыг хадгалахад онцгой анхаарал тавьсан төдийгүй хаягдлыг хуримтлуулах аргаа маш нарийн сонгож, үерийн ус дайрахааргүй газар байрлуулсан. Осол гарвал цианит ашиглан боловсруулсан хаягдал ус шороо бүхий “хвост”-ыг гадагш алдагдахаас сэргийлсэн нэмэлт далан босгосон байдаг. Шар ус, борооны усыг тусгай сувгаар цуглуулдаг. Ослын үед цианитийг гадагшлуулалгүйгээр шууд хаягдал ус хадгалах хэсэг рүү асгаж байх технологитой. Гадаргын, хөрсний болон газар доорх усны чанарыг өдөр болгон хянадаг. Агаар ууршигч байгаа цианит мэтийн хортой бодисын хэмжээ, уурхайн орчимд амьдарч байгаа амьтдын тоо толгой хэлбэлзэл зэргийг мөн л өдөр болгон хянаж байдаг. Нөхөн сэргээхэд хамгийн тохиромжтой аргыг сонгохын тулд туршилт сургалтын талбай ажиллуулдаг. Хуулсан шорооны бордуулах, өвс тарих зэргээр мөн л нөхөн сэргээж байдаг бөгөөд үр дүнг нь нэгтгэн цаашид нөхөн сэргээлтэд ашиглахад нэн тохиромжтой зөвлөгөөг боловсруулдаг. Байгаль хамгаалах зорилгоор хийсэн ажлын тайлан жил болгон шаардлагатай албадад танилцуулж байдаг. Жилдээ нөхөн сэргээлтэд хоёр сая ам.доллар зарцуулдаг. Даатгалын барьцааны хэмжээ нь 12 сая ам.доллар. Манай улсад үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд ийм байвал зүгээр. Гэхдээ чамлахаар чанга атга гэж, хөгжлөө дагаад нэг үеэ бодвол манай улсын уул уурхайн нөхөн сэргээлт харьцангуй хөгжиж компаниуд ч нийгмийн хариуцлагатай болж байна. Тухайлбал, өнгөрсөн жилийн "Шилдэг эко уурхай" болж байсан "Бороо гоулд" ХХК байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа, нөхөн сэргээлтээрээ манайдаа л жишиг болж байдгийг газар дээр нь очсон албаныхан ярьдаг. Калифорны “Номеслайк” компани тэртээ 1983 онд үйл ажиллагаагаа эхлэхдээ л ингэж ажилласан байна. Түүнээс хойш гучин жил өнгөрсөн гэхээр одоо зөвхөн Америкт гэлтгүй дэлхийн хэмжээнд нөхөн сэргээх техник, технологи улам боловсронгуй болсон нь мэдээж.

Германд газрыг хөдөө аж ахуйн зорилалтаар ашиглаж болох хэмжээнд нөхөн сэргээхэд нэн тэргүүний анхаарал тавьдаг. Гэхдээ мод, бутлаг ургамал тарих замаар нөхөн сэргээхэд ч дутахааргүй анхаарал тавьдаг. Ялангуяа, хүрэн нүүрсний олборолт явж байсан уурхайг нөхөн сэргээхэд моджуулахад онцгой анхаардаг. Компаниуд нь төрийн өмчлөгч нартай тусгайлан гэрээ байгуулж, түүндээ нөхөн сэргээлт хийх төлөвлөгөө, сэргээх хугацаа, нөхөн сэргээлтийн чанар гэдгийг тусгайлан зааж өгдөг. Биологийн нөхөн сэргээлтийн ажлыг уурхайн түрээслэгч гүйцэтгэдэг бөгөөд зардлыг газар ашигласны татвараас бүрдүүлдэг сангаас санхүүжүүлнэ. Чех улсад уул уурхайн зориулалтаар ашигласан газрыг нөхөн сэргээхдээ ойжуулах аргыг голчлон ашигладаг. Польшид мөн л адил. Эстонид ойжуулах замаар уул уурхайн зориулалтаар ашиглагдсан газрыг нөхөн сэргээдэг. Жижиг улсын хувьд энэ нь байгаль орчны хувьд төдийгүй эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой байдаг ажээ. Учир нь, 20 нас хүрсэн нарсны модны үнэ нь уулын ба биологийн нөхөн сэргээлтэд зарцуулсан бүх зардлыг бүрэн нөхдөг. Ой мод устан үгүй болж байгаа талаар их яригдаж буй өнөө үед ялангуяа манай улсын хувьд Эстонийн туршлагыг илүү нарийн судлаж үзүүштэй.
 
Ер нь, дэлхийн дийлэнх оронд уул уурхайн зориулалтаар ашиглаж байсан газрыг нөхөн сэргээхэд моджуулах, бутлаг ургамал тарих замаар эрүүлжүүлэх, сэргээхэд голлон анхаардаг болж байна. Зүгээр нэг булаад өнгөрчихгүй тухайн бүс нутагт, экологийн таагүй нөхцөлд ургах чадвартай мод, бут тарина. Тарьсан болоод хаяад явчихгүй 10-12 жил хяналт тавьж, усалгаа, бордоо зэргээр хангаж өгнө.

Дээр дурдсан Бороогийн уурхайнхан 2003 оноос хойш нийт 359,7 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн компани. Тэд нөхөн сэргээлт хийсэн талбайнуудад байнгын ажиглалт хийж, арчилж тордох ажлыг мөн авч хэрэгжүүлдгээрээ хариуцлагатай уул уурхайг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийг зорьж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан