Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес нас нөгчлөө


Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес өчигдөр 16 цаг 25 минутад 58 насандаа нас барсныг тус улсын Үндэсний төв телевизээр Венесуэлийн дэд Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдлээ. Уго Чавес амьд ахуйдаа өөрийнхөө залгамжлагч шүү гэж ард түмэндээ захисан дэд ерөнхийлөгч Николас Мадурод үнэнчээ Венесуэлийн армийн командлал илэрхийлжээ.
Уго Чавес Куба улсад эмчилгээ хийлгэж байгаад хоёрдугаар сарын 18-нд эх орондоо эргэн ирсэн юм. Тэрээр 2012 оны арванхоёрдугаар сарын эхээр Гаванад дөрөв дэх удаа мэс засал хийлгэсэн ч, хагалгааны дараа удаа дараа амьсгалын замын халдвар авч, бие нь тун муу байсаар эх орондоо ирсэн билээ. Гэхдээ чухам ямар өвчний улмаас У.Чавес таалал төгсөх болов гэдэг нь одоо ч нууц хэвээр байна.
Венесуэлийг 14 жил удирдсан Уго Чавес таалал төгссөн мэдээнд венесуэльчууд харамсан гашуудаж,  түүний эмчлүүлж байсан цэргийн эмнэлгийн гадна цугларч, эмгэнэл илэрхийлж байна.  Ерөнхийлөгчийн сүүлчийн замд нь үдэх ёслол ирэх баасан гаригт болох бөгөөд Венесуэльд долоо хоногийн гашуудал зарлаад байна.
Латин Америкийн цогтой удирдагчдын нэг ийнхүү таалал төгссөнд дэлхийн улс орнууд эмгэнэл илэрхийлсээр байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун эмгэнэл илэрхийлсэн албан ёсны цахилгаан илгээхээс өмнө У.Чавесын гэр бүл, Венесуэлийн ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж, түүний улс орныхоо хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж явдгаа илэрхийлсэн байна. Мөн Аргентин, Бразиль, Боливи, Мексик зэрэг Латин Америкийн орны төрийн тэргүүнүүд дотны андаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэнд эмгэнэн гашуудаж байгаагаа мэдэгдэж, оршуулах ёслолд оролцохоор тус тусын ажлаа цуцалцгаажээ. Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес эмгэнэл илэрхийлэхдээ "Асрамжит ахын минь үхэл биднийг гунигт автууллаа. Одоо харин олигархуудын эзэнт гүрэн баярын үдэшлэг хийж байгаа биз" гэжээ. Тэрээр Каракас руу яаравчлан ниссэн бол Бразилийн Ерөнхийлөгч Дильма Руссеф У.Чавесыг сүүлчийн замд нь үдэхээр Аргентинд хийх гэж байсан айлчлалаа цуцалжээ.
У.Чавесын хувьд дайсан мэт байсан АНУ энэ явдлын дараа мөн эмгэнэл илэрхийлсэн бөгөөд ингэхдээ Венесуэльд түүхийн шинэ хуудас нээгдэж байна. АНУ ардчилсан зарчим, хууль зүй, хүний эрхийг хүндэтгэн, дэмжиж ажиллана" хэмээн мэдэгджээ.



 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан