Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Т.Аятунгаагийн хүүхдээ алдсан, нөхөр нь авч яваад сураггүй болсон гэх мэдээлэл худал гүтгэлэг болохыг түүний охин Тэргэлсарын эцэг Чарльз Эдвард Красни өөрийн “Facebook” хуудаст цувралаар нийтэлсэн бичиг баримтаар харуулсан билээ. Т.Аятунгаад хүүхдээ хөнөөхийг завдсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэснийг нотлох прокурорын баримт бичиг, баривчлах шүүхийн тогтоол болон хүүхдийнх нь гэмтлийг оношилсон эмнэлэгийн бичгийг ч нийтэлсэн юм. Ийнхүү аль аль талдаа эсрэг хүнээ буруутгасан энэхүү мэдээллийн талаар тодруулахаар манай ASSA.mn сайт Чарльз Эдвард Краснид хандсан юм. Бид түүнд хандаж, охиныхоо одоогийн биеийн байдлыг харуулсан зураг юм юуу дүрс бичлэг нийтлээч гэж хүссэний зэрэгцээ Т.Аятунгаагийн талаар үнэн зөв мэдээлэл өгөхийг хүссэн юм. Энэхүү хүсэлтийн маань хариуд Чарльз Эдвард бидэнд захидал илгээсэн байна. Т.Аятунгаа гэж хэн болох, ямар ааш араншинтай хүн бэ, яагаад ийм хэрэгт орооцолдох болов гэдгийг тайлбарласан түүний захидлыг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
“Та бүхний дэмжлэгт баярлалаа. Энэ эмэгтэй сайн хүн биш ээ. Түүний өнгөрсөн амьдрал архи дарс, оюун санааны өвчин, хүчирхийлэл гээд маш их асуудалтай байсан. Тэр жирэмсэн байхдаа архи ууж, тамхи татдаг байсан. Үүнийг нь олон хүн харж байсан. Би түүнд чадлаараа л туслахыг хичээж, эмчилгээ, орон сууцны төлбөр, халаасны мөнгө гээд бүхий л талаар дэмжиж, Филллиппинд суралцахыг хүртэл санал болгож байсан. Гэтэл тэр уусаар, надаас хүчээр мөнгө авсаар байсан. Гэхдээ тэр залуухан, өнгөрсөн амьдрал нь хүнд хэцүү байсан гэж би ойлгож хүлцдэг байсан. Гэхдээ тэр миний охиныг эмнэлэгт аваачих хэмжээнд хүргэсний дараа тэсвэр алдаж би түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэхээр гомдол гаргасан. Гэвч тэр үүрэг хариуцлагаа хүлээхээс татгалзаж, эх орон руугаа зугтахаар шийдсэн. Харин Филлиппиний Засгийн газар хүүхдийн эсрэг үйлдсэн энэ хэрэгт санаа тавьж, түүнийг хайж олуулахаар Интерполд хандсан юм. Тэр маш азтай. Монгол Филлиппиний хооронд хэрэгтэн шилжүүлэх гэрээ хэлцэл байдаггүй юм билээ. Тиймээс тэр өөрийгөө аварч чадсан.
Одоо би түүний ирээдүйд сайн сайхныг л хүсч байна. Түүний тухай хэлэх муу зүйл алга. Тэр хүүхдийн минь ээж. Гэхдээ тэр хүүхдийнхээ өдөр тутмын амьдралаас хол байх болно. Учир нь, архи, мансууруулах бодис хэрэглэдэг хүн хүүхдийн хажууд байх нь аюултай. Гэхдээ хэзээ нэгэн өдөр тэр энэ бүхнээс сална гэж би найдаж байна.
Уг нь, би түүнийг архинд донтох өвчнийг эмчлэх газарт хандаж эмчлүүлээч гэж хэлдэг байсан ч тэр миний эсрэг, бас гэмгүй бяцхан Тэргэлсарын эсрэг хүртэл уур хилэнгээ гаргадаг байсан. Хэрвээ тэр худал мэдээлэл цацахаа зогсоохгүй бол би Монголын шүүхэд хандаж, хүний нэр төр гутаасан, гүтгэсэн, хүчээр мөнгө авсан зэрэг хэргийг нь шалгуулах болно. Гэхдээ би ийм зүйл хийхийг хүсэхгүй байна.
Би бол Тэргэлсарын хууль ёсны асран хамгаалагч. Тэр ч үүнийг мэдэж байгаа. Учир нь, түүний гарын үсэгтэйгээр энэ хүчин төгөлдөр болсон. Тэрхүү асран хамгаалагчийн батламж сертификатыг би “Facebook” хуудастаа сериал дугаартай нь нийтэлсэн. Энэ бичиг баримтыг Монголын Засгийн газраар ч батлуулж болно.
Мэдээллийг эрэн сурвалжилж, үнэн мөнийг нь тогтоохын оронд түүний хэлснийг л шууд нийтлэх нь зохисгүй хэрэг. Олон улс даяар эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтэн хэвлэлийн бага хурал хийгээд сууж болдог юм уу. Энэ явдал Тэргэлсар бид хоёрын хувьд маш эмгэнэлтэй хэрэг учраас хэвлэл мэдээллийн хэрэгслүүд биднийг дэмжиж, хувийн нууцыг минь хүндэтгэнэ гэж найдаж байна. Та бүхнийг үүнийг хэвлэн нийтлэхгүй байх, үнэнийг бичнэ гэж итгэж байна. Та бүхэн юуны өмнө Аятунгааг олж, ярилцан, түүнийг архинаас гарахад нь туслаач гэж хэлмээр байна. Магадгүй хэзээ нэгэн цагт тэр сайн ээж болох байх. Магадгүй эхлээд тэр та бүхэнд уурлах байх. Гэхдээ дараа нь өөрийн алдаагаа ухамсарлан гэмших биз ээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандах нь ирээдүйд охинтойгоо холбогдож, түүнийхээ амьдралын нэг хэсэг болох боломжийг нь улам л хаана шүү дээ.
Та бүхэнд баярлалаа”.
Энэхүү захидлын төгсгөлд нэгэн зүйлийг тодруулахад, Чарльз Эдвард Красни цаг хүрэхгүй хугацааны өмнө хаасан “Facebook” хуудасныхаа хамгийн сүүлийн постод болсон явдлын талаар бичихдээ “Т.Аятунгаа тухайн өдөр согтуу байсан. Надаар iPhone5 гар утас авахуулах гэж уурлаж, маргаан дэгдээж байхдаа хүүхдээ шидсэн” хэмээн тайлбарласан байсан юм.