Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Ганболд: Би өвчтэй байна уу, үгүй юу гэдгээ “Улаан дөрвөлжин”-өөс тольд

“Улаан дөрвөлжин”-д биднийг урьжээ. Долоохон хоногт эргэлддэг бидний амьдрал энэ л улаан дөрвөлжин дотор хэрхэн эргэлдэж байгааг хамтдаа сонирхоё.  “Улаан дөрвөлжин” нэртэй уран сайхны кино удахгүй дэлгэцэнд шилжихэд бэлэн болсон байна. Энэхүү киноны найруулагч Д.Ганболдтай уншигч таныг уулзуулья.

-Таныг “Би бусдад таа­лагдах гэж уран бүтээл хий­дэггүй ээ” гэж хэлж бай­хыг чинь нэг бус удаа сонссон. Мэдээж өөртөө таалагдсан, сэтгэлдээ хүрсэн уран бүтээл хийх нь уран бүтээлчийн хувьд жаргал. Гэхдээ бусдад таалагдах гэж кино хийхгүй бол санхүүгийн хүндхэн байдалд орно биз дээ?
-Шууд утгаар нь энэ үгийг хүлээж авч болохгүй л дээ. Эхлээд найруулагч тухайн ор­чин­той юуг зохицуулж хийвэл хүнд таалагдах билээ гэдгээ мэдэрч, олоод харчихдаг байх хэрэгтэй. Дараа нь ми­ний ертөнцөөр гарсан хүн уран бүтээлийг маань үзнэ гэсэн үг. Түүнээс биш миний ертөнцөөр гарчихсан тэр үзлийг, тэр бодлыг ахиж задлаад муулж сайлах эсэх нь надад хамаагүй. Бусдад таалагдах таалагдахгүй гэдэг миний доторх л бодол юм. Кино хийнэ гэдэг тодорхой хэмжээний судалгаа байдаг.
-Найруулагч л киноны хувь заяаг шийддэг гэсэн үг тийм үү?
-Кино найруулагч болно гэдэг тухайн нийгмийнхээ эсвэл хүний сэтгэхүйн судалгаа хийдэг ажиглагч болно гэсэн үг. Бас сайн зохион байгуулагч байх хэрэгтэй. Хамгийн гол нь уран бүтээлч хүний үнэр дотоод сэтгэлд нь байх ёстой. Үнэхээр хийвэл хийсэн шиг хийх, чадахгүй бол гар дүрэх ч хэрэггүй. Нэг бүтээл хийхийн тулд ямар жүжигчин, ямар багтай хэрхэн хамтран ажиллах билээ, миний сэтгэлийн ямар жүжигчин илэрхийлж чадах вэ гэдгээ маш нарийн бодож, төлөвлөж байж хийх чинь кино ертөнц.
-Гэхдээ хамгийн амь бөх­тэй бүтээл энэ урлагаас төрөх ёстой?
-Ерөөсөө салахгүй байхаар л сэтгэлийн утсыг гагнаж чадах хэрэгтэй.Түүнээс биш салж нийлэх гагнаас хэрэггүй. Тэгж гэмээнээ сайн уран бүтээл төрнө. Гол нь үүнд чиглүүлж чадах тэр л зорилгоо найруулагч өөрөө тодорхойлж зангидах ёстой. Түүнээс хувь хүний амбицаар хандаж болохгүй. Ганц хүний “стоп”-оор энэ ажил явдаггүй юм. Уран бүтээлчийнхээ дотоод сэтгэлд амьдарч,  жүжигчиндээ хэлж зааж чаддаг байх хэрэгтэй. Хашгирч загнаснаар найруулагч болдоггүй юм. Өөрөө хэлж хийж чаддаг байж гэмээнэ бусдад хүлээн зөвшөөрөгддөг. Ер нь хүн жил бүр л суралцаж байдаг юм байна. Кино хийхэд эхлээд зохиол найруулагчид таалагдах ёстой.  Тэр зохиолыг ямар санаагаар хийх вэ, хүн бүртэй адил байх албатай юу гээд л найруулагч л сонгоно.
-Миний мэдэхээр эхлээд “Тэнгэрийн андгай” хэмээх түүхэн кино,  дараа нь “Орхидос” эмгэнэлт драм, тэгээд “Тнгри” бас түүхэн кино, харин одоо “Улаан дөрвөлжин” гэдэг...?
-Найруулагчаар  ажилласан ес дэх кино маань дэлгэцэнд шилжих гэж байна. “Цагаан шөнө”,  “Өргөс”, “Тэнгэрийн андгай”, “Орхидос 1,2”, “Эрүүл хүн ирээдүй” гээд олон ангит кино мөн Баатар найруулагчтай хамтран “19” гэсэн кино хийсэн. Хоёр нь түүхэн кино. Бусад нь сэтгэхүйн мелодрам  давамгайлж байгаа юм. Хүн ер нь нэг юмаа сайн лав барьж авах ёстой юм. Гэхдээ өөрөө өөрийгөө сорих, өөртэйгөө ноцолдохын тулд бас өөр өөр жанрт хүч үзэх л хэрэгтэй. Өөртэйгөө сайн ноцолдвол өөр бусадтай ноцолдох чадалтай болно шүү дээ. Мэдээж маш их юм унш. Гэхдээ гол нь аж амьдралаас хүн их зүйл сурсан, харсан мэдсэн байх нь чухал. Хүний зан араншин, нүдний харц ямар тохиолдолд хэрхэн хувирч байгааг сайн олж хардаг байх ёстой гэж боддог. Тэгж гэмээнэ жүжигчиндээ зааж өгнө биз. Жүжигчний сайн муу тоглох нь найруулагчаас л шалтгаална. Дээрээс нь кино сайн болох эсэх ч бас найруулагчаас шалтгаална. Ер нь, эцсийн дүнд бүх хариуцлагыг найруулагч л үүрдэг. Жүжигчиндээ атгуулчихсан найруулагч бол зүгээр л харьж амарсан нь дээр биз дээ.
-Тэгвэл яагаад та заавал амьдралын бараан сүүдрийг эрж хайгаад байгаа юм бэ?
- Эрж хайсан юм биш. Нүдэн дээр байгаа амьдрал. Үүнийг зөвхөн хэн нэгэн барьж аваад хийхгүй байгаа юм.  Зүгээр л сайхан хөнгөнийг нь хийгээд толгой дээгүүр чинь илээд л өнгөрөөд байдаг. Тийм хөнгөхөн амьдрал гэж байна уу. Эсвэл бид чинь хэн нэгнийг дууриаж амьдраад байгаа юм уу. Энэ бүхэн л нүдэнд минь өт болоод байна даа. Нэг бодлоор  өвчтэй солиотой хүмүүстэй хамт амьдраад байгаа ч юм шиг. Тэгээд “Улаан дөрвөлжин” киног хийх гэж зорьсон юм.  “Орхидос”-ыг хийчихээд 2009 оноос хойш л бодож явсаар энэ киног хийсэн. Санаа гэдэг чинь ер нь бодох тусам баялаг болоод л байдаг юм. Хүн өөрийгөө аливаа юмны дээд болчихсон гээд бодоод байдаг ч яг үнэндээ илийрчихсэн яваагаа мэддэггүй. Тэгэхээр ер нь эрүүл хүн гэж хэнийг хэлэх вэ гэдэг хамгийн хэцүүхэн асуулт болж энэ нийгэмд.
-“Улаан дөрвөлжин” бол өнөөдрийн нийгмийн амьдрал гэлээ. Гэхдээ трейллерээс нь харвал социалист нийгэм ч байх шиг. Та энэ киногоор яг юуг “сүлбэх” гээд байгаа хэрэг вэ?  
-“Улаан дөрвөлжин” бол нэг хүний бодлын хэсэг. Бодолд нь 20 жилийн өмнөх үйл явдал ч байгаа. Энэ бол галзуугийн эмнэлэгт өрнөж байгаа үйл явдал. Гэхдээ Шархадны эмнэлгийн үйл ажиллагааг үзүүлэх гээд байгаа юм биш. Гол нь бид жаахан илийрээд байгаа юм биш үү гэдгийг сануулах гэсэн юм. Ер нь би өвчтэй байна уу, үгүй юу гэдгээ нэг тольдох хэрэгтэй болж. Энэ киног үзээд нээрээ ч би нэг ийм болоод байгаа юм шүү гэдгээ ухах болов уу. Долоо хоногийн үйл явдал л кинонд өрнөнө. Дүрүүдээ гаригуудаар нэрлэсэн. Даваа, мягмар..  гээд. Долоо хоногт хүн юу ч хийдэг. Төрдөг үхдэг,  хурим хийдэг. Хүний амьдрал энэ л долоо хоногт багтдаг. Үүнд л учир явдлууд хэрхэн нийлж, зангилагдаж байгааг бид үзүүлнэ. Манай киног их анхааралтай, ухаж, ухаарч үзвэл илүү танд ойр очих болов уу. Мэдээж хүн бүрт таалагдахгүй. Уран бүтээл 100 хувь хэзээ ч таалагддаггүй. Мянгаас гурван хувь нь муулж л таараа.
-Тэгэ­хээр энэ киноны дүрийн сон­голт багагүй ажиллагаа найруулагчаас шаардсан байх. Сэтгэхүйн кинонд тоглоход манай жүжигчид бэлтгэгдчихсэн байна уу?
- Зохиолд маань эмнэлгийн дарга Даваа гэдэг нөхөр гарч ирж байгаа юм. Үүнийг хэн амилуулж чадах вэ, хэн тоглох вэ гэдэгт эхлээд сонголт хийсэн. Энэ дүрийг Цэгмидийн Төмөрбаатар гэж хүнд өгье гээд л шууд надад буусан.  Ер нь өнөөдрийн жүжигчид маань тун гайгүй төгсдөг. Гол нь тэднийг алж байгаа хүн бол найруулагч нар. Жүжигчнийг тоглуулж чадах эсэх найруулагчаас шалтгаалдаг. Монголын жүжигчид маань тал талын авьяастай.  Бид нар л үүнийг олж харах ёстой. Эмнэлгийн тэр орчинг бүрдүүлэхэд ямар дүр төрхтэй хүмүүс бий болох вэ гээд мэдээж маш их бодож дүрээ сонгосон.
-Таны хувьд жүжигчидтэй харилцдаг арга барил гэж байна уу. Зарим найруулагч дүрийн судалгаа хий гээд тухайн амьдралд орохыг жүжигчнээс шаарддаг бол зарим нь зүгээр дууриа, хар гэдэг хэмээн жүжигчид ярьж байх нь олонтаа?
-Энэ мэргэжил маниас өмнө, бүр олон зуун жилийн тэртээ байсан. Найруулагч болгон дотоод сэтгэлээрээ, өөрийнхөөрөө найруулдаг аливаа бүтээлийг.  Түүнээс дууриан тоглох, сэтгэлээсээ тоглох хоёрын алийг нь жүжигчиндээ санал болгох вэ гэдэг тухайн найруулагчийн өөрийнх нь сонголт. Үнэхээр яваад судалгаа хийж чадахгүй жүжигчинд дууриан тоглохыг санал болгоно. Гэхдээ нүд нь үнэн байх хэрэгтэй гээд гол шалгуураа тавих ёстой. Тэгэхээр найруулагч жүжигчнээ олж харсан бол миний дүрийн ямар зан чанар энэ хүнд байна вэ гэдгийг олж харж нэхдэг. Түүнээс энэ бол сайхан нүд хөмсөгтэй жүжигчин байна тоглуулчихья гэхгүй шүү дээ. Энэ жүжигчин маань хаана амьдарч байна, ямар амьдрал үзэж туулсан бэ гэдгийг нөхөр найруулагч мэдэх хэрэгтэй. Тэгж гэмээнэ өөрийн тоглолтоо хийнэ биз. Харин сонгосон жүжигчнээ ямар хүн болгон хувиргах нь нөхөр найруулагчийн өөрийнх нь эрх мэдэл ур чадвар. Сурсан мэдсэнээ наах хэрэгтэй.  Найруулагч гэдэг арангатай байх ёстой. Үнэнг нь хэлж чадвал ямар ч том жүжигчин хүлээн зөвшөөрдөг. Харин худлаа хэлбэл найруулагч өөрөө ичгэвтэр байдалд ордог.Тэгэхээр бид яах гэж энэ мэргэжлээр ажиллаж байгаа билээ.Надад  илүү юу байгаа билээ гээд эхлээд боддог юм. Өнөөдөр цагаа хий дэмий үрж байгаа хүмүүс олон байна л даа.
-Түүхэн кино, сэтгэлзүйн драм гээд аль жанр нь илүү ажиллагаа хөлс хүч шаардаж байх юм бэ?
-Сэтгэл зүрхээ зориулж хийж байгаа учраас бүгд адилхан. Эцсийн дүнд үүгээр ямар шийдэл харуулах вэ гэдэг л чухал. Заавал бүх зүйлийг тайлбарлах гээд  зүтгэх албагүй. Өөрийн гэсэн зарчим л байх ёстой. Хийх гэж байгаа гол санаагаа л олж харна. Жишээ нь: “Тэнгэрийн андгай” киноны хувьд өнөөдөр ч байгаа сайхан андуудын л тухай.  Б.Лхагвасүрэн гуайн “Атга нөж” жүжгээс сэдэвлэн хийсэн.  Жамух, Тэмүүжин нарын андгай тавилцан анд бололцсон тэр л тухай өгүүлсэн. Гэвч андгай гэдэг үгээ задлаад үзэхээр анд мөртлөө гай. Анд гэдэг бол бас гай ч болдог. Одоо ч гэсэн сайхан найзууд хоорондоо шунал сувдаг сэтгэлээс болж анд мөртлөө бие биедээ гай болж байна. “Тнгри” бол түүхэн кино. Удам угсаа гэж юу юм бэ. Энэ маань ямар чухал зүйл вэ гэдэг л энэ кинонд байгаа юм. “Орхидос”-ыг хүний нэг удаагийн алдаа ямар хор уршигтай юм бэ гэдгийг харуулах гэж хийсэн. Энгийн амьдралын түүх. Кино эхлэхэд нэг  эр эс гардаг даа. “Эр хүний гурван минутын жаргал эмэгтэй хүний 30 жилийн зовлон болно” гэж хэлэх гээд л байгаа юм.
-Кино зохиолоо өөрийнхөө санаагаар л бичээд байна уу. Таны бүтээсэн кинонууд жишээ нь яг кино зохиолчоос авсан зохилтой юу билээ?
-“Орхидос”-ыг жишээ нь миний санаагаар  зохиолыг нь бичсэн. Санаагаа хэлнэ тэгээд хэд хэд буцаагдана . Эхлээд “Сүүн цагаан зам” гэсэн нэртэй байсан.  Миний хувьд жаахан өөр хүнд бас “хард” нэр зохиолчоосоо шаардсан. Зохиолыг маань бичиж байсан Сугарын Болормаа эгч маань тэгээд “Орхидос” гэж нэр өгсөн. Анх найруулагч Баатар энэ нэрийг сонсчихоод эмэгтэй хүнээс гарч байгаа гэхэп харгис үг гэж байсан л даа. Гэхдээ ямар ч кинонд нэр бол хамгийн чухал зүйл. “Хайрын сум”, “Хайрын дуу” энэ тэр гээд тийм ойлгомжтой байх албагүй. Жишээ нь, “Улаан дөрвөлжин” бол дөрвөлжинг улаанаар будаад л гүйцээ.Заавал бичих албагүй биз дээ.
-Сүүлийн үеийн кино­нууд яг л нэг иймэрхүү найруу­лаг­чийн санаагаар зохиол нь би­чигддэг болчихсон юм уу гэж ажиглагдсан. Сайн зо­хиол, зохиолч үнэхээр алга уу?
-Кино зохиол гэж юм яг үнэндээ алга. Өөрсдийгөө кино зохиолч болчихсон гээд бодож байгаа хүмүүс бол байгаа л байх. Тэднийг ямар найруулагч таалж сонирхдогийг би бол мэдэхгүй. Үнэхээр гайхалтай  кино  зохиолч гэсэн хүнийг би лав олж харахгүй байгаа.  Баахан мөнгөний хүмүүс болчихсон. Кино зохиолч гээд байгаа зарим нь маниасаа дор сэтгэдэг.  Өнөөдрийн залуусын сэтгэхүй дээр үеийн хүмүүсийн шалгуур шал өөр болчихсон байна л даа. Бид нарын үеийн залуучуудыг  үүнд буруутгах ч арга алга. Сүүлийн үед голцуу л найруулагч нь өөрөө зохиолоо бичиж байна. Зохиолч байхгүй юм чинь үүнээс өөр арга алга. Хэрвээ бид чинь 10 мундаг зохиолчтой бол өрсөлдөөд л бичүүлнэ. 10 байтугай гарын таван хуруунд багтах нь ч алга. Миний хувьд л харагдах хүн байхгүй гэж бодож байна.
-Сэтгэхгүй өөр, орчин ч өөр .  Ийм үед туурвисан ч та бүхний бүтээлийг хэрвээ түүхэн кино хийвэл “Цогт тайж”, “ Мандухай”-тай, драм бол “ Би чамд хайртай” -тай зүйрлэж л байгаа шүү дээ. Гэхдээ энэ зүйрлэлээс сайн нэр зүүх нь юу л бол?
-Шал хоёр өөр нийгэмд хийсэн киног ингэж зүйрлэж шүүмжлэх нь өрөөсгөл дээ. Хөрөнгө мөнгөтэй үед, шалгуур өндөртэй хийгдсэн киног өнөөдрийн бидний хийж байгаа янз янзын  уран бүтээлтэй жишихэд хэцүү. Муу гэж хэлүүлсэн бол үүнийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үнэндээ тэдний хэмжээнд хүрэх юм алга. Тэгэхээр чин үнэн маань эргээд найруулагч руугаа л орно. Балжинням гуайн хийсэн бүтээлд бид хүрэхгүй байгаа нь үнэн. Өрөвдөлтэй нь чадахгүй байгаа юм чинь. Хөрөнгө мөнгө алга, тэр хүний чадал чансаанд хүрэхгүй байна, тэр сайхан зохиол алга, уран бүтээлд хайртай сайхан жүжигчид алга. Харамслаа гээд яахав, үнэндээ хүрэхгүй л байгаа юм чинь. Тэгэхдээ чадан ядан хийж байгаа нь их юм. Огт орхиогүй. Чадлаараа л хийж байгаа. Уран бүтээл хийж байгаа хүн муу юм хийхсэн гэж бодохгүй шүү дээ. Эмэгтэй хүн муухай хүүхэд гаргана аа гэж боддоггүй биз дээ.
-За тэгээд сайн муу ч байсан кино төрнө, дэлгэцэнд гарна. Гэхдээ ямар ч байсан шархаа нөхдөг биз дээ?
-Аливаа уран бүтээлчийн хийсэн ажил нь хохирол амсана уу, үгүй юу гэдэг үзэгчид ямар ч хамаагүй. Үзэгч 4000 төгрөгөөрөө үзээд л дүнгээ тавьчихаад гараад явчихна. 10,100 үзнэ үү хамаагүй. Зөвхөн уран бүтээлчид л үүнийг мэдэрдэг юм.  
-Жанр гэснээс манайхан нэг бол баахан инээдмийн, нэг бол хайрын, эсвэл ийм бараан кино ар араасаа төрүүлээд л байдаг. Тэгэхээр одоо сэтгэхүйн кино руу орж байна уу. Ер нь дэлхийн жишигт ч сэтгэхүйн кино зонхилж эхлээд байна уу?
-Нэгдүгээрт би кино судлаач биш. Хоёрдугаарт би кино шүүмжлэгч биш. Гуравдугаарт кино урлагт энэ жанр байсан. Хэчнээн хүн хийж байна вэ гэдгээс л шалтгаалж хараад байгаа байх. Хоёроос дээш л хийгдчихвэл ийм жанр давамгайлж байна гэж хардаг болж.  Бүгдээрээ нэг жанраар хийх нь ч хаашаа юм.
-Судлаач шүүмжлэгч биш л дээ. Гэхдээ “Академи авардс” кино наадмын шүүгчээр ажилласан. Тэгэхээр кино мэддэг хүн л шүүгчээр ажиллана биз?
-Би кино мэддэг болохоос шүүмжилдэг, судалдаг хүн биш. Би киноны найруулгыг, эвлүүлгийг хардаг. Балжинням найруулагчтай хамт шүүгчээр суугаач гэсэн юм. Хамгийн гол нь, би ямар ч найруулагчид дутагдлыг нь хэлээд өгчихөж чадах учраас л шүүгчээр сонгож суулгасан байх.
-Дэлхийн жижигт хүрсэн кино нэхэх нь ч хаашаа юм. Гэхдээ л техник технологийн хөгжил өндөр төвшинд хүрсэн үед хуучны л арга барилаар яваад байвал үзэх хүн ховордох л байх?
- Хамгийн гол нь бид заавал тийм л юмаар хийнэ, тийм байх ёстой, дэлхийд үүнийг ашиглаж байна гэхээсээ илүү сэтгэлээ л хийж байгаа зүйлдээ зориулах ёстой.  Монгол хүмүүсийн маань сэтгэхүй өөр. Мэдээж  сайн тоног төхөөрөмж, компьютер график ашиглах шаардлагатай юу гэвэл тийм. Гэхдээ яг үнэндээ тэр Америк Англи шиг тоног төхөөрөмж ашиглаж бол чадахгүй.  Өнөөдөр “Матрикс” шиг кино хийнэ гээд онигоонд орж байгаа хүмүүс байж л байна. Хийг л дээ сонирхол байвал. Гэхдээ үзэгчид ямар дүн тавих вэ гэдгээ бодоод өөртөө ойрхон, үзэгчдээ ойрхон зүйл барьж авбал илүү дээр биз дээ.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Ynenee xelchixdeg shudarag noxor ba. Taalagdlaa.
Хамгийн их уншсан