Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн тэргүүний эрүүл мэнд ба улсын ирээдүй

Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесын эрүүл мэндийг тойрсон дуулиан он дамжин үргэлжилсээр. Хэдхэн хоногийн өмнө Панам улсаас НҮБ дахь суурин төлөөлөгч хийж байсан нэгэн хүн Уго Чавесийг хоёр сарын өмнө үхчихсэн, тусгай тоног төхөөрөмж ашиглаж байгаа тулдаа зүрхийг нь зогсоохгүй байна гэж мэдэгдсэн нь гал дээр тос хийсэнтэй адил нөлөө үзүүлэв.
 Дуулианаар түрий барьсан Венесуэлийн сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгчийг нас барсан гэдгийг нь хүлээн зөвшөөрч, дахин сонгууль явуулахыг шаардах болсон. Энэ бүхэн нэг улсын дотоод улс төрийн тэмцэл төдий байсан бол дэлхий нийт сонирхохгүй тэгсхийгээд мартагнах байсан биз. Гэтэл Уго Чавес зүгээр ч нэг төрийн тэргүүн биш юм. Тэрээр газрын тосны олборлолт, боловсруулалтаараа дэлхийд тэргүүлдэг нэг орны тэргүүн. Үүний  дээр далбаан дороо Аргентин, Эквадор, Парагвай, Никарагуа, Боливи гээд маш олон орны улс төрийн өндөрлөгүүдийг багтаасан Боливарын хувьсгал нэртэй зүүний чиглэлийн томоохон хөдөлгөөнийг үндэслэгч.
Энэ хөдөлгөөн эхэлснээр зөвхөн Венесуэльд гэхэд л тив дамнасан Өрнөдийн том корпорациудын мэдэлд байсан олон үйлдвэрийг улсын мэдэлд хураан авах замаар мөнгөний гол урсгалыг төрийн мэдэлдээ төвлөрүүлсэн.  Ингэснээр уламжлал ёсоор нийгмийн ихэнх баялгийг хуваан авдаг байсан улс төрийн элит, төрийн албан хаагчид ба армийн өндөр албан тушаалтнуудын орлогыг эрс хязгаарлаж, нийгмийн ядуу давхаргад тавих анхаарал, үзүүлэх халамж, тусламжийн хэмжээг ихээхэн нэмэгдүүлсэн. Боливарын хувьсгалд нэгдсэн бусад оронд ч үүнтэй төстэй арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Улс төр ба эдийн засгийн тавцанд эдгээр оронд шинэ элит гарч ирсэн. Ингэснээр үндэстэн, тив дамнасан аварга том корпорацын нөлөө, ашиг орлогыг багагүй хумисан.
Цаашилбал, Латин Америкийн ихэнх орны, нарийн яривал Кубагаас бусад бүх орны гадаад улс төрийн төдийгүй дотоод нийгмийн бодлогыг чиглүүлдэг байсан АНУ гэдэг улстай Боливарын хувьсгалд нэгдэгч орнууд сөргөлдөх болсон. Венесуэлийг буруу бодлого явуулсанд америкчууд дургүйцэн онгоц, галт зэвсгийн сэлбэг нийлүүлэхээ больсон. Тэр даруйд Уго Чавес оросуудаас олон тэрбум ам.доллараар байлдааны онгоц, нисдэг тэрэг, АК буу, усан онгоц зэргийг худалдан авсан юм. Ийм жишээг Латин Америкийн бусад оронд ч тодорхой хэмжээгээр дагахаар шийдэж Оросын нисдэг тэрэг, иргэний тээврийн онгоц, агаараас эсэргүүцэн хамгаалах зэвсэг зэргийг худалдан авсан. Урд нь уламжлал ёсоор зөвхөн АНУ-аас авдаг байсан орнууд шүү дээ. Тэгэхээр  АНУ олон тэрбум ам.долларын алдагдал хүлээж байгаа хэрэг юм. Дээр нь, АНУ нь эдийн засгийн хориг арга хэмжээ авах замаар сөхрүүлэхээр цөөнгүй жилийн турш зүтгэж байгаа ч Куба улсад хямд шатахуун, газрын тос нийлүүлэх замаар дэмжиж буй. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний эсрэг хамтаар тэмцээд болоод байдаг юм гэдгийг дэлхийн нийтэд харуулж байгаа нь энэ.
АНУ ба Өрнөд Европын орнуудын нэг нүдээрээ үзэж чаддаггүй Иран, Хойд Солонгос, тэвчээд яваад байдаг Орос, Хятад зэрэг оронтай эдийн засаг, зэвсэг техникийн нягт хамтын ажиллагаатай болсон. Харин энэ бол дэлхийн геополитикт ихээхэн нөлөө үзүүлж байгаа хэрэг билээ. Товчхон хэлэхэд Уго Чавес нь Латин Америкийн сүүлийн хорь гаруй жилийн түүхэнд асар том үүрэг гүйцэтгэж байгаа, жинхэнэ лидер, манлайлагч юм. Түүнийг өөд болбол АНУ, Өрнөдийн орнуудтай сөргөлдсөн нэгэн үе төгсгөвөр болж юуны түрүүнд том корпорациудад алдсан орд газар, уурхайгаа цаашилбал нөлөө, орлогоо эргүүлэн авах найдвар төрнө. АНУ уламжлалт нөлөөллийн бүсдээ нөлөөллөө дахин сэргээнэ. Коммунист дарангуйлалтай хоёрхон улсын нэг гэгддэг Кубад ардчилсан нэртэй төрийн эргэлт хийх замаар бүгдийг эргүүлэн авах бага ч гэлээ боломж Америкт гарч ирнэ. Иран, Хойд Солонгос нь дэмжигч бас нэгэн оронгүй болж ганцаардал нь нэмэгдэнэ.
Уго Чавесаар дамжуулаад Латин Америк дахь эдийн засаг, улс төрийн байр сууриа бэхжүүлж яваа Орос, Хятад хоёр нэлээд барьц алдана. Тэгэхээр энэ хүний эрүүл мэнд зөвхөн Венесуэлийн төдийгүй дэлхийн нийтийн хувьд ямар их ач холбогдолтой болох нь ойлгомжтой.
Ер нь, шинэ үеийн түүхэнд улс төрийн асар их нөлөөтэй хүний эрүүл мэнд, амь настай холбоотой энэ мэт үйл явдал олон өрнөж байсан. Төрийн тэргүүний эрүүл мэнд, амь нас ямар ач холбогдолтой байдгийг харуулсан олон жишээ ч бий. Ерээд оны эхээр ОХУ-ын Ерөнхийлөгч Ельциний эрүүл мэнд эрс муудахад Өрнөдийн орнууд ихэд сандралдсан. Хэрэв Ельцин цаг бусаар нас барвал коммунистууд дахин засгийн эрхэнд гарч олон улсын тавцанд маш хурцадмал байдал үүсч мэдэх байлаа. Иймд Ельцинийг хаа байсан АНУ-д аваачин зүрхэнд нь хагалгаа хийн босгож байсан. Ельциний эрүүл мэндтэй холбоотой нэгэн хошин тохиолдол болсон байдаг. Их Британид айлчлах үедээ хатан хаантай ярилцан гольфын талбайгаар алхалж явангаа угийн хээгүй зантай Ельцин “Одоохон” гэж хэлээд ойролцоо зогсч байсан гольфын машины дугуй руу морь харчихсан гэдэг. Түүний эрүүл мэндтэй холбоотой элдэв цуу Өрнөдөд ихээхэн дэгдээд байсан үе. Орчин үеийн шинжлэх ухаан нь хүний шээсэнд шинжилгээ хийн эрүүл мэнд нь үнэн хэрэг дээрээ ямар байгааг тогтоох чадвартай. Ингээд хэрэв Ельциний шээснээс дээж аваад шинжилгээ хийвэл Англичууд цаашид явуулах хамтын ажиллагаандаа огцом өөрчлөлт хийх хүртэл арга хэмжээ авч магадгүй болох байж. Ийм нөхцөлд бие хамгаалагч нь аргагүйн эрхэнд нөгөө машин дээр очиж дээрээс нь дарж, морь харсан аж. Их Британийн тал ОХУ-ын Ерөнхийлөгчийг хөөж чадахгүй болохоороо бие хамгаалагчийг нь ёс бус зан гаргасан гээд хөөсөн ч хамгаалагч эрийг нутагтаа ирснийх нь дараа оросууд “Эх орныхоо өмнө гавьяа байгуулсны” төлөөх одонгоор шагнаж байсан гэдэг. Саяхан хүртэл Путиний бие эрс муудсан тухай цуу тарж, түүний оронд хэн гарч ирэх, гарч ирвэл цөмийн зэвсэгтэй, газрын тос, шатдаг хийн асар их нөөцтэй, дэлхийн тавцанд нөлөөгөө сэргээгээгээд байгаа энэ их гүрний цаашдын бодлого яах вэ гэсэн яриад дэгдээд авсан. Гэвч Путин эсэн мэнд гэдэг нь нэгэнт ил болсны дараа Оросын сөрөг хүчин, Өрнөдийн найдлага буцаад л тасарсан.
Фидель Кастрогийн бие огцом муудаж үхлүүт байгаа, бүр үхсэн мэдээ цацагдахад Кубад ардчилсан нэртэй төрийн эргэлт гарах нь, хураалгасан бүх хөрөнгөө буцааж авах нь гэж баярласан Кубын цагаачид, Кубад хөрөнгөтэй байсан америкчуудын үр удам нь бараг л баярын жагсаал хийсэн. Гэвч алдарт команданте амьд мэнд хэвээр төдийгүй хамаг эрх мэдлээ дүү Раульдаа шилжүүлэн өгснөөр баярлах болоогүй байсан нь ойлгомжтой болсон юм.
Ёс бусаар амиа алдсан Ливийн дарангуйлагч Каддафи, Иракийн Хусейн мөн л адил. Энэ хоёр амьд байсан цагт эдгээр улсад байгаа тэднийг дэмжигчид хэзээ ч гал зогсоохгүй, үргэлжлүүлэн дайтсаар, хилийн чанадаас ч энэ хоёрыг байсан цагт санхүүгийн дэмжлэг тасрахгүй гэдгийг Өрнөдийн орнууд маш сайн ойлгож байсан юм. Ингэж удаан дайтна гэдэг тэдний хувьд наанадаж л илүү олон саяын алдагдалтай, цаанадаж цэргүүдийнх нь амь насанд халтай, яваандаа бүс нутагт нэр хүндээ алдах аюултай байлаа. Тиймээс тэдний араас хамгийн орчин үеийн технологи, техник, тагнуулын өргөн сүлжээ ашиглан ан хийсээр устгаж аваад санаа нь яаж амарч байсныг уншигч та лав харж байсан. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нь Каддафийг алагдсан тухай  мэдээг яаж баярлан угтаж байгааг интернэтээс одоо ч үзэж болно. Иргэний дайн явж байгаа Сирид гэхэд л Башар Асадыг нас барсан тухай цуу яриад байсхийгээд л гарч байна. Башар Асад үхвэл дагагчид нь нэр нөлөөтэй манлайлагч, удирдагчгүй болж хүчээ алдан Өрнөдийн дэмжлэгийг авсан босогчид ялах нь гарцаагүй болж хувирах болохоор аргагүй биз. Хамгийн сүүлийн тод жишээ нь №1 алан хядагч Бин Ладений үхэл. Түүнийг удаа дараалан устгалаа, үхлүүд байна гэж цуу тарж, лалын хэт явцуу үзэлтнүүдийн зоригийг мохоож байсан. Гэвч тухай бүрт “нөхөр” Бин Ладен амьд байгаагаа мэдэгдэн нэр хүндээ улам өсгөж, лалын алан хядагчид, зэвсэгт бүлэглэлүүд улам оодорч байсан. Алагдсан нь батлагдсаны дараа лалын хэт даврагсад багагүй цочролд орж, эрчим нь нэлээд буурсан гэж болно.
Төрийн тэргүүний эрүүл мэнд, амь насны талаархи үнэн бодит мэдээлэл  ийм л хүчтэй нөлөөтэй.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл
наад бичсэн чинь үнэн эсэх нь одоо л харагдаж эхлэх байх даа ямар ч байсан орос, белорус, иран энэ тэр их барьц алдаж байгаа бололтой юм билээ.
Хамгийн их уншсан