Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Наран: Дэд бүтэцгүй Монгол харийнханд боломж олгодог

Монгол нүүрс ассоциацын гүйцэтгэх захирал Т.Нарантай Монгол Улсын нүүрсний зах зээл, өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

-Энэ онд нүүрсний үнэ ямар байх бол. Нүүрсний салбарынханямар төлөв гаргаад буй бол?
-Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятадын эдийн засгийн өсөлт нь саарсан. Үүнийг дагаад өнгөрсөн оны сүүлийн хагас жилд нүүрсний эрэлт буурч, үнэ нь хямдарлаа. Одоо Хятадын нүүрсний хэрэглээ нэмэгдэж байх шиг. Гэвч нүүрсний үнэ төдийлөн өссөнгүй. Судлаачид энэ онд нүүрсний үнэ өмнөх шиг өснө гэж хэлэхгүй байгаа.  Харин энэ үнээс доош унахгүй. Зөвхөн 2012 онд Хятад 3.6 тэрбум тонн нүүрс хэрэглэсэн судалгаа бий. Үүнийхээ 3.2 тэрбум тонныг нь өөрсдөө олборлодог. Экспортоор жилд 400 орчим сая тонн нүүрс авч байгаа.
Манай улсаас өнгөрсөн онд 19 сая тонн нүүрс авлаа. Энэ бол далайд дусал төдий л юм. Хятадын Элчин сайд мэдэгдэлдээ ”Манай нүүрсийг аваач гэж Хятадыг гуйж буй улс дэлхийгээр нэг байна. Монгол Улс  нүүрснийхээ үнийг өсгөх гэж байгаа бол өрсөлдөх чадвараа дээшлүүл” гэсэн. Иймээс аль улсаас нүүрс авах нь тэдний талд хамаагүй. Гагцхүү бид бусдаас яаж илүү гарах вэ гэдэг асуудал байна.

-Хэрэглээ нэмэгдсэн ч үнэ өсөхгүй байгаа шалтгаан юу вэ?
-Хятадад нүүрс нийлүүлэгч олон болчихсон. Тухайлбал, хэрэглээ нь нэмэгдэж байгаа ч нийлүүлэгчдийн өрсөлдөөн хүчтэй болж байна. Урьд нь Мазомбек болон Азийн хэдхэн орон нийлүүлдэг байсан. Гэтэл АНУ-ын нүүрсний хэрэглээ буурсан нь нүүрс ашигладаг цахилгаан станцын тоо буурсантай холбоотой. Олборлолт нь хэвээрээ тул илүүдлээ гээд Хятадын зах зээлд нийлүүлж байна. Урд нь АНУ-д Канад асар их хэмжээний нүүрс нийлүүлдэг байсан. Канад одоо Хятадад нүүрсээ нийлүүлэх сонирхолтой байгаа. Дээр нь, Австрали бий. Томоохон нүүрсний уурхайнууд нь хэдэн жилийн өмнө үерт  автаж, олборлолт нь буурсан. Одоо хэвийн болж, нүүрс олборлолт нь сэргэсэн. Мөн Индонезийнх ч нэмэгдлээ. Тэгэхээр хэрэглээ бага зэрэг өссөн ч нийлүүлэлт нь үүнээсээ илүү байгаа болохоор үнэ өсөхгүй байгаа юм.
-Нүүрсээ боловсруулна гэдэг. Энэ талын хөрөнгө оруулалт хэр хийж байна вэ?
-Боловсруулна гэдэг бол ерөн­хий нэр томъёо. Харин яаж бо­ловсруулах вэ, завсарын бүтээг­дэ­хүүн гаргах эсэх л асуудал бий. Зөвхөн угаагаад баяжуулах, кокс химийн бүтээгдэхүүн гаргах гээд асуудал байдаг. Өнөөдөр манайд нүүрсний анхан шатны дамжлага  угаах ажил эхэлсэн. Засгийн газар боловсруулна гэсэн байр суурьтай байгаа. Энэ бол амар ажил биш. Маш их хөрөнгө, сайн технологи, ажил­лах хүчний нөөц хэрэгтэй. Нүүрс­нээс олон төрлийн бүтээгдэхүүн гарна. Хамгийн том асуудал бидний гаргасан бүтээгдэхүүнийг авах зах зээл хэрэгтэй. Үүнийг сайн тооцон төлөв­лөж хийх ёстой. Эцсийн бүтээг­дэхүүн гаргахаар л үнэд хүрнэ гэсэн өрөөсгөл ойлголт манайханд байна.
-Нүүрсний салбарын мастер төлөвлөгөө хийж байна. Үүнийг гаргаснаар манай улсад ямар ашигтай вэ. Та ямар бодолтой байдаг вэ?
-Манай улсад байгалийн баялаг их. Тухайлбал, нүүрс гэлтгүй зэс, төмрийн хүдэр бий ч түүнийгээ яаж ашиглах гээд байгаа нь бүү мэд. Өөрөөр хэлбэл, олборлоод түүхийгээр нь зарах уу, боловсруулах уу гээд яриад л байна. Ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аль зах зээлд борлуулах вэ гээд асуудал их бий. Тэгэхээр нүүрсний салбарын мастер төлөвлөгөөг гарснаар энэ асуудал тодорхой болно. Яагаад гэвэл, тэнд ийм үйлдвэр барина, төчнөөн тонн кокс гаргана, үүнийгээ тэр хэрэглэгчдэд зарна гэх мэт төлөвлөгөө гарч ирэх юм. Төлөвлөгөөгүйгээр аливаа зүйл урагш ахихгүй. Манай улсын эдийн засагт нүүрсний салбар тэргүүлж буй. Дараа нь, төмрийн хүдэр, занар, зэс гээд бусад ашигт малтмалаа яаж ашиглах вэ гээд олон асуулт гарч ирнэ.
-Энэ онд нэг тонн нүүрс ямар үнэтэй байх бол. Өнгөрсөн жил экспортолсон хэмжээнээс илүү гарч чадах болов уу?
-Засгийн газрын тооцоогоор энэ жил 34 сая тонн нүүрс олборлон экспортлох төлөв бий. Өнгөрсөн онд 30 сая тонныг экспортлохоор төлөвлөсөн ч оны дундуур чадахгүй гэдгээ мэдээд улсын төсөвт тодотгол хийгээд 20 сая тонн болгосон.  Ингээд 19 сая тонныг экспортолсон л доо. Яахав, Хятадын зах зээлд нүүрсний үнэ өслөө гэж бодъё. Гэтэл бид их хэмжээний нүүрс нийлүүлж чадах уу гэдэг асуудал гарч ирсэн. Яагаад гэвэл, манай улсад нүүрсээ тээвэрлэх дэд бүтэц алга. Нүүрсний зах зээлд Австрали, АНУ далайгаар бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Сүүлийн үед ОХУ гэж том өрсөлдөгч гарч ирж байгаа. Орос Сибирийн баялгаа Хятадад түүхийгээр нь нийлүүлж эхэлсэн. Далайн боомт руугаа тээвэрлэх төмөр зам тавьж байна. Тэгээд Япон, Хятад, Өмнөд Солонгос, Зүүн Өмнөд Азийн оронд нийлүүлэх бодлоготой ажиллаж байгаа  юм. Энэ орнуудтай л Монгол өрсөлдөх болсон. Монгол Улсыг хамгийн их давуу талтай гэж гадаадынхан үздэг. Яагаад гэвэл, хамгийн том зах зээлтэй хил залгаа. Тэгэхээр маш бага зардлаар зах зээлд хүрнэ. Гэтэл бид энэ зах зээлдээ хүрэх дэд бүтэц алга. Авто тээврээр бага хэмжээний нүүрс экспортолж байна. Энэ нь цаашаа хөгжих ямар ч боломжгүй. Машинаар тээвэрлэж байгаа нүүрсний зардал төмөр замын үнэ өртгөөс 2-3 дахин их. Өөрөөр хэлбэл, төмөр замаар нэг тонн нүүрс тээвэрлээд Хятадын Бугатад хүргэнэ гэж бодъё. Тэгэхэд гурван ам.долларын зардал гарна. Авто машинаар 12 ам.доллар болно. Үүнийг бид л төлнө. Энэ хэмжээгээр ашиг хасагдаж байгаа юм. Ер нь, тээврийн зардал өндөр гарах тусам бид өрсөлдөх чадвараа алдана гэсэн үг. Гэтэл Монгол Улсын хувьд дэлхий нийтийн анхаарлыг татаж буй ганц зүйл бол ашигт малтмал. Үүнээс өөрөөр бусадтай өрсөлдөх чадвар манайд байхгүй. Ашигт малтмалаа зах зээлд нийлүүлэх дэд бүтэцгүй болохоор бид сайн дураараа бусдад боломж олгож байгаа гэж хэлж болно. Угтаа, ашигт малтмалын уралдаан өрнөж байхад бид сайн дураараа замын дундаас гарч байна л гэсэн үг.
-Монгол хүн бүр Эрдэнэс Таван толгойгоос хувьцаа эзэмшиж байгаа. Гэтэл нэг л үр дүн нь гарахгүй байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Эрдэнэс Таван толгой асар их нөөцтэй. Үүнийг зөв ашиглаж чадвал Монгол Улсын эдийн засаг, бидний амьдралд чухал нөлөөтэй. Харамсалтай нь, хэчнээн мундаг оператор оруулж, их хэмжээний нүүрс олборлоод, олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаад ч бүтээгдэхүүнээ нийлүүлэх замгүй бол ямар ч үр дүнд хүрэхгүй. Хувьцаа гаргалаа гэхэд ашиг олох гэсэн хүмүүс л худалдаж авна. Тэгэхээр Эрдэнэс Таван толгой гэдэг компанийн хувьцаа аваад надад ямар ашиг ирэх вэ гэдгийг ямар ч хүн тооцоолно.  Иймд хөрөнгө оруулагчид одоохондоо Эрдэнэс Таван толгой нүүрсээ хаана борлуулах хэдийг нийлүүлэх эсэхийг мэдэгдэхгүй учраас үүнийг сонирхохгүй байгаа гэж зарим нэг судалгаа гарсан байдаг. Тухайлбал,  хэдэн тонн нүүрс яаж борлуулах  нь тодорхой бус байгаа тул хэн ч түүнийг сонирхохгүй гэсэн үг. Иймд Эрдэнэс Таван толгойн дэд бүтцийг хөгжүүлж бүх зүйлийг нь тодорхой болгох хэрэгтэй.  Ер нь, энэ компани түүхийгээрээ байна гэж болно.
-Нүүрс борлуулах гэрээгээ өөрчилнө гэж байгаа. Тэгэхээр үйл ажиллагаа нь дээрдэх юм биш үү?
-Манайхан амиа аргацаасан зүйл хийгээд байгаа юм чинь өөрчилж л таараа шүү дээ. Өөрчлөхгүй гээд яахын. Анх гэрээ байгуулах гэж байхад нь нүүрсний салбарын эрдэмтэн, судлаачид тэгж болохгүй гэж маш их шүүмжилсэн. Гэтэл хэн ч тоохгүй гэрээ хийчихсэн. Одоо болохоор өөрчилнө гэж байна. Энэ нь зах зээл, эдийн засгийн талаар Монгол Улсын төр тодорхой бодлого чиглэлгүйн  илэрхийлэл. Тэгэхээр гадаадынхан битгий хэл бид маргааш яахыг мэдэхгүй л байгаа юм. Өглөө сэрэхэд л өөр болчихсон байх юм байна шүү дээ. Ер нь, ганц Эрдэнэс Таван толгой ч биш бид баялгаа боловсруулсан ч боловсруулаагүй борлуулна гэж байгаа бол маш сайн менежмент хэрэгтэй. Монгол Улс уул уурхайн томоохон өрсөлдөгч болж гарах гэж байна. Тэгэхээр маркетинг, судалгаа хэрэгтэй. Сонгуулиас сонгуу­лийн хооронд амьдрах юм бол бүтэхгүй. Улстөрчид санал авахын тулд амлалт өгдөг, хоорондоо хуваагдаж хэрэлдсэн байдлаар урагш хөгжихгүй. Энэ байдал олон жил үргэлжилж байна. Манай улс 2005 оноос нүүрс экспортолж эхэлсэн. Тэр үед асар их боломж байсан. Гэтэл улсын нэгдсэн бодлого байхгүйгээс хүн болгон нэг юм хэлсээр байгаад өнөөг хүрлээ.   
-Ганц Хятад бус Япон, Өмнөд Солонгос гээд олон хэрэглэгч зах зээлд бий. Эдгээр улсад манай нүүрсийг худалдаж авах сонирхол бий юү?
-Манайд баялаг байна л даа. Дээр хэлсэнчлэн бид түүнийгээ тэр зах зээлд яаж хүргэж өгөх нь тодорхойгүй байна. Зарим нь хойгуур, нөгөө хэсэг нь урдуур гээд л маргах юм. Тэгэхээр тэр улсууд байдлыг нь ажиглаад сууж байгаа. Хятадаас өөр Сингапур, Өмнөд Солонгос, Япон гээд нүүрсний том хэрэглэгч байна л даа. Энэ улсуудад өнөөгийн дэд бүтцээр экспортолно гэж бодвол дэлхийн зах зээлд  нэг тонн коксжих нүүрсний үнэ 250 ам.доллараас доошгүй байх үед л ашиг гарна. Гэтэл энэ үнэд хэзээ хүрэх юм бүү мэд. Одоо 150-160 ам.доллартай л байна. Иймээс бид дэд бүтцээ шийдчихвэл нэг тонн коксжих нүүрсний үнэ 150 ам.доллар байхад бид ашиг олдог байх юм бол гуравдагч зах зээлд гарах тооцоо бий л дээ.

Т.Эрдмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан