Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Баясгалан: Бусдад талбайгаа түрээслээд нөхөн сэргээлтээс бултаж байна


Өвөрхангай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Г.Баясгалантай уул уурхайн эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн талаар ярилцлаа.


-Танай аймагт ашигт малтмал олборлосны улмаас эвдэрсэн газар нэлээд бий гэсэн. Нөхөн сэргээлт хэр хийж байгаа бол?
-Манай аймгийн хэмжээнд уул уурхайн ашиглалтын 22, хайгуулын  59 лиценз бий. Үүнээс алтны дөрөв, нүүрсний нэг уурхай ажиллаж байна. Уянга сумын Өлтийн хөндийд 1992 оноос хойш алт олборлож эхэлсэн. Одоо ч алт ухсаар л байгаа. Өмнө нь, олборлолт хийсэн талбайдаа техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгжүүд өөрсдөө эхлээд сорчилж олборлоод  лицензийн талбайгаа бичил уурхай эрхлэгчдэд түрээсэлж нөхөн сэргээлт хийх ажлаа даатгаад бултах явдал гарч байна.  Гэтэл тэдэнд нөхөн сэргээлт хийх чадал хөрөнгө байдаггүй.  Иймд  жилд ганц хоёр техниктэй  40-50 бичил уурхай эрхлэгчид ажилладаг боллоо. Сүүлийн үед энэ л их хэцүү асуудал болоод байна. Дээр нь нинжа нар бас алт ухдаг юм.

-Хэчнээн “нинжа” байна вэ?
-Алтны гарц нь өндөр байсан үед жилд 30 мянга давж байсан. Одоо гарц нь багассан тул цөөрсөн. Оргил үедээ 2000 хүрдэг. Дээд талын хөрс нь 3-4 дахин угаагдчихаад байгаа газар л даа. Үүнээс гадна компаниудын техник технологи сайжирсан учир алт авалт нь илүү байгаа. Тэгэхээр “нинжа” нар гар аргаар олборлоход хэцүү болсон. Нөгөө талаар энд тэнд алтны гарц өндөр гар аргаар олборлоход хялбар газар илрээд тийш явж байна.   Мөн бүтээн байгуулалт, томоохон уурхайд ажилд орох зэргээр “нинжа” цөөрсөн.

-”Нинжа” цөөрсөн юм байж. Харин тэдний эвдсэн газрыг нь яаж нөхөн сэргээх юм бэ?
-Уурхай ажилуулж байгаа компаниудад жилд эвдсэн газрынхаа 80-аас доошгүй  хувьд нь нөхөн сэргээлт хийх шаардлага тавьдаг. Уянга сумын орчимд жилд 100 гаруй га талбай хөндөгдөж байгаа. Дээр нь бусад газарт мөн 100 га газрын хөрс эвдэрдэг. Тэгээд жилд 100-гаас доошгүй га-д нь нөхөн сэргээлт хийлгэж хүлээн авдаг. Гэхдээ Уянга суманд гэхэд л 400 гаруй га газар хөндөгдсөн. Үүний бараг тал хувьд нь техникийн нөхөн сэргээлт хийлгэлээ. Тэгэхдээ за­рим компанийн техникийг хүртэл барь­цаалж байж энэ үр дүнд хүрсэн.  Бат-Өлзийт суманд “Гацуурт” компани нийт эвдсэн газрынхаа 97 хувьд техникийн нөхөн сэргээлт хийсэн. Ирэх онд биологийн нөхөн сэргээлт хийнэ гэж байгаа.

-“Алтыг нь аваад Авдарыг нь хаясан” хариуцах эзэнгүй үлдсэн газар их гэж ярьдаг. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Бид “Эко трейд” компаниар 2009 онд нөхөн сэргээлт хийлгүй орхисон талбайн хэмжээг тогтоолгосон. Энэ судалгаагаар аймгийн хэмжээнд 561 га талбай байгаа юм.  Үүнээс хойш нэмэгдсэн, хасагдсан зүйл бий. Иймээс энэ жил дахин шинэчлэн тогтоолгохоор мэргэжлийн байгуулагуудад хандаад байгаа. Энэ хавраас тендер зарлах юм. Мөн эзэн холбогдогч нь тогтоогддоггүй, аж ахуйн нэгж нь алга болсон талбай байна. Үүнд  “нинжа” нарын эвдсэн газар ч орно. Өнгөрсөн онд АНУ-ын “Азийн сан”-тай хамтарч Уянга суманд нинжа нарын эвдсэн Лам толгой гэдэг газрын 2.5 га талбайд 3000 гаруй нүхийг дарсан. Энэ нүхний гүн нь 8-9 метр, доогуураа холбоод ухсан байсан.

-Нөхөн сэргээлт хийлээ л гэдэг. Гэтэл чанар нь муу байна гэсэн шүүмжлэл гардаг шүү дээ?
-Нөхөн сэргээлтийн стандарт удахгүй шинэчлэгдэнэ гэж байгаа. Ер нь, стандартад бүрэн нийцээгүй учир дутагдалтай зүйл байдаг л даа. Жишээлбэл, уурхайд ашигласан усныхаа нуур цөөрмийг дарж тэгшлэхгүй явдал гардаг. Мөн  голын өөрчилсөн гольдиролыг урд байсан хэмжээнд хийгээгүйгээс үер усанд эргэж эвдрэх үзэгдэл бий. Тэгэхээр  зөвхөн нэг удаа хийгээд явахгүй. Дараа жилүүдэд нь дахин нөхөн сэргээлт хийлгүүлэх гэрээ байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл, бид 100 хувь хүлээж авлаа одоо болсон гэхээс татгалздаг юм. Ер нь, гурав, дөрвөн жилийн баталгаа өг гэж компаниудтай тохирч байгаа. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан