Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Таван толгойн тонн нүүрсийг 5500-5700 төгрөгөөр тээвэрлэх нь байж боломгүй

“Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал О.Сайнбуянтай “Эрдэнэс Таван толгой” компанийн өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

-“Эрдэнэс Таван толгой” компани дампуурлын ирмэгт ирсэн гэж ярих юм. Өнөөдөр компанийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа юу?

-“Эрдэнэс Таван толгой” компанийн Зүүн Цанхийн нүүрс олборлолт хэвийн явж байгаа. Өнгөрсөн онд 2.4 сая орчим тонн нүүрс олборлосон. Үүний хоёр сая гаруй тонныг нь экспортлоод байна. Яахав, экспорт түр зогссон нь үнэн. Гэхдээ энэ нь компани дампуурах нь гэсэн үг биш. Өнөөдөр газар доорх баялаг нэг төгрөгийн ч үнэгүй байж байгаа. Энэ нүүрсийг ухаж гаргаад угааж баяжуулъя, дэлхийн зах зээлд нь хүргэе, худалдаж авъя гэсэн оролцогч олон бий. Гагцхүү зөв бодлогоор сайн менежмент хийх, цаг алдахгүй хурдтай ажиллах нь чухал. Түүнээс биш нүүрсийг чинь авахгүй, танай төсөлд оролцохгүй гэсэн газар алга. Мөнгө оруулъя, санхүүжилт хийе гэж байна. Дэлхийд ийм бизнес ховор.
-Нүүрсний үнэ хэд байна. Үнэ нэмэх боломж бий юү?
-Цагаан хадны дамжуулан ачих цэг дээр “Эрдэнэс Таван толгой”-н нэг тонн нүүрс 53 ам.доллар байгаа. Үнэ нэмэх олон хувилбар бий л дээ. Өнөөгийн нөхцөлд эхлээд Хятадын “Чалко” компанид нүүрс нийлүүлэх гэрээгээ өөрчлөх ёстой.  Дараа нь, нүүрсээ угааж баяжуулах хэрэгтэй. Мөн “Эрдэнэс Таван толгой” компани үйл ажиллагааныхаа өртөг зардлыг бууруулах  шаардлагатай. Ингэж байж ашигтай ажиллах юм.
-Хятадын тал гэрээгээ өөрчлөхгүй гэж мэдэгдсэн. Гэрээ өөрчлөх хэлэлцээр ямар шатанд яваа бол?
-“Эрдэнэс Таван толгой” компанийн хийж буй гол ажил бол гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах. Энэ гэрээг заавал өөрчлөх бус сайжруулах л асуудал байгаа юм. Өөрөөр хэлбэл, манайх нүүрсээ Хятадын хилийн боомтод зах зээлийн үнээр зардаг болох ёстой. “Чалко” компаниас авсан 185 сая ам.долларын өрийн үлдэгдэл бий. Үүнийгээ бэлнээр төлөх, энэ гэрээнээс ямар нэг алдагдал хүлээсэн бол түүнийг ярилцах санал тавиад байна. Чөлөөт зах зээлийн үнээр л нүүрс нийлүүлэх гэрээ байгуулъя гэсэн.
-Энэ саналыг Хятадын тал яаж хүлээж авч байна вэ?
-Нэгэнт ашигтай гэрээ байгуулсан тохиолдолд үүнээсээ буцах сонирхол Хятадын талд байхгүй л болов уу. Гэхдээ энэ бол бизнес. Манай тал ямар ч алдагдал хүлээх нь хамаагүй алдангийг нь өгье гэж байгаа. Хятадын тал их нөөцтэй, урт удаан хугацаанд олборлолт хийх том ордоос нүүрс авах сонирхол бий. Тэд энэ гэрээний хугацаанд ганц, хоёр сая тонн нүүрс аваад болих жижиг хэрэглэгч биш. Урт удаан хугацааны үр өгөөжөө тооцвол нэг, хоёр зуун жил ашиглах энэ ордоос нүүрс авах гэрээгээ үргэлжүүлэхийн тулд манай саналыг хүлээж авна гэж бодож байна.  
-Тэгвэл “Эрдэнэс Таван толгой” компанийн нүүрс тээвэрлэлтийн талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Энэ бол хамгийн хүнд асуудал. “Эрдэнэс Таван толгой” компанид өөрийн гэсэн тээврийн бааз байхгүй. Нүүрс тээвэрлэх машин түрээсэлдэг. Дээр нь, түрээсийн зам ашигладаг. Нүүрс бол өртөг багатай бүтээгдэхүүн. Гэтэл нэг тонныг нь 5500-5700 төгрөгөөр тээвэрлэнэ гэдэг байж болохгүй зүйл. Тэгэхээр хувийн компанийн барьсан авто замын зардлыг нь төлөөд, хувааж эзэмших ёстой. Эсвэл өөрөө шинэ зам тавих шаардлагатай. Энэ бүхнээс харахад хамгийн боломжтой асуудал нь Ухаа худагийн тавьсан замыг хувааж эзэмших явдал юм.
-Иргэн бүрт “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцаа бий. Өнөөдөр энэ асуудал таг чиг боллоо. Хэзээнээс ашигтай ажиллаж, иргэдэд ногдол ашиг өгч эхлэх вэ?
-Энэ компани ашигтай ажиллаж байж ногдол ашиг өгөх нь мэдээж. Тэгэхээр хувьцаа хэзээ гарах вэ гэдгээс илүү ямар үед ашигтай ажиллах вэ гэдгийг нь тооцох ёстой. “Эрдэнэс Таван толгой” компани өнөөдөр санхүүгийн хувьд жаахан хүндрэлтэй байгаа. Гэвч бизнесийн цар хүрээтэй нь харьцуулбал өнөөдрийн энэ өр, зээл тийм ч хүндрэлтэй асуудал биш. Иймд 2015 он гэхэд иргэд “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааны ногдол ашиг, үр шимийг хүртэж эхлэх байх гэж бодож байна.
-Таван толгойн Баруун Цанхийн уурхай хэзээ нээгдэх вэ?

-Одоо хөрс хуулалтын ажил ид өрнөж байна. Ирэх долдугаар сард хөрс хуулж, дуусах төлөвлөгөө бий. Тэгээд нүүрсээ олборлож эхэлнэ.
-Тэгэхээр энэ онд хэдэн тонн нүүрс олборлож, хаана худалдах гэж байна вэ?
-Энэ онд Таван толгойгоос нийтдээ долоон сая тонн нүүрс олборлох тооцоотой байгаа. Одоогоор Баруун Цанхиас олборлосон нүүрсээ борлуулах гэрээ хэлцэл хийсэн зүйл алга. Гэхдээ нүүрс авах гэрээ хийх сонирхолтой компани олон бий. Гол нь, зөв сонголт хийх хэрэгтэй.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан