Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр хорооллынхон айдсаас салж чадахгүй байна

Гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах ажил ирэх дөрөвдүгээр сараас эхэлнэ. Бүтээн байгуулалтын эл ажил эхлэхээс өмнө НИТХ эхний ээлжинд дахин төлөвлөхөөр  нийслэлийн долоон газрыг сонгоод буй. Өөрөөр хэлбэл, Ханын материал орчмын 130 га, СХД-ийн 10-дугаар хороо Баянхошууны хуучнаар Арьс ширний 60 айл, СБД-ийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 58 дугаар сургуулийн орчмын 189 айл, ЧД-ийн 72 дугаар сургууль орчмын 15 га, долдугаар хорооны 11 га талбай, БЗД-ийн 8, 16 дугаар хорооны 691 өрхийг хамруулахаар болсон. Энэ талаар ч нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ”2013 онд НИТХ гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулж 40 тэрбум төгрөг баталсан. Дахин төлөвлөлтөд хот дангаараа ажиллах бус хувийн хэвшлийнхэн болон хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллана. Гэр хорооллын төлөвлөлтийн ажлыг шинээр байгуулсан “Гэр хорооллын хөгжлийн газар”, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” улсын үйлдвэрийн статустай хоёр газар гардан зохион байгуулна” хэмээсэн. Тэгвэл хотоос явуулж буй бодлого, шийдвэрийг иргэдэд шуурхай хүргэх үүрэгтэй Баянзүрх дүүрэг дэх Захирагчийн ажлын алба байгуулагдснаа зарлаж, дахин төлөвлөлтөд хамрагдах 8,16 дугаар хорооны иргэдтэйгээ өчигдөр уулзлаа.
Тус албаны дарга н.Мишигдорж  “Миний мэдэхийн гэр хороолол ардчиллаас өмнө, хойно ч энэ л хэвээрээ байсан. Өөрсдөө л зориглож, амьдарч буй орчноо өөрчлөхгүй бол таны төлөө хэн ч гүйхгүйг өнгөрсөн хугацаанд бид харлаа. Тиймээс зураг төсөл нь гарч, хөрөнгө мөнгө нь шийдэгдсэн энэ үед та бүхний дэмжлэг хэрэгтэй. Өмнөх Засаг даргын үед гэр хорооллыг хүчээр орон сууцжуулах гэсэн нь гацаа үүсгэсэн. Энэ алдааг давтахгүйн тулд иргэн, төр, хувийн хэвшил хамтдаа ажиллах хэрэгтэй байна” гэв. Гэр хорооллын хөгжлийн газрын дарга н.Баянмөнх “Нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэхийн тулд гэр хорооллыг дахин төлөвлөх шаардлага бидний өмнө тулгарч байна. Урьдчилсан байдлаар дахин төлөвлөлтөд хамрагдах Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны 93 га газрыг дэд бүтцэд холбоход 13 тэрбум, 12 дугаар хорооны 15 га-д  гурван тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан. Хөрөнгө мөнгө нь батлагдчихсан учраас газраа өгөхгүй, луйвар хийх гэж байна гэж хардах бус гудамж, хорооллоороо яриад нэгдсэн шийдэлд хүрмээр байна. Дахин төлөвлөлтөд тусгаснаар төсөлд хамрагдсан гэр хорооллын 50 хувь нь орон сууц, 30 хувь нь нийтийн эзэмшлийн талбай, 20-25 хувь нь авто зам, буудлын зогсоол байх юм. Та бүхэн орон сууцжуулах уу эсвэл дэд бүтцэд холбогдсон хаус бариулах уу гэдгээ хоорондоо сайн ярих хэрэгтэй” гэв.
Баянзүрх дүүрэг дэх ЗАА-ны нэгжийн дарга н.Мишигдорж ”Дахин төлөвлөлтөд хамрагдах гудамж талбайн иргэдийн 75 хувь нь зөвшөөрвөл бүтээн байгуулалтын ажил өрнөнө гэж журамд заасан. Өөрөөр хэлбэл, 75 хувь нь санал нэгтэй орон сууцжуулна гэвэл ажил эхэлнэ гэсэн үг. Үүнээс болж нэг нь үлдчихээд зөвшөөрөхгүй, манайх эндээ амьдарна гээд байвал хэцүү. Ийм тохиолдолд гэр хорооллыг дахин төлөвлөх ажил гацна. Бид чинь чөлөөт, ардчилсан, иргэний нийгэмд амьдарч байна. Хүний хүсэл зоригийг үл харгалзан орон гэрээс нь хөөж, тууна гэж байхгүй. Газраа чөлөөлсөн тохиолдолд барилгын ажлыг чанартай, хугацаанд өгөхийг барилгын компаниас төр шаардана” хэмээн нэмэлт тайлбар хийв. Гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтцэд холбох ажил эхлэхээр эрчим хүчийг нь хэрхэн шийдэх вэ. Энэ асуултыг уулзалтад ирэгсэд дор бүрнээ асууж байв. Учир нь, одоо байгаагаа байтугай ирээдүйд баригдах барилга байгууламжууд эрчим хүч, дулааны гачаалд нэрвэгдэнэ гэдгийг салбарынх нь мэргэжилтнүүд ч анхааруулаад буй. Тиймээс цахилгаан станцууддаа ачаалал өгөхгүйгээр гэр хорооллыг дахин төлөвлөхийн тулд сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж болох юм гэсэн хувилбар ажлын хэсгийнхэн гаргажээ. Энэ талаар мэдээлэл өгөхөөр Шинжлэх ухаан технологийн Эрчим хүчний корпорацын захирал н.Амарсанаа ”Судалгаагаар нэг өрх жилд сая 380 мянган төгрөгийг нүүрс, түлээндээ зарцуулдаг бол сэргээгдэх эрчим хүч ашигласнаар түлшний зарцуулалт нь багасна. Дахин төлөвлөлтөд хамрагдсан айлууд дундаа нэг салхин сэнс авбал эрчим хүчний мөнгө төлөхгүй, зөвхөн дулааны мөнгөө төлнө гэсэн үг. Нөгөөтэйгүүр, салхин сэнс нь зардлаа 4,5 жилийн дотор нөхөх боломжтойгоос гадна 15-30 жилийн баталгаатай, засахад хялбар, байгальд ээлтэй, аюулгүй технологи. Та бүхэн дахин төлөвлөлтөд хамрагдана гэвэл салхин сэнсний талаар судлаад үзээрэй” гэв.
Уулзалтад ирсэн Баянзүрх дүүргийн 8,16 дугаар хорооны иргэдийн хувьд дахин төлөвлөлтийг дэмжиж байна. Гэхдээ Сүхбаатар дүүргийн долдугаар хорооллынхон шиг дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч л болчих вий гэсэн айдастай байгаагаа нуусангүй. Өөрийгөө Дулам гэж танилцуулсан эмэгтэй ”Гэр хорооллыг дахин төлөвлөх гэж байгаа нь сайн хэрэг. Бид ч гэсэн орон сууцны айлаас дутахааргүй хауст амьдарч, хананаасаа халуун ус авч, паалантай жорлонд бие засмаар л байна. Хэн ч гэсэн амьдарч буй орчноо сайжруулахыг хүснэ. Манай гэр бүл дэмжиж байгаа. Гол нь, ярьж, хэлсэн шигээ хэрэгжүүлбэл сайн байна. Орон сууцанд амьдарна гэсэн биш орох оронгүй болж, газраа алдчихлаа гэсэн яриа сонсогдох болсон байна шүү дээ” гэв. Харин наймдугаар хорооны иргэн С “Эхний ээлжинд дахин төлөвлөлтөд хамруулахаар төлөвлөсөн газардаа энэ ажлыг сайн хийж чадвал дараагийнх нь асуудалгүй явна шүү дээ. Маш сайн төлөвлөж, зөв хийх хэрэгтэй. Эрчим хүчний асуудлаа сэргээгдэх эрчим хүчээр шийдэж болно гэсэн албаны хүний яриа зүгээр санагдлаа” хэмээн ярив.
Ямартай ч, тус дүүргээс дахин төлөвлөлтөд хамрагдах 8,16 дугаар хороо нь 27 мянган өрх буюу 103 мянган орчим хүн амтай. Эхний удаад танилцуулах журмаар хийсэн эл уулзалтын дараа дээрх хороодын иргэдтэй ЗАА-ны мэргэжилтнүүд  нэг бүрчлэн очиж уулзана гэдгийг ч Мишигдорж дарга хэлж байлаа. Гэр хорооллыг дахин төлөвлөснөөр эхний ээлжинд 42 мянган өрх инженерийн байгууламжид холбогдож, хотын агаарын бохирдол 30 хувиар буурна гэж үзэж буй. 

Т.Оюунбаяр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан