Казахын эрдэмтэд украины түүх ч Владимир Билинскийн араас аугаа их байлдан дагуулагч Чингис хаан бол монгол биш гээд түүнийг казах хүн байсан гэж байна. “Персийн их эрдэмтэн Рашид ад Дин 13 дугаар зууны хоёрдугаар хагаст, одоо монгол гэж нэрлэгдээд байгаа түрэг омгийн тухай” бичсэн байдаг гэж казахын эрдэмтэн Кайрат Закирнов “Чингис хааны турк дууль” номдоо бичсэн байна. Тэр үед нүүдэлчдийг бүгдийг нь монгол гэж нэрлэж байсан. Энэ үг нь яг “манкул” буюу нүүдэлчид гэсэн үг. Тэднийг бас манкулам-ууд мөн л эмээл дээр давхиж явдаг сарткулам ч гэдэг. Дундад Азид арабууд бий болсны дараа сарткуламуудыг мусульман гээд хотод амьдарцгаах болж. Манкулчууд бол тэнгэр шүтлэгтэй, умар зүг болон дорно руу нүүдэллэдэг байсан нь түрэгчүүд, гэхдээ одоогийн монголын газар нутаг дээр амьдарч байгаа тэр хүмүүс биш” гэжээ. Казахын эрдэмтдийн үгийг оросын түүхч Александр Бушков бас зөвшөөрч байгаа юм. Тэр “Сайн мэдэхгүй Ази” номдоо “Чингис хаан бол монгол хүн байгаагүй. Харин түргийн тухай ярьж болно. Түргүүд тэр үед улс төр байгуулах туршлагатай, мэргэжлийн армитай, удирдлагын төгс аппараттай байсан юм. Чингис хааны хувьд шинэ улс байгуулах нь ямар нэг туршилт байхгүй, өмнө нь хэдэн зууны туршид хийж байсан ажил шиг ердийн л нэг ажил байсан юм чинь” гэжээ.
Өөр нэг өгүүлэлд Алтан ордны улсыг судлаач “Моксель орон”, “Ордын Москва” номын зохиогч Владимир Белинский Чингис хаан бол үнэн хэрэгтээ түрэг омгоос гаралтай казах хүн байсан гэжээ. “Хиад, хэрэйд, найман, мэргэдүүд бол монголчууд биш харин түрэг омгийнхон. Тэдний үлдэгдэл удам угсаа өнөөгийн хятадын нутагт байгаа нь казахууд” гэж Владимир Брониславович хэлж байна. Чингис хааны үед эзэнт гүрний хэл нь уйгар хэл байсан нь казах хэлний гарал. Тэмүүжиний эцэг /казах дуудлагаар бол Темиршина/ Есүхэй чинь хиадуудын хаан байсан. Эх нь болохоор мэргэд гаралтай. Чингисийн хатан Бөртэ нь казах удмын хонгирад. Чингисийн хөвгүүд нь ч бүгд түрэг нэртэй. Чингис хаан /шингисхан/ гэдэг бол казахаар “туяа цацруулсан хаан” гэсэн утгатай. Монголчуудын тухайд тэр үед ч, өнөө ч ийм нэр байхгүй. “Хан” гэдэг үг ч монгол хэлний биш харин түрэг хэлний эрэгтэйн хүний нэрийн төгсгөл. Монголчууд өөрсдийн эзнээ “хунтайж” гэж өргөмжилдөг. Чингис хааныг казахуудын хийдэг ерийн л нэг хуралдайгаар сонгосон. “Курултае” гэсэн үг монголд байгаагүй. Зөвхөн казахууд л тэнгэр шүтлэгтэй, тийм ч болохоороо нас барагсдаа хэн ч олохгүй нууц газар оршуулдаг. Энэ уламжлалын талаар Алтан ордод байсан элч Плано Карпини бичсэн байдаг. Тэр бүр өөрөө энэ ёслолыг үзсэн хүн. Тэр үед монголчууд бол өөрсдийнхөө талийгаачдыг ил задгай, тэнгэрийн дор орхидог байсан шүү дээ” гэжээ.
Белинский энэ бүхнээ тухайн үед оросууд энэ баримтыг казахуудыг оросын эзэнт гүрний мэдэлд, орос хааны захиргаанд байлгахын тулд нууцалж байсан гэж үзэж байна. Ийм болохоор л их байлдан дагуулагчийн бүхий л гавьяаг алс холын монголд наасан хэрэг гэнэ.
Белинский Чингис хааны казах гаралтай гэдэг албан ёсны баталгааг ойрын үед зарлана гэсэн бол Казахстан энэ талаар өөрийн гэсэн байр суурьтай байгаа ч элдэв түүхэн гуйвуулгад найр тавих хүсэлгүй байдаг Орос, Хятад хоёр ямаршуу хариу өгөх бол гэж харзнаж байна.
Украины gazeta.ua сайтад нийтэлсэн Юрий Стригуны энэ өгүүллийн дор олон хүн сэтгэгдэл бичсэний дотор Александр гэж өөрийгөө нэрлэсэн нэгэн “Энэ талаар монголд ярьж хэрэггүй. Чимээгүйхэн л зарлачих. Дахиад л дайн дэгдэнэ. Монголчууд хайртай эзэн хаанаа хэн нэгэнд зүгээр ч нэг өгчихгүй” гэсэн байна. Харин Олжас Бактемиров гэсэн нэг эр “Сайхан нийтлэл байна. Бодит байдлыг үнэнээр бичсэн украин ахан дүүстээ баярлалаа. Би ч өөрөө найман аймгаас гаралтай казах хүн” гэсэн байна.