Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мазаалайд зориулсан 10 тонн тэжээлийг хүргэхээр явлаа

Монголын их говийн бэлгэдэл болсон ховор амьтдын нэг мазаалай ичээнээсээ гарах цаг хаяанд иржээ. Тиймээс хаврын тарчиг үед хүнс, тэжээл тавьж 22 ширхэг үлдсэн мазаалайг хамгаалах ажил эхэллээ. “Үндэсний бахархал мазаалай” ТББ мазаалайд өгөх нэмэлт тэжээлийг хариуцан ажилласан. Тэд хорголжин тэжээл, цувдай, нохойн хоол, хүнсний ногоо зэрэг 10 тонн тэжээл ачаад, өнөөдөр замдаа гарах юм. Дээрх хоолыг жижиг саванд хуваарилж 25 цэгт байрлуулах ажээ. Түүнчлэн Их говийн дархан газарт нэмэлт тэжээл хадгалах савны хөрөнгө мөнгийг яаралтай шийдэхээр болжээ.
Мазаалайг хамгаалах ажлын анхны бодит үйл хэрэг ийнхүү биеллээ олж байна. Тэгвэл урьд нь хөндөж байсан бусад асуудал ч ажил хэрэг болж байгаа юм. Тухайлбал, “Мама” ТББ-аас тэжээлийн ургамал тариалах цех байгуулахаар судалгааны ажил явуулж байна. Тэд юун түрүүнд тэжээлийн стандарт гаргах ёстой гэж үзжээ. Мөн Богд хан уулын тусгай хамгаалалттай газрын дэд дарга Б.Мижиддорж олон улсын баавгай судлаачдаас ямар нэмэлт тэжээл өгөх, амьтны хүрээлэнгийн баавгай хооллодог тэжээлийн талаар санал авахаар болжээ. Уг мэдээлэлд үндэслэн дээрх тэжээлийн стандартыг зөвлөлдөн батлах аж. Хоол тэжээлийн хүрээнд бажууна ургамлын талаар дорвитой судлахаар болсон юм.
Ирэх зун МУИС-ийн таван оюутан Говийн их дархан цаазат газарт очиж зургийн индекс,  мониторинг хийх гэнэ. Энэ үеэр Мазаалайн баасыг судалж, ямар ургамал, шавьж идэж байгааг нарийн тогтоох аж. БОНХЯ-наас Говийн их дархан цаазат газарт нэн ховор амьтан судлах хөрөнгө даруй шийдэж өгөхөөр болсон юм. Түүнчлэн тээврийн пургон, судалгаанд ашиглах шөнийн дуран, телескоп багаж, төхөөрөмжийн хөрөнгийг гаргаж өгөхөөр шийдвэрлэлээ. Эдгээр үйл ажиллагааны явцыг БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг хуралдаж, зөвлөлдөх юм байна.

0 Сэтгэгдэл
Demjij baina. Unencheer uil ajillagaagaa yavuulbal tun sainsandaa
Хамгийн их уншсан