Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шууд ардчиллын өлгий нутаг Швейцарь орон

Бид Швейцарь улсыг дэлхийд тэргүүлэх банкны систем, Альпийн өндөр уулс бүхий үзэсгэлэнт байгалиараа, хамгийн нарийн хийц, сайн чанартай цагаараа алдартай гэсэн ерөнхий төсөөлөлтэй. Харин Европын орнууд дундаа маш олон онцлогийг агуулж, хадгалж буй гэдгийг төдийлэн мэддэггүй.
Швейцарь 41.293 хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэрт 7.8 сая хүн ам нь тархан суурьшсан. Герман, франц, итали, романш зэрэг албан ёсны хэлээр ярьдаг төв Европын холбооны засаглалтай орон. Нийт 26 кантон буюу муж нэгдэж, Швейцарийн холбооны улсыг бүрдүүлдэг. 26 аймагтай гэж бидэнд илүү ойр буухаар нь тайлбарлаж болох байх. 26 кантон дотроо 2600 комунтай. Баг, хорооны нэгж гэж комуныг тусгаж ойлгох нь зүйтэй биз ээ. Кантон, комун нь тус бүртээ бүтцээ өөрсдөө л бүрдүүлнэ. Засаг захиргааны анхан шатны нэгж учир өөртөө засах эрхтэй, улс доторхи улс л гэсэн үг. Бие даасан жижиг улсуудаас бүрдэх холбооны улс ч гэлээ олон зуун жилийн турш хагаралдан тэмцэж тусгаар болох гэж өөр хоорондоо тэмцэлдэж байгаагүй оршин тогтносоор иржээ.
Хэн нэгэн нөлөө бүхий хүний удирдлага, оролцоо гэж байхгүй. Бүгд адил тэгш эрхтэй, бас үүрэг, оролцоотой. 1291 оны наймдугаар сард Үри, Швьц, Унтервальден хэмээх гурван кантон нэгдэж, тангарагийн холбоо байгуулсанаар Швейцарийн холбооны улсын түүх эхэлнэ. Ямар нэг хаан, ханхүү, хунтайжтай холбоотой түүх үгүй. Зөвхөн ард түмэн нь хоорондоо нэгдэж, нийлсэн улс. Тийм ч болохоор төрийн бүтэц нь энэ зарчмын дагуу бүрддэг. 700 жилийн түүхийг хадгалсан төрийн тогтолцоо нь бас л нэг онцлог нь. “Ард түмэнгүй бол төр үгүй” гэдэг үг энэ улсыг хэлээд байгаа мэт. Төр засгийн гаргасан шийдвэрийг ард түмэн нь тунгаан хэлэлцэж, бас нөлөөлж чаддаг. 26 кантон бүр нь тус бүртээ өөрсдийн засаг захиргааны нэгжтэй, хууль тогтоомж, дагаж мөрддөг журамтай. Гэхдээ Холбооны улсын Үндсэн хуульд нягт холбогддог. 1848 онд Холбооны Үндсэн хуулиа баталснаас хойш ард иргэдийн шууд оролцоог хангаж өгч чадсан орон.
2013 оныг Монгол Улсын Ерөнхийлөгч “Шууд ардчилал иргэдийн оролцооны жил” болгон зарласан. Сүүлийн жилүүдэд ч манай улсад энэ чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх болоод байгаа. Мөн гадаадын орнуудаас туршлага судалж, шууд ардчиллыг хөгжүүлсэн улс орнуудын судлаач, эрдэмтэд ирж мэдээлэл өгөх болсон. Энэ жилээс Төсвийн тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээр орон нутаг төсвийн эрх мэдлээ гартаа авч, захиран зарцуулах эрхтэй болоод буй. Харин үүнийгээ цаашид улам сайжруулан бэхжүүлж, иргэд төсвөө хянах боломжийг бүрдүүлэхэд туршлага судлах улс орнууд манай улсад цөөнгүй бий. Тэдний нэг болох шууд ардчиллын өлгий нутаг гэж болохоор Швейцарь улсаас туршлага судлахаар Монголын парламентын сэтгүүлчдийн холбоо хүсэлт илгээсэн билээ. Бидний эл хүсэлтийг Швейцарь улсыг гадаадад сурталчлах агентлаг таатайгаар хүлээн авч тусгай хөтөлбөр гаргаж, Монголын сэтгүүлчдийг эх орондоо урьсан юм. Сонин, телевизийн сэтгүүлчдээр бүрдсэн манай баг Швейцарийн холбооны улсад долоо хоног саатаж, шууд ардчиллын алдаа, оноо, сургамж, судалгаа гээд эрдэмтэн, судлаачдаас хэрэгтэй мэдээллээ цуглууллаа. Сонссон дуулсан мэдээллээ хувцаалцах эрхэм үүргийг хүлээн энэ бүхнээ эрхэм танд уламжилж буй минь энэ. Бид 1803 онд байгуулагдсан Ааргау кантоны Ааргау хотод байрлах Ардчиллын судалгааны  төвөөс ерөнхий мэдээллээ авахаар очсон юм.

Иргэддээ шууд хамааралтай төр

Танд ойлгомжтой болгохын тулд Монголын хөрсөнд буулгаж тайлбарлавал, аймгийн иргэд хурлаа, засаг захиргааны бүтцээ шууд сонгодог. Эргээд хяналтаа маш сайн тавьж чаддаг. Хэрэв миний сонгосон төлөөлөгч ажлаа хийхгүй байвал эгүүлэн татаж, өөр хүн сонгох боломжтой. Буруу шийдвэрийг иргэд залруулж байдаг болохоор алдаа гаргах эрхгүй. Бүгд нэг, нэгнээсээ шууд хамааралтай гэж ч болно. Кантон, комун бүр зөвлөлтэй байж, нэг нэг жилээр ээлжлэн түүнийгээ удирддаг. Энэ жилийн зөвлөлийн дарга ирэх жил жирийн төлөөлөгч болж, өөр хэн нэгийгээ даргаар сонгон ажиллуулдаг хамгийн шударга зарчим үйлчилдэг.  
Жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлчийн эсвэл тавдугаар сарын эхний ням гарагт Швейцарьт иргэд нь төр засагтайгаа шууд холбогддог. Иргэд нь нэг дор цуглаж, хуулийн төслүүдийн талаар саналаа шууд өгөх эрх эдэлдэг. Харин тодорхой асуудалд санал асуухад иргэн бүр оролцох эрх, үүрэгтэй. Жилдээ нэг удаа цуглаж саналаа шууд өгөхийг швейцарьчууд баяр ёслолын байдлаар заавал амралтын өдөрт тааруулан хийдэг. Ингэж хэлэлцэж, ярилцан саналаа хүргүүлсэн байхад тухай засаг захиргаа өөрсдөө мэдэж шийдвэр гаргах юм уу ямар нэг байдлаар төсөв алдагдал хүлээнэ гэж үгүй.
Тэгвэл манайд яадаг билээ гэж та бодож байгаад эргэлзэхгүй байна. Хэн нэгэн УИХ-ын гишүүн, сайд, Засаг дарга эрх мэдэл бүхий хүмүүс юунд хөрөнгө оруулалт хийх, ямар төсөл хэрэгжүүлэх вэ гэх мэтийг иргэдийн өмнөөс шийддэг. Иргэн Дорж цэцэрлэг бариулмаар байсан ч сонсдоггүй, сонсохыг ч хүсдэггүй нь үнэн. Нийгэмд тийм ч чухал биш албан конторын барилгууд барьсаар ирсэн жишээ олон. Мэдээллийн эрин зуунд телевиз үзэж, хүссэн мэдээгээ сонсох 24 цагийн эрчим хүчээр хангагдаагүй сум, баг, тэр ч бүү хэл Улаанбаатарын захын дүүргүүдэд гардаг. Иргэн таны амьдарч буй орчин, зорчиж буй зам, хүүхдүүдийн тань, сургууль цэцэрлэг гээд бүх төвшинд иргэд саналаа хэлж, хүссэнээ төрөөр хийлгэх эрхээр бүрэн хангагдсан хүмүүс гэж Швейцарийн ард түмнийг ойлгож болно. Гэхдээ олсон орлогынхоо дагуу татвараа ягштал төлдөг. Яагаад гэвэл, миний төлсөн татвараар надад зориулсан  дэд бүтэц, бүтээн байгуулалт хийдэг учраас гэсэн наад захын энгийн ойлголт хүн бүрт суусан.     
Хэрэв Холбооны зөвлөл, кантон, комунд иргэдийг төлөөлөгч ажил үүргээ биелүүлж чадахгүй бол эгүүлэн татах эрх иргэдэд бий. Энэ бүхнийг нэгтгэн зангидах хамгийн чухал зүйл бол санал асуулга, иргэдийн санаачилга. Комун, кантоны, цаашлаад Холбооны улсын эрх бүхий засаг захиргааны бүтэц баталсан хууль тогтоол, шийдвэр иргэдэд таалагдахгүй бол 100 мянган иргэний гарын үсгийг цуглуулж  50 хувь нь дэмжсэн байр суурьтай байвал тухайн асуудлаар нь санал асуулга явуулах эрхтэй болно. Ард нийтийн санал асуулга явуулахад, 50-иас дээш хувь дэмжих юм бол хуульд өөрчлөлт оруулах боломж бүрддэг зарчимтай. Дугаар хорооны иргэн танд эрх баригчдын гаргасан шийдвэрээс эсрэг байр суурь байвал санаачилга гаргаж, 100 мянган хүний гарын үсэг цуглуулах боломж олгосон гэсэн үг. Түүнийг тань санал асуулгаар иргэдээс асууж, 51-ээс дээш хувь нь дэмжвэл үүнийг өөрчлөх, цуцлах эсвэл сайжруулах ёстой болно. Төрд тавих хяналтын нэг чухал хэсэг нь энэ. Швейцарьт ард нийтийн санал асуулгаар засаг захиргааны байгууллагаас эгүүлэн татагдлаа гэвэл тэр төлөөлөгчийн карьерын эцсийн зогсоол болдог бичигдээгүй хууль үйлчилдэг. Шороотой бөх туг тойрдоггүй ээ гэдгийг дэндүү сайн ойлгожээ гэж ч болохоор. Манай улсад хэд хэдэн унасан бөх туг тойроод дэвж явдаг тохиолдол тоогоо алдсан.
 
Ардчиллыг тусгайлан судалдаг төв

Олон зуун жилийн түүхтэй иргэдийн шууд оролцоотой төрийн тогтолцооны талаар бидэнд хангалттай мэдээлэл бэлтгэж, энэ чиглэлээр мэргэшсэн судлаач, эрдэмтэн доктор, профессоруудтай уулзуулсан юм. Бидний хамгийн эхлээд очсон Ардчиллын судалгааны төвийн судлаачид төрийн тогтолцооны талаар мэдээлэл, танилцуулга өгч, сонирхсон асуултад хариулав. Энэхүү Ардчиллын судалгааны төв Шууд ардчиллын судалгааны төвтэй. Нэг төв нь Цюрих хотын их сургуулийг түшиглэн судалгаа хийдэг. Иргэний боловсролын чиглэлээр дагнасан, өөр нэг төв нь эрх зүй, түүх, улс төрийн сургагч багш бэлтгэх, нийгмийн чиглэлийн сурах бичиг бэлтгэн боловсруулдаг.
Одоогийн байдлаар энэ төвд маш олон судалгаа зэрэг хийж байгаа учраас нэг бүрчлэн дурдахад уртаас урт жагсаалт гарна гэлээ. Ардчиллын судалгааны төвийн орлогч захирал Uwe Scrdult бидэнд төвийн үйл ажиллагааны талаар ерөнхий мэдээлэл өгсөн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр жилийн өмнө тус төвөөр зочилж байсныг энэ үеэр тэрээр онцлон дурдаж байлаа. Ардчиллын судалгааны төв нь таван байгууллагаас зэрэг санхүүждэг юм байна. Үндэсний Шинжлэх ухааны сан, Цюрихын их сургууль, Ааргау кантон, Ааргау хот,  Баруун хойд Швейцарийг хавсрах шинжлэх ухааны их сургууль хамтран 2007 онд байгуулжээ. Эрдмийн зөвлөл, Олон улсын эрдэмтдийн зөвлөл, Олон улсын зөвлөхүүдийн зөвлөл, Санхүүжүүлэгчийн зөвлөл, захирлуудын зөвлөлтэй. Хамтарч шийдвэр гаргах эрхтэй. Нэг нэгээрээ ээлж дараалан захирал болж, байгууллагаа удирддаг. Яг л кантон, комуны өөрөө удирдах ёсны дагуу бүтэц бүрэлдэхүүнтэй. Манай улсад зарим судалгааны байгууллага гэдгийг аль нэг нам, улс төрийн хүчнээс салгаж ойлгоход хэцүү. Аль нэг тал руугаа хэлбийсэн судалгаа, дүгнэлт гаргадаг учир иргэдийн итгэл төдий л сайн биш.  
Монгол Улсад өнгөрсөн есдүгээр сард ирж, МУИС-д лекц уншиж байсан тус төвийн Шууд ардчиллын төвийн судлаач доктор Corsin Bisaz судалгааныхаа талаар болон ерөнхий мэдээллийг өгсөн. Олон жижиг мужтай боловч  аль нэгийнх нь бодлого Швейцарьт илүү давамгай нөлөөлж байсан түүхгүйг тэрээр онцолсноор яриагаа эхлүүлсэн юм. Мэдээж Швейцарьт жинхэнэ утгаараа ард түмэн төрийн нэг хэсэг байж чаддаг. Шууд санал асуулга явуулж заншсан улс орон харьцангуй цөөн гэнэ. Хэрэв иргэн та ямар нэг асуудалд санал өгөхөөр болбол шуудангаар захидал ирнэ. Ямар асуудлаар таны саналыг сонсох гэж буйг маш тодорхой тайлбарласан мэдээлэл болон саналаа бичиж хуудсаа илгээнэ. Энэ бүх санал асуулгыг зохион байгуулагч байгууллага хэнээс, хаанаас ч хараат бусаар үйл ажиллагаагаа явуулдаг. Сонгуулийн ерөнхий хороо шиг. Гэхдээ удирдлагыг нь аль нэг эрх мэдэлтэн томилдоггүй. Зарчим мэдээж ойлгомжтой. Санал асуулгаар асуух зүйл хуулийн өөрчлөлт, эерэг болон сул тал гээд бүхий л мэдээллийг агуулсан байдаг аж. Доктор Corsin Bisaz-д удахгүй болох санал асуулгын захидал ирсэнээ бидэнд сонирхуулсан юм. Интернэтээр санал асуулга авч болох эсэхийг судалж буй ч эрсдэл өндөртэй тийм ч зөв арга биш гэдгээ хэлж байлаа. Ард нийтээс асуух шууд ардчиллын энэ зарчим Швейцарь маягийнх биш эртний Грект байсан түүхтэй. Хаант засаглалтай орон биш учраас л хамтын шийдвэр гээч нь энэ улсад илүүтэй наалдсан гэж тайлбарласан. Гэхдээ шууд ардчилал гэдгийг ганц өгүүлбэрээр тодорхойлох боломжгүй. Хүн бүр адил тэгш эрхтэй, ард нийтийн төлөөлж байгаа улстөрчид иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээж, эгүүлэн татагддаг байх, чухал шийдвэрийг ард түмэн гаргаж байх эрхтэй, чухал асуудал байвал хэн ч гэсэн гаргаж тавих эрхтэй, иргэд оролцож шийдвэрээ гаргадаг байх нь шууд ардчиллын амин сүнс гэсэн үг. Санал асуулгын хуудсаар дамжуулан саналаа өгөх нэгэн чухал асуудал биднийг очих үеэр ид яригдаж байсан халуун сэдэв байлаа. Том компаниудын захирлуудын цалинг бууруулах санаачилга иргэдээс гарч. Харин санал асуух хэмжээнд хүртэл зургаан жил яригдаж байгаа гэнэ. “Novartis” компанийн захирал ажлаа өгөхдөө 72 сая швейцарь франкийн цалин, тэтгэмж авах нь гэсэн мэдээллийг тус улсын хэвлэлийн мэдээллийн хэрэгслүүд хөнджээ. Компанийн хувь нийлүүлэгчдийн хурал энэ сарын 23-нд болж, тэрээр 72 сая франкийн цалингаасаа татгалзсан юм. Энэ бол иргэдийн нөлөө, оролцоо ямар их чухал байдгийн тод жишээ. Ээлжит санал асуулгад багтсан цалингийн талаар санал ийнхүү иргэдийг дэмжлэгийг авч чадахыг харуулсан хэрэг.
 
Санал асуулга явуулах нь ...

1848 оноос хойш санал асуулга явуулж, иргэдээ сонсдог байхыг хуульчилжээ. 1874 оноос санал асуулга явуулах нөхцөлийг тодорхойлсон байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, олон улсын гэрээ хэлцэл байгуулах болбол Швейцарийн холбооны улсын хэмжээнд буюу 26 мужид нэгэн зэрэг ард иргэдээс санал асуудаг гэнэ. Манай улсад бол Оюу толгой, Таван толгой гэх мэт стратегийн ордыг ашиглах олон улсын хэмжээний томоохон гэрээ байгуулахдаа иргэдийнхээ саналыг заавал сонсч, олонхийн дэмжлэг авсан байх ёстой гэсэн үг. Холбооны улсын хэмжээнд нийт 190 санал асуулга явуулснаас 143 нь иргэдийн дэмжлэг авч байжээ. Тодорхой хууль, гаргасан шийдвэрийн талаар нийт 183 удаа санал асуулга явуулснаас 19-ийг нь шууд дэмжсэн байна. Харин 164 удаагийнхт нь тухайн хуульдаа иргэдийн саналыг тусгаж, өөрчлөлт оруулж, сайжруулсан гэсэн үг. Энэ бол нэг ёсондоо иргэд хууль тогтоогчдод дохио, сануулга өгдөг чухал зүйл нь. Эрх баригчид алдаа гаргасныг иргэд хэлж, ойлгуулж сануулж байгаа хэлбэр.
Тус бүртээ бие даасан 26 кантоны 2600 комун гэдгийг уншигч эрхэм та сум, хороо гэж ойлгохыг дээр өгүүлсэн. 26 кантон бүрт өөрийн гэсэн Үндсэн хууль, парламент, зөвлөл бий. Мэдээж, иргэдийн саналаар парламентаа байгуулж, зөвлөлөө бүрдүүлдэг. Манайхаар бол Иргэдийн нийтийн хурал. Гэхдээ бидний ойлгодог шиг улс төржсөн байгууллага биш. Цэвэр ард түмний эрх ашигт нийцсэн засаг захиргааны нэгж. Комун буюу баг, хороо бүр үүнтэй ижилхэн бүтэцтэй. Хэрэв багт тань шинэ сургууль барих хэрэгтэй байвал ард иргэдээсээ шууд санал асууж, татвараар цугласан төсвөөсөө гаргаж, барьж байгуулна. Ямар ч илүү зардал, хяналтаас гадуурхи мөнгө гэж үгүй. Бидний очсон Trub /баг/ гэхэд цөөн хүн амтай, жижигхэн мөртлөө зургаан сургуультай байж. Сурагчдын тоо цөөн мөртлөө олон сургууль ажиллаж, сурагчдын автобусны чиглэл өөр байсан гэнэ. Харин сургуулийн зөвлөл /мөн л эцэг эхчүүдийн дундаас бүрддэг удирдлагын бүтэц/ иргэдийн санаачилга, санал асуулгаар хоёр болгон цөөлж, сургуулийн автобусны чиглэлийг өөрчилжээ. Энэ нь, мэдээж маш их үргүй зардлыг багасгаж өгсөн ач холбогдолтой. Үүнийг л шууд ардчиллын тод жишээ гэнэ. Мөн Лангнау хэмээх тосгоны зөвлөл ашиглагдахаа больсон үйлдвэрийн барилга, байгууламжийг засч янзлан иргэдийнхээ чөлөөт цагийг өнгөрүүлэх танхим, кино театр байгуулжээ.
Ерөөсөө л улс төрийн нам нь чухал үүрэг гүйцэтгэдэггүй, ард түмний хамтын шийдвэрээр хөгжсөн улс гэж Швейцарийг хэлнэ. Ямар нэг асуудалд анхаарсан сонирхогч бүлгүүд, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага, хувь хүн хууль тогтоогчдын гаргасан шийдвэрт анхаарч, асуудал байвал гаргаж ирдэг. Санал асуулгад 18 нас хүрсэн Швейцарь улсын иргэн оролцох эрхтэй.
Төр, иргэн хоорондын харилцаанд тэнцвэр байж энэхүү шууд ардчилал оршин тогтноно. Иргэдийн оролцоо хэрээс хэтэрсэн жишээг Африкийн орнуудаас харж болно. Социалист системтэй оронд иргэний нийгэм гэж байхгүй. Иймээс л санал асуулга явуулахад улстөрчдийн лоббинд орохоос ямагт сэргийлж байх ёстойг судлаач, эрдэмтэд сануулан хэлдэг. Төгс төгөлдөр зүйл гэж үгүй учраас шууд ардчилалд сул талууд бий. Санал асуулга явуулах нь цаг  хугацаа, мөнгө их зарцуулдаг, тийм ч үр ашигтай арга бас биш, санал зөрөлдөөн бий болгодог гэдгийг дурдах нь зөв. Монгол шиг улс төрийн намаас хараат болсон нийгэмд хэн нэгний нөлөөнд автах эрсдэл маш өндөр. Тухайн асуудлаар үнэн, зөв шийдвэр гаргасан эсэх нь эргэлзээ төрүүлэхээр мэт. Шууд ардчиллыг хязгаарлах зүйл нь хууль эрх зүй. Үндсэн хуулиа дээдлэх ёстой учир үүгээр хязгаар тогтоож өгдөг аж. Гэхдээ судлаачид ард түмэн үргэлж зөв шийдвэр гаргадаггүй гэдгийг хэлэв. Хэрэв ард нийтийн санал асуулгаар шийдсэн зүйл хуульд нийцэхгүй буруу байх юм бол комун, кантон, холбооны төвшинд гэх мэтчлэн шат шатндаа шүүхээр авч үзэж, цуцлах эрх нээлттэй. 2003 онд холбооны шүүхээр санал асуулгын шийдвэрийг цуцалж байсан аж. Гадаадын иргэд Швейцарийн иргэн болохын тулд санал асуулга явуулдаг байх хуулийн өөрчлөлтийг иргэд нь дэмжсэн ч хүний эрх зөрчсөн хэмээн үзэж цуцалж байжээ. Энэ бол давхар шүүлтүүрээр ордгийг харуулна. Швейцарьт ч гэсэн шууд ардчиллыг хөгжүүлэхээр одоо ч гэсэн судалж, суралцсаар байгааг Ардчиллын судалгааны төвийн судлаач доктор  Corsin Bisaz хэлснээр бидний уулзалт өндөрлөв.
Үүний дараа бид энэ нарийн бүтцийг бүрдүүлэгч комун, кантон, холбооны улсын парламент, Төрийн зөвлөл, төсөв санхүүгээ хэрхэн бүрдүүлдэг гэх мэтчлэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулахаар Швейцарийн нийслэл Берн хотыг зорьсон юм. 
Үргэлжлэл бий...

Л.Номин

0 Сэтгэгдэл
Яаж ийшээ гарах вэ монголд үнэхээр ямарч амидрал алга миний мэддэг 2ч гэр бүл иргэний харяалалаасаа татгалзаж өөр хөгжилтэй цалин илүү амидралтай газарлуу дүрэвжийнэ.ра
Швейцарь сайхан орон шүү. Та нар бод доо. Ерөнхийлөгч нь дугуй унаад л хүмүүстэй гар бариад л явж байдаг. Харин манайх яадаг билээ... Надаар хэлүүлэлтгүй мэднэ биз дээ?
Швейцарь сайхан орон шүү. Та нар бод доо. Ерөнхийлөгч нь дугуй унаад л хүмүүстэй гар бариад л явж байдаг. Харин манайх яадаг билээ... Надаар хэлүүлэлтгүй мэднэ биз дээ?
saihan taivan uls shu.
saihan taivan uls shu.
...tegeed bas 16aas doos nasnii huuhduudee oroi 10aas hoish gargahiig horgildog... :)
Хамгийн их уншсан