Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТОСОН ЗААМАРААС ТООСОН ЗААМАРТ ХҮРСЭН ТҮҮХ

Уул уурхайн компаниудаас болж уух ус, мал бэлчээрлэх газаргүй болж, эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн газар шороогоо өдрөөс өдөрт нүд хальтрам дүр зурагтай болж байгааг харан өр зүрхээ зүсүүлж буй малчид олон бий. Тэд эргээ халин урсаж байсан голууд нь алт угааснаас хатаж ширгэн, зарим нь улаанаараа эргэлдэж байгааг харж төр засагт дуу хоолойгоо хүргэж чадахгүй байгаад гомдоллож байсан цаг саяхан. Харин Ашигт малтмалын тухай шинэчлэн найруулсан хуу­лийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхгүйгээр иргэдээс санал авч, дахин боловсруулах болсон. Хэдий энэ явдал хөдөөгийнхөнд баярлууштай мэт сонсогдож байгаа ч 1990-иэд оны сүүлчээс “хяналт­гүй” гэж хэлж болохоор олгосон ли­цензүүдийн буянаар уул уурхайн компаниудын ухаж сэндийчсэн газар шороо, байгаль орчинд учруулсан хор хохирлыг дурдаад байвал олон. Энэ бүхнийг дахин сэргээж чадахааргүй болсны дараа буюу ниргэсэн хойно нь хашгирна гэгчээр саяхнаас л ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй болж байгаа юм байх. Баялгийн хараалд өртсөн гэж хэлж болохоор сумын тоонд Төв аймгийн Заамар дээгүүрт бичигдэнэ. Өнөөдрийн байдлаар тус сумын нутаг дэвсгэрт ашиглалтын 87, хайгуулын 22 лиценз бий. “Эрэл”, “Монголын алт корпораци” тус сумаас үндэсний хэмжээний томоохон компани болтлоо хөлжөөд явсан хэр нь бүтээн байгуулалтын ямар ч ажил хийгээгүй аж. Тэр бүү хэл “Эрэл” компанийн 50 метр ухсан карьер одоо ч бий. Ядаж авдар доторхи баялгийг нь авсан юм бол хүн, малын аюулгүй байдлыг хангах үүднээс ухсан нүхээ булчихаж болмоор доо. Одоо Заамарт Туулаас өөр урсах гол байхгүй. Уг нь, тэнд Хайлааст, Баянгол, Батын булаг гээд томоохон гол урсдаг, өвс ногоо нь халиурч байж. Гэтэл уул уурхайн олборлолтод өртөөд Туулаас өөр урсах голгүй болчихож. Алтыг нь авчихаад уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийдэггүй учраас сумын малчин, тариаланч ард иргэд амьдрахад хүндрэлтэй болжээ.  
Тус сумын “Хайлааст” багт ихэнхи лицензүүд нь олгогдсон учраас эндхийн оршин суугчид амьдрах газаргүй болоход ойрхон буй гэсэн. Өөрөөр хэлбэл, хайгуулын 22 лиценз нь ашиглалтынх болбол мал бэлчээрлэх газаргүй болох аж. “Хайлааст” багийн нутаг дэвсгэрээс 17 тонн алт олборлосон “Шижир алт” компани дампуурч, тус баг цахилгаангүй болох дөхөөд байгаа гэсэн. Ийм их хэмжээний алт олборлосон хэр нь Заамарт ямар ч ажил хийгээгүй явсан гэх. Тиймээс тус суманд олгогдоод байгаа хайгуулын лицензийг цуцлахын зэрэгцээ цаашлаад нэг суманд хавтгайруулан лиценз олгох явдлыг таслан зогсоох хэрэгтэйг нутгийн иргэд хүсч байна. Ашигт малтмалын тухай шинэ хуулиар дахин лиценз олгохгүй гэж заасан ч цуцлах талаар мэдэх хүн алга байгаа нь харамсалтай. Хайгуулын лицензийн талбай нь томоохон нутаг дэвсгэрийг хамарч байгаа учраас тэнд мал бэлчээх эрхгүй. Тухайлбал, нэг лиценз гэхэд 2000 га газрыг хамардаг. Энэ байдал удаан үргэлжилбэл тус сумын иргэд нүүх газаргүй болох нь. Тиймээс иргэд хайгуулын лицензийг цуцлах саналаа Ерөнхийлөгч болон Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гурван гишүүнд тавихаар төлөвлөжээ. Энэ талаар тус багийн Засаг дарга А.Ганцэцэг “Ашигт малтмалын тухай шинэчлэн найруулсан хуульд иргэдийн оролцоог маш сайн тусгаж өгсөн байна. Лицензтэй компани орон нутагт 30-40 жил амьдарсан иргэдээс илүү газар нутгийг нь мэдэж аашилдаг. Тиймээс нутгийн иргэдээс санал авах нь маш чухал. Газрын баялаг ард түмний өмч учир хэнд юугаа ашиглуулахаа мэддэг байх ёстой. Энэ ч утгаараа маш сайн хууль болжээ. Ганцхан хяналт механизмыг нь чангатгаж өгөх ёстой. Уг нь, тухайн сумын нутаг дэвсгэрт олборлолт явуулж буй компани “Танай сумаас 70 кг алт оллоо гэхэд 50-ийг нь өөрсдөө аваад 10-аар нь нөхөн сэргээлт хийгээд үлдсэнийг нь танай сумын хөгжилд зарцуулъя гэдэг байх ёстой. Үүнийг нь сум, орон нутаг харгалзан үзээд төслийг нь дэмждэг байвал сум хөгжинө” гэв.
Тус сумынхан жил бүр нэмж лиценз олгуулахгүй гэж тэмцдэг ч тусыг  олоогүй аж. Өөрөөр хэлбэл, хэн, хэзээ олгосон нь мэдэгдэхгүй, шууд “Танай суманд ашигт малтмал олборлох лицензтэй” гээд хүрээд ирдэг гэнэ. Сумын удирдлагууд болон нутгийн иргэдийн мэдлээс хэтэрсэн ажил болсон учир тэд ядаж үлгэр жишээч гэхээр бичил уурхайн үйл ажиллагаа явуулах нь зөв гэсэн шийдэлд хүрчээ. Энэ ч утгаараа “Мон дулаан трейд” компани “Эргэх холбоо” ТББ, Заамар сумын ЗДТГ-ын гурвалсан гэрээний хүрээнд 50 хүнийг тус компанийн ашигласан талбайд ажиллуулж эхэлсэн байна. Нэгэнт уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж буй нөхцөлд тэдний овоолго дээр бичил уухайчдыг ажиллуулах нь зөв гэж тэд үзжээ. Ингэснээр сумын ажилгүй, орлогогүй иргэд ч ажлын байртай болж, амьжиргаагаа залгуулах боломжтой болох юм. Нөгөөтэйгүүр, бичил уурхайчид нийгмийн, эрүүл мэндийн даатгал болон татварт хамрагдаж эхэлсэн байна.  Тус сумын нутаг дэвсгэрт 1999-2002 оны хооронд 10 гаруй мянган “нинжа” байжээ. Өнгөрсөн хугацаанд энэ бүхэнтэй тэмцсэний дүнд одоо зөвхөн тус сумын иргэд л гар аргаар алт олборлож буй аж.

Уул уурхайн замбараагүй байдалд ямар хяналт тавин ажиллаж буй талаар Уул уурхайн яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуутай уулзаж, зарим зүйлийг асууж тодруулав.

-Ашигт малтмалын тухай хуульд 2010 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг хуулийн хэрэгжилт ямар байна вэ. Нөгөөтэйгүүр, уул уурхайн олборлолт явуулж буй компаниудын талаар нэгдсэн судалгаа байдаг уу?
-Энэ хуулийн хэрэгжилт туйлын хангалтгүй байгаа. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан, орон нутагт шинэ удирдлагууд томилогдлоо. Тиймээс хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллах ёстой. Сумын Засаг болон ИТХ-ын дарга нар хуулиа хэр сайн ойлгож, иргэддээ таниулж байгаагаас ихээхэн зүйл шалтгаална. Бичил уурхайчдын талаар нэгдсэн статистик байхгүй. Хөлөө олсон томоохон компаниудаас энэ талаар авах боломжтой байдаг. Бичил уурхайчид дөнгөж зохион байгуулалтад орж эхэлж байна. Нөгөөтэйгүүр, тоо баримтаа аль шугамаар нэгтгэх эсэх  тогтолцоо эхний шатандаа явж байгаа. Бичил уурхайчид хэдий хэмжээний алт, жонш олборлож ямар газарт нөхөн сэргээлт хийсэн эсэхийг сумд нэгтгээд Ашигт малтмалын газарт ирүүлэх шаардлагатай байна. Одоогоор нөхөн сэргээлт хийх шаардлагатай газруудыг тогтоочихсон. Улсын хэмжээнд нөхөн сэргээлт хангалтгүй. Бичил уурхайчдыг зохион байгуулалтад оруулах ажил 5-10 хувьтай явж байна. Зохион байгуулалтад ороогүй бичил уурхайчид нэгдвэл ажил, орлого нь илүү баталгаатай болох юм. Бараг сум бүрт уурхай байгаа учир тэр бүгдэд Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар хүрч ажиллаж чадахгүй. Тиймээс сумын Засаг дарга нар хамтарч ажиллах ёстой. Гар аргаар алт олборлогчид 70 гаруй мянга байгаа. Өмнөхөөсөө 30 гаруй мянгаар өссөн ч зохион байгуулалтад орж буй нь сайн хэрэг.  
-Ашигт малтмалын хайгуулын лиценз олгохгүй байгаатай холбогдуулан ямар нэг өөрчлөлт гарсан уу. Нөгөөтэйгүүр нөхөн сэргээлт хангалтгүй байна гэж байсан. Энэ тал дээр ямар бодлого барьж ажиллах вэ?
-Ерөнхийлөгчийн санаачилгаар сүүлийн хоёр жилд хайгуулын лиценз олгохыг зогсоосон.  Үүнээс өмнө манай улсад 4000 гаруй лиценз Монгол Улсын нийт газар нутгийн 30 гаруй хувийг эзэлдэг байсан. Харин дээрх зарлиг гарснаас хойш лицензийн тоо эрс багасч, нийт нутаг дэвсгэрийн таван хувийг эзэлж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар сүүлийн хэдэн сар “Иргэний танхим”-д нээлттэй хэлэлцүүлэг явуулж байна. Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг Ерөнхийлөгчийн цахим хуудас руу орж иргэд саналаа өгөх боломжтой. Нөхөн сэргээлт хийгээгүй орхисон компаниудын тоог Ашигт малтмалын газраас гаргаад шүүхэд дуудахаар болсон. Харин БОНХЯ-аас судалгаа хийж, тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан ч одоо дампуурчихсан компаниудын олборлолт явуулж байсан газарт улсын төсвөөс нөхөн сэргээлт хийнэ. Энэ талаархи бодлого нь гарчихсан, одоо улсын төсөвт тусгах үлдсэн.
-Бичил уурхай эрхлэгчдийг хэрхэн эмх цэгцэнд нь оруулах вэ?
-Бичил уурхайг хааж болохгүй. Орон нутагт ажилгүй, орлогогүй иргэдийг ажлын байраар хангаж, төсөвт тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байгаа. Уул уурхайн яамны зүгээс бичил уурхай эрхлэгчдийг нэгдсэн зохион байгуулалтад орвол дэмжих бодлого барьж байгаа. Ингэснээр ажлын байр нь баталгаатай болж, орлого нь нэмэгдэх юм. Зохион байгуулалтад орохгүйгээр хууль дүрмээс гадуур дуртай газраа ажиллаж байгаа хүмүүсийн хувьд хэцүү. Бидний хойч үеийнхэн уух устай, малаа бэлчээх бэлчээртэй байх нь чухал. Ил тод, дүрэм журмынхаа дагуу ажиллаж байгаа бичил уурхайчдад шалгуур тавихгүй.   
Уул уурхайн компаниуд байгаль орчинд нөхөж баршгүй гарз хохирол учруулсных нь дараа төр хөдөлж байна. Байгалийн асар их баялагтай манай орны хувьд баялгийн хараалд өртсөн улсуудын хойноос орох вий гэсэн болгоомжлол төрүүлж буй. Ганц Заамар ч гэлтгүй Монголын хөдөөд ухаж сэндийчсэн газар шороо, химийн хорт бодис хөрсөн дээр ихээр тархаж, хүн малыг хордуулсаар байна хэмээдэг. Үүнд, саяхныг хүртэл хэн, хэзээ хариуцлага тооцох нь тодорхойгүй явсаар өдийг хүрсэн. Гэтэл “Шижир алт” мэтийн компаниуд маш их хэмжээний ашигт малтмал олборлоод дампуурчихсан байх нь хэвийн үзэгдэл. Тэдний байгаль орчинд учруулсан хохирлыг улсын төсөвт тусган нөхөн сэргээлт хийнэ гэж байгаа нь хэрхэвч байж болохгүй зүйл. Монголын газрын хэвлийгээс 17 тонн алтыг нь авчихсан хэр нь дампуурлаа зарлачихаад сууж байгаа компанийн өмнөөс бидний татварын мөнгийг зарцуулна гэдэг чинь юу гэсэн үг вэ эрхэм төрийн түшээд ээ. 

С.Заяа
 

0 Сэтгэгдэл
Ганцэцэг ***** чинь авилгач Лазар да сайт шалгаарай
шижир алт бол төриийн өмчит компани төр өөрөө энэ байдлыг урьдчилан харах ёстой байсан юм да
яг газар дээр нь очоод нүдээрээ үзвэл аймшиг шү жинхэн дайны талбар л гэсэн үг
"АНТАФИНАНС" ББСБ бүх төрлийн зээлийн үйлчилгээг түргэн шуурхай, уян хатан нөхцөлтэйгээр санал болгож байна. Утас: 91910834, 99111490
Хамгийн их уншсан